Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1121

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч (хохирогч) Л.Э, шүүгдэгч (хохирогч) Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Л-гийн Э, Б овогт Э-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03545 1447 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалm:

1. Б овогт Л-гийн Э, Монгол Улсын иргэн, .......... 30 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эх, дүү, хүүхдийн хамт ........... оршин суудаг, ........, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр баривчлах ял эдэлж дуусахаас 1 сарын өмнө өршөөлөөр суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

2. Боржигон овогт Э-ын Б, Монгол Улсын иргэн м  ............, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эх, хоёр хүүхдийн хамт ............... оршин суудаг, ......, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт дахь автобусны эцсийн буудал орчимд Э.Б-тэй маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт дахь автобусны эцсийн буудал орчимд Л.Э-тэй маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

-Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт дахь автобусны буудал орчимд “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар Э.Б-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний бие махбодод “...дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, буруун, зүүн мөр, нурууны цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан;

-Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт дахь автобусны буудал орчимд “машины крыло цохиж хонхойлсон” шалтгаанаар Л.Э-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдож,  түүний бие махбодод “...нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамар, баруун, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч (хохирогч) Л.Э-гийн шүүх хуралдаанд өсгөн: “...Би дүү Э болон охинтойгоо хамт дэлгүүр орох гээд явж байтал О гэх хүн намайг хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд байж байхад Б бид хоёрын дундуур ороод  байхаар нь би уурлаад машиных нь крылог цохиж хонхойлгосон. Тэгтэл тэрээр бууж ирээд миний нүүрийг маажих гэхэд нь би түүнийг гарын араар цохисон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн хохирогчийн хувиар надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч (хохирогч) Э.Б-гийн шүүх хуралдаанд өсгөн: “...Э О-тэй хэрэлдэж байгаад миний машины крылог цохиж хонхойлсон. Тэгээд би машинаасаа бууж очоод түүнтэй маргалдаж, харилцан зодолдсон. Тэрээр миний машиныг засварлуулж өгнө гэсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн хохирогчийн хувиар надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дэлгүүрийн гадна дүү бид хоёр танил Ц ахтай яриад зогсож байсан чинь дэлгүүрийн үүдээр явж өнгөрч байсан таксины үйлчилгээнд явдаг хүүхэн “муу сайн архичид согтуу машин барьлаа” гэхээр нь Э “би эрүүл машин барьж байна” гэсэн чинь нөгөө хүүхэн “муу сайн балиар юмнууд зайлаарай” гэж хэлээд дэлгүүр лүү орсон. Ингээд тэр хүүхнийг явсны дараа өөр тийш очиж дэлгүүрээс 0.75 литрийн архи авч гэр лүүгээ хөдөлсөн чинь нөгөө намхан шар хүүхэн “муусайн пиздаанууд минь ямбий сэгээ аваад зайл” гээд хэл амаар доромжлоод, цаанаас нь цагаан өнгийн приус 20 загварын машин дотроос бас нэг хүүхэн “наад янханыхаа хүүхдүүдийг зайлуулаач, ямбий сэгээ аваад зайл” гээд байхаар нь машиных нь дэргэд очоод жолооч талын хаалганы баганыг нь цохисон. Тэгтэл тэр хүүхэн машинаасаа бууж ирээд зэрэг дайраад нүүр лүү цохиод маажаад самардаад эхэлсэн, ...тэгтэл манай гурван настай хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад дүүтэйгээ гэртээ харьчихаад байж байсан чинь 19 цагийн үед цагдаа нар гэрт ирсэн...“ гэсэн мэдүүлэг (хх- ийн 27-29 дүгээр хуудас);

4. Хохирогч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би эрхэлсэн тодорхой ажилгүй учраас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр лизингээр цагаан өнгийн тоёота приус 20 загварын 2769 УНУ улсын дугаартай автомашин худалдаж авч, тахилт дотор хүн тээвэр хийдэг болсон юм. 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед халтуур хийж яваад тахилтын эцсийн зогсоол дээр машинаа зогсоосон юм. Тэр үед надтай адил тахилт дотор такси үйлчилгээнд явдаг О эгчтэй тааралдаад манай гэрт орж хоол хийж идэхээр болоод О эгч “дэлгүүр орж салаад аваад ирье” гээд буусан. Би машин дотроо сууж байсан юм. Тэр үед 1673 УБЦ улсын дугаартай соната загварын автомашин хөндөлсөж зогссон. Гэтэл О эгч хоёр залуутай маргалдаад байсан. Тэгээд би машин дотроосоо та нар зүгээр явчих гэж хэлтэл “1,500 төгрөгийн янхнууд” гэсэн. Гэтэл машин дотроосоо нэг залуу бууж ирээд миний машины баруун талын урд крылог гараараа нэг удаа цохихоор нь би машинаасаа буух гэтэл буулгахгүй гээд хаалга машины завсар хоёр удаа хүчтэй хавсарсан. Ингээд арай гэж машинаасаа буугаад ирсэн чинь Э гэдэг залуу миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд би Э-гийг өөрөөсөө холдуулах гээд нүүрийг нь хоёр удаа гараараа базсан юм. Тэгээд тэр залуу намайг нэмж зодох гээд дайрахад нь О эгч болон тэр залуутай хамт явж байсан нэг залуу хоёр бид хоёрыг салгах гээд ядаж байхад Э миний зүүн хөлөөс өргөөд намайг шидчихсэн. Тэгээд би унахдаа ухаан алдаад түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэргэсэн чинь машин дотроо байсан юм. Энэ үед би Э-гийн нүүрийг маажиж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин нурууны цус хуралтыг би учруулаагүй. Би зүгээр хоёр гараараа л маажсан. О эгч Э-гийг маажих үйлдэл хийгээгүй. Мөн Э-тэй хамт явсан залуу зодоонд оролцоогүй, харин ч салгасан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 33-35 дугаар хуудас);

5. Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст машинтай яваад очтол тэнд таксинд явдаг О, Б хоёр өөр хүмүүстэй ноцолдоод байж байхаар нь боль гэх гээд яваад очтол маргалдаж байсан согтуу залуу нь Б-гийг газар шидчихээд яваад өгсөн..., ...Б газар унахдаа ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

6. Гэрч Э.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Тахилтад таньдаг дүү Б-тэй тааралдаад, дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь өдрөөс хойш согтуу машин барьж яваад байсан хоёр залуу байж байхаар нь тэдэнд “машинтай архи, дарс уугаад яваад байж болохгүй шүү дээ” гэж хэлчихээд машин дээрээ яваад очтол нөгөө хоёр залуу машинтайгаа Б бид хоёрын машиныг хааж зогсоод “чамд ямар хамаатай юм бэ пизда минь” гэж элдэв янзаар хэлээд, жолоочийн хажууд сууж явсан залуу нь бууж ирээд Б-гийн машины крылог гараараа цохиж хонхойлсон. Тэгээд Б машинаасаа буух гэтэл буулгахгүй хаалгаар нь 2 удаа саваад, гараад ирэхэд түүний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Б тэр залууг гараараа самардаад, би жолоо барьж байсан залуутай нийлж тэднийг салгах гэж оролдож байхад зодолдож байсан залуу нь Б-гийг өргөөд шидсэн...” гэсэн мэдүүлэг (хх 38-39 дугаар хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8530 дугаартай “...Л.Э-гийн биед нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамар, баруун, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8518 дугаартай “...Э.Б-гийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, буруун, зүүн мөр, нурууны цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 45 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Л.Э, шүүгдэгч Э.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 64, 77 дугаар хуудас), шүүгдэгч Л.Э нь урьд хоёр удаа ял шийтгүүлсэн талаарх, шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 52, 75 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Л.Э-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ”...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ хүргэний хамт нэг шил 0.5 литрийн хараа шошготой архи хувааж уусан. Тэгтэл 16.00-17.00 цагийн үед хүргэн дүү Э гэрт хүрч ирээд, хамт хашааны банз хадаж байхдаа архи авахаар болоод, Э машинаа бариад би охины хамт хажууд нь суугаад тахилтын эцсийн буудал дээр байдаг Б гэдэг нэртэй дэлгүүрийн гадна очсон. Гэтэл тахилтад таксинд явдаг нэг хүүхэн “өмхий архичид юу хийгээд яваад байдаг юм” гэхэд манай дүү “би архи уугаагүй” гэж хэлтэл “муусайн архичин, гуйлгачин” гээд доромжлоод эхэлсэн. Э намайг машиндаа суулгаад хойд талын дэлгүүр лүү хөдлөх гэтэл О гэдэг намхан шар хүүхэн “наад сэгээ аваад зайл” гэсэн, гэтэл хажуунаас нь ахиад нэг хүүхэн машин дотроосоо хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад “чи ер нь юу болоод хүн доромжлоод байгаа юм бэ” гээд түүний машины баруун талын урд крылог гараараа тогшсон чинь тэр хоёр машинаасаа зэрэг бууж ирээд Б нь миний нүүрийг маажаад, О нь араас зулгаагаад эхэлсэн. Тэр үед манай дүү Э ирээд салгах үед Б-гийн хөл орж ирээд өшиглөх үед нь хөлнөөс нь барьж байгаад өөр лүүгээ татаж байгаад буцаагаад түлхчихсэн. Тэр үед миний охин айгаад уйлсан байрхаар нь хүүхдээ аваад тэр газраас явсан. Б намайг маажих үед би нүүрээ гараараа хамгаалаад сарвалзах үед Б-гийн нүүр миний гарт оногдсон байх, харин толгойн арын хэсэг болон нурууны гэмтлүүд нь хөлөөс нь барьж байгаад түлхэх үед унаж үүссэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 127-130 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өсгөн: ”...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчим халтуур хийж яваад тахилтын эцсийн зогсоол дээр ирээд машинаа зогсоосон юм. Тэр үед би О эгчтэй тааралдаад манай гэрт орж хоол хийж идэхээр болоод, О эгч дэлгүүр орсон юм. Харин би машиндаа сууж байтал 1673 УБЦ улсын дугаартай соната загварын машин хөндөлсөж зогссон. Гэтэл хоёр залуу О эгчтэй маргалдаад байсан. Тэгээд би машин дотроосоо “та нар зүгээр явчих” гэж хэлтэл “1,500 төгрөгийн янханууд” гээд байсан. Гэтэл нэг залуу машинаасаа бууж ирээд миний машины баруун талын урд крылог гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би машинаасаа буух гэтэл буулгахгүй гээд хаалга машины завсар хоёр удаа хүчтэй хавсарсан. Ингээд арай гэж буугаад иртэл Э гэдэг залуу миний нүүр лүү мөргөсөн. Харин би Э-гийг өөрөөсөө холдуулах гэж нүүрийг нь хоёр удаа базсан юм. Тэгээд тэр залуу намайг нэмж зодох гээд дайрахад О эгч болон тэр залуутай хамт явж байсан залуу хоёр бид хоёрыг салгах гээд ядаж байхад Эг миний зүүн хөлөөс өргөөд намайг шидчихсэн. Тэгээд би унахдаа ухаан алдаад, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэргэсэн чинь машин дотроо байсан юм. Энэ үед би Э-гийн нүүрийг маажиж гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна, харин нурууны цус хуралтыг би учруулаагүй. Би зүгээр хоёр гараараа л маажсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 118-121 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Э, Э.Б нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хувьд харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, тэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Э, Э.Б нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Э, Э.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч тус бүрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Л.Э, Э.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Э, Э.Б нар харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад бичгээр илэрхийлсэн, шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Э, Э.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Э, Э.Б нар нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр, шүүгдэгч Э.Б-т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна.

Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Л-ийн Э, Б овогт Э-ын Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбилэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр, шүүгдэгч Э.Б-т дөрвөн зуун жаран мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр тус бүр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбилэг, Э.Б нарт оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Л.Э, Э.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э, Э.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Э, Э.Б нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА