Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 956

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч T.O

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805054521094 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 7 дугаар гудамж, 188 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол, 19 дүгээр байр, 79 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт Т.O

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч T.O 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Бурхант төв”-ийн караокед хохирогч Ц.Н-г түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч T.O шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өмнө нь мэдүүлсэн, хавтаст хэрэгт байгаа тул дахин мэдүүлэхгүй. Би хохирогчийг санаатай зодоогүй. Нэг хэсэг хугацаанд яг юу болсоныг би ерөөсөө санахгүй байгаа юм. Хүмүүсийн хэлж байгаагаар би хохирогчийг түлхээд унагаасан гэнэ лээ. Гэхдээ хүний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Надаас хохирогч Н 510.898 төгрөг нэхэмжилсэний 200.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэж байгаа 310.898 төгрөгийг нь төлөх болно.

Би ам бүл тавуулаа амьдардаг. Бага хүүхэд маань 4 настай. Манай нөхрийн бие өвдөөд ажил хийж чадахгүй байгаа. Яаж ийгээд хохирлыг нь төлнө. Намайг торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц.Н “… 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө найз хүүхэн Гантуяагийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Бурхант төвийн караокед 22 цагийн үед ороод 4 шил Сэнгүр нэртэй пиво ууж сууж байгаад 00-н өрөөнд ороод гараад ирсэн чинь нэг зүс таних залуу ирээд намайг хоргоогоод дугаараа өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би гараад тамхи татаад жоохон зогсож утсаар ярьж байгаад буцаж ширээндээ суугаад дахин пиво ууя гээд захиалсан чинь өгөхгүй болохоор нь би өөрөө текен дээр очоод пиво авъя гэсэн чинь чамд өгөхгүй, чи одоо харь гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би 00-н өрөө рүү ороод гараад ирсэн чинь намайг гаргах гээд түлхээд ноцолдож байсан нөгөө өндөр залуу намайг боож унагаасан. Тэгэхээр нь би босоод нөгөө залуугийн нүүр рүү нь шилээр цохиод эргээд харсан чинь нэг танихгүй эмэгтэй намайг түлхээд унагаасан. Би босч ирэх гэсэн чинь толгой өвдөөд, босч чадахгүй байсан. Уг эмэгтэйг танихгүй, хэрүүл маргаан хийгээгүй. Намайг цохиогүй, түлхсэн. Миний нүүр хавдсан, хөл гишгэж болохгүй байгаа. Уг гэмтлүүдийг намайг түлхэж унагаадаг эмэгтэй учруулсан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Х.О “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед хуурай эгч O, түүний нөхөр Агийн хамт нэрийг нь мэдэхгүй нэг пабд ороод А ах 400 гр Хараа нэртэй архи, O эгч 3 шил Сэнгүр пиво, би 2 шил Сэнгүр пиво тус тус уугаад 00 цагийн үед тус пабаас гараад Бурхант төвийн караокед орсон. Уг караокед ороод 3 шил Сэнгүр пиво захиалаад суусан. Бид нарын ширээн дээр нэг үл танаих эмэгтэй сууж байсан. Би гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь хажуугаар нэг үл таних эмэгтэй нилээн согтуу орж байсан. Буцаад караокед орсон чинь нөгөө согтуу хүүхэн манай ширээн дээр суучихсан, текинд сууж байсан эмэгтэй рүү дуугаа явуул гээд орилоод байсан. Тэр үед текин дээр сууж байсан хүүхэн чи үхсэндээ орилоод байгаа юм бэ тооцоогоо хийгээд гар гэсэн. Тэр үед нөгөө согтуу хүүхэн текин дээр очоод мөнгөө бармен рүү шидлээд байсан. Тэр бармен өөдөөс нь хавтастай юм, зургийн аппарат, ном гэх зүйл текний доороос гаргаж өгсөн. Тэгээд ширээн дээр суугаад миний утас, түрүүвчин дэх мөнгө алга байна. Би камер шүүлгэнэ гээд ярьж байгаад утсаа олоод гараад явчихсан. Удалгүй гаднаас нөгөө эмэгтэй орж ирээд бармены тэкин дээр очоод эд зүйлээ аваад буцахдаа бармен гэх эмэгтэйг барьж байсан аппаратаараа цохьсон. Тэр үед нөгөө бармен нь нөгөө согтуу хүүхнийг алгадсан. Тэгээд нөгөө согтуу хүүхэн 00-н өрөө ороод удаж байгаад гарж ирээд буцаад гараад явчихсан. Удалгүй нөгөө согтуу хүүхэн үл таних нэг залуутай орж ирсэн. Тэр залууг манай ширээн дээр сууж байсан эгч уулзъя гээд дагуулж гараад байж байсан чинь нөгөө согтуу хүүхэн чинь караокены хөргөгчнөөс пиво авах гээд хөргөгч онгойлготол бармен нь өгөхгүй гээд ноцолдож байтал нэг танихгүй залуу нөгөө согтуу эмэгтэйг боль гээд боогоод тэр залуутай хамт ширээ, сандал хоёрын завсар унасан. Тэгээд нөгөө хүүхэн босч ирээд нөгөө дарж унагаасан залууг нүүрэн тус газар нь хуванцар саваар цохьсон. Тэр үед манай хуурай эгч O нөгөө согтуу хүүхнийг болиоч гээд түлхсэн. Тэр үед нөгөө хүүхэн хойшоогоо унасан. Нөгөө бармен хүүхэн нь нөгөө согтуу эмэгтэйг наадах чинь биеэ үнэлэгч, та нараас их хэмжээний мөнгө нэхнэ. Тиймээс та нар цагдаа ирэхээс өмнө мөнгө өгөөд сал гэхээр нь бид хэд цагдаа дуудсан. Агсам тавиад байсан эмэгтэйг урьд нь харж байгаагүй. Хэрүүл маргаан хийгээгүй, танихгүй. Манай эгчийг уг эмэгтэй цохиогүй. O эгч нөгөө эмэгтэйг түлхсэн. Нөгөө эмэгтэйгийн нүүр ам нь хавдчихсан байсан. Уг үйл явдлыг манай эгчийн нөхөр А бас O эгч нар харсан” /хх-н 13-14/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Ц.Нийн гэмтэлтэй холбоотойгоор “Ц.Нийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн 12645 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч T.Oыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч T.Oд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн шүүгдэгч T.Oд холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл уг гэмт хэрэг үйлдэгдэхэд

1-рт хохирогчийн зүй бус үйлдэл /үүнд; хохирогч Ц.Н олон нийтийн газар хэтэрхий согтуурч бусадтай маргаан үүсгэсэн байдал/,

2-рт тохиолдлын шинжтэй нөхцөл байдал /үүнд; шүүгдэгч T.O хохирогч Ц.Н-г зодож түүний бие махбодид гэмтэл учруулъя гэсэн шууд санаа зорилго байгаагүй/ зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр, эдгээр нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүх шүүгдэгч T.O-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ц.Н шүүгдэгч T.O-с нийт 510.898 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн байх бөгөөд энэ мөнгөнөөс 200.000 төгрөгийг шүүгдэгч T.O төлж барагдуулжээ.

Хэдийгээр “... үлдэх төлбөр болох 310.898 төгрөгийг төлж барагдуулна” гэсэн тайлбарыг шүүгдэгч T.O шүүх хуралдаанд хэлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтыг шүүх дүгнээд дээрх 310.898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь; хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Ц.Н, Толгой-КТГ, 120.000 төгрөг”[1] гэсэн Бэлэн мөнгөний орлогын баримтаас бусад баримтууд нь нотолгооны шаардлага хангахгүй,

тухайлбал; “Дархлаа судлалын Ач-II лаборатор” гэсэн тэмдэг /дардас/ бүхий 17.500 төгрөгийн бэлэн мөнгөний баримт[2], “Дархан декет ХХК Санхүү” гэсэн тэмдэг /дардас/ бүхий 373.398 төгрөгийн картаар тооцоо хийсэн орлогын баримт[3] зэрэг нь эмчийн ямар заавартайгаас гадна өвчтөний үзлэг хийлгэсэн талаарх амбулторын картын хуулбар хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нотлох баримтууд нь өөр байдлаар давхар нотлогдох ёстой.

 

Нөгөөтэйгүүр хохирогч Ц.Н-н биед учирсан “... баруун нүдний зовхи, баруун хацар, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо”[4] гэсэн гэмтлийн зэргээс үзвэл уг гэмтлээс улбаатайгаар өвчтөн удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч T.Oы “хохиролд гэж төлсөн 200.000 төгрөг”-ийг дээрх баримтуудтай харьцуулаад шүүгдэгчийн зүгээс энэ гэмт хэрэгтэй холбоотой хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч T.O цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч T.O шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч T.Oы “... ар гэрийн ахуй амьдрал, бага насны хүүхэдтэй ...” зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т.O-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар T.O-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. T.O-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. T.O торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ц.Н-н 310.898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. T.O цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл T.O-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас