Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00039

 

 

     

 

 

                         

 

 

С.С-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Булдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00064 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух С.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух Х.Э-, Х.А- нарт холбогдох,

 

“Хонда портер маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э-, Х.А- нарт үүрэг болгох тухай” иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. Миний бие С.С- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.Э-аас  Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 6,890,000 төгрөгөөр үнэлж хоорондоо наймаа хийсэн. Гэтэл тухайн үед уг Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бэлнээр 1,780,000 төгрөгийг өгөөд үлдсэн 4,620,000 төгрөгт мал оролцуулсан ба үлдсэн 440,000 төгрөгт өөрөө том тээврийн хэрэгслээр нүүрсэнд явдаг тул надаас 4 тн нүүрс гуйсан учраас машины төлбөрт оролцуулаад өгсөн. Мөн өмнө бас надад өгөх 50,000 төгрөгийн өртэй байгаа учраас энэхүү машины мөнгөнөөс хассан ба нийтдээ 6,890,000 төгрөгөөр тохиролцсоноороо мал, нүүрс гэх эд зүйлийг оролцуулан өгч машины төлбөрийг дуусгасан.

1.2. Гэвч уг авсан Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлэн авах гэсэн ч тухайн худалдсан Х.Э- нь миний нэр дээр шилжүүлэн өгөхгүй бичиг баримтыг нэр дээр шилжүүлэн өгвөл одоо надад 300,000 төгрөг өгөх хэрэгтэй гээд надаас нэхэж нэр дээр шилжүүлэхгүй зугтаад байгаа. Хариуцагч хариу тайлбартаа С.С- гэх хүнийг танихгүй, мэдэхгүй Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е жолоодсон гэж тайлбарласан байна. Тээврийн хэрэгслийг би өөрөө унаж очсон, малыг ачиж байх үеийн бичлэг бүгд байгаа. Ах Ет миний хэдэн тооны мал байсан. Ах маань надад энэ жил өвөлжилттэй холбоотой чиний малыг хариулж чадахгүй гэхээр нь Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Нэг ямааг 60,000 төгрөгөөр үнэлж 22 тооны ямаа, нэг сэрхийг 110,000 төгрөгөөр үнэлж 20 тооны сэрх, нэг эм хонийг 110,000 төгрөгөөр үнэлж 10 тооны эм хонь өгсөн. Намар хариуцагч Х.Э- малын ченж хийж байсан тул өөрөө тарган малыг сонгож авсан. Хариуцагч хариу тайлбартаа бүх болсон асуудлыг худал тайлбарласан байна.

1.3. Иймд Хонда портер маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э-, Х.А- нарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Хонда портер тээврийн хэрэгслээ худалдахаар болж цахим хуудаст зар оруулсан. Зарын дагуу 3 хоногийн дараа надтай Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ах арал гэх газраас холбогдож байна гэж нэг хүн залгаж Хонда портер тээврийн хэрэгслийг худалдаж авахаар бол мал оруулж өгнө гэдгээ тайлбарласан. Зундаа Цамбагаравт зусдаг тул миний мал бүгд тарган чамд би сайн, тарган малаа өгнө гэсэн. Маргааш өдөр нь би нэг айлын цайллагад сууж байх үед тухайн хүн дахин залгаж найдвартай малаар наймаа хийх үү тохиролцъё гэсэн.

2.2. Бид тэр хүнтэй уулзахад огт таниагүй, өмнө нь харж байгаагүй хүн байсан. Хажууд нь С.С- байсан. Өмнө нь нэхэмжлэгчээс Хонда портер тээврийн хэрэгсэл худалдаж авсан боловч одоо хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Бид ярилцаж миний портер тээврийн хэрэгслийг үзэхээр болсон. Миний тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон хүн С.С-г дүү маань гэж танилцуулж, дүү маань том тээврийн хэрэгсэл жолооддог нүүрсэнд явдаг тул машин сайн мэднэ, ах нь хөдөө байдаг учраас мотоциклоос өөр тээврийн хэрэгслийг сайн мэдэхгүй гэж байсан. Тэр өдөр орой болсон тул маргааш өглөө нь тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болсон. Хонда портер тээврийн хэрэгслээ анх 7,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч бид ярилцаж байгаад 6,500,000 төгрөгт худалдахаар болсон. Е надаас өөр юу авах талаар асуухад би нүүрс авч болох талаар хэлсэн. Нэг тонн нүүрсийг 110,000 төгрөгөөр үнэлж 440,000 төгрөгт 4 тонн нүүрс авсан. Нүүрсийг Е бид хоёр дөрвөн удаа Хонда портер тээврийн хэрэгсэлд ачиж манай хашаанд буулгасан. Еийн эхнэр нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн, худ болж таарсан. Еээс авсан хонийг би өөрийнхөө хашаанд 7 хоног малласан. Дараа нь би Етэй холбогдож таны өгсөн малыг би зарж чадахгүй байна, өөрийнхөө Хонда портер тээврийн хэрэгслээ буцааж авъя, таны малыг ачиж хүргээд өгий гэж нэг өдөр гуйсан.

2.3. Тухайн үед Е дахин 500,000 төгрөгт тааруулж мал өгье гэж хэлсэн боловч утсаа авахгүй, утсаа авахаар надад уурлаж, сүүлд утсаа авахгүй салгасан. С.С- нь Хонда портер тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймагт би хэрэглэж байна. Эхнэр бид хоёр С.С-д хандаж Хонда портер тээврийн хэрэгсэлд бензин хийгээд өгье туранхай малыг хэн ч худалдаж авахгүй байна гэж Хонда портер тээврийн хэрэгсэлд ачих гэхэд, нэхэмжлэгч надад хандаж “ахаа та энэ малыг битгий ачаарай ах, эгч уурлаж гай болно үлдсэн 8 хонийг та өөрөө зохицуулж зараарай, үлдсэн малыг би авсан ч болно. Мал үнэд орохоор нь би өөрөө зарж авсан ч болно” гэсэн боловч сүүлд нэхэмжлэгч алга болсон. Бодит байдалд би 20 сэрх ямаа, бэлэн мөнгө авсан нь үнэн. Гэхдээ би Е гэдэг хүнтэй наймаа хийсэн болохоос биш Хонда портер тээврийн хэрэгслээ С.С-д худалдаагүй. Хонда портер тээврийн хэрэгслийн торгууль, татварыг төлсөн одоо үлдэгдэл 1,290,000 төгрөгийг өгсөн тохиолдолд Хонда портер тээврийн хэрэгслийг Еийн нэр дээр шилжүүлж өгнө.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00064 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 260 дугаар зүйлийн 260.3-т заасныг тус тус баримтлан Хонда портер маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч С.Э-, Х.А- нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-, Х.А- нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.С-аас Хонда портер маркийн 2356 улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.С-н нэр дээр шилжүүлэхийг Х.Э-, Х.А- нарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Маргааны үйл баримтыг дурдвал: Х.Э- би эхнэр Х.А-ийн нэр дээр байгаа **** дугаартай портер маркийн автомашиныг эхнэр Х.А-тэй харилцан тохиролцон түүний саналыг авч байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баяннуур сумын иргэн Самбайн Ет 6.500,000 төгрөгөөр худалдсан. Уг автомашиныг С.Еийн дүү С- унаж, би хажууд нь дагаж Баяннуур сумын “Ахарал” гэдэг газарт С.Еийн гэрт очсон. Ингээд тэр өдөр том 10 сэрхийг нэг бүр нь 100,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг, шүдлэн 10-ыг нэг бүр нь 50000 төгрөгөөр нийт 500,000 төгрөг, эм ямаа 20-ыг нэг бүрийн үнэ 50000 төгрөг, нийт үнэ нь 1,000,000 төгрөг, эм хонь 2-ыг нэг бүр нь 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөг, төлөг 8-ыг нэг бүрийн үнэ 42500 төгрөг, нийт 340,000 төгрөг нийт 3,040,000 төгрөгийн бог малыг хоёр хувааж авсан. Өөрөөр хэлбэл уг малуудыг анх С.Еийн гэрт очих үед, дараа нь С.Е өөрийн унаагаар аймгийн төвд хүргэж өгсөн. Харин 4 тн нүүрсийг автомашин худалдсан өдөр дүүгийн гэрээс нэг тн нүүрсийг 110,000 төгрөгөөр бодож нийт 440000 төгрөгөөр авсан. С.Еээс банкаар нэг удаа 800,000 төгрөг, дараа нь 880000 төгрөгийг С.Еийн эхнэр нь бэлнээр өгсөн, урьд 2021 онд Еийн дүүгээс авто машин худалдсанаас үлдсэн 50000 төгрөгийг хассан. Ингээд С.Еээс бид өнгөрсөн хугацаанд малаар 3.040.000        төгрөг, нүүрсний үнэ 440000 төгрөг, бэлэн мөнгө 1680000 төгрөг нийт 5210000 төгрөг авсан. Одоогийн байдлаар 1,290,000 төгрөгийг автомашин худалдан авагч С.Е бидэнд төлөх тооцоотой учраас тээврийн хэрэгслийг С.С-н нэр дээр шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байна гэж шүүхэд тайлбар гаргасан.

4.3. Харин нэхэмжлэгч С.С- нь шүүхэд “Миний бие С.С- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Э-аас Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 6.890.000 төгрөгөөр үнэлж хоорондоо наймаа хийсэн. Гэтэл тухайн үед Хонда портер маркийн цэнхэр өнгөтэй **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бэлнээр 1,780,00 төгрөгийг өгөөд үлдсэн 4.620.000 төгрөгт мал оролцуулсан ба үлдсэн 440,000 төгрөгт өөрөө том тээврийн хэрэгслээр нүүрсэнд явдаг тул надаас 4 тн нүүрс гуйсан учраас машины төлбөрт оролцуулаад өгсөн мөн бас надад өгөх 50,000 төгрөгийн өртэй байсан учраас энэхүү машины мөнгөнөөс хассан ба нийтдээ 6,890,000 төгрөгөөр тохиролцсоноор мал, нүүрс гэх эд зүйлийг оролцуулан өгч машины төлбөрийг дуусгасан болно” гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргасан.

4.4. Иймээс дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчдын хариу тайлбар, иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд талуудын хооронд явагдсан мэтгэлцээг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.5. Уг маргааны жинхэнэ нэхэмжлэгч нь С.С- биш буюу С.С- нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Хариуцагч бидний ойлгосноор уг автомашинтай холбоотой бүх асуудалд С.Еийн эхнээсээ идэвхтэй оролцоо байна гэж үзэж байна.

4.6. Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг автомашиныг 6,890,000 төгрөгөөр худалдаж авсан гэж дурдсан, харин хариуцагчид бид 6,500,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбар гаргасан. Ингээд 390,000 төгрөгийн үнийн зөрүү гарсан. Бодит байдалд худалдан авагч талд худалдсан авсан үнийн зүйлийг худалдагчаас дээгүүр худалдаж авсан гэж мэдүүлэх бараг практикт тохиолдоогүй зүйл гэж үзэж байна. Иймд эндээс дүгнэж үзэхэд С.С- нь өөрөө гардан наймаа хийгээгүй учраас уг автомашиныг чухам хэдэн төгрөгөөр худалдсан гэдгийг мэдээгүй байна.

4.7. Нэхэмжлэгч С.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг автомашины үнэд 4,620,000 төгрөгийн мал өгч худалдан авагчийн үүргийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч яг Х.Ет 4,620,000 төгрөгийн малыг хүлээлгэн өгч худалдан авагчийн үүргийг бодитой биелүүлснийг шүүхийн өмнө нотолж чадаагүй гэж үзэж байна. Энэ нь худалдан авагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ“ гэсний худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ дутуу биелүүлсэн байхад анхан шатны шүүх худалдан авагч үүргээ биелүүлсэн гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.

4.8. Анхан шатны шүүх уг маргааныг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйл заалтаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Учир нь: Х.Э-, Х.А- нар уг автомашиныг тухайн өдөр С.Ет хүлээлгэн өгсөн ба автомашины үнэд мал, бэлэн мөнгө, нүүрс авахаар тохиролцож уг зүйлүүдийг хэсэг хугацааны дараа худалдан авагч худалдагч нарт шилжүүлэхээр болсон нөхцөл байдал тогтоогдсоор байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргааныг шийдвэрлэсэн учир дутагдалтай байна гэж үзэж байна. Худалдан авагч тал Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263. 264 дугаар зүйлийн 264.1, 264.2-д заасныг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна.

4.9. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангахгүйгээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болсон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Х.Э-, Х.А- нарт холбогдуулан тэдгээрээс худалдаж авсан гэх Хонда портер маркийн, цэнхэр өнгийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч нарт үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тээврийн хэрэгслийг 6890000 төгрөгөөр үнэлсэн, 1780000 төгрөг бэлнээр, 4620000 төгрөгийн үнэ бүхий мал, 440000 төгрөгийн үнэтэй нүүрс өгч, 50000 төгрөгийн авлагатай байсан тул уг үнийн дүнг хассан” гэж тайлбарласан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “тээврийн хэрэгслийг 6500000 төгрөгөөр үнэлсэн, 1680000 төгрөгийн бэлнээр авсан /анх 1680000 төгрөг бэлнээр авсан гэх боловч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 1780000 төгрөг бэлнээр авсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн/, 440000 төгрөгийн нүүрс, 50000 төгрөгийн өрөө тооцоод, 3040000 төгрөгийн мал авсан буюу нийт 5210000 төгрөгийг өгсөн, одоо 1290000 төгрөгийн авлагатай, бид С.Ет тээврийн хэрэгслийг худалдсан, С.С-д худалдаагүй, хэрвээ 1290000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг төлсөн тохиолдолд худалдсан машиныг С.Еийн нэр дээр шилжүүлж өгнө” гэж тус тус хариу тайлбар гаргаж маргажээ.

 

7. Зохигчийн дээрх тайлбарыг шинжлэн үзвэл, тээврийн хэрэгслийн худалдагч нь худалдан авагчаас 1780000 төгрөгийн бэлэн мөнгө, 440000 төгрөгийн нүүрс, 50000 төгрөгийн өмнөх өр төлбөрөө тооцож оруулсан талаар маргаагүй, харин хариуцагч Х.Э-, Х.А- нар тээврийн хэрэгслийг С.С-д биш С.Е гэгчид худалдсан гэж, талууд тээврийн хэрэгслийн нийт үнийг 6890000 төгрөг, эсхүл 6500000 төгрөг гэж, түүнчлэн тээврийн хэрэгслийн үнэд өгсөн нийт малын үнэ 4620000 төгрөг, эсхүл 3040000 төгрөг гэх асуудлаар маргаантай байгаагаас гадна тухайн худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон Хонда портер маркийн, цэнхэр өнгийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч нарын өмч мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл нэхэмжлэгчээс уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч нарт үүрэг болгохыг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага болон түүний үндэслэлийг шүүх тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Тээврийн хэрэгслийн үнэд тооцож өгсөн малын талаар нэхэмжлэгч тал 4620000 төгрөгийн мал өгсөн гэж, хариуцагч нар 3040000 төгрөгийн үнэлгээтэй мал авсан гэж зөрүүтэй тайлбарлахаас гадна малын тоо, төрөл, үнийн талаар талууд, тухайлбал, нэхэмжлэгч С.С-аас “52 тооны 4620000 төгрөгийн мал өгсөн ба 20 толгой сэрхийг нэг бүрийн 110000 төгрөгөөр тооцож 2200000 төгрөг, 22 толгой эх ямааг нэг бүрийн 60000 төгрөгөөр тооцож 1320000 төгрөг, 10 толгой эм хонийг нэг бүрийг 110000 төгрөгөөр тооцож 1100000 төгрөг, нийт 4620000 төгрөгийн мал өгсөн” гэж тайлбарласан бол, хариуцагч нараас “10 сэрхийг нэг бүрийн 100000 төгрөгөөр үнэлж 1000000 төгрөг, 10 шүдлэн /ямаа/-г нэг бүрийн 50000 төгрөгөөр үнэлж 500000 төгрөг, 20 эм ямааг нэг бүрийн 50000 төгрөгөөр үнэлж 500000 төгрөг, 2 эм хонийг нэг бүрийн 100000 төгрөгөөр үнэлж 200000 төгрөг, 8 төлгийг нэг бүрийн 42500 төгрөгөөр тооцож 340000 төгрөг, нийт 3040000 төгрөгийн үнэ бүхий мал авсан” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий уг нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд сэргээн тогтоох боломжгүй байна.

 

9. Талуудын хооронд үүссэн дээрх маргаантай харилцааны талаар нэхэмжлэгч талаас Баян-Өлгий аймгийн Малын зах зээлийн 10 дугаар сарын үнийн мэдээллийг хэрэгт гаргаж өгсөн боловч уг баримт дангаараа талуудын хооронд үүссэн малын тоо, төрөл, үнэлгээтэй холбоотой маргааны үйл баримтыг сэтрээн тогтоох үндэслэл болохгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хэвээр батлах замаар маргааныг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

 

10. Талуудын хооронд үүсэн иргэний эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримт, түүнийг тогтооход чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг сэргээн тогтооход шаардагдах нотлох баримтууд хангалттай бүрдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг зөрчсөн бөгөөд маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, талууд мэтгэлцэх боломжоо хангалттай хэрэгжүүлээгүй байхад тэдгээрийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг оновчтой тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэлийн үндэслэл, талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хамааралгүй буюу худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол болон “эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан талаар” ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх маргааны зүйлд холбогдолгүй Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний зөрчилд тооцогдох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

12. Иймээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагч нарын давж заалдах гомдлын хэсгийг дээрх үндэслэлүүдээр хүлээн авч, тэдгээрийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Х.Э-, Х.А- нарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК