| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Нямготовд холбогдох эрүүгийн 1806075281996 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1993 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгийн Их- Уул суманд төрсөн. 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөх эрхэлдэг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистийн дугаартай, А.Н .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Toд” баарны үүдэнд хохирогч Ө.Солонготой маргалдаж, улмаар түүний нүүрийг гараараа алгадаж, толгой руу нь гараараа цохиж, унахад нь хөлөөрөө өшиглөж, түүнийг зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “Ганц хоёр мэдүүлэг зөрж байна. Бусад нь таарж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Солонгийн өгсөн мэдүүлэг /хх-15-18/, гэрч Ц.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-22/, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 264020 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/, шүүгдэгч А.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, баарны камерын бичлэгээс хуулбарласан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, шүүгдэгч А.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Toд” баарны үүдэнд хохирогч Ө.Солонготой маргалдаж, улмаар түүний нүүрийг гараараа алгадаж, толгой руу нь гараараа цохиж, унахад нь хөлөөрөө өшиглөж, түүнийг зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Солонгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 7-ны 00:20 цагийн үед Баянзүрх дүүргийн “Офицер”-оос цайз захруу өгсдөг зам дагуу Тулгаа гэх ажлын газрын эгчийн хамт явж байгаад “Тод” гэх пабын үүдэнд өөрийн эгчийн найз гэх хоёр зүс таних залуутай уулзгаасан ба “Тод” гэсэн пабад дөрвүүлээ орж сууцгаасан ба 0,5-тай Соёрхол архи ууцгаан сууж байтал 03 цагийн үеэс би гадаа гарч Баска гэх залуутай юм яриад тамхилаад байж байхад Муугаа гэх залуу гарч ирээд намайг чи бол шилдэг мурьдаг биздээ өдөөд байгаарай гээд тэрнээс болж бид хоёр маргалдсан би эргээд харахад цуг тамхилаж байсан Бааска гэх залуу дотогшоо орчихсон байсан ба би орох гэтэл Муугаа гэх залуу миний баруун гарнаас татаад чи ер дарвалздаг хэн бэ, чи ер нь хэн юм гэхээр нь би цээж рүү нь түлхсэн чинь намайг нүүр рүү шууд алгадаад авсан ба би газар унаад Муугаа дотогшоо орсон ба би араас нь ороод юмаа аваад явъя гэж бодтол дахиад толгой руу цохисон. Би газар унаад хэвтэж байхад дээрээс өшиглөж байсан. Би босоод ирэхэд зөөгчтэй манай хуурай эгч болох Тулгаа зодолдоод байж байсан. Намайг босоод хана түшчихсэн байхад Муугаа гэх залуу дахиж ирж цохиход би газар дахиад унасан ба босч ирээд Муугааг цээж рүү нь цохиход Муугаа намайг хоолойноос боож байсан. Дотор байсан хүмүүс ирээд бүгдийг нь салгацгаасан ба би ширээ рүүгээ ирээд түлхүүр утас хоёроо аваад буцаад гаргахад эгч бармэйнийг үсдчихсэн зогсож байсан. Муугаа гэх залуу зөөгчтэй зодолдоод Бааска гэх залуу нь хажууд нь салгах гээд байж байсан ба би тэр хооронд гарч ирээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд Бааска, Муугаа хоёрын авч явсан ба би тэрнээс 103 руу залгаад гэмтэл ороод оочертой байхаар нь 05 цагийн үед гэртээ орчоод өглөө 11 цагийн үед очиж зургаа авхуулахад гар шуугаараа цуураад, чигчий хуруу хугарсан байсан.” /хх-9-11, 15-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Золзаяагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Топ нэртэй пабад Нямготов, Солонго, Баттулга бид 4 сууж үйлчлүүлсэн юм. Тэгээд Баттулга тооцоогоо хийгээд бид нар гарах гэж байсан юм. Солонго, Нямготов бид 3 тамхилах гэж гарсан юм. Тэгээд би тамхиа татчихаад ганцаараа 00 өрөө рүү орчихоод гараад ирсэн чинь Солонго, Нямготовыг зуурч дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Нямготовыг цохиод уурын хүргээд тэгээд би салгасан. Би өөрөө бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор яг юунаас болсонг нь мэдэхгүй байна. Солонгын ам, үйлдэл хоёр нь хүний тэвчээр барахаар зан гаргаад байсан. Нямготовыг өшиглөөд, алгадаад хэл амаар доромжлоод эмэгтэй хүний амнаас гаргахааргүй үг хэлээд байсан. Тэгээд би салгахаар Нямготовтой зууралдаад салахгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа хэн дуудсанг нь мэдэхгүй байна. Тэгээд Нямготов бид 2 эрүүлжүүлэх байранд хоносон.” /хх-22/ гэх мэдүүлэг,
2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 264020 дугаартай шинжээчийн
дүгнэлтэд
1. Ө.Солонгын биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн далны цус хуралт, баруун гарын бугуйн үе болон шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-25/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Н яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-ны орой 00 цагийн орчим Баагий, Солонгоо, Бааска 3 гэрээс ирж авсан. “Гараад ир, цуг нэг газар сууя” гээд “би гарахгүй” гэхээр “танайд орно” гээд байхаар нь би гараад очсон. Тэндээсээ Баянзүрх дүүрэгт байдаг Топ гэх бааранд орсон. Бааранд ороод 2 шил архи авсан. 0,750 граммын 2 шил Соёрхол аваад 4-лээ хувааж уусан. Шөнө 02-03 цагийн орчим баарнаас гарах болоод тооцоогоо хийж байтал Баагий, Солонгоо хоёрын аль нэг нь нэг эрэгтэй хүнтэй маргасан. Тэгээд тухайн муудсан эрэгтэйд нь би эмэгтэй хүнтэй яаж байгаа юм гэх мэт зүйл хэлээд баарнаас гарах гэтэл Баагий, Солонгоо хоёр гарахгүй нөгөө эрэгтэй хүн рүү дайраад баарны шилэн хаалга хагалчих гээд байхаар нь баарнаас би Солонгоог чирээд гаргасан. Баагий баарны шилэн хаалга цохиод байхаар нь цааш нь түлхчихээд Солонгоо аваад гарахад намайг над руу дайраад чи намайг өмөөрсөнгүй гээд цохьж майжих гээд сарваганаад би аргадаж гуйж уурлаж тэвэрч үзээд тайвширахгүй байхаар нь би гадна шатан дээр Солонгоод хоёулахнаа байж байгаад “чи ингэж болохгүй чи яв” гээд бараг хөөсөн чинь намайг алгадаад авахаар нь уур хүрээд зөрүүлээд алгадаад түлхээд явуулчихсан.Тэгээд би дотогшоо ороод байж байтал миний араас орилоод ороод ирэхээр нь майжих гэж байна гэж бодоод хөлөөрөө жийтэл газар унасан. Тэгээд Солонгоо яваад удалгүй цагдаа ирээд Бааска бид хоёрыг аваад явсан. Солонгоо юмуу баарныхан юмуу мэдэхгүй цагдаа дуудсан байсан. ” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад баарны камерын бичлэгээс хуулбарласан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,
Шүүгдэгч А.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-38/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих
шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Toд баарны үүдэнд хохирогч Ө.Солонготой маргалдаж, улмаар түүний нүүрийг гараараа алгадаж, толгой руу нь гараараа цохиж, унахад нь хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Н хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ө.Солонго нь хохирол нэхэмжлээгүй эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна. Хохирогч нь гомдолтой байх тул эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Н 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Н 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар А.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС