| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0176/Э |
| Дугаар | 00189 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 00189
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч С.Б , Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б , Ц.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000000184 дугаартай, 163/2018/0176/э хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 сарын 09-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын 1-р баг Шарга багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн С.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, аав, дүүгийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын 2-р баг Баянзүрх багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Ц.Э
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Э , С.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Б 3 тооны адууг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1815000000184 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Л.Б өгсөн: 2018 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай хар азаргатай адууг тууж айлын хашаанд хашиж байгаад баригдсан талаар мэдсэн. Сайнбилэг гэдэг манай нутгийн айлын хүү С.Б гэдэг залуу тууж яваад Лхагвасүрэн гэдэг айлын хашаанд хашиж найз Ц.Э гэдэг залуутай хамт манай адуунаас ачиж байгаад баригдсан байсан. Манай хар азаргатай адуу нь манай нутаглаж байгаа “Зулай” гэдэг газар манай гэрээс 3-4 км зайтай ойрхон бэлчээрлэж байсан. Тэгтэл С.Б туугаад Баян-Агт сумын “Хүйс мандал” нэртэй газар буюу 20 км туугаад Лхагвасүрэн гэдэг айлын хашаанд хашсан байсан. Манай хар азаргатай адуу нийт 60 орчим тооны адуу байгаа. Манай адуунаас хүрэн алаг морь, хар морь, хээр морь барьсан байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Б.*******гийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бид нар гэртээ өнжсөн бөгөөд Ц.Э манай найз Мөнхбат мал ачаад өг гээд байна гээд 19 цагийн үед өөрийнхөө 27-73 БУЛ улсын дугаартай хөх өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан..., Ц.Э шөнө 03 цагийн үед ирсэн бөгөөд ирэхдээ сумын тамгын газрын дарга ******* даргад бичиг баримтаа хураалгасан. Мөнхбатын адуу биш юм шиг байна гээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Д.*******ын өгсөн:...Хануй гол дагасан замаар явж байгаад нэг жижиг хөтөл дээгүүр давж уруудахад бидний урд 1 км орчим зайд нэг гэрэл асч унтарсан. Уг гэрэл рүү очиход айлын хаваржааны хашаа байсан. Уг хаваржааны хашааны урд нэг ачааны машин зогссон байсан. Машин руу яваад очиход араас нь нэг хүн гарч ирсэн. Түүнийг харахад манай сумын Цэрэндондогийн хүү Ц.Э байсан. ******* түүнээс юу хийж явж байгааг асуухад “холдоогүй” гэж хэлсэн. Тэр үед зугтаж явсан мотоцикль буцаж ирсэн бөгөөд түүнийг харахад манай сумын Шарга багийн Сайнбилэгийн хүү С.Б байсан. *******, С.Б нар уулзаад тухайн хаваржаа руу орсон ба ******* хашаанд байсан адуунуудын зургийг авсан. Мөн ачааны машин дээр ачсан 2 адууны хээр зүстэй адуу нь машины өндөрлөгөө дээгүүр харайгаад буусан. Нөгөө адуу нь хүрэн зүстэй адуу байсан. Хаваржааны хашаа дотор хар зүстэй адуу бариад уясан байсан. ******* тэр хоёрын машины бичиг баримтыг авсан. ******* тухайн адуунуудыг хэний адуу болохыг асуухад С.Б манай адуунууд гэж хариулсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч М.Х*******гийн өгсөн: С.Б гэртээ байж байгаад 14 цагийн үед нэг хүн 5 адуу зарна гээд байна, уулзаад ирье гээд сумын төв рүү мотоцикльтойгоо явсан бөгөөд 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад адуу авахаар болсон гээд бугуйл ногт бэлдээд 17 цаг өнгөрч байхад явсан. С.Б хэлэхдээ хээр айлын адуу бугуйлдаж байгаад баригдсан гэж хэлсэн. Л.Б гэх айлын адуунаас барьж байгаад ******* даргад баригдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Гэрч Д.*******ын өгсөн: “... айлын хаваржааны хашаа байсан бөгөөд үүдэнд нь хөх өнгийн ачааны машин үүд рүү нь тулгаж тавьсан байдалтай байсан. Бид нарыг очих үед мотоцилкльтой хүн зугтаах шинжтэй хөдлөөд зүүн зүг рүү явсан. Бид нар очиж машиныхаа гэрлийг тусгаж урд нь хаагаад зогссон. Машины дээр 2 морь ачсан, хашаан дотор 1 морь уясан байсан. Би шууд очиж машиных нь түлхүүрийг сугалаад авах гэтэл нэг залуу хүрч ирсэн. Тэр залуу манай сумын Ц.Э байсан. Тэр хооронд нөгөө мотоцикльтой хүн хүрээд ирсэн. С.Б байсан. Би ямар учиртай адуу ачиж байгаа талаар С.Б өөс асуухад өөрийнхөө адууг ачиж байна гэж хэлсэн. Би машиных нь бичиг баримтыг авч, машин дээр байсан адуу болон ойр орчимд байсан адууны зургийг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Яллагдагч С.Б ийн өгсөн: ... Шарга багийн нутаг Баруун хөндий гэх газар руу явж Л.Б гэх хүний адуунаас нэг азарга адуу туугаад зүүн урагшаа Мандал гэх газар руу явсан..., Л.Б ынх Баруун хөдний гэх газар нутагладаг бөгөөд тэдний адуу гэрийнхээ ойролцоо бэлчээрт байсан..., Ц.Э рүү залгаж “би адуугаа тугаад явж байна, чи хүрээд ир” гэж хэлсэн. ... Адуугаа туугаад тэр хавьд хаварждаг Лхагвасүрэн гэдэг айлын хаваржааны хашаанд адууг хашиж байгаад бугуйлаар 3 адуу барьж хүрэн хээр зүстэй 2 адууг ачиж, хар адууг нь хашаан дотор уясан. Энэ үед машинтай хүмүүс ирсэн. ... Л.Б гэх айлын адуунаас хулгайлж ашиг олох зорилготой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Яллагдагч Ц.Э гийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Б над руу залгаад маргааш мал ачаад өгөөрэй гэж хэлсэн. Тэрээр айлаас адуу авах гэж байгаа гэж хэлсэн..., 14 цагийн үед би дахин залгаж асуухад одоо адуундаа явах гэж байна, адуугаа цуглуулаад чам руу ярья гэж хэлсэн. Надад хүний адуу гэдгийг хэлэхээр нь би хулгайн адуу гэдгийг ойлгосон бөгөөд түүнээс болох юм уу, баригдвал яах юм бэ гэхэд зүгээр, баригдвал би арыг нь даана гэж хэлсэн. ... С.Б бугуйлаар 3 адуу бариад хүрэн хээр хоёр адууг машин дээр ачсан, хар адууг хашаан дотор уясан гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-12 хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 14 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31, 33 хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47-48 хуудас/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх-ийн 55-56 хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Э , С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Б 3 тооны адууг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Л.Б , гэрч Б.*******, Д.*******а, М.Х*******, Д.******* нарын мэдүүлэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-56/ зэрэг болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Э , С.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хавтас хэргийн 60 дугаар талд авагдсан 01563664 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 27-73 БУЛ улсын дугаартай Bongo Frontier маркийн, хөх өнгийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Цэрэндондогийн Эрдэнэхүүгийн эзэмшлийнх болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27-73 БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Bongo Frontier” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э , С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27-73 БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Э , С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн С.Б , Т овгийн Ц.Э нарыг бүлэглэн бусдын мал хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн С.Б , Т овгийн Ц.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э , С.Б нарт зан үйлээ засах албадлагын арга хэмжээ тус тус авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Э , С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27-73 БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э , С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН