| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2022/00548/И |
| Дугаар | 205/МА2023/00013 |
| Огноо | 2023-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 205/МА2023/00013
Б.Пүрэвдорж нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Б.Пүрэвдорж нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг буюу нийт 42.913.794 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Р.Алзахгүй, Э.Балжинням, Б.Батсүх, Л.Буянбат, Т.Лхагварагчаа, Ц.Мягмаржав, Б.Балжинням, Д.Хэнчбиш, В.Цэрэнбат нар нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг буюу нийт 42.913.794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Бид 4 жилийн хугацаанд Завхан аймгийн сумдын багийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн байна. Төрийн чиг үүргийг анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Дөрвөлжин сумын Онц багийн дарга Э.Балжинням, Буурал багийн дарга Р.Алзахгүй, Цогт багийн дарга В.Цэрэнбат, Ургамал сумын Баян-Улаан багийн дарга Л.Буянбат, Тэс сумын Зүр багийн дарга Д.Хэнчбиш нар нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн эсэх талаарх судалгаанд ороогүй байна. Тэлмэн сумын Нуур багийн дарга Б.Пүрэвдорж, Шургах багийн дарга Д.Дашдорж, Ургамал сумын Хүнгий багийн дарга Б.Батсүх, Тосонцэнгэл сумын Хайрхан багийн дарга Т.Лхагварагчаа, Идэр багийн дарга Ц.Мягмаржав нь уг судалгаагаар багийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл эдгээр багийн дарга нарт буцаад багийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй болно. Ийм учраас эдгээр багийн дарга нарт тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дугаар шийдвэрээр
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон иргэн Б.Пүрэвдорж нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох сонгуулийн үр дүнд багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж нэхэмжлэгч тус бүр 3.901.254 төгрөг буюу нийт 42.913.794 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчид анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэг агуулгатай, нэхэмжилсэн үнийн дүн ижил, холбогдуулж байгаа хариуцагч нэг буюу Завхан аймгийн засаг даргад холбогдуулж 9 багийн засаг даргаас сонгуулийн үр дүнгээр сумын засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөний улмаас 6 сарын цалинтай тэнцэх /нэхэмжлэгч тус бүр 3,901,254/ нийт 42,913,794 төгрөгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө хуулиар олгогддог нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг удирдлага болгон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хамтдаа нэг нэхэмжлэл гаргасан байдаг.
нэхэмжлэгч нар 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн чиг үүргийн анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэхэмжлэгч тус бүр 3,901,254 төгрөгийн буюу нийт 42,913,794 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахаар анхан шатны шүүхэд хандсан.
2016 оны ээлжит сонгуулийн дараахь явагддаг Багийн засаг даргын сонгуульд ялж сонгуулийн 4 жилд буюу 2017-2021 он хүртэл Тэлмэн сумын Нуур багийн засаг даргаар ажилласан Б.Пүрэвдорж, Тэлмэн сумын шургах багийн засаг даргаар ажилласан Д. Дашдорж, Дөрвөлжин сумын Онц багийн засаг даргаар ажилласан Э. Балжинням, Дөрвөлжин сумын Буурал багийн засаг даргаар ажилласан Р. Алзахгүй, Дөрвөлжин сумын Цогт багийн засаг даргаар ажилласан В. Цэрэнбат, Ургамал сумын Хүнгий багийн засаг даргаар ажилласан Б. Батсүх, Ургамал сумын Баян-Улаан багийн засаг даргаар ажилласан Л. Буянбат, Тосонцэнгэл сумын Хайрхан сумын засаг даргаар ажилласан Ц. Мягмаржав, Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргаар ажилласан Т. Лхагварагчаа бид нар 2016 оны төрийн ээлжит төрийн сонгуулийн дараа явагддаг багийн засаг даргын сонгуульд 2017 онд багийн засаг даргыг сонгох Багийн иргэдийн нийтийн хурлаар багийн засаг даргад нэр дэвшин, өрсөлдөж, багийн иргэдийн олонхийн саналаар ялж, сумын засаг даргад томилуулахаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор уламжлагдан сумын засаг даргад өргөн мэдүүлж, Сумын засаг даргын захирамжаар томилогдож төрийн улс төрийн албан тушаалтан болсон.
Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т ... Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... (11.1.9-т Бүх шатны засаг дарга) албан тушаал хамаарна гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар бүлэгт төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хуульчилсан ба тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана. 61.1.1-т Албан тушаалын ... тэтгэмж авах, 61.1.10-т хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа ... эдэлнэ гэж заасан бөгөөд бүх шатны засаг даргын хувьд хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгааны цорын ганц нийгмийн баталгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж юм.
Нэхэмжлэгч нар Багийн засаг даргын сонгуульт ажлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд өөрийн сонгогдсон багийн нутаг дэвсгэртээ төрийн бодлого чиг үүрэг, үйлчилгээг анхан шатанд буюу иргэн бүрт төрийг төлөөлж 2020 оны орон нутгийн сонгуулийн дараахь баг бүрт явагддаг дараагийн Багийн засаг даргыг сонгох Багийн иргэдийн нийтийн хурлын сонгууль болж Багийн шинэ засаг дарга сонгож, томилогдох хүртэл Багийн засаг даргын сонгуульт ажлыг дараах хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байдаг.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар зүйлийн 2-т Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Гуравдугаар зүйлийн 1-т Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа /багийн засаг даргаараар/ уламжлан энэхүү эрхээ эдэлнэ ба мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-т Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... эрхтэй. 16 дугаар зүйлийн 9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа /багийн засаг даргаараа/ уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. Тавин долдугаар зүйлийн 1-т Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг ... аймаг нь суманд, сум нь багт ... хуваагдана, Жардугаар зүйлийн 1-т ... баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн ... баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ. 60.2-т Засаг даргыг тухайн ... баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ... баг, хорооны Засаг даргыг харьяалах сумын ... Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно, Жаран нэгдүгээр зүйлийн 1-т Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг ... дээд шатны Засаг даргын өмнө хариуцна, 63. 3-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж багийн засаг даргын бүрэн эрх, хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд тухайлан заасан.
Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн Багийн засаг даргын эрх хэмжээ, бүрэн эрх, бүрэн эрхийн хугацаа, баримтлах зарчим, төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар дараахь байдлаар нарийвчлан зохицуулсан. Үүнд:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна., 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг, 4.1.7-т орон нутгийн эрх хэмжээ" гэж нэгжийн удирдлагад хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, нутгийн өөрийн удирдлага болон нэгжийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг гэж заасан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ... баг ... нь нийтийн эрх зүйн этгээд байна, 8 дугаар зүйлийн 8.1-т Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн, хуулийн 57 дугаар зүйлд бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацааг хуульчилсан ба 57.1-т Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
Мөн хуулийн 58 дугаар зүйлд Багийн Засаг даргын бүрэн эрхийг нэг бүрчлэн тусгасан.
Харьяа нутаг дэвсгэрийнхээ иргэд, малчид, аж ахуйн нэгжид дээрх хуулиар хүлээсэн эрх, үүрэг болон бүх салбарын хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлсний төлөө,
Сонгуулийн 4 жилийн хугацаанд төрийн албаны улс төрийн сонгуульт алба хашсаны төлөө,
Бүрэн эрхийн хугацаандаа нутаг дэвсгэртээ төрийн анхан шатны үйлчилгээ бие даан хүргэсний төлөө,
Төрийн буюу нийтийн удирдлагыг хэрэгжүүлсний төлөө дараахь ганцхан нийгмийн баталгаагаар хангагдсан. Үүнд:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын (2020 оны) тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т ... Бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно ... гэж засаг төрийн удирдлагыг хэрэгжүүлсний үр дүнд нэгжийн /бүх шатны засаг дарга/ удирдлагын нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулсан.
Дээрх улс төрийн албан хаагчийн буюу нийтийн /төрийн/ удирдлагын нийгмийн баталгаа нь 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны баталгаа гэх зуравдугаар бүлгийн 38 дугаар зүйлд Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа гэж мөн тухайлсан зохицуулалтаар доорх байдлаар үйлчилж байсан. Үүнд:
Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж хуульчилсан байсан ба энэхүү хууль үйлчилсэн цагаас бүх шатны засаг даргын нийгмийн баталгаа болж ирсэн.
Завхан аймгийн 24 сумын 2016 оны төрийн ээлжит сонгуулийн дараахь явагддаг багийн засаг даргын сонгуульд ард иргэдээс сонгогдож 2017-2021 он хүртэл багийн засаг даргаар ажиллаж байсан бүх багийн засаг дарга нарыг сонгуулийн үр дүнд бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн ба ийнхүү чөлөөлөгдсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын (2020 оны) тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан ... албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүснэ.
Нэхэмжлэгч бид бүхэн дээрх үндэслэл, шалтгаанаар дээд шатны засаг даргын захирамжаар чөлөөлөгдөж уг тэтгэмж авах эрх үүссэн.
Гэтэл нэхэмжлэгч нарын дээрх тэтгэмжийг эхлээд буюу 2021 онд улсын төсөвд суугдаж 2022 онд ирнэ гэж хүлээлтийн байдалтай болгосон. 2022 оны 11 сард аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс шилжүүлнэ гэсний дагуу хэлтсийн холбогдох албан тушаалтнаас лавлахад та нарын тэтгэмж төрийн сангийн дансанд 6 сарын үндсэн цалингийн дунджаар 3,901,254 төгрөг бодогдож шилжин ирсэн байгаа, аймгийн засаг дарга санхүүгийн баримтад нэг дүгээр гарын үсэг зурдаг бөгөөд аймгийн засаг дарга зөвшөөрвөл шууд шилжүүлнэ гэж тайлбарласан байдаг.
Харин Завхан аймгийн засаг дарга Д. Түвшинжаргалтай /зарим нь/ уулзахад та нар хүлээцтэй байж бай хурлаар оруулж байж шилжүүлнэ санаа зоволтгүй, та нарын тэтгэмж улсын төсөвт суугдаад ирсэн, та нарын тэтгэмжийн мөнгө нэр устайгаа төрийн сангийн дансанд ороод ирсэн хүлээцтэй байж бай, удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийн хүрсэн боловч бидний тэтгэмжийг шилжүүлээгүй байдаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2006 онд шинэчлэн найруулсан ба уг хуульд зааснаар Улс төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа нь тэтгэмжээр баталгаажсан байсан ба 2022 оны мөн хуулийн шинэчилсэн найруулгад бүрэн утгаар нь оруулсан.
Төрийн албаны тухай хуулийн 17-р бүлэгт төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа гэсэн зохицуулалт байдаг. Уг зохицуулалтын 61-р зүйлийн 61.1-д терийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана гэж заасан байдаг. Уг заалтаар терийн жинхэнэ албан хаагч гэж тусгайлан авч үзээгүй, нийт төрийн албан хаагчид гэж зохицуулсан.
Төрийн албан хаагчийг Улс терийн албан хаагч, Төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагч буюу тусгай албан хаагч, захиргааны албан хаагч гэж 4 ангилдаг.
Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаанд дээрх 4 албан хаагч бүгд орж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана ... Албан тушаалын цалин хөлс, нехен телбер, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах баталгаагаар хангагдана гэсэн зохицуулалттай.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаас гадна тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-т хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа ... аар хангагдана гэж заасан.
Хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа гэдэг нь Төрийн албаны тухай хуулиас гадна бусад хууль тогтоомжоор, тэр дотроо Төрийн Улс төрийн албан хаагчийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн Улс төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл Төрийн Улс төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг Төрийн албаны тухай хуулиар бусад төрийн албан хаагчтай адил зохицуулалт байдаггүй ба Төрийн Улс төрийн албан хаагчийн Нийгмийн баталгаа нь тухайн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан хууль нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан.
Уг хуульд Улс төрийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан 18 Үндсэн эрхийн нэг болох Сонгох, Сонгогдох эрх. Сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ багийн Иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, иргэдийн олонхийн саналыг авч, сонгогдох эрхээ хэрэгжүүлж, багийн нийт иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлж, багийн иргэдийн хурлаар сонгогдон, тэр багийн иргэдийн олонхын санал авсан тохиолдолд сумын Засаг дарга руу уламжлагддаг. Ийнхүү багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор уламжлагдан сумын Засаг даргад өргөн мэдүүлж, Сумын засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилдог.
Сумын засаг дарга багийн засаг даргаар томилуулахаар уламжлагдсан иргэнийг Монгол Улсын засаг захиргаа нэгж, тууний удирдлагын тухай хууль зөрчсөн эсхүл багийн иргэдийн нийтийн хурлын сонгууль хийгээгүй байхад уламжлагдсан тохиолдолд нэг удаа буцаах эрхтэй.
Багийн иргэдийн нийтийн хуралд буцаах үндэслэл байхгүй бол шууд томилох үүрэгтэй ба сумын засаг даргын захирамжаар 4 жилийн хугацаанд томилогддог.
Уг процессийн дагуу Төрийн Улс төрийн албан тушаалтан буюу багийн Засаг дарга нь Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд ерөнхийлөгч, Улсын их хурал, засгийн газар, бүх шатны Засаг дарга, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын хууль, тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэх, төрийн үйлчилгээг анхан шатанд нь хэрэгжүүлдэг онцгой албан тушаал юм.
Дээрх албан тушаалтан улс төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тэтгэмж авах эрх нь үүснэ. Энэ бол улс төрийн албан тушаалтны онцгой нэмэгдэл. Өөр албан тушаалтанд ийм нэмэгдэл байдаггүй. Уг нэмэгдлээс гадна Улс төрийн албан тушаалтны нийгмийн нэг баталгаа нь тэтгэмж юм.
Уг тэтгэмж авах эрх нь улс төрийн албан хаагч сонгуульт хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлсний дараа сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөнөөр эрх нь үүсдэг.
Хуулийн утга агуулгын хувьд заавал челеелегдсен байхыг шаарддаг ба нэхэмжлэгч нар бүгд Сумын засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн байдаг.
Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар бүгд сонгуулийн үр дүнгээр челеелегдсен сумын засаг даргын захирамжууд хэрэгт авагдсан.
Чөлөөлөгдөөд дахин ээлжид сонгуульд багийн засаг даргад өрсөлдөж 4 жилийн хугацаагаар сонгогддог.
Ээлжид сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор багийн нийтийн хурлаараа дахиад Засаг даргад өрсөлдүүлэх сонгууль болдог. Энэ сонгуульд нэхэмжлэгч нар дахин өрсөлдөж сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ. Бусад багийн иргэдтэй ерселдөөд олонхын санал авсан тохиолдолд Засаг даргаар томилуулах тогтоол уламжлуулах зохицуулалттай.
Хэрэв дараагийн сонгуульд өөр иргэн ч багийн нийт иргэдийн олонхийн саналыг авч болно. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөөд дараа нь дахин шинэ албан тушаал буюу багийн Засаг дарга болж байгаа.
Гэтэл чөлөөлөгдөөд дараа нь дахин сонгууль болоод сонгуулийн үр дүнд дахиж ялалт байгуулан сумын засаг даргын захирамжаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа.
Энэ бол ажилгүйдлийн тэтгэмжээс тэс өөр зохицуулалт бөгөөд ажилгүйдлын тэтгэмж нь нийгмийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагч, даатгагч нарын хороондох харилцаа ба төрийн албан тушаалтан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн албан тушаалтан хамааралтай ба Төрийн улс төрийн албан тушаал нь өөрөө 4 жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлж, сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгддөг.
Тийм учраас Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсний телее сонгуулийн ур дунд чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөөгүй нэхэмжлэгч байхгүй, бүгд чөлөөлөгдсөн сумын Засаг даргын захирамжтай Бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр чөлөөлөгдсен.
Дараа нь багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэж дахин томилогдсон асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны багийн Иргэдийн хурлын тогтоолоор тэр хүн томилогдоод дараа нь сумын Засаг даргын 2020-2021 оны захирамжаар чөлөөлөгдөөд дахиад сонгууль болсны дараа багийн иргэдийн хурлын тогтоолоор уламжлагдаад сумын Засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлыг үндэслэж гаргасан.
Энэ нь багийн нийт иргэдийн эрх ашиг яригдах ба Багийн нийт иргэдийн Үндсэн Хуулиар хамгаалагдсан сонгох эрх. 2 удаа санал өгч байж тухайн хүнийг сонгож байгаа.
Уг албан тушаал нь сонгуулийн үр дүнгээр бий болдог албан тушаал ба Сонгууль явагдаагүй байхад тэтгэмжийг нь олгосон бол хууль зөрчсөн, авах боломжгүй мөнгөө авсан гэж үзэхээр байна.
Тухайн хүний албан тушаалтны эрхийн хугацаа нь Үндсэн хууль болон Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4 жилийн хугацаатай байдаг. Сонгууль нь болохгүй байсан учраас 5 жил бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хүн байгаа. Тэр тохиолдолд хариуцагчийн яриад байгаа мөнгийг өгөх боломжгүй нехцел байдал үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нар 2021 онд бүгд сонгуулиа хийгээд челеелегдсен, челеелгеед дахин сонгуульд өрсөлдсөн. Багийн Засаг даргаа иргэн хүн еерее сонгох эрхтэй, энэ эрхээ 2 удаа хэрэгжүүлсэн. Нийт 100 гаруй багаас 10 гаруй багийн Засаг дарга дахин сонгогдсон юм байна лээ, тэднийг буруутгах боломж байхгүй, яагаад гэвэл Үндсэн хуулиа олгогдсон өөрсдийнх нь бүрэн эрх.
Засаг даргад өрсөлдөөд гарсныхаа хувьд тэтгэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болж байна. Засаг даргад ерселдсений буруу гэж байхгүй.
Төрийг төлөөлөөд багийн Засаг даргын ажлаа сайн хийсэн учраас дахин сонгогдож байгаа. Ажлаа муу хийсэн бол дахин сонгогдохгуй байх байсан. Сонгуульд өрсөлдсөнөөс тэтгэмжийг нь өгөхгүй байх гэсэн ойлголт байхгүй.
Улс төрийн албан тушаалтанд онцгой нэмэгдэл олгодогтой адилхан онцгой тэтгэмж. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсний телеө олгож байгаа, тэр нь сонгуулийн үр дүнд заавал чөлөөлөгдсөн байхыг шаарддаг. Гэтэл бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн байсан.
Анхан шатны шүүхээс Уг маргаан нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн баталгаатай холбоотой ... гэж зөв дүгнэлт өгсөн.
Аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжилсэн байх ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.1.5 дахь хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг Дарга нь аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах ... төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах,... аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх эрхтэй гэж хуульчилсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарч байх ба мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.10 дахь хэсгүүдэд зааснаар тэтгэвэр тэтгэмж авах, хууль тогтоомжоор заасан бусад баталгаа эдлэх эрхтэй гэх мэт төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хуульчилж өгсөн байна. Хэрэгт нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат, Б.Батсүх, Л.Буянбат, Д.Хэнчбиш нарыг багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн захирамж авагдсан байгааг дурдсан. Энэ нь чөлөөлөгдөөгүй нэг ч засаг дарга буюу нэхэмжлэгч байхгүй гэдгийг хангалттай нотолно.
Багийн 3acar Дарга нараас буюу үүнээс Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат нар нь ажлаас чөлөөлөгдсөн мөн өдрөө тус багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна,
харин бусад нэхэмжлэгч болох Б.Батсүх, Л.Буянбат, Д.Хэнчбиш, Т.Лхагварагчаа, Ц.Мягмаржав нарын тухайд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс багийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн зүгээс үгүйсгэж маргаагүй байна. Ийм учир нэхэмжлэгч нарыг багийн Засаг даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан, ажилласан жилийн тасалдал гараагүй гэж шүүх үзэв ... гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд чөлөөлөгдсөн гэж маргаж байхад маргаагүй гэж дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Дээрх засаг дарга нарыг чөлөөлсөн өдөр нь томилсон захирамж хэрэгт байхгүй байхад шүүх нотлох баримтад үндэслээгүй шийдвэрлэсэн. Тухайлбал: Б. Батсүх нэхэмжлэгчийн тухайд чөлөөлөгдсөнөөс хойш өөр ажил гүйцэтгэж байгаад дахин багийн засаг дарга байдаг.
Анхан шатны шүүхээс ...Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д "аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасан байна. Энэ нь дээрх албан тушаалаас сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн л бол тэтгэмж олгохыг зохицуулсан заалт байх бөгөөд уг тэтгэмжийг олгохдоо "сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн байх"-ыг л хуулиар шаардаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү тэтгэмж нь дээрх багийн Засаг дарга нарыг сонгуульт 4 жилийн хугацаанд албаны үүргээ гүйцэтгэж байсных нь төлөө олгож буй урамшуулал биш, сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажил эрхлээгүй байгаа, дараагийнхаа ажлын байр сууриа олох хүртэлх хугацаанд нь эрсдэлээс хамгаалж олгож буй нийгмийн баталгаа юм ... гэжээ.
Дээрх дүгнэлт нь ажилгүйдлийн тэтгэмжийн зорилт бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн захирамж гарснаар эрх үүсдэг тэтгэмжтэй адилтгах боломжгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг засаг даргаас чөлөөлөгдөөгүй гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэрт 11 багийн нэхэмжлэгч бүгд тухайн ажлаасаа чөлөөлөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов ... гэж шийдвэрлэсэн дүгнэлт нь доорхи сумын засаг дарга нарын захирамжаар бүгд чөлөөлөгдсөнөөр үгүйсгэгдэнэ. Үүнд:
1. Нэхэмжлэгч Б. Пүрэвдоржийг Тэлмэн сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Тэлмэн сумын Нуур багийн засаг даргаас ... ХХ-н 17-р хуудас
2. Нэхэмжлэгч Д. Дашдоржийг Тэлмэн сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Тэлмэн сумын Шургах багийн засаг даргаас ... ХХ-н 28-р хуудас
3. Нэхэмжлэгч Э. Балжиннямыг Дөрвөлжин сумын засаг даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/06 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Дөрвөлжин сумын Онц багийн засаг даргаас ... ХХ-н 33-р хуудас
4. Нэхэмжлэгч Р. Алзахгүйг Дөрвөлжин сумын засаг даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Дөрвөлжин сумын Буурал багийн засаг даргаас ... ХХ-н 39-р хуудас
5. Нэхэмжлэгч В. Цэрэнбатыг Дөрвөлжин сумын засаг даргын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн Б/10 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Дөрвөлжин сумын Цогт багийн засаг даргаас ... ХХ-н 45-р хуудас
6. Нэхэмжлэгч Б. Батсүхийг Ургамал сумын засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Ургамал сумын Хүнгий багийн засаг даргаас ... ХХ-н 51-р хуудас
7. Нэхэмжлэгч Л. Буянбатыг Ургамал сумын засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Ургамал сумын Баян-Улаан багийн засаг даргаас ... ХХ-н 51-р хуудас
8. Нэхэмжлэгч Д. Хэнчбишийг Тэс сумын засаг даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн Б/10 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Тэс сумын Зүр багийн засаг даргаас ... ХХ-н 68-р хуудас
9. Нэхэмжлэгч Т. Лхагварагчааг Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн Б/17 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргаас ... ХХ-н ...-р хуудас
10. Нэхэмжлэгч Ц. Мягмаржавыг Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн Б/17 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргаас ... ХХ-н ...-р хуудас
11. Нэхэмжлэгч байсан Завханмандал сумын Олонбулаг багийн засаг даргаар ажиллаж байгаа Б. Балжиннямыг Завханмандал сумын засаг даргын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Завханмандал сумын Олонбулаг багийн засаг даргаас тус тус чөлөөлсөн байдаг ба дээрхи багийн засаг дарга нарыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын засаг даргын захирамжаар чөлөөлсөн шийдвэр гарсан л бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан тэтгэмж авах эрх нь үүснэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар багийн засаг дарга нар чөлөөлөгдөөгүй гэж дүгнэсэн тохиолдолд дээрх захирамжууд хавтаст хэрэгт авагдаагүй нөхцөлд дээрхи дүгнэлтийг өгч болох ба анхан шатны шүүх нь дээрх чөлөөлөгдсөн захирамжийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг үндэслээгүй дүгнэлт өгсөн байна.
Өөрөөр хэлбэл багийн засаг дарга нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сонгуулийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар ээлжит сонгууль болсноор бүрэн эрх нь дуусгавар болж чөлөөлөгдөж тэтгэмж авах эрх үүснэ.
Дахин багийн засаг дарга болохын тулд багийн иргэдийн нийтийн хурлын сонгуульд багийн засаг даргад нэр дэвшиж, сонгуульд бусад иргэнтэй өрсөлдөн олонхийн санал авч, багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор багийн засаг даргад томилуулахаар уламжлагдан өргөн мэдүүлж, сумын засаг даргын захирамжаар томилж байж багийн засаг даргын сонгуульт ажилд жинхлэн томилогдож багийн засаг даргын бүрэн эрхийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлдэг.
Багийн засаг даргыг үргэлжлүүлэх гүйцэтгэж байсан байна гэж ...дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Жишээлбэл:
Дөрвөлжин сумын Онц багийн засаг дарга Э.Балжиннямаар жишээ авахад:
Э.Балжинням нь 2016 оны ээлжит сонгуулийн дараа болсон Дөрвөлжин сумын Онц багийн засаг даргад өрсөлдөн багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор уламжлагдан сумын засаг даргын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Б/39 тоот ажилд томилох тухай захирамжаар Онц багийн засаг даргаар томилогдон Монгол Улсын Үндсэн Хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн байна.
Улмаар Онц багийн засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь жинхлэн томилогдсоноос хойш 4 жил буюу 2020 оны 04 сарын 14-ны өдөр дуусч, сонгууль явагдаж дараагийн багийн засаг дарга томилогдох байсан боловч Ковид 19 цар тахлын улмаас сонгууль нь болохгүй хүлээгдэж байгаад сумын засаг даргын 2021 оны 3 сарын 15-ны өдрийн Б/06-ны өдрийн захирамжаар багийн засаг даргаас чөлөөлөгдөж, тэтгэмж авах эрх үүссэн. Мөн тус сумын засаг даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/07 тоот захирамжаар Онц багийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон буюу засаг даргаар томилогдох хүртэл хугацаанд түр томилогдсон.
Улмаар Онц багийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад Дөрвөлжин сумын засаг даргын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн Б/20 тоот Онц багийн засаг даргаар томилох тухай захирамжаар Онц багийн засаг даргын жинхлэн томилогдож уг хугацаанаас эхлэн 4 жилийн хугацаа хэрэгжиж эхэлсэн.
Энэ нь Онц багийн засаг даргаас 2021 оны 03 сарын 15-ны өдөр Онц багийн засаг даргаас чөлөөлөгдөж 2021 оны 04 сарын 22-ны өдөр дахин Онц багийн засаг даргаар томилогдсон болно. Энэ хоорондох 1 сар 7 хоногийн хугацааг багийн засаг даргаар ажилласан гэж үзэхгүй бөгөөд зөвхөн төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд засаг даргын үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэсэн үйл баримт болохоос засаг даргын 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд ордоггүй.
Анхан шатны шүүхээс засаг дарга нарыг засаг даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөөгүй, чөлөөлөгдсөн ч тухайн өдрөө засаг даргаар томилогдсон байна гэж дүгнэсэн үндэслэлгүй бөгөөд шууд багийн засаг даргад жинхлэн томилогдсон нэг ч иргэн байхгүй юм
Нэхэмжлэгч иргэнээс багийн засаг даргаас чөлөөлөгдсөн өдрөө түр (жинхлэн томилогдох хүртэл) томилогдсон
1. Тэлмэн сумын Нуур багийн засаг дарга Д. Пүрэвдорж,
2. Тэлмэн сумын шургах багийн засаг дарга Б. Дашдорж,
3. Дөрвөлжин сумын Онц багийн засаг дарга Э. Балжинням,
4. Дөрвөлжин сумын Цогт багийн засаг дарга В. Цэрэнбат,
5. Дөрвөлжин сумын Буурал багийн засаг дарга Р. Алзахгүй нар юм.
Харин 11 нэхэмжлэгч багийн засаг дарга нараас чөлөөлөгдсөн тухайн өдрөө дахин болон түр томилогдоогүй
1. Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий багийн засаг дарга Б. Батсүх,
2. Ургамал сумын Баян-Улаан багийн засаг дарга Л. Буянбат,
3. Тэс сумын Зүр багийн засаг дарга Д. Хэнчбиш,
4. Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг дарга Т. Лхагварагчаа,
5. Тосонцэнгэл сумын Хайрхан сумын засаг дарга Ц. Мягмарсүрэн,
6. Завханмандал сумын Олонбулаг багийн засаг дарга Б. Балжинням нар юм.
Тодруулбал:
1. Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий багийн засаг дарга Б. Батсүх нь Ургамал сумын засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/01 тоот захирамжаар тус сумын Хүнгий багийн засаг даргаас чөлөөлөгдөж, Улмаар тус сумын засаг даргын орлогчоор /нийтэд илэрхий болсон үйл явдал/ ажиллаж байгаад багийн засаг даргын сонгуульд өрсөлдөн тус сумын засаг даргын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/09 тоот захирамжаар Хүнгий багийн засаг даргаар дахин томилогдсон байдаг ба 6 сар тухайн засаг даргын ажлыг гүйцэтгээгүй байдаг.
2. Ургамал сумын Баян-Улаан багийн засаг дарга Л. Буянбат нь Ургамал сумын засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/01 тоот захирамжаар тус сумын Баян-Улаан багийн засаг даргаас чөлөөлөгдөж, тус сумын засаг даргын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/09 тоот захирамжаар Баян-Улаан багийн засаг даргаар дахин томилогдсон байдаг ба 6 сар тухайн засаг даргын ажлыг гүйцэтгээгүй байдаг.
3. Тэс сумын Зүр багийн засаг дарга Д. Хэнчбиш нь Тэс сумын засаг даргын 2021 оны 09 сарын 15-ний өдрийн Б/10 тоот захирамжаар тус сумын Зүр багийн засаг даргаас чөлөөлөгдөж, тус сумын засаг даргын 2021 оны 11 сарын 29-ний өдрийн Б/19 тоот захирамжаар Зүр багийн засаг даргаар түр томилогдсон байдаг ба 2 сар гаран хугацаанд тухайн засаг даргын ажлыг гүйцэтгэсэн тодорхойгүй байж байгаад 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад улмаар 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Зүр багийн засаг даргаар томилогдсон байдаг.
4. Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг дарга Т.Лхагварагчаа нь Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн Б/17 тоот захирамжаар тус сумын Улаантолгой багийн засаг даргаас чөлөөлөгдөж, 2 хоногийн дараа буюу 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн Улаантолгой багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дараагийн засаг дарга томилогдох хүртэл хугацаагаар түр томилогдсон байдаг ба сумын засаг даргын 2021 оны 05 сарын 17-ны өдрийн Б/22 тоот Улаантолгой багийн засаг даргаар томилох тухай захирамжаар жинхлэн томилогдож Монгол Улсын Үндсэн Хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн.
5. Тосонцэнгэл сумын Хайрхан сумын засаг дарга Ц.Мягмарсүрэн нь Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 03 сарын 18-ний өдрийн Б/17 тоот захирамжаар тус сумын Хайрхан багийн засаг даргаас чөлөөлөгдөж, 2 хоногийн дараа буюу 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн Хайрхан багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дараагийн засаг дарга томилогдох хүртэл хугацаагаар түр томилогдсон байдаг ба сумын засаг даргын 2021 оны 05 сарын 17-ны өдрийн Б/23 тоот Хайрхан багийн засаг даргаар томилох тухай захирамжаар жинхлэн томилогдож Монгол Улсын Үндсэн Хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн.
6. Завханмандал сумын Олонбулаг багийн засаг дарга Б. Балжинням нь Завханмандал сумын засаг даргын 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Б/09 тоот захирамжаар тус сумын Олонбулаг багийн засаг даргаас чөлөөлөгдөж, 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байж байгаад 2021 оны 11 сарын 08-ны өдрийн багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад өрсөлдөн олонхийн санал авч, сумын засаг даргын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн Б/21 тоот Олонбулаг багийн засаг даргаар томилон ажиллуулах тухай захирамжаар чөлөөлөгдсөнөөсөө хойш 5 сар гарангийн дараа дахин томилогдож Монгол Улсын Үндсэн Хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн байдаг.
Тэглээ ч 2020 оны Завхан аймгийн төсвийн төсөлд Завхан аймгийн 112 багийн засаг даргын тэтгэмжийг суулгаж, 2021 онд батлагдан аймагт хуваарилагдаж ирсэн буюу нэхэмжлэгч нарийн тэтгэмжийн мөнгө нь Завхан аймгийн засаг даргын тамгын газрын төрийн сангийн дансанд байгаа талаар хариуцагч талаас маргадаггүй. Тус тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч. Хүрэлбаатарын гэрчийн мэдүүлэгт маш тодорхой байдаг ба сонгууль хийсэн бол олгоно гэсэн хууль сануулсан гэрчийн мэдүүлэг байсаар байтал даатгуулагч өөрийнхөө ажилсан хугацааны туршид төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдэх ажилгүйдлын тэтгэмжтэй адилтган дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2017-2021 онд засаг даргаар ажиллаж байгаад сонгуулиар дахин өрсөлдөж багийн иргэдийн олонхийн саналыг авч дахин засаг дарга болсон нэхэмжлэгч нартай адилхан Их-Уул сумын 3 багийн засаг дарга болон Завханмандал сумын Олонбулаг багийн засаг даргаар улиран ажиллаж байгаа Б. Балжиннямд уг тэтгэмжийн мөнгө олгогдсон байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрт ...6 сарын цалинтай тэнцэх нийт 35,111,286 төгрөгийн тэтгэмж гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасган хэлэлцүүлсэн боловч тогтоох хэсэгтээ 42,913,794 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нэг нэхэмжлэгч 3,901,254 төгрөг буюу 11 нэхэмжлэгчийн 42,913,794 төгрөгийн нэхэмжилсэн ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Балжинням нь тухайн 3,901,254 төгрөгийг авсан байсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага 39,012,540 төгрөг болж багассан.
Гэтэл 10 нэхэмжлэгчтэй иргэний хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээр 11 нэхэмжлэгчийн ... тэтгэмж нэхэмжлэгч тус бүр 3,901,254 төгрөг буюу нийт 42,913,794 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл 11 нэхэмжлэгчийн 42,913,794 төгрөг гаргуулах 11 нэхэмжлэгчийн 1 нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 39,012,540 төгрөг гаргуулах тухай 10 нэхэмжлэгчийн хэргийг 42,913,794 төгрөгөөр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Завханмандал сумын засаг даргаар 2 удаагаа сонгогдож ажиллаж байгаа Б.Балжиннямын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар дүгнэлт өгөөгүй, Б.Балжинням нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг оруулж давхар бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Б.Балжинням нэхэмжлэгч өөрийн сайн дураар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2017 онд томилогдож 2020 оны 12 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс орлогч даргыг хавсран гүйцэтгэсэн. Орлогч даргыг хавсран гүйцэтгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр багийн даргаас чөлөөлөгдөж орлогч даргаар томилогдож бүтэн жил хийсэн. Буцаж багийн даргын сонгуульд өрсөлдөж багийн дарга болсон. Нийгмийн баталгаа хөтөлбөрийн хүрээнд 6-н сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 4-н жил болсон бол олгоно гэсэн заалтын хүрээнд аймгийн засаг даргад өргөдөл өгсөн. Өргөдлийн хариу ирэхгүй байсан учир шүүхэд хандсан. Бүтэн жил явсан байж тэтгэмжээ авч чадаагүй учир гомдолтой байна. Төсөвт суугдсан улсаас татдаггүй мөнгө учир бүрэн эрхийнхээ хүрээнд 4-н жил ажилласан учир тэтгэмж авах эрхтэй гэдэг утгаараа шүүхэд хандсан. Намын ялгаа гарсан уу яасан Их-Уул сумын багийн дарга нарт өгсөн гэж Тосонцэнгэл сумын багийн дарга нар барьцаад байгаа юм... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэ хууль 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаад 2021оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2020 оны ээлжит сонгууль буюу үүний санхүүжилт нь 2020 оны төсөв батлагдах үед орон нутгийн сонгууль болоогүй байсан. 2021 онд судалгаагаа өгөөд 2022 оны төсөвт энэ мөнгөнүүд орж ирсэн. 920.000.000 төгрөгийг орж ирсэн. Үүнээс бид нар аймгийн засаг даргын шийдвэрээр 780.000.000 төгрөг нь олгогдсон. Үлдсэн мөнгө нь орон нутгийн төсөвт зарцуулагдаагүй үлдэгдлээр Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн орлого руу буцаан татаж төвлөрүүлсэн. 2022 онд энэ үйл ажиллагаа явсан учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар нэгжийн удирдлагын баталгаа гэж байгаа сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол эрхэлж байсан албан тушаалын 6-н сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан байдаг. Шинэ хуульд засаг даргын бүрэн эрхийн хугацаа гээд түүн дээр нь 4 жил байна гэсэн зүйлийг заасан. Эдгээр хүмүүсийн зарим нь 2020 онд ковидын нөхцөл байдлын улмаас багийн дарга нарын сонгууль болоогүй ч гэсэн 2021, 2022 он хүртэл явагдсан. Үнэхээр чөлөөлөгдөөд ажилгүй болсон хүмүүст бид нар 6 сарын тэтгэмжийг нь олгосон. Их-Уул сумд 3-н багийн даргад олгосон гэж байгаа юм. Өнөө өглөө би Их-Уул сумын албаны хүнтэй холбогдсон. Нэг нь яах аргагүй ажилдаа буцаж ороогүй хоёр нь ажилдаа буцаж оорсон байгаа гэсэн. Эдгээр хүмүүс аймгийн засаг даргад өргөдөл өгсөн. Тэтгэмжийн мөнгийг өгчихвөл бид нар багийн даргын ажлаа хийхгүй гэдэг байдлаар өргөдөл өгсөн хэр нь тэтгэмжээ авангуутаа буцаад ажилдаа орсон асуудал байгаа юм. Миний хувьд шийдвэр гаргаж энэ хүнд нь өгнө энэ хүнд нь өгөхгүй гэдэг шийдвэрийг гаргадаггүй. Гүйцэтгэх алба тушаалын хүн. Бид нар улс төрийн албан тушаалтын судалгааг төрийн захиргаа удирдлагын хэлтсээр гаргуулж, ус төрийн албан тушаалын 116 багтай 24 сумын хурлын дарга, орлогч дарга хамрагдаж байгаа юм. Эдгээр хүмүүсийг ажилтай юу ажилгүй юу гэдэг тодорхой судалгаа авсны үндсэн дээр энэ хүмүүс нь ажилгүй байгаа юм байна. Энэ энэ хүмүүс нь багийн даргаар ажиллаж байгаа юм байна гэж муу үгүй юу гэд судалгааны үндсэн дээр эдгээр шийдвэрийг аймгийн засаг дарга гаргасан. Буцаад багийн засаг даргаар ажиллаж байгаа хүмүүст тэтгэмж олгохгүй гэдэг шийдвэрийг аймгийн дарга гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат Б.Батсүх, Л.Буянбат, Ц.Мягмаржав, Т.Лхагварагчаа, Д.Хэнбиш, Б.Балжинням нар нь хариуцагч Завхан аймгийн засаг даргад холбогдуулж, 9 багийн засаг даргаас сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөний улмаас тус бүр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний /3.901.254/ нийт 42.913.794 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Бид 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн чиг үүргийг анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа... Эдгээр багийн засаг дарга нар нь буцаад багийн даргаар томилогдсон багийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй болно. Ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Ийм учир тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат Б.Батсүх, Л.Буянбат, Ц.Мягмаржав, Т.Лхагварагчаа, Д.Хэнчбиш нар нь 2016-2020 оны сонгуулийн жилд Завхан аймгийн Дөрвөлжин, Тэс, Тэлмэн, Ургамал, Тосонцэнгэл сумуудад багийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр багийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байжээ.
Өөрөөр хэлбэл, Тус багийн засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/9 дугаартай сумын засаг даргын захирамжаар Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч Д.Хэнчбишийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай засаг даргын захирамжаар Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч Д.Дашдоржийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч Э.Балжиннямыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай сумын засаг даргын захирамжаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч Р.Алзахгүй нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай сумын засаг даргын захирамжаар Завхан аймгийн Дөрвөлжийн сумын Буурал багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч В.Цэрэнбатыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай сумын засаг даргын захирамжаар Завхан аймгийн Дөрвөлжийн сумын Цогт багийн засаг даргын үүрэгт ажлаас,
Нэхэмжлэгч Б.Батсүх, Л.Буянбат нарыг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/1 дугаартай сумын засаг даргын захирамжаар Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий, Баян-улаан багийн засаг даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгдсөн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.2, 3 дахь хэсэгт Баг хорооны засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд ...уг хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгож, ...баг хорооны засаг даргыг сум дүүргийн засаг дарга 4 жилийн хугацаагаар томилохоор заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нарын багийн засаг даргаар томилогдсон өдрөөс хойш дээрх хуульд заасан 4 жилийн хугацаа өнгөрч багийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан байсан байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг даргад тухайн ажлыг эрхэлсэн хугацаанаас үл хамааран нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор байна.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат Б.Батсүх, Л.Буянбат, Ц.Мягмаржав, Т.Лхагварагчаа, Д.Хэнчбиш нар нь бүрэн эрхийн хугацаа дуусч ээлжит сонгуулийн дүнд багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох болзол хангагджээ.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат Б.Батсүх, Л.Буянбат, Ц.Мягмаржав, Т.Лхагварагчаа, Д.Хэнчбиш нар нь тухайн орон нутгийн сонгуулиар дахин нэр дэвшиж, дахин багийн даргаар томилогдон ажилласан нь нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Э.Балжинням, Р.Алзахгүй, В.Цэрэнбат Б.Батсүх, Л.Буянбат, Ц.Мягмаржав, Т.Лхагварагчаа, Д.Хэнбиш нарт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байх үндэслэл биш юм.
Дээрх үндэслэлээр ...эдгээр багийн засаг дарга нар нь буцаад багийн даргаар томилогдсон багийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй болно...гэсэн үндэслэлээр тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааныг үйл баримтыг зөв тогтоогоогүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Засаг даргаас 39.012.254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, Д.Дашдорж, Р.Алзахгүй, Э.Балжинням, Б.Батсүх, Л.Буянбат, Т.Лхагварагчаа, Ц.Мягмаржав, Д.Хэнчбиш, В.Цэрэнбат нарт тус бүр 3.901.254 төгрөг олгосугай гэж
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Балжинням нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтыг 3, 4, 5, 6 гэж дугаарлаж , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Б.АРИУНБАЯР