| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1115/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 22
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Н.Анхбаяр (томилолтоор), шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б Г овогт Д-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00793 0422 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б Г овогт Д-гийн Б, Монгол Улсын иргэн, ......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ус сувгийн удирдах” газарт машинист ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт ................... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 29 дүгээр байрны урд замд “Toyota Prius” загварын 88-96 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Лхагвасүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б Г овогт Д-гийн Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 29 дүгээр байрны урд замд “Toyota Prius-10” загварын 88-96 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Л-г мөргөж, түүний бие махбодод “шагайн үений ил бүрэн мултрал, баруун шагайн үенд шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн хэрэг гарах үед жолоодож явсан автомашин нь миний эзэмшилд байдаг. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан. Тиймээс хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь 940,000 төгрөг өгсөн бөгөөд хохиролд тооцож нийт 2,240,000 төгрөг төлсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч С.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 08 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 29 дүгээр байрны урд замд Toyota Prius загварын 88-96 УНД улсын дугаартай автомашинд мөргүүлсэн. Намайг мөргөсөн машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт урсгал сөрж явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18 дугаар хуудас);
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11498 дугаартай: “...С.Л-гийн биед шагайн үений ил бүрэн мултрал, баруун шагайн үенд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);
4. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-09 дүгээр хуудас);
5. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 672 дугаартай: “...жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зордог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн..., ...явган зорчигч С-гийн Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дүгээр хуудас),
6. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 8 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явж байсан. Тухайн үед баруунаас зүүн тийш хотын төв рүү зам их түгжирсэн байсан. Тэгэхээр нь би Нефтийн буудал дээр ирээд зам түгжрээд хөдлөхгүй болохоор нь урсгал сөрсөн. Тэгтэл удалгүй хохирогч зам хөндлөн гараад ирсэн бөгөөд би машинаа зогсоож чадалгүй тэр эмэгтэйг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад тэр эмэгтэй дээр очиход “миний хөл эвгүй болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би яаралтай тусламж дуудсан. Удалгүй яаралтай тусламжийн эмч нар ирээд хохирогчийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Хохирогч тухайн үед ганцаараа зам гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-55 дугаар хуудас),
7. Шүүгдэгч Д.Б-ийн иргэний болон жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60, 62 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч С.Л-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний төв байгууллагын тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэж үзэх бөгөөд энэ хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохын дээр энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жолооч болсон боловч тэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдэж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвийн лавлагаагаар нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзэх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь энэ гэмт хэргийн тухайд хүндрүүлэх шинж болно.
Шүүгдэгч Д.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Д.Б нь эсрэг урсгал сөрж дүрэм зөрчсөн үйлдэл нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болжээ. Хохирогч С.Л-гийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасныг зөрчиж, үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай зорчих хэсгийн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөл болоогүй байхаас гадна тэрээр эсрэг урсгалаас буюу автомашин орж ирэх ёсгүй талаас мөргүүлж, эрүүл мэндээрээ хохирчээ.
Харин хохирогч С.Л Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасныг зөрчсөн болох нь нотлогдсон атал тэрээр энэ зөрчилдөө хуулийн хариуцлага огт хүлээгээгүй байгааг хууль сахиулах болон прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Л нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нийт 939,950 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгч Д.Б 2,240,000 төгрөгийн нөхөн төлбөрийг сайн дураараа төлснөөр хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд: “...Хохирогч С.Л-д учирсан гэмтлийн шинж байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогч С.Л цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж заах нь зүйтэй хэмээн шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: “...шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болно. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хэдий ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, заалтад зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.
Шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн байгааг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б-д гурван сарын дотор зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээг ял дээр нэмж хэрэглэх боломжтой тул шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан хэдий ч албадлагын арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт нэмж тогтоосон болно.
Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ялтан Д.Б тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд: “эрх хасах нэмэгдэл ял”-ын хүрээнд зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл хүлээхээр байсан бол “тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэснээр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд хуульд заасан үндсэн ял оногдуулах хууль зүйн үр дагавартай болж байгааг шүүгдэгч Д.Б анхаарвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37,1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б Г овогт Д-гийн Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, уг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын дотор зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Л цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА