Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 985

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                

  

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Ц.Амар

хохирогч Д.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010379 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “” шатхуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ...... дүгээр гудамж .... тоотод оршин суух, ялгүй, ............... дугаарын регистртэй, Б овогт Рын М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Р.М согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 5-ны орой 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Khan Hotel”-ийн урд уулзварт Ниссан Санни маркийн 27-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2, 13.1, мөн дүрмийн 2.3 а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б болон иргэн Э.Гомбодоржийн жолоодож явсан Хьюндай Соната 6 маркийн 03-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч-хохирогч Д.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Манай нэг найз Солонгос улс руу явахаар болсон гээд 2-3 найзынхаа хамт хорооллын Хөгжил хотхонд архи уугаад би тасарчихсан байна лээ. Яагаад, юу болсон гэдгийг би ерөөсөө санахгүй байгаа юм. Согтуугаар машин жолоодож яваад хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

            Иргэний нэхэмжлэгч Гомбодоржид учирсан 1.1 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Бд 1.5 сая төгрөг өгсөн, бусад төлбөрийг нь төлж барагдуулах болно. Би банкнаас зээл авах гэтэл ажилд ороод 6 сар болоогүй болохоор зээл олгохгүй гээд байгаа юм. Би үнэхээр их гэмшиж байна. Хохирогч Бг эмнэлэгт байхад нь хэд хэдэн удаа очиж эргэсэн. Дараа нь ч очиж, холбоотой байсан.

            Манайх 0.11 сараас 5 насны гурван хүүхэдтэй, эхнэр маань мөн колонкид шатахуун түгээгчээр ажилладаг. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Орой 23 цагийн үед гэрээсээ гараад баруунаас зүүн тийш чиглэлтэй явган хүний гарцаар гараад явж байтал араас “түс” хийх чимээ гараад, цочоод хартал гэрэлгүй машины чиглээд ирсэн. Тэгээд мэдэхгүй, нэг сэргэхэд би 2 машины хооронд хэвтэж байсан. Миний баруун хөл зөрүүтэйгээр хугарсан. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Ослын улмаас бие махбодийн хохирол, сэтгэл санааны хямралд орсон. Одоо ч гэсэн эмчийн хяналтанд байгаа. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Хөлний хугарал бүрэн эдгэрсэний дараагаас хамрын ясны хагалгаан, үүдэн шүднүүдээ янзлуулаарай гэж эмч зөвлөсөн.

Би гэртээ ганцаараа ажил хийдэг байсан. Манайх сургуулийн насны 2 хүүхэдтэй. Байрны 8 хувийн зээл төлдөг. Намайг осолд орсноос хойш мөнгө төгрөггүй бүх зүйл зогссон, амьдрал ахуй хэцүү болоод байна. Хөлний ясны үүрмэг хэсгийг түүж авахад маш их аюултай гэж эмч хэлсэн. Тэгээд дархлаа тогтоох 4 төрлийн витамин уугаарай гэснийг 1 сар л уугаад мөнгөгүйн учир дахин ууж чадаагүй.

Нийт 4.871.049 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1.5 сая төгрөг авсан. Үлдэж байгаа 3.371.049 төгрөгийг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна. Өнөөдөр шинэ нотлох баримтаар ажиллаж байсан газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолтыг өгье гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Р.Мыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дугаар заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1803000010379 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Р.М 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хэсэг найзуудынхаа хамтаар архидан согтуурч, улмаар согтуугаар “Ниссан санни” маркийн 27-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Khan Hotel”-ийн урд уулзварт иргэн Э.Гомбодоржийн жолоодож явсан “Хьюндай соната- 6” маркийн 03-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, мөн явган зорчигч-хохирогч Д.Бг дайрч мөргөн, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Дашийн Б “… 2018 оны 10 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг 37А дугаар байрны 72 тоот хаягтай гэртээ байхад намайг Тэнгис, Энхбаяр нар нь гэрээс дуудсан. Тэгээд бид гурав “Khan Hotel” орж караокед суух зорилгоор Модны хоёрын замын ертөөй ороод ирэхээр нь баруун тал руугаа зугтаах гэтэл намайг юу юугүй л налж орж ирээд мөргөсөн. Тэр үед хэсэг зуур ухаан алдсан. Ухаан ороход мөргүүлсэн машины 2 дугуйны доод талд хэвтэж байсан. Тэгээд намайг түргэн тусламжийн эмч нь ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ослын улмаас миний биед баруун хөлний дунд чөмөгний ил хугарал, хамар, шүднүүд хөдөлгөөнтэй, нүүр, зүүн, баруун гар шалбарсан, уруул язарсан. Одоо босох чадваргүй, уг эмнэлэгт хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэж байна. Бид гурав гурвуулаа эрүүл алхаж явсан. Харин осол хийсэн жолооч нь согтуу эсхүл, эрүүл байсанг би мэдэхгүй. Гомдолтой байна. Одоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” /1-р хх-н 29-30/ гэж,

иргэний нэхэмжлэгч Энхтөрийн Гомбодорж “... 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байх үед би “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг мөнгөлөг өнгийн Хьюндай Соната 6 маркийн 03-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Г.Батмөнх, М.Мөнх-Эрдэнэ нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэсвгэр Модны хоёрын “Амур” нэртэй зочид буудал орчихоод, эргээд нэгдүгээр хорооллын хүнсний дэлгүүр лүүгээ очих зорилгоор Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг Khan Hotel урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт машины баруун хойд хэсэг рүү нэг машин мөргөх шиг болоод л зүүн хойшоогооо эргэж хараад зогссон. Тэгэхээр нь би эхэлж машинаас буутал миний машины чанх урд талд ойролцоогоор нэг орчим метрийн зайд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь эргэж машин руугаа орж суудлынхаа бүрээсийг авч тухайн хүний толгойн доор нь эвж тавьсан. Тэгтэл манай хоёр машинаас бууж ирсэн ба үүний дараахан машинд мөргүүлсэн эрэгтэй хүнтэй хамт явсан хоёр эрэгтэй хүн бид нар дээр ирсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгөх гэж байтал машинд мөргүүлсэн хүнтэй хамт явсан хоёр эрэгтэй хүний нэг нь би 102, 103-т дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Гэтэл нөгөө машины жолооч нь машинаасаа ерөөсөө бууж ирэхгүй жолоон дээрээ л суугаад байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа алаг машинтай нэг цагдаа ирээд байж байтал түргэн тусламжийн машин ирж зогсож эмч нь бууж ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд төвөөс бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад, нөгөө машиныг ачигч дуудаж ачуулаад явуулсан. Харин би өөрийнхөө машиныг жолоодон араас нь журмын хашаанд аваачиж хийсэн юм. Би эрүүл машин жолоодож явсан. Миний жолоодож явсан машин нь зүүн гар талдаа жолооны хүрдтэй. Жолоочийн хажуу талын суудалд Батмөнх, харин жолоочийн чанх ар талд Мөнх-Эрдэнэ нар тус тус сууж явсан. Миний хөлийн гуя хэсэгт л хөндүүр оргиод байна. Тэрнээс бол өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй. Миний машиныг мөргөсөн машины жолооч нь согтуу байсан. Машиндаа ганцаараа явж байсан. Машины баруун гар талын хойд хаалга нь дотогшоогоо цөмрөөд орчихсон байсан ба мөн баруун урд болон хойд хаалга нь тус тус онгойхгүй байсан. Би машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэнэ. Би 2008 онд жолооч болж, үүнээс хойш суудлын машин барьж байна. Жолоо барих эрхийн үнэмлэх хүчинтэй. Зөвхөн В ангилалтай. Замын хөдөлгөөн бага зэрэг түгжрэлтэй, удаашралтай л явж байсан. Цаг агаарын байдал бага зэрэг салхитай хүйтэн өдөр байсан. Миний зүгээс машинаа бүрэн дүүрэн янзлуулж авмаар байна. Иймд гомдолтой. Осол гаргасан жолооч нь согтуу, мөн хоёр зорчигч нь хоёулаа л согтуу байсан” /хх-н 81-82/ гэж,

гэрч Мөнхбатын Мөнх-Эрдэнэ “… 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг 26 минутын орчимд найз Гомбодорж өөрийнхөө эзэмшлийн мөнгөлөг өнгийн Хьюндай Соната 6 маркийн 03-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би Батмөнхийн хамт суугаад Баянгол дүүргийн нутаг Модны хоёрын “Амур” нэртэй зочид буудал орчихоод, эргээд нэгдүгээр хороолол орох зорилгоор Баянгол дүүргийн нутаг Khan Hotel-н урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт машины баруун гар талаас нэг юм мөргөх шиг болоод л бүтэн эргээд зүүн хойшоогоо хараад зогссон. Тэгээд эхэлж машинаас Гомбодорж нь буусан. Харин би Батмөнхийн хамт машинаас нь буулгүй хэсэг суусан. Тухайн үед машиных нь хаалга нь онгойхгүй байсан учир Батмөнх бид хоёр жолооч талын хаалгаар машинаас буусан. Тэгтэл Гомбодоржийн машины чанх урд талд нь нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан ба уг машинд мөргүүлсэн хүнийг түшээд суусан. Тэгтэл нөгөө залуу нь өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Харин Ниссан Санни маркийн машины жолооч нь машинаасаа бууж ирэхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзээд гэмлтийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд машиндаа суулгаад авч явсны дараахан алаг машинтай нэг цагдаа ирсэн. Харин Ниссан Санни маркийн машинд бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийж байхдаа Ниссан Санни маркийн машины жолоочийг машинаас нь буулгаж алаг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд хийнэ гэж хэлээд явуулсан. Тэгээд Ниссан Санни маркийн машиныг ачигч дуудаж ачаад явуулсны дараахан Гомбодорж нь өөрийнхөө Хьюндай Соната 6 маркийн машиныг жолоодон кабинд нь би Батмөнхийн хамт суугаад хөлөөр нь журмын хашаанд аваачиж хийсэн юм. Бид гурав гурвуулаа эрүүл явж байсан. Гомбодрожийн машин нь зөв талдаа буюу зүүн гар талдаа жолооны хүрдтэй машин байсан. Жолоочийн хажууу талын суудалд Батмөнх, харин би жолоочийн чанх ард талд хаалган талдаа сууж явсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл, шарх, учирсан зүйл байхгүй. Зөвхөн би л суудлын бүсээ зүүгээгүй байсан. Гомбодорж, Батмөнх нар нь машины суудлын бүсээ зүүсэн байсан. Осол болох үед замын хөдөлгөөн нээх түгжрэлгүй, хэвийн байсан. Цаг агаарын байдал сэрүүхэн талдаа байсан. Миний биед гэмтэл шарх учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй. Би машинд суугаад явж байхдаа баруун талаас мөргөсөн машин нь гэрлээ асаасан байсан эсэхийг анзаараагүй. Ниссан Санни маркийн 27-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу басйан. Уг машинд жолоочоос өөр хүн байгаагүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хьюндай Соната 6 маркийн 03-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын хойд хаалганаас крыло хүртэл дотогшоогоо чихэгдэж орсон байсан. Мөн баруун гар талын урд болон хойд хаалга нь онгойхгүй байсан. Ниссан Санни маркийн 27-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины урд хэсэг нь эвдэрсэн байсан” /1-р хх-н 89-90/ гэж,

гэрч Галбадрахын Батмөнх “... Khan Hotel-н урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20-30 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт машины баруун хойд хэсэг рүү нэг машин мөргөх шиг болоод л бүтэн эргээд зүүн хойшоогоо хараад зогссон. Тэгээд эхэлж машинаас Гомбодорж буусан. Харин би Мөнх-Эрдэний хамт хэсэг машинд нь сууж байгаад хоёр жолооч талын хаалгаар хоёулаа машинаас буутал Гомбодоржийн машины чанх урд талд нь нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгтэл машинд мөргүүлсэн хүнтэй хамт явсан гэх хоёр эрэгтэй хүн ирээд энэ Ниссан Санни маркийн машин нь бид хоёрын ахыг мөргөчихлөө гэж хэлээд тэр хоёрын нэг нь утсаараа 102, 103-т дуудлага өгсөн. Энэ үед Ниссан Санни маркийн машины жолооч нь машинаасаа буухгүй, жолоочийн суудалд суугаад л байсан. Тэгтэл алаг машинтай нэг цагдаа ирээд байж байтал түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай гэж хэлээд машиндаа суулгаад явсны дараахан төвөөс бүрэлдэхүүүн ирээд Ниссан Санни маркийн машинаас согтуу жолоочийг гаргаж аван алаг машинд суугаад эрүүлжүүлэх байранд хийх шаардлагатай гэж хэлээд өгч явуулсан. Тэгээд ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийсэн. Би бага зэрэг халамцуу байсан. Замын хөдөлгөөн гайгүй байсан. Цаг агаарын байдал бага зэрэг салхитай хүйтэн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох шаардлага байхгүй” /1 дүгээр хх-н 99-100/ гэж,

гэрч Ганбүүрэгийн Тэнгис “... 2018 оны 10 дугаар сарын 5-ны орой 23 цаг 30 минутын орчимд би Энхбаяр, Б нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Khan Hotel-н баруун талд замынхаа хойд талд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй алхаад явж байсан. Энэ үед би Энхбаярын хамт Б ахын урд талд ойролцоогоор 1-2 метрийн зайнд хоёулаа зэрэгцээд, харин Б ах бид хоёрын хойд талд ганцаараа алхаж явсан. Гэтэл уулзвараар зүүн тийшээгээ гарах үед гэнэт гэрлээ асаагаагүй машин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй гарч ирээд Б ахыг эрчээрээ орж ирж мөргөнгүүтээ зүүнээсээ баруун чиглэлтэй явсан саарал өнгийн Хьюндай Соната 6 маркийн машинтай мөргөлдөөд зогссон. Тэгэхээр нь бид хоёр ослын газарт очиход Б ах Хьюндай Соната 6 маркийн машиний чанх урд талд хажуу талаараа хараад зам дээр хэвтэж байсан. Тэгтэл Хьюндай Соната 6 маркийн машины жолооч нь ганцаараа бууж ирсэн. Тэгээд дараа нь уг машинаас хоёр зорчигч нь хоёулаа бууж ирсэн бөгөөд харин би Б ахыг түшиж суугаад Энхбаярыг 102, 103- дуудлага өг гэж хэлсэн чинь тэр өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Харин нөгөө машины жолооч нь машинаасаа бууж ирэхгүй байсан. Мөн машиных нь дөрвөн хаалга нь дөрвүүлээ түгжээтэй онгойлгохгүй байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин нь ирж зогсоод эмч нь бууж ирээд Бяармагнай ахыг үзчихээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсны дараахан алаг машинтай нэг цагдаа ирсэн. Тэгээд 20-30 мминутын дараа төвөөс бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийсэн. Үзлэг хийж байх хугацаанд цагдаа нар согтуу жолоочийг машинаас нь гаргаад алаг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд хийх хэрэгтэй гэж хэлээд суулгаж явуулсан. Бид гурав гурвуулаа эрүүл явж байсан. Бид хоёрыг мөргөж, шүргэсэн зүйл байхгүй. Би тэр машиныг хойноосоо урагшаа чиглэлтэй гарч ирж байхыг нь анзаараагүй. Тухайн машин нь гэрлээ асаагаагүй явсан. Учир нь тэр үед зүүн талд нэг юм гялс гэх шиг болохоор нь эргэж хартал яах ийхийн зуургүй Б ахыг тухайн машин нь мөргөнгүүтээ бас нэг машинтай мөргөлдөөд зогссон. Тухайн үед замын хөдөлгөөн нь бага зэрэг удаашралтай байсан. Ослын дараа Б дээр явж очиход дух, хамар, зүүн шанаа хэсгээр цус болчихсон, босож чадахгүй байдалтай байсан. Цаг агаарын байдал сэрүүхэн, хүйтэн байсан”/1-р хх-н 104/ гэж,

гэрч Буянжаргалын Энхбаяр “... орой 23 цаг 30 минутын орчимд би Тэнгис, Б нарын хамт Khan Hotel-н баруун талд замынхаа хойд талд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй алхаад явж байсан. Энэ үед би Тэнгисийн хамт Б ахын урд талд ойролцоогоор 1 метр гаруй зайтай хоёулаа зэрэгцээд, харин Б ах бид хоёрын хойд талд ганцаараа алхаж явсан. Гэтэл уулзвараар зүүн тийшээгээ гарах үед гэнэт гэрлээ асаагаагүй машин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй гарч ирээд Б ахыг мөргөнгүүтээ зүүнээсээ баруун чиглэлтэй явсан саарал өнгийн Хьюндай Соната 6 маркийн машинтай мөргөлдөөд зогссон” /1 дүгээр хх-н 109/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Д.Бн гэмтэлтэй холбоотойгоор Бгийн биед тухайн үед баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны шарх, баруун дээд 1,2, зүүн дээд, доод 1-р шүдний сулрал, дух, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ШШҮХ-ийн 12160 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.” гэсэн 12160 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /1 дүгээр хх-н 229-230/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Р.Мыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дугаар заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний ар гэр, ахуй амьдралын байдал, бусдад учруулсан хохирол, хор уршигийг арилгах тал дээр санаачлага гаргаж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзсан болно.

 

Хохирол төлбөрийн хувьд;

 

Хохирогч Д.Б “... нийт 4.871.049 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1.5 сая төгрөг авсан. Үлдэж байгаа 3.371.049 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаснаас гадна хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг шүүх нэг бүрчлэн нягталж үзвээс 6.382.103 төгрөгийн баримт авагджээ.

Дээрх 6.382.103 төгрөгийн баримтуудаас 1.350.305 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангаж буй буюу автотээврийн ослын улмаас учирсан нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэхээр, үлдэх 5.031.798 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Нотлох баримтын шаардлага хангасан 1.350.305 төгрөгийн баримтыг үндэслэж хохирол төлсөн байдлыг тооцож үзэхэд шүүгдэгч Р.М хохирогч Д.Бд 1.500.000 төгрөг өгсөн байна. 1.500.000 төгрөгөөс 1.350.305 төгрөгийг хасаж тооцвол 149.695 төгрөгийг илүү төлжээ.

 

Харин хохирогч Д.Б “Их хурд хүч” ХХКомпанид ажиллаж байсан гэдгээ нотлож тус компаний тодорхойлолтыг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хамтаар шүүхэд өгсөнийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.

Хохирогч Д.Б “Их хурд хүч” ХХКомпанид 2017 оны 12 дугаар сараас эхлэн ажилласан байх бөгөөд түүний сарын үндсэн цалинг 370.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Хэрэв тэрээр ажлаа хийж байсан бол сард 370.000 төгрөгийн цалин авах байжээ гэж шүүх дүгнээд түүний 3 сарын буюу 2018 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалин гэх 1.110.000 төгрөгийг шүүгдэгч Р.Маас гаргуулахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б шүүгдэгч Р.Мын гэм буруутай үйлдлээс болж осол ороогүй байсан бол ийм хэмжээний мөнгө олох байжээ гэж нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Гэхдээ шүүгдэгч Р.Мын илүү төлсөн 149.695 төгрөгийг дээрх 1.110.000 төгрөгөөс хасаж тооцоход 960.305 төгрөг болж байна.

 

Шүүх шүүгдэгч Р.Мын гэм буруугийн асуудлыг хэлэлцээд “... түүнийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож ...,

... хохирогч Д.Бд 960.305 төгрөг төлөх төлбөртэй ...” гэж шийдвэрлэсний дараагаас шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргаж,

улмаар шүүгдэгч тал нотлох баримтаар тогтоогдсон хохирол буюу 960.305 төгрөгийг бүрэн төлж барагдууллаа.

 

Түүнчлэн шүүгдэгч Р.М иргэний нэхэмжлэгч Э.Гомбодоржийн нэхэмжлэлийн шаардлага биелүүлж, иргэний нэхэмжлэгчийн зүгээс “... нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Р.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч Д.Бн нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгч Р.Мт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг,

шүүгдэгч Р.М цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Р.Мын № 727531 Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Рын Мыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дугаар заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Р.Мт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дугаар заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Р.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хассугай.

 

4. Шүүгдэгч Р.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

Р.Мын № 727531 Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Р.Мын согтууруулах ундаа хэрэглэхэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар хязгаарлалт тогтоосугай.

 

6. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүгдэгч Р.Мт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож,

шүүгдэгч Р.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Р.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Р.М цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

хохирогч Д.Б гомдолтой гэснийг, тэрээр нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.Мт урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ