| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0562/Э |
| Дугаар | 644 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 644
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Б-, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Х.Ц-, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1183 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ***,
Сонгинохайран дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б-ы Б-.
Б.Б- нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Х.Ц-гаас 2019 оны 12 дугаар сарын 06-нд 4,000,000 төгрөг 18-ны өдөр 500,000 төгрөг, 20-ны өдөр 500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 сар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ц-д олгуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 гэж дугаарласныг 4 гэж, 7 гэж дугаарласныг 5 гэж, 8 гэж дугаарласныг 6 гэж, 9 гэж дугаарласныг 7 гэж, 10 гэж дугаарласныг 8 гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...давж заалдах шатны шүүх 2 жилийн хорих ялыг үндэслэлгүйгээр хасч Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд зам тээврийн осол гараад осол гарсан газрыг зориуд орхиж явсан. Мөн бусдын биед хүндэвтэр хоихрол учруулсан шинжийг тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээ нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогдоно” гэж заасны дагуу тухайн үед хэрэгжиж байсан хуулиар шүүгдэгч Б-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн болох нь хууль зөрчөөгүй анхан шатны шүүх хуулийг нэг мөр зөв хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж үзэж байна.
...Давж заалдах шатны шүүх ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Учир нь хууль буцаан хэрэглэх гэдэг ойлголт маань өмнөх /2002/ Эрүүгийн хуулийн заалт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хүнд заалттай байсан бол шинээр мөрдөж буй хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийг өмнөх тохиолдолд буцаан хэрэглэнэ гэсэн санаа гэж ойлгож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн зохих заалтад /216.2/ “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол ...” гэж , 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол”....” гэж заасан нь харин ч эсрэгээрээ 2002 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалтай байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн зохих заалт /27.10/ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж “гэмт хэрэг үйлдсэн жолооч” гэж нарийвчлан тодотгож оруулсан байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй гэж үзэх нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн үндсэн шинжид “гэмт хэрэг үйлдсэн жолооч” гэж нарийвчлан зааснаараа харин ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан заалт гэж үзэхээр байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11, 27.10 дах заалтууд нь тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаагүй зөвхөн өөрчлөлт хийгдсэн гэдгийг харж болохоор байгаа юм. Иймд хуулийн заалтыг хөнгөрүүлсэн, хасагдсан заалт мэтээр хуулийг мушгин тайлбарлаж хэрэгтэн этгээдэд ял завшуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Б- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Ц-гаас 2019 оны 12 дугаар сарын 06-наас 20-ны өдрүүдэд нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүх Б.Б-ийг хорих ялыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд, бусдыг залилсан гэмт хэрэгт нь оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл “хууль буцаан хэрэглэх” заалтыг буруу хэрэглэснийг тогтоон, холбогдох заалтыг зөвтгөн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтана.
Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, агуулга өөр өөр байдлаар томъёологдсон байгааг хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу дүгнэх учиртай тул энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс Б.Б-ийн бусдын эд зүйлийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, шүүгдэгчид ял завшуулж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1183 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН