Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1075

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04403 1353 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байиаалт:

Б овогт Д.Г, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д Олон улсын тээвэрчин ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт ..... тоотод оршин суудаг, ЧГ регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотус” паабаар үйлчлүүлж байсан иргэн Г.Н-ийн “Төрийн банк”-ны виза картыг авч, Хаан банкны АТМ-ээс 3 удаагийн үйлдлээр 3,400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Д.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lotus” паабад үйлчлүүлж байсан иргэн Г.Н-ийн “Төрийн банк”-ны виза картыг зөвшөөрөлгүй авч явж, “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машинаас нийт 3 удаагийн үйлдлээр бүгд 3,400,000 төгрөгийг хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...тухайн үед манай найз охин Оюунзул намайг үйлчлүүлэгчийн картын үлдэгдлийг шалгаад ир гэж өгч явуулсан виза картыг хаясан гэж Оюунзулд худал хэлээд картнаас нь мөнгө авчихсан юм. Энэ хэргээс болоод Оюунзул бид хоёр хамт амьдрахаа больсон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр 19-нд гэрийнхээ ойролцоо Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lotus” паабаар үйлчлүүлж байхдаа өөрийн эзэмшлийн “Төрийн банк”-ны виза картаа гээгдүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр 20-ны өглөө 9 цагийн үед картаа гээгдүүлснээ мэдээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбар орж картаа хаалгуулах гэтэл дараалал ихтэй байхаар нь өдөр 15 цагийн үед тус банкны салбар дээр очиж виза картаа хаалгуулахын өмнө өөрийн хамт ажиллаж байсан танил болох Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтын ахлах теллер О.Г-тай холбогдож, болсон явдлын талаар хэлж, “Би картаа яаж хэрхэн хаалгуулах, одоо ямар арга хэмжээ авах, бас миний дансанд 7,000,000 гаруй төгрөг байх ёстой, мөнгө нь хэвээрээ байгаа эсэхийг шалгаад өгөх боломж байна уу” гэж асуухад “гэрийнхээ ойролцоо байрлах салбар дээр очоод картаа хаалгуулаарай, та надад дансны дугаараа өгчих” гэхээр нь дансны дугаараа хэлсэн. Тэгээд О.Г удалгүй над руу буцаж залгаад “Та виза картаа өөр хүнд өгчихсөн юм биш үү? Өнөөдөр таны дансанд гүйлгээ хийгдэж, хамгийн сүүлд 800,000 төгрөгийн зарлага гарсан байна” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбар орж картаа хаалгуулж, өөрийн дансны хуулгаа гаргуулж авахад миний данснаас 3,400,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний виза карт нууц дугаартай. Картын нууц дугаарыг надаас өөр хүн мэдэхгүй, би картаа өөр хүнд өгөөгүй. Харин тухайн өдөр миний үйлчлүүлж байсан “Lotus’’ паабын зөөгч Зулаа гэх эмэгтэйд нууц дугаараа хэлж, картаа уншуулж тооцоо хийсэн юм. Би зөөгч Зулаа болон хажуугийн ширээнд үйлчлүүлж байсан 25-35 орчим насны 2 залууг сэжиглэж байна. Учир нь уг паабын зөөгч Зулаа гэх эмэгтэй миний виза картын нууц дугаарыг асууж, картыг маань өөрөө уншуулж тооцоо хийсэн. Тийм болохоор зөөгч эмэгтэй миний картын нууц дугаарыг мэдэж байсан. Ттэгээд нөгөөдөр нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-нд би паабад очиж зөөгч Зулаатай уулзах гэхэд ээлжинд гарах байсан хэр нь ажилдаа ирээгүй байсан. Харин хажуугийн ширээнд сууж байсан хоёр залуугийн хувьд н.Зулаатай холбоотой байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 09-10 дугаар хуудас);

3. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би 2018 оны 9 дүгээр 19-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lotus’’ паабад ажилдаа ирсэн бөгөөд тухайн өдөр үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор нэлээн ачаалалтай байсан юм. Оройн 22 цагийн орчимд бага зэрэг халамцуу, 40-45 орчим настай, намхан нуруутай, махлаг биетэй, цайвар шаргал царайтай эмэгтэй хүн орж ирээд “Соёрхол” нэртэй архинаас 300 граммыг захиалж уусан. Тэгээд 300 грамм архиа ууж дуусаад, хажуугийн ширээнд сууж байсан нэг эрэгтэй хүнтэй хамт 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” архинаас хагас шил хэмжээтэйг нь хувааж уугаад, хэсэг сууж байгаад тэр эгч согтоод хажуу тийшээ суудлаасаа унахад нь би түшиж босгоод сандал дээр нь суулгасан боловч удалгуй буцаад сандлаасаа газар унах үед нь “Төрийн банк”-ны виза карт нь газар уначихсан байсан. Би виза картыг нь аваад, тэр эгчийг паабынхаа хойд талын нийтийн заалны буйдан дээр хэвтүүлэх үедээ би тэр эгчид хандаж “Эгч ээ, би таны виза картыг авлаа шүү” гэж хэлээд сэрээх гэсэн боловч уг эмэгтэй ухаангүй болтлоо согтсон байсан. Би үргэлжлүүлээд ажлаа хийж байх үед 2018 оны 9 дүгээр сарын 20-ны 02 цаг 30 минутын үед найз Д.Г надад хоол авч ирэх үед нь би түүнд ухаангүй болтлоо согтсон эмэгтэйн газар унагасан “Төрийн банк”-ны виза картыг өгч, нууц дугаарыг нь хэлээд “чи наад картынхаа үлдэгдлийг шалгаад, буцаагаад аваад ирээрэй” гээд явуулсан боловч Д.Г буцаж ирээгүй. Маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед ээлжээ хүлээлгэж өгөх үед Д.Г-ын гар утас руу залгаад би “ажлаасаа бууж байна, чи хүрээд ир хамт явья” гэхэд “за тэгье, ажил дээрээ хүлээж байгаарай. Одоо очиж байна” гээд 11 цагийн үед ирээд, бид хоёр гэр лүүгээ явж байх үедээ би Д.Г-оос “чи миний өгсөн виза картыг яасан бэ” үлдэгдлийг нь шалгаж үзсэн үү гэж асуухад “үлдэгдлийг нь шалгаж үзээгүй, машин бариад явж байх үедээ цонхоороо шидээд хаячихсан” гэхээр нь би “чи зүгээр буцаагаад аваад ирэхгүй яаж байгаа юм бэ” гээд уурласан. Тэгээд би виза картыг нь хаячихсан гэж бодоод дахиж Д.Ганболдоос янз бүрийн юм асуугаагүй. Би тухайн эмэгтэйг биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байсныг болон “Төрийн банк”- ных нь виза картын нууц дугаарыг мэдэж байсан. Тэр эмэгтэй архины хундага газар унагаж хагалсан учир би хагарсан хундагын үнийг төлүүлэх үед надад виза картаа өгч, нууц дугаараа хэлэхээр нь би картыг нь уншуулахад нууц дугаар нь зөв байсан. Тэгээд би виза картынх нь нууц дугаарыг цээжилсэн. Согтоод газар унах үед виза карт нь газар уначихсан байсан гэж би түрүүн хэлсэн. Тэгээд карт нь алга болохоос урьдчилан сэргийлэх үүднээс би аваад, сэрэх үед нь буцааж өгье гэж бодсон юм. Найз Д.Г-оор дансны үлдэгдлийг шалгуулсан учир нь “тухайн эмэгтэй сэрээд, надаас картаа авах үедээ илүү мөнгө нэхэх вий” гэж бодоод тухайн үед дансанд нь яг хэдэн төгрөг байгаа эсэхийг шалгаж үзэх гэсэн юм. Тэгтэл манай найз Д.Г 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр надтай уулзаад “Би чиний өгсөн нөгөө картыг хаяагүй. Нууц дугаарыг нь мэдэж байсан болохоор данснаас нь гурван сая гаруй төгрөг авчихсан юм. Чамаас айгаад хэлээгүй. Гэхдээ тал мөнгийг нь үрээгүй байгаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас);

“...2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр картнаасаа мөнгөө алдсан эгч 13 цагийн үед гаднаас халамцуу орж ирээд 200 грамм архи бэлэн мөнгөөр авч уусан, дахиад “100 гармм архи авчихъя, мөнгийг нь эргэж орж ирээд өгье” гэж гуйхаар нь би “болохгүй эгч ээ, би ажилд ороод удаагүй байгаа” гэж хэлсэн, тэгсэн тэр эгч гарч яваад 2 цаг гаруйн дараа эргэж орж ирээд “хүнд итгэдэггүй юм уу?” гээд карт гаргаж ирээд дахин 300 грамм архи авч уусан. Ингээд хажуугийн ширээн дээр сууж байсан ахын ширээн дээр нь оччихсон 0,75 литрийн “Соёрхол” архинаас хамт уугаад сууж байсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө эгч ямар ч ухаангүй согтчихсон сандал дээрээсээ хойшоогоо саваад хэд хэдэн удаа унасан. Ингээд би тэр эгчийг хойшоо том зааланд байдаг буйдан дээр аваачиж унтуулсан юм. Харин виза картаа архи ууж байсан сандлынхаа доор унагаачихсан байсан юм. Би картыг нь аваад мөнгө хийдэг пааскан дотроо хийгээд лангууныхаа ард тавьсан. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз залуу Д.Г ажил дээр ирсэн, харин би түүнийг хоол аваад ир гээд Саппорогийн шөлөндөө цайны газар луу явуулсан. Ганболд нэг их удалгүй хоол аваад ирсэн. Ингээд би түүнд нөгөө эмэгтэйн виза картыг өгөөд дансанд нь хэдэн төгрөг байгааг нь шалгачихаад хүрээд ир гэж хэлээд явуулсан. Харин Ганболд эргэж ирээгүй өглөө нь 11 цагийн үед ажлаас буухад ирж авсан. Би түүнээс “нөгөө картаа яасан бэ” гэж асуухад шалгаж үзээгүй хаячихсан гэж хэлэхээр нь би “яагаад хаяж байгаа юм бэ, хүн нь асуувал яах юм бэ?” гээд түүнд уурласан. Түүнээс хойш сарын дараа намайг цагдаа дуудахад би мэдсэн юм. Ингээд цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд найз Ганболдын гар утас руу залгаж асуухад Ганболд надад “хоёулаа уулзаж байгаад ярилцъя, найз нь авчихсан юм, уучлаарай” гэж хэлсэн...” (хх-ийн 49-50 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр 9 цаг 30 минутын үед гэрээсээ гарч, ажилдаа яваад, 19 цагийн үед ажлаа тараад өөрийн төрсөн эгч болох Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй байдаг 42-52 УНБ улсын дугаартай, “Prius-20” загварын автомашинаар 23 цаг хүртэл халтуур хийж байгаад, найз Б.О-ын ажил дээр очсон. Тэгээд 00 цаг 10 минутын орчимд Б.О-д хоол авч ирэхээр яваад 00 цаг 30 минутын орчимд буцаж ажил дээр нь ирэхэд надад шаргал өнгөтэй “Төрийи банк”-ны виза карт өгөөд “Энэ виза карт буйдан дээр согтуу унтаж байгаа эгчийн карт байгаа юм. Тэр эгч согтоод, суудал дээрээсээ унах үед нь газар уначихсан юм. Тэгэхээр нь хэн нэгэн хүн авчихаж магадгүй гэж бодоод би аваад хадгалчихсан юм. Аягүй бол энэ эгч сэрээд, виза картаас мөнгө дутсан байна гэж хэлж магадгүй. Тийм болохоор чи картны үлдэгдлийг нь шалгаад, дансны хуулгыг нь аваад ир, тэгэхгүй бол хоёулаа өрөнд орж магадгүй шүү, виза картынхаа нууц дугаарыг энэ эгч тооцоогоо хийх үедээ надад хэлсэн юм” гээд надад виза карт өгөх үедээ нууц дугаарыг нь хэлсэн. Харин би Б.О-ын өгсөн виза картыг нь авч гараад Хархорин худалдааны төвийн ертөнцийн зүгээр замын хойд талд байрлах “Төрийн банк”-ны бэлэн мөнгөний машинаар үлдэгдлийг нь шалгахад 7,000,000 гаруй төгрөг байсан бөгөөд би картыг нь аваад Баянхошуунд байрлах гэртээ харьж унтсан. Өглөө нь 09 цагийн үед Б.О “би одоо ажлаасаа буух гэж байна, хүрээд ир, хоёулаа хамт харья гэхээр нь би гэрээсээ гараад Толгойтын хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо байдаг “Баялаг” худалдааны төв дотор байрлах “Төрийн банк”-ны бэлэн мөнгөний машинаас 2 удаа гүйлгээ хийж, нийт 3,000,000 төгрөг авсан. Тэндээсээ гараад “Энхжин” худалдааны төв дотор байрлах “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөг авсан. Би бэлэн мөнгөний машин ашиглаж Б.О-ын өгсөн “Төрийн банк”-ны виза картаас нийт 3,400,000 төгрөг авсан бөгөөд би Б.О-д “тэр виза картыг хаячихсан” гэж хэлсэн болохоос биш мөнгө төгрөг авсан талаар огт мэдэгдээгүй. Харин би хэд хоногийн өмнө Б.Оюунзулд бүх үнэнээ хэлсэн. Тэгэхэд Б.О маш их уурлаж “одоо тэр үлдсэн мөнгийг нь үрээгүй юм бол хүнээс зээлсэн мөнгөндөө өгсөн 400,000 төгрөгөө яаралтай нөхөж хийгээд, бүх үнэнээ хэлээд буцааж өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Би тухайн үед автомашинаа засуулах гээд өөрийн найз болох Б.Хүдрээгээс 400,000 төгрөг зээлсэн байсан юм. Гэхдээ би бүх мөнгийг нь үрээгүй, яг одоо миний 5005623286 дугаартай “Хаан банк”-ны дансанд 3,400,000 төгрөг нь байгаа, учир нь би айгаад үрээгүй юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

6. Хохирогч Г.Н-ийн “Төр банк”-ны 211700000768 дугаартай дансны депозит хуулга (хх-ийн 18-19 дүгээр хуудас);

7. Хаан банкны бэлэн мөнгөний машины дүрс бичлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 1 ширхэг компакт диск (хх-ийн 20, 42 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Д.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Г-ын үйлдэл дээрх шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Д.Г нь 3,400,000 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хувьд хуульд заасан хохирол, хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Г-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,400,000 төгрөгөө буцаан авсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Ганболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Д.Г “Норд Транс” ХХК-д Олон улсын тээвэрчин ажилтай, мөн хөгшин настай эхийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоодсон бөгөөд шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд ял оногдуулах эсэхээ тэнсэж үүрэг хүлээлгэх замаар засан хүмүүжүүлэх бололцоотой хэмээн дүгнэлээ.

Иймд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын дотор зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.11 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан хүний зан үйлд нөлөөлөх сургалтыг батлагдсан журмын дагуу явуулахаар хуульчлагдсан тул шүүгдэгч Д.Г-д хэрэглэсэн “гурван сарын дотор зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэхүү шийдвэр нь нэг талаас, гэм буруугаа ухамсарлан ойлгож, чин санаанаас гэмшсэн хүнд дахин алдахгүй байх боломж олгох хүмүүнлэг шинжтэй боловч нөгөө талаас, нийгэмших бололцоогүй буюу Монгол Улсын нэрийн өмнөөс үзүүлсэн итгэл найдварыг алдсан хүнд хуульд заасан ялыг нь халдаах хууль зүйн үр дагавартай юм.

Шүүгдэгч Д.Г нь албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн үүргийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавартай болохыг сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

1.Б овогт Д.Г-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын дотор зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Шүүгдэгч Д.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА