Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 977

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч О.Баясгалан

хохирогч Э.А

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн 1805057591154 тоот, 1 хавтас хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сэргээх эрчим хүчний ангид сурдаг гэх, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Даа хүрээ гудамж, 105 В байр 27 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; эхийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бага тойруу 20 дугаар байр, 3-55 тоотыг түрээслэн амьдарч байгаа, ялгүй, дугаарын регистртэй, З овогт З.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч З.Х 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” нэртэй бааранд маргааны улмаас хохирогч Э.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч З.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Цын төрсөн өдөр гээд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Ц, Таа, Ц нарын хамтаар Коко банана нэртэй бааранд орсон. Тэнд байж байгаад бид нар А нарын сууж байсан ширээ рүү очсон. Гэтэл А бид нартай гар барьчихаад Таатай гар бариагүйгээс болж маргалдсан, А миний үгэнд орохгүй байхаар нь би түүнийг цохьсон. Би Атай 3-4 жилийн өмнөөс танилцсан танилууд, гэхдээ дотно найзууд биш. Урьд өмнө нь бид хоёр ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй.

Би Аыг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Ааас уучлалт гуйсан. Хохиролд гэж өмнө нь 1.162.000 төгрөг, өнөөдөр 2.505.360 төгрөг тус тус өгсөн. Дараа нэхэмжилнэ гэж байгаа 390.000 төгрөгийг нь цаг тухайд нь төлөх болно.

Миний хувьд ШУТИС-д сурч байгаад 2.5 жилээс нь чөлөө авсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 7-ны орой найз Мтэй уулзаж Хүүхдийн 100 орчимд хоолонд ороод, дараа нь Коко банана нэртэй бааранд орсон. Миний хувьд урьд өмнө нь Таатай жаахан маргаантай байсан юм. Тэгээд тэр орой Таатай гар барьсангүй гэдгээр Х надтай муудалцаад эргэж харахын завдалгүй намайг цохиж зодсон.

Эмчилгээний зардлын 1.162.000 төгрөгийг өмнө нь авсан. Өнөөдөр 2.505.360 төгрөг хүлээн авлаа. 1 жилийн дараа гэхэд хамрын ясанд тавьсан бэхэлгээг авхуулахад 390.000 төгрөгийн төлбөр гаргана гэсэн. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Түүнээс гадна ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Зүгээр байж байгаад зодуулсандаа Хд маш их гомдолтой байна. Х надаас уучлалт гуйхын хувьд гуйсан гэв.

  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.А “… шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Коко банана бааранд орсон. Баар засвар хийсэн гээд бид хоёр сонирхож орсон. М бид хоёр бааранд явж байгаад Ц гээд найзтайгаа таарсан. Ц миний төрсөн өдөр болоод 7-8-уулаа явж байна гэж яриад, би бас Цд “аав болсон” гэж хэлээд нэг нэгэндээ баяр хүргэсэн. Цын ширээн дээр очоод хүмүүстэй танилцаад гар барьсан. Т гэх залуутай би таарамжгүй болохоор гар бариагүй алгассан. Тэгтэл Х чи юу вэ гээд намайг шууд нүүр рүү цохьсон. Би Мд цагдаа дууд гээд орилсон. Би газар унаад Х намайг зодсон. М алга болсон байсан. Би гар утсаа аваад баарны гадаа гарахад Т араас ирээд эндээ учраа олоох уу гэсэн. Би цагдаагийн машин дээр очсон. Тэгээд 102 руу залгаад цагдаа ирсэн. Би М найзын хамт байсан. Х болон найзууд нь байсан. Баарны хамгаалагч салгасан. Бас Хыг найзууд нь надаас салгасан. Миний нүүр рүү нэг удаа цохиод, би сандалнаас хойш унасан. Сэрэхэд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг Х зодсон. Би Хыг цохиогүй. Улиралдаа нэг таарвал юу байна гээд мэндийн зөрөөтэй байдаг. Өмнө нь Хтай маргаж байгаагүй. Би нэг пиво уусан байсан. Х бол нэлээд согтуу байсан.

Хувийн эмнэлэгт үзүүлж, хамар, шанаа, нүдэндээ хагалгаанд орсон. Намайг нэг жилийн дараа ирж нүдний доор тавьсан төмрөө авахуулаарай гэсэн. Гомдолтой байна. Нэхэмжлэлийн 3.667.360 төгрөг баримтаар байгаа” /хх-н 11/ гэж,

гэрч Б.Т “… найз ЦэрэнЦын төрсөн өдөр болоод Х, Ц бид дөрвүүлээ 2018 оны 11 дүгээр сарын 7-оос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед Коко банана гэх бааранд орж 0.75 литрийн архи, ус, ундаа аваад ширээнд суусан. Бид бүжиглээд уугаад байж байтал А тайзны голд ганцаараа бүжиглэж байсан. ЦЦ надад А энд бүжиглэж байна гэсэн. Би тэгээд А дээр мэнд мэдэх гээд яваад очсон. А надтай мэнд мэдээд миний араас ЦэрэнЦ Х хоёр ирсэн. Бид бүгдээрээ уулзаад баярлаад Атай хамт ширээ рүү явсан. Бид ширээндээ очоод уугаад баяраа тэмдэглэсэн. Тэгээд байж байхад А нэг найзыгаа хамт яваа гэж хэлээд бид дөрөвт танилцуулсан. ЦЦ, Ц хоёр бүжиглэх гээд явсан. Х, А бид гурав үлдсэн. Би Хын зүүн гар талд, А баруун гар талд нь сууж байсан. А бид хоёр харилцан яриа өрнүүлж байж байхад Х Ат хандаж чи одоо маргаан хийхгүй шүү, найзын чинь төрсөн өдөр болж байна гэж хэлсэн. Тэгтэл А Хын үгийг сонсоод хүлээж аваагүй. А над руу хэрүүл шинжтэй үг аясаар ярьсан. Тэр үг нь чи хэн юм танилцъя гэж маш олон удаагийн давтамжтай хэлээд би залхаж Аыг боль хөгшөөн гэж хэлсэн. Х шаардлага тавиад А хүлээж аваагүй. Би бас Аыг боль гэж шаардлага тавьсан. Хүлээж аваагүй. Тэгтэл Х зүүн гараа атгаад Аыг цохьсон. А газар унасан. Би А руу очиж босгох гэтэл Хын хөл хажуугаар орж ирээд Аыг өшиглөсөн. Тэгтэл ЦэрэнЦ, Ц хоёр ирээд А, Х хоёрыг салгасан. Аын хамарнаас цус гарчихсан нүүр нь хавдсан байсан учир А цагдаа дуудсан. Бид Атай ойлголцох гээд ярилцаж үзэхэд А хүлээж аваагүй. А гартаа пиво барьчихсан явж байсан. А согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би бол нилээд согтуу байсан. Х хэр архи ууж хэрэглэснийг би мэдэхгүй байна. А Хыг цохиогүй. Аын нүүр рүү гараараа нэг цохьсон, бас хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Х тухайн үед бараан өмд, бор куртик, хар өнгийн цагаан оруулгатай кеттэй байсан. Тухайн үед бид дөрвүүлээ байсан. Өөр хүмүүс байгаагүй” /хх-н 14/ гэж,

гэрч М.Ц “… шөнө 01-02 цагийн үед Коко банана бааранд Х, Ц, Т нарын хамт орж 0.75 литрийн архи, ус, ундаа аваад ширээнд суусан. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би 00 ороод ирэхдээ Аыг бүжиглэж байхыг харсан. Тд А байна гэж хэлээд Х, Таа бид гурав А дээр очоод мэнд мэдээд бид нар манай ширээнд суусан. Атай надад хүүхэдтэй болсон гэдгээ хэлээд би баяр хүргээд миний төрсөн өдөр болж байна гэж хэлсэн. Ширээн дээр бид хэсэг сууж байгаад би Цтэй хамт бүжиглэхээр гарсан. Ц бид хоёр бүжиглэж байгаад эргээд ширээ рүү хартал А газар уначихсан Таа салгах гээд бас зөөгч ирээд салгаж байсан. А согтуу байсан. Ц бид хоёр бүжиглэж байсан болохоор анзаараагүй. Намайг харахад А газар уначихсан, Таа Аыг босгох гээд байж байсан. Намайг эргээд харахад бүх зүйл болоод өнгөрсөн. Х, Ц, Т бид дөрөв, А найзынхаа хамт байсан” /хх-н 15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Э.Аын гэмтэлтэй холбоотойгоор “Э.Аын биед баруун талын хоншоорын хөндийн арын хана, урд хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод болон гадна ханын хугарал, баруун нүдний зовхинд чус хуралт, эрүү, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.гэсэн 13430 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 17/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Засагууд овогт З.Х-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Х-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Иймд хуулийн тухайн зүйл хэсгээр ял оногдуулж байгаа шүүгдэгч З.Х-д “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; Эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлагын зорилго, ялын бодлого нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, ял үр нөлөөтэй, зохимжтой байхад чиглэгддэг.

Тухайлбал шүүгдэгч З.Х-н хувьд түүнд торгох ял оногдуулахад тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, бусдад төлөх төлбөртэй, хохирлыг төлөхийн тулд түүний эх Ц.З гэгч бусдаас зээл авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн зэрэг нь ял бодитой байх зарчимд нийцэхгүй байна.

 

Харин хуулийн тухай зүйл хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах” ял хэрэгжиж эхлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэхдээ шүүхээс шүүгдэгч З.Х-д оногдуулж байгаа “нийтэд тустай ажил хийлгэх” ялын хугацааг тогтоохдоо “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзсан болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч З.Х хохирогч Э.А-н хохиролд буюу эмчилгээний зардалд гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.162.000 төгрөг өгсөн байх ба шүүхийн шатанд 2.505.360 төгрөг өгчээ.

Хохирол төлөгдсөн дээрх байдлыг хэргийн оролцогч талууд маргахгүйгээр харилцан хүлээн зөвшөөрч байгаагаас гадна, хохирогч Э.А-н нэхэмжилж буй “... 1 жилийн дараа гэхэд хамрын ясанд тавьсан бэхэлгээг авхуулахад 390.000 төгрөгийн төлбөр гарна” гэснийг шүүгдэгч З.Х төлж барагдуулахаа илэрхийлэв.

Шүүх хэдийгээр ирээдүйд гарах зардлыг урьдчилан шийдвэрлэж болохгүй ч, хэргийн оролцогчийн хэн аль нь 390.000 төгрөгийг авах, өгөхөд татгалзахгүй гэж байгаа, цаашлаад хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн мэргэшсэн Шинжээчийн дүгнэлт гарсан, энэ гэмтэл нь гэмт хэргийн улмаас бий болжээ гэсэн хэргийн үйл баримт байсаар байхад гэм хорын хохирол буюу хамрын ясанд суулгасан бэхэлгээ төмрийг авхуулахад зарцуулах зардлын мөнгийг шүүгдэгч З.Х-с гаргуулахгүй гэх үндэслэлгүй юм.

 

Харин хохирогч Э.А-н “... ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна” гэсэн шаардлагыг хангах боломжгүй.

Учир нь, хохирогч Э.А ажил эрхлэлтийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ байдал нь өөр нотлох баримтуудаар давхар нотлогдох ёстой.

 

Шүүгдэгч З.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.А гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. З овогт З.Х-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Х-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан З.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Хаас 390.000 төгрөг гаргуулж хохирогч Э.А-т олгосугай.

 

5. З.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.А гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ