Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 63

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******************************************************************** 21 тоотод оршин суух хаягтай, Б.О /**********/

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газар. /Чингэлтэй дүүрэг, ***********ын гудамж-7/1, **************/

Нэхэмжлэлийн шаардлага: ”Б.О надад Нийслэлийн Байгаль орчин Ногоон хөгжлийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000019815 дугаар шийтгэврээр оногдуулсан 1.920.000 төгрөгийн торгуулиас төлөлгүй үлдсэн 960.000 төгрөгийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Иргэн Б овогтой О би 2015 оны 06 дугаар сарын 22-нд **************************************************** хаягт орших өөрийн эзэмшлийн зуслангийн хашаан доторх “Торлог” хэмээх бутнуудыг сугалж хүнд өгөөд оронд нь үр өгөөжтэй чацарганын бут суулгасан тул надад Байгаль орчны газраас 000019815 тоот дугаартай шийтгэврээр 1.920.000 төгрөгөөр торгуулах захиргааны шийтгэл оногдуулсан юм. Ингээд иргэн би 2015 оны 07 дугаар сарын 06-нд торгуулийн төлбөрийн 50 хувь 960.000 төргөрийг төлсөн билээ. 

Гэтэл Байгаль орчны газар захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шахалт үзүүлж байгаа тул “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасны дагуу иргэн О надад оногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлд хамруулах тухай албан ёсны акт гаргаж өгнө үү.”  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нийслэлийн Байгаль орчны газарт байгаль хамгаалагч ажилтай Д.Д миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 000019815 тоот шийтгэврээр Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.11 дэх заалтаар 1.920.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан боловч Б.О нь тухайн үедээ уг торгуулийг хүлээн зөвшөөрч 50 хувь буюу 960.000 төгрөгийг төлж барагдуулсан юм. Үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй хуулийн хугацаа хэтэрсэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан юм.

Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 31016 тоот захирамжаар манай шийтгэврийг баталгаажуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/37019 тоот албан бичгээр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна гэсэн бичгийг манай байгууллагад ирүүлсэн байсан. 

Б.О нь үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан байна. 

Шүүх Б.Ог үлдэгдэл 960.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн шийдвэрээ гаргавал манай байгууллага татгалзах зүйл үгүй болно.

Иймд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Огээс тус шүүхэд гаргасан “Б.О надад оногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлд хамруулах тухай албан ёсны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Б.О надад Нийслэлийн Байгаль орчин Ногоон хөгжлийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000019815 дугаар шийтгэврээр оногдуулсан 1.920.000 төгрөгийн торгуулиас төлөлгүй үлдсэн 960.000 төгрөгийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын  /хуучнаар/ байгаль хамгаалагч Д.Д нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, 18 дугаар байр 21 тоотод оршин суух хаягтай, иргэн Их-Ончууд овогт Б.Ог зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд  байх өөрийн эзэмшлийн хашаан дотор байх бут сөөг, торлогийг ухаж авч Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т “насны тавдугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, заг, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана, мойл зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох, хугалж гэмтээх” заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, түүнд энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.11 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000019815 дугаар “Шийтгэвэрийн хуудас”-аар 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулсан байна . 

Нэхэмжлэгч Б.О нь дээрх захиргааны шийтгэвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд ногдуулсан торгуулиас 960.000 /есөн зуун жаран мянган /төгрөгийн хариуцагч байгууллагын Улаанбаатар хотын банкны 2611009842 дугаар дансанд тушаасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлолт , Улаанбаатар хотын банкны орлогын баримтаар тогтоогдож байна .

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр ногдуулсан торгууль нь захиргааны шийтгэл бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамрагдана гэж үзсэн нь дараах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж, түүнчлэн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, эсхүл байгаль хамгаалагч ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна”,  47.2.11-д “энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлого, ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох “ гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Огийн Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг ерөнхийлөн зохицуулсны дээр уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг, тухайлбал татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Татварын ерөнхий хуульд, гаалийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Гаалийн тухай хуульд, байгаль орчны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хуульд тусгайлан зохицуулсан байдаг тул захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч Б.Огийн Ойн тухай хууль хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох шийтгэл ногдуулсан Байгаль хамгаалагчийн /байцаагч/ 000019815 дугаар “Шийтгэвэр” нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар торгууль, алдангийг захиргааны шийтгэл хэмээн үзэж байгаль хамгаалагчийн

/байцаагч/ 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000019815 дугаар “Шийтгэвэр”-ээс төлөлгүй  үлдсэн 960.000 /есөн зуун жаран мянган / төгрөгийн төлбөрийг хасч  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.2.11, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуучнаар Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын ойн хамгаалагчийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000019815 дугаар “Шийтгэвэр”-ээс төлөлгүй үлдсэн 960.000 /есөн зуун жаран мянган / төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.БАТБААТАР