Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00648

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00648

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04511 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч АС- ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж үр дагаврыг арилгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцыг АС- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

АС- ХХК болон Б.О-тай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулна. Б.А- нь АС- ХХК-тай 2017 оны 12 сарын 18-ны өдөр 03 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 хороолол, Ласти таун, 10А байрны 58 тоот орон сууцыг захиалж ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байна. АС- ХХК нь захиалагчийн захиалсан орон сууцны гэрчилгээг захиалагчид гарган өгөх үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй. АС- ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны 1 м.кв-ыг 972,850 төгрөгөөр тооцож, нийт 58,215,344 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцож Б.О-д шилжүүлсэн байна. АС- ХХК нь орон сууцыг Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар Б.А-т мэдэгдэх үүрэгтэй. Б.А- худалдан авах дагуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлнэ. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 баг, 13 хороолол, Ласти таун хотхоны 10А байрны 58 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Б.О-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан АС- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.А- АС- ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсныг хөрөнгө оруулагч Б.О-, н.Дөлгөөн нар мэдэж байсан. АС- ХХК-ийн орон сууцнаас 44 айлын орон сууцыг Б.О-д, 53 айлын орон сууцыг Б.Дөлгөөнд тус тус хуваарилсан. Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх хуваарилалтын талаар хүргүүлж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа хийж, Б.А-ын орон сууцыг Б.О-д шилжүүлсэн. Орон сууцанд амьдарч байгаа захиалагч нартай харилцан тохиролцож төлбөрийг барагдуулна гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Б.О- үүнийг мэдэж байгаа. Б.Дөлгөөн орон сууц авсан айлуудтай эвлэрч АС- ХХК-ийн маргаантай асуудлыг шийдвэрлэж байгаа. Б.О- айлуудтай эвлэрэхгүй орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

АС- ХХК-тай Б.О- 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, 46 айлын орон сууцыг албан ёсны барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг бүртгэлд маргааны зүйл болсон 10А байрын 58 тоот орон сууц орсон. АС- ХХК бусдыг хохироосон. АС- ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж улмаар Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Б.О- нь 2,500,000,000 төгрөгийн төлбөртөө орон сууц шилжүүлэн авсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг барьцаалсан байсан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "АС-" ХХК орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж н.Цэрмаад шилжүүлсэн. Барьцаалсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлэх боломжгүй байгаа учраас н.Цэрмаа шүүхэд хандаж "АС-" ХХК-д орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрөө гаргуулахаар шаардсаныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Үүний дараа Б.А- гэдэг хүнтэй "АС-" ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын болон барьцааны гэрээнд орон сууцыг бусдад худалдан борлуулах, барьцаалах тохиолдолд Б.О-гаас зөвшөөрөл авахаар заасан. АС-" ХХК орон сууцыг бусдад худалдсан үйлдэлд Б.О- буруугүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичгийн дагуу 58 тоот орон сууцыг Б.О-д өгөх ёстой байсан. Үүний дагуу орон сууцыг шилжүүлэн авсан. Орон сууц Б.О-д ямар үндэслэлээр шилжиж байгааг мэдэж байсан. Б.А- төлбөрөө төлж чадахгүй болохоороо хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хууль зөрчөөгүй гэдэг нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т заасны дагуу АС- ХХК нь Б.О-д 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцож 44 орон сууц шилжүүлэхээр тохиролцсон хэлцлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг Б.О-гаас буцаан шилжүүлж авахаар шаардахыг АС- ХХК-д даалгаж,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,027 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 378,872 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч АС- ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Гуравдагч этгээд Б.О-гийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид харилцан тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн байна.

2. Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү, нөгөө талаас АС- ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чимэддулам, гуравдагч этгээд Б.О- нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.А-, хариуцагч АС- ХХК, гуравдагч этгээд Б.О- нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.А- нь:

Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцны үнэ 75,000,000 (далан таван сая) төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Б.О-д төлөхийг,

Б.О- нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.А-ын өмчлөлд шилжүүлэхийг,

АС- ХХК, иргэн Б.А- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үүрэг дуусгавар болсонд, иргэн Б.О-, Б.А- нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ-г цуцлагдсанд тус тус тооцохыг

нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд энэхүү гэрээний 2.2.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангуулах Барьцааны гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэлийн хамт улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4. Зохигчид эвлэрснийг баталсан энэхүү магадлалыг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04511 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А- нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцны үнэ 75,000,000 (далан таван сая) төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Б.О-д төлөхийг, гуравдагч этгээд Б.О- нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороолол, Ласти таун 10А байрны 58 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.А-ын өмчлөлд шилжүүлэхийг,

АС- ХХК, иргэн Б.А- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үүрэг дуусгавар болсонд, иргэн Б.О-, Б.А- нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ-г цуцлагдсанд тус тус тооцохыг,

Эвлэрлийн гэрээний 2.2.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангуулах Барьцааны гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэлийн хамт улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.О-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГцэг. 2023.04.10 өдөр