| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0010/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 14
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц Г овогт Б-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04091 1356 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц Г овогт Б-ийн О, Монгол Улсын иргэн, 1........, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жигүүр Гранд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт .......оршин суудаг, ......, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 28 дугаар гудамжны 5а тоотод оршин суух хохирогч Н.Э-гийн Монгол гэрийг гаднаасаа цоожтой байхад гэрийн тооноор баганыг нь дамжин орж, буцаж баганаар нь дамжин гарч оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц Г овогт Б-ийн О нь 2018 оны 8 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ........... хохирогч Н.Э-гийн монгол гэрийг гаднаасаа цоожтой байхад оршин суугчийн зөвшөөрөлгүй гэрийн тооноор орж, мөн тооноор нь буцаж гарсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. Хохирогч Н.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би ажилтай байсан тул ажил дээрээ хонохоор болоод хажуу айлын Н эгчид бага охин Г-О, хамаатны айлын хүү Л нарыг харуулаад үлдээсэн. Тэгээд ажилтай байсан болохоор очиж амжихгүй хажуу айлын Н эгчид манай 2 хүүхдийг 22-23 цагийн үед гаднаас нь цоожилчхоорой, би өглөө очно гэж ярьсан. Удалгүй 22 цагийн үед Н эгч залгаад хүүхдүүдийг гаднаас нь цоожлоод унтуулсан гэж хэлсэн. Тухайн үед гэрлээ асаалттай унтсан байсан гэсэн. Тэгээд маргааш нь ...хажуу айлын Н-тай утсаар ярихад хүүхдүүдийн цоожийг онгойлгосон тэр 2 унтаад үлдсэн. ...Шөнө манайд согтуу хүн ирээд Г-г асуугаад хаалга өшиглөөд байсан гэж ярьсан. Тэгээд 14 цагийн үед Н эгч над руу залгаад шөнө танай гэрийн тооноор үл таних эрэгтэй хүн гэр лүү орж унтсан талаар хэлсэн. Хаалга гаднаасаа цоожтой байхад манай гэрт тооноор орсон байсан бөгөөд гэрийн өрх сөхөөд өрхний даруулгын оосрыг тасалсан, гялгар уутыг урсан байсан. Гэрээс эд зүйл алдагдаагүй. ...Гэрт манай бага охин Г-О, хамаатны хүү Л нар байсан. Хүүхдүүд гаднаас үл таних хүн ороод ирсэн байсан болохоор их айсан гэсэн. Гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 06-08 дугаар хуудас),
3. Насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өглөө аав ээж 2 өглөө гарч яваад би хамаатны Л бид 2 шөнө гэртээ хонох болсон. Манай гэр байдаг хажуу айлд Н эгч амьдардаг ба Н эгч орой 23 цагийн үед Л бид 2-ыг гаднаас цоожлоод гэр лүүгээ орсон. Тэгээд шөнө бид 2-ыг унтаж байхад нэг мэдэхэд орны хажуу талд хивсэн дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан, тэгээд тэр хүн намайг араас тэврэхээр нь би сэрчихсэн, тэгээд Л бид 2 айгаад хоймрын орон дээр гараад уйлсан, тэгсэн чинь тэр эрэгтэй хүн би бөө хүн битгий ай гэж хэлээд хэсэг 30-40 минут унтаж байгаад тооноор гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 09-10 дугаар хуудас);
4. Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн үед намайг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо...... тоотод гэртээ байж байхад манай хаалгыг нүдэх шиг болсон тэгээд сэрээд хэн бэ гэхэд дуугараагүй, тэгээд цагдаа дуудлаа шүү гэхэд чимээгүй болчихсон. Тэгээд би хэсэг байж байгаад гэрээсээ гараад хашааны хаалгаар гадагш гартал гадаа манай хашааны хаалгыг налаад 2 залуу зогсож байсан ба нэг нь ирээд та намайг таньж байна уу би А байна аа гэхээр нь сайн анзаараагүй, харин тэр залуу намайг таньж байсан. ...Би тэр 2 залууг хөөж явуулаад гэртээ ороод унтсан. Өглөө нь 7 цагийн үед хажуу дүүгийнхээ хаалганы гадна цоожийг тайлчхаад эмнэлэг явсан юм. Өдөр ирээд манай хажуу айлын охиныг гэртээ унтаж байхад тооноор нь нэг эрэгтэй хүн орж ирсэн талаар сонссон. Тухайн үед Г хэлэхдээ тэр ах орж ирчхээд хэсэг унтаж байгаад эргээд гараад явсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);
5. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...манай ээж болсон асуудлын талаар маргааш нь над руу утсаар хэлсэн. Тэгээд манай гэр лүү О гээд залуу орсон гэдгийг мэдсэн. Би О-ээс болсон асуудлын талаар асуухад согтуу байсан юугаа ч санахгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10665 дугаартай “...Б.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Г-ын охин хальс бүтэн байна. Б.Г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 17 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр найзын төрсөн өдөр болоод найз нартайгаа ууж наргиж байгаад такси бариад 02 цагийн үед санагдаж байна Г-гийн хашааны гадаа ирээд хашааг давж ороод Г-гийн гэрийн хаалгыг татахад түгжээтэй байхаар нь гэр лүү авирч гараад тооноор нь дотогшоо харахад гэр нь гэрэлгүй, дотор нь Г унтаж байх шиг харагдахаар нь би тооныг бүтээсэн байсан гялгар уутыг гараараа ураад онгорхой гаргаад гэрийн тооноор нь ороод гэрийн баганаар нь дамжиж буугаад гэр дотор ороход газар хоёр хүн унтаж байсан. Тэдний нэг нь Г шиг байхаар нь хөөе Г гээд дуудахад биш байсан бөгөөд хоёр хүүхэд унтаж байсан. Тэгээд тэр хоёр хүүхэд сэрээд цаад талд байсан орон дээр гараад суусан. ...Дүү нь аниа хажуу талын гэрт байгаа гэх шиг болохоор нь би хаалгаар гарах гэтэл хаалга нь цоожтой байхаар нь буцаад баганаар нь дамжаад тооноор гарч явсан. ...Тэгээд Г-г хажуу айлдаа байж магадгүй гээд хажуу талын гэрийн хаалгыг нүдсэн чинь хэн бэ? гэхээр нь О байна гэж хэлчхээд найзынх руугаа явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр цоожтой байсан монгол гэрийн тооноор нэвтэрсэн байх тул хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж үзэх, улмаар тооноор буцаж гарсан байх тул дураараа авирласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний орон байр халдашгүй байх эрх чөлөө нь зөрчигдсөн хохирол учирчээ.
Хүний орон байр халдашгүй байх эрх чөлөөг Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэний ч ... орон байранд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус хамгаалсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу цоожтой байгааг нь мэдсээр байж гэрийн эзний зөвшөөрөлгүй монгол гэрийн тооноор нэвтрэн орсон байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.О-г “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь мөрдөн байцаалтын явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, тэтгэвэр, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг хүлээн авах боломжтой байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц Г овогт Б-ийн О-г “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА