Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0113

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаарh221/МА2019/0113

Улаанбаатар хот

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.М, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Ш.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Цэцэрлэгийн барилга, 200 ор, Сүхбаатар, Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222” тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын  09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т нар давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан  нэхэмжлэл гаргахдаа Сангийн яамыг хариуцагчаар татаагүй байхад уг үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг буруу тайлбарласан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үнэлгээний хорооноос 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтад оролцсон 2 компанийн тендерийн баримт бичгийг үнэлж, “Х" ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзаж, "Х" ХХК-ийг шалгаруулан. гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн Уг үнэлгээний хорооны дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт юм.

Нэхэмжлэгч "Х” ХХК-ийн зүгээс үнэлгээний хорооны дүгнэлтэд холбогдуулан мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага буюу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянан үзээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1\5776 дугаартай “Гомдол хянан үзсэн тухай” шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан бөгөөд хувийг манай компанид хүргүүлсэн болно. Өөрөөр хэлбэл дээрх Сангийн яамны шийдвэр нь үнэлгээний хорооны шийдвэр гаргасан гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хариу юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад тус урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж, үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “Сангийн яам эрх хэмжээний хүрээнд хянаад эцэслэн шийдсэн шийдвэр хүчин төгөлдөр байна” гэсэн дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянан болохоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны улмаас хянасан дээд шатны байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хавтаст хэрэгт, Үнэлгээний хорооны дүгнэлт, 2 удаагийн хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос баталсан тендерийн баримт бичиг (ТШӨХ, ТОӨЗ, Тендерийн маягт), нэхэмжлэгч “Х” ХХК болон гуравдагч этгээд "Х” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтууд, Татварын ерөнхий газраас “Х" ХХК-ийн санхүүгийн чадавхийн талаарх баримт зэрэг бүхий хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн, үндэслэлгүй болох нь тогтоогдсон юм.

Түүнчлэн “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн гэх “Х” ХХК нь маргаан бүхийн тендерийн ТШӨХ, ТОӨЗ-д заасан нийт 47 шаардлагаас 24 шаардлагыг огт хангаагүй болох нь тодорхой харагдаж байна.

...Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг ТОӨЗ-д заасан ИТА болон техник тоног төхөөрөмжүүд давхацсан гэх үндэслэл тогтоогдохгүй, “Х” ХХК-ийн зүгээс тендерт ирүүлсэн баримт бичгээс үзвэл ИТА болон техник төхөөрөмжийг дотоод зохион байгуулалт хийж. давхцуулахгүй байх арга хэмжээг авч, холбогдох тушаал, шийдвэр, гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн. Гэтэл үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл “Х" ХХК-ийн тендерийн баримт бичгийн талаар огт дүгнэлт хийж ярилцаагүй болох нь тодорхой харагдаж байгаа болно.

Дээрх үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0826 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/192 дугаар тушаалаар XII.1.1.222 “Цэцэрлэгийн барилга, 200 ор  /Сүхбаатар, Эрдэнэцагаан сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулснаар тус Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 /Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана/-т зааснаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, нийтэд зарлажээ.

Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 5.3-ын (в)-д тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын тухайд, автокран 1 ширхэг, эксковатор 1 ширхэг, бульдозер эсвэл ковш 1 ширхэг, ачааны машин 2 ширхэг байх, тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизмуудын жагсаалт болон техник хэрэгслийн гэрчилгээний эх хувиас авсан хуулбар болон түрээсээр ашиглах техник хэрэгслийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэхээр заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зарласан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын тендер шалгаруулалтад “Х” ХХК оролцохдоо мэдээлсэн К-162-Э19-50 УБЛ дугаартай автокран, 23-56 УНЗ дугаартай ачааны автомашин, 99-24 УН дугаартай ковш автоачигч зэрэг 3 машин механизм нь өмнө тус газраас зарласан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын тендер шалгаруулалтад оролцохдоо гэрээг гүйцэтгэхэд санал болгосон машин механизм болох нь тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгчээс “...манайх эхний төсөлд өөрийн компанийн 9 машиныг ажиллана гэж мэдээлэл өгсөн. Эдгээр 3 машин Дарьганга суманд ажиллаж байсан. Бид дахиад Эрдэнэцагаан суманд ажиллая гэж байгаа тул 19-50 дугаартай автокранаа Дарьгангаас татаад Эрдэнэцагаанд ажиллуулж, харин Дарьгангад Сайншандаас өөр автокран авахаар гэрээ хийсэн, 23-56 УНЗ дугаартай автомашин угаасаа барилгын материал тээвэрлэх гэрээтэй, 2 барилгын материалыг тээвэрлэх бүрэн бололцоотой. 99-24 УН ачигч Дарьгангад ажилласан хэвээр үлдээсэн. Харин Эрдэнэцагаан суманд 40-05 ДО ачигч ажиллана гээд эзэмшигчтэй нь гэрээ хийсэн. Эдгээрийг нягтлан үзвэл машин механизм огт давхцаагүй...” гэж тайлбарласан байна.

Мөн зааварчилгааны 5.3-ын (г)-д голлох болон инженер техникийн ажилтнууд буюу барилгын болон сантехник, цахилгаан, холбоо дохиоллын инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан зэрэг 5 ажилтныг заавал ажиллуулахаар заажээ.

“Х” ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн БСШУСЯ/201801086 дугаартай тушаалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан “Цэцэрлэгийн барилга, 200 ор /Сүхбаатар, Эрдэнэцагаан сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан тохиолдолд барилгын ажил гүйцэтгэх ерөнхий инженер-барилгын инженерээр Ц.Г-г, цахилгааны инженерээр О.Б-г, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Б.Ө-г томилсон байна.

Гэтэл тус газраас 2018 оны 2 дугаар сард зарласан “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор /Сүхбаатар, Дарьганга сум/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан “Х” ХХК-ийн захирлын 2018 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалаар уг барилгын ажлыг гүйцэтгэх ажилтнаар Ц.Г, О.Б, Б.Ө нарыг томилсон нь мөн давхардсан болох нь тогтоогджээ.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 14.1-ийн (ж) хэсгийн 7-д “тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр барилга барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнуудыг, машин механизмуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болох”-оор зохицуулжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “...бид өөр ажил гүйцэтгэж байгаагүй учраас эхний төсөлд инженер, техникийн ажилтан 8 хүнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Манай компанийн бүх хүмүүс Дарьганга суманд ажиллаж байсан тул барилгын инженер Ц.Г, цахилгааны инженер О.Б, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Б.Ө нарыг Дарьгангаас Эрдэнэцагаан суманд татаад, энэ 3-тай давхардан ажиллаж байсан хүмүүсийг тэнд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохион байгуулалт хийж, энэ талаарх материалыг бүрэн хавсаргасан. Үүнээс үзэхэд инженер техникийн ажилтнууд огт давхцаагүй нь батлагдаж байгаа...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. 27.3, 27.4-д зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсантай нийцсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компанийн тухайд тендерт ирүүлсэн бичиг баримтыг хэлэлцэж, тендерийн ажил гүйцэтгэх инженер техникийн ажилтнууд, машин механизмууд  давхардаж байгаа нь тогтоогдсон бөгөөд Тендерийн үнэлгээний хороо уг үндэслэлээр ирүүлсэн тендерээс нь татгалзсан, энэ тохиолдолд гуравдагч этгээд “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсны улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “хамгийн сайн үнэлэгдсэн” гэх “Х” ХХК нь маргаан бүхий тендерт тавигдсан 47 шаардлагаас 24 шаардлагыг огт хангаагүй гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нөгөөтэйгүүр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-2/3382 дугаар албан бичгээр “...танай компанийн санал болгож буй машин механизм, инженер техникийн ажилтнууд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөлтэй давхцаж байх тул  тендерээс татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан байна” гэсэн хариуг хүлээн аваад нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргасан байх ба тус яамнаас 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/5776 дугаар албан бичгээр уг шийдвэрийг үндэслэлтэй байна гэсэн хариу өгчээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/ XIII.1.1.222 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тендерийг хянан үзсэн Сангийн яамны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гарсан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад “...тендерийн үнэлгээний дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй” гэж маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хянах болохоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны улмаас хянасан дээд шатны байгууллагын шийдвэрт дүгнэлт өгөхгүй, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0826 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                                       ШҮҮГЧ                                                        Ц.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН