Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт И-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05369 1611 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт И-гийн Б, Монгол Улсын иргэн, ....., 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт ...... оршин суудаг, ........, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч И.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ........... тоотод Э.З-ийг “архичин хүүхнүүдтэй нийлж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Д овогт И-гийн Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...... “архичин хүүхнүүдтэй нийлж хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.З-ийг зодож, бие махбодод нь “...хамар ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамар, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, ойлгон гэмшиж байна. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй. Би эхнэрээ урьд нь зодож байгаагүй бөгөөд анх удаа зодож, түүнд гэмтэл учруулсан болно...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2006 онд Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаанд эмээ, өвөө дээрээ мал маллаж явж байгаад Б-той танилцаад уулздаг болсон юм. Б бид хоёр 2009 онд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. Манай том хүүхэд одоо 10 настай, дундах хүүхэд 8 настай, бага хүүхэд 6 настай. Миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан гэвэл 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой бага хүүхдийнхээ сургуулийн караокены тэмцээнд оролцчихоод орой 21 цаг өнгөрч байхад бага зэргийн архи үнэртүүлчихсэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-29 тоот гэртээ ирсэн юм. Гэрт ирэхэд манай аав болох Э-О, 3 хүүхэд, бас нөхөр Б нар байсан. Тэгээд би гэрт явж ороод гутлаа тайлах гээд орон дээр суутал Б шууд намайг барьж аваад ор луу түлхэж хэвтүүлээд дээр гараад гараараа миний нүүр лүү нэлээн олон удаа цохисон бөгөөд нийт 5-6 удаа цохисон. Тэгтэл манай аав Э-О шууд гэрээс гараад явсан. Миний хамар болон амнаас цус гараад, Б цохихоо больсон. Тэгээд би босож цусаа цэвэрлээд Б бид хоёр дахин маргалдсан юм. Би Б-оос “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж асуухад Б надад хандаж “чи хэдэн архичин хүүхнүүдтэй нийлж намайг доромжлоо биз дээ” гээд байсан юм. Тэгээд шууд миний үснээс зулгааж газар унагаад миний дээрээс дарж суусан. Дараа нь том охин Сарангуагаар шанагатай ус зөөлгүүлж авчраад, “архийг нь гаргана” гээд миний нүүр лүү ус цацаад байхаар нь би болиулах гэж нэлээд эсэргүүцсэн боловч ерөөсөө дийлэхгүй байсан бөгөөд Б миний хоолойг боогоод тэгтэл гаднаас манай аав Э-О буцаж орж ирсэн юм. Тэгээд Б миний дээрээс босоод дахиж намайг цохиж зодоогүй. Харин би шууд гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13489 дугаартай “...Э.З-ийн биед хамар ясны далд хугарал, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи хамар, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 28 дугаар хуудас);

4. “Сард нэг удаа хүчирхийлдэг, хүчирхийлэл даамжирсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж болзошгүй, хардалтын улмаас хүчирхийлэл үйлддэг, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс хараат, 2008 онд гэр бүл болсон, 2010 оноос хүчирхийлэл үйлдэж эхэлсэн, даамжирсан” гэсэн агуулгатай гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 52-58 дугаар хуудас);

5. Шүүгдэгч И.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 36 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Э.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаар тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.З-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч И.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.З-ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч И.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.З-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан боловч энэхүү үйлдэл нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжгүй гэж үзсэн. Түүнчлэн, Улсын Ерөнхий Прокурорын Газраас прокурорын газруудад албан бичгээр: хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргүүдийн хувьд холбогдогч хохирогч нь хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ч гэсэн давтагдсан шинжгүй бөгөөд тохиолдлын шинжтэй бол “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхгүй байх талаар чиглэл өгсөн юм...” гэв.

Шүүгдэгч И.Б, хохирогч Э.З нар гэр бүлийн баталгаагүй боловч гурван хүүхдийн эцэг, эх болсон хамтран амьдрагч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан боловч шүүгдэгч И.Б нь хамтран амьдрагч Э.З-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин хавтаст хэргийн 52-58 дугаар хуудсанд авагдсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад “хохирогч сард нэг удаа хүчирхийлдэг, хүчирхийлэл даамжирсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж болзошгүй, хардалтын улмаас хүчирхийлэл үйлддэг, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс хараат, 2008 онд гэр бүл болсон, 2010 оноос хүчирхийлэл үйлдэж эхэлсэн, даамжирсан” гэж тусгасан нөхцөл байдлыг прокурор, мөрдөгч шалгаагүй бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гэхдээ прокурорын байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад “...нийгэм соёлын харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн хуульчилж, гэр бүлийг тусгайлан төрийн хамгаалалтад авсныг; үүний учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсаныг; мөн Эрүүгийн хуульд хүндрүүлэх шинж болгож хуульчилсныг анхааралдаа авч, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан хэрэгжүүлбэл зохино.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч И.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.З нь прокурорын хяналтын шатанд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн” талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч И.Баттогтохыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.Б нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна.

Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг өөрчлөн шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д овогт И.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч И.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгайтай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА