Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00691

 

Э.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00542 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ргийн хариуцагч ҮЕ-д холбогдуулан гаргасан тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Золтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Рг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар зарлигаар анх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдон түүнээс хойш шүүгчээр ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл тэтгэмжийг тооцохдоо үндсэн цалин 2,700,000 төгрөгөөс тооцож 97,200,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон нь үндэслэлгүй. Э.Рг нь шүүгчээр ажиллах хугацаандаа 65 хувийн нэмэгдэл авч байсан ба үүнээс тэтгэмжийг тооцвол 63,180,000 төгрөгийг дутуу олгосон. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дутуу олгосон 63,180,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар Э.Рг нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар тэтгэмжийг олгосон. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор шүүгчийн цалинг тогтоосон. Сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгоно.

Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-ыг баталсан. Уг тогтоолоор шүүгчид докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор баталсан. Тэтгэмжийг тооцохдоо нэмэгдлийн нэгэн адил албан тушаалын цалингаас тооцдог тул нэмэгдлийг нэмж тэтгэмжийг олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ргт олгож, нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 473,850 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тоот тушаалд заасан нэр томьёо нь цалин хөлс буюу үндсэн цалин, нэмэгдэл цалинг бүхэлд нь багтаасан ойлголт байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Цалин хөлс гэж тодорхойлж тухайлан заагаагүй бөгөөд ... түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэж тодорхой заасан.

Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй гэж заасан байтал шүүх уг журмын 1.3-т заасныг үндэслэсэн нь буруу. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход тус журмыг баримтална. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар албан тушаалын нэмэгдэл олгох болон нэг удаагийн тэтгэмжийг олгодог. Нэмэгдлийг албан тушаалын цалингаас бодож сар бүр, харин тэтгэмжийг нэг удаа олгодог. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор шүүгчид олгох нэмэгдлийн хувь, хэмжээ, түүнийг олгох журмыг баталсан.

Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалин буюу үндсэн цалинг баталсан. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэн тооцож олгох үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт нэг удаагийн тэтгэмжийг шүүгчийн авч байсан цалин хөлснөөс бодож олгохоор зохицуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч Э.Рг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо буруу тооцсон гэх үндэслэлээр дутуу олгосон тэтгэмж 63,180,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөл буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн маргасан тул зохигчийн хооронд үүссэн маргаан нь хувийн эрх зүйн харилцаа бус нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.

 

Нэхэмжлэгч Э.Рг нь захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан шийдвэрийн улмаас өөрийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субъектив эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй буюу иргэний хэргийн шүүхийн маргаанд хамаарахгүй байхад анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Ргийн нэхэмжлэлтэй хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг гаргуулах тухай [U1] хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 473,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ

 

 


 [U1]Хоёр нэхэмжлэлтэй болоод байна. Аль нэгийг нь хасах