Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00043

 

 

     

   

   

                         

 

 

Т.А-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00071 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****оршин суух Т.А-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Х.Д-/-д холбогдох,

 

“Ажилгүй байсан үеийн цалин хөлсний нөхөн олговор 3360000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:     

1.1. Нэхэмжлэгч Т.А- намайг Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочоор ажиллаж байхад тус хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаар шийдвэрээр Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон.

1.2. Уг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” 34 дүгээр тушаалаар биелүүлж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж жолоочийн ажилд маань эгүүлэн томилсон.

1.3. Гэхдээ Т.А- миний бие ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл 8 сарын хугацаанд ажилгүй, цалин хөлс авч чадалгүй хохирсон учраас ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж байна.

1.4. Миний бие Т.А- нь Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочоор томилогдож ажиллах хугацаанд сарын цалин 420,000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан болох нь Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Т.А-ийг ажилд томилох тухай тогтоол, 2021 оны 11, 12-р саруудын цалин олгох хүснэгт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

1.5. Иймд миний ажилгүй байсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэлх 8 сарын хугацааны олговорт 3,360,000 (8х420,000) төгрөгийг Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс гаргуулан олгож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэгч Т.А-ий 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68710 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 68710 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д” Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна.”,  54 дүгээр зүйлийн 54.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоо цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.”, 54 дүгээр зүйлийн 54 3-д -Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд орон тооны байна.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны ИТХ-ын төсвийн шууд захирагч байна" гэж тус тус заасан байдаг. Дээрх хууль улсын хэмжээнд мөрдөгдөж сумдын ИТХ-ын дарга нар хуулиараа хурлын төсвийг захиран зарцуулах эрхгүй болсон тул миний бие өнөөдрийг хүртэл Хурлын байгууллагын төсвийн захиран зарцуулах эрх 1 дүгээр гарын үсгийг хурлын тамга тэмдгийн хамт хуулийн дагуу хариуцаж хурлын ажлын албанд ашиглан төрийн ажлыг гүйцэтгэж байгаа. Хурлын дарга Төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан хамтын шийдвэрт гарын үсэг зурдаг улс төрийн албан тушаалтан. Хурлын нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан хурлын төсвийн шууд захирагч нь байгаа.

3.2. Тус сумын ИТХ-ын байгууллагын ажлын алба нь батлагдаж ирсэн хурлын дарга хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоогоор өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Н сумын 2022 оны жилийн төсөвт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн санд дээрх хурлын дарга хурлын нарийн бичгийн дарга гэсэн 2 хүний орон тоо 2 хүний цалин батлагдсан болохоос хурлын төсөвт жолоочийн албан тушаалын орон тоо цалин батлагдаж ирээгүй. Хурлын ажлын албанд машин техник байхгүй ажлын байр нэмж батлагдаагүй учраас Т.А-д Хурлын байгууллагын төсвөөс цалин хөлс олгох ямар ч боломжгүй.

3.3 Хурлын ажлын албанд дансанд бүртгэлтэй ямар нэгэн машин техник байхгүй. Т.А-ийг ажилд томилсон сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн  2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр гаргасан дугааргүй .. “Т.А-ийг ажилд томилох тухай” хурлын хуурамч тамгаар баталгаажуулсан тогтоол бол хууль бус хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр тогтоол биш. Т.А- дээрх хугацаанд жолоочоор ажиллаж байгаагүй ажиллуулсан талаарх цагийн бүртгэл ч байхгүй. Мөн Хурлын байгууллагаас Т.А-тэй 2021 оны үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй буюу гэрээнд цалин хөлс тусгагдаагүй.

3.4. Харин иргэн Т.А- нь тус сумын Хурлын байгууллагад харилцан тохиролцож гэрээгээр түр ажилласан хугацааныхаа цалинг авсан. Т.А- нь гэрээгээр түр ажиллаж байсан хугацаанд машин техник хариуцаж байгаагүй гэрээт ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлээгүй ажиллаж байсан хугацаанд нэг ч удаа цагийн бүртгэлд цагаа бүртгүүлж байгаагүй байнга ажил тасалж, ажилд ирээгүй болохоор мөн гэрээнийх нь хугацаа нь дуусаж үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлөгдсөн.

3.5. Иргэн Т.А- нь 2022 оны 3 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 3,360,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2022 оны 3 дугаар сарын цалинд 420.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард цалингийн хүснэгтээр 11-р сарын цалингийн хамт 840.000 төгрөгийг гаргуулан авсан байхад хариуцагчаас энэ талаар тайлбар авахгүйгээр хариуцагчийн хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдаанд хариуцагч намайг оролцуулахгүйгээр хурлын даргад даалгасан буруу шийдвэрийг гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

3.6. Иймд миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00071 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

5. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч тус аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3360000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.   

 

6. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд  тогтоогдлоо:  

6.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан жолооч Т.А-ий жолоочийн албан тушаалын орон тоо хурлын ажлын албанд 2022 онд батлагдаж ирээгүй, мөн түүний гэрээний хугацаа дууссан, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр жолооч Т.А-ийг  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.   

6.2. Нэхэмжлэгч Т.А- Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг эс зөвшөөрч  шүүхэд гомдол гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаартай шийдвэрээр Т.А-ийг  Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны  жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч тус аймгийн Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  нарийн бичгийн дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Т.А-ийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны  жолоочоор эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй.        

 

8. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор заасан бөгөөд 2022 оны  02 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд томилсон 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговрыг хариуцагч ажил олгогчоос  ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй. 

 

9. Дээрх журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан боловч нэхэмжлэгчээс 2022 оны  3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 3360000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагчаас тооцооллын тал дээр маргаагүй, хариу тайлбар ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг үнэлж, анхан шатны шүүх хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

 

10. Хариуцагчаас “Иргэн Т.А- нь 2022 оны 3 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 3360000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2022 оны 3 дугаар сарын цалинд 420.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард цалингийн хүснэгтээр 11-р сарын цалингийн хамт 840.000 төгрөгийг гаргуулан авсан байхад хариуцагчаас энэ талаар тайлбар авахгүйгээр, хариуцагчийн хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр хурлын даргад даалгасан буруу шийдвэрийг гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчид  дээрх эрх үүргийг болон  шүүх хуралдааны товыг  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хуульд заасан дээрх эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байна.

10.2. Анхан шатын шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт товлосон боловч хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадалгааг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ/Хэргийн 41-42 дахь тал/. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ /хэргийн 48-49 дэх тал/. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10:30 цагт товлож, товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэхэд хариуцагч нь дахин шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна. Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалттай хангасан байна.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Х.Д-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК