| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0194/Э |
| Дугаар | 00205 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 00205
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Г.Баяраа,
хохирогч Д.Г ,
шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0194/Э индекстэй, 1815001860217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, У овогт Д.М
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11-13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт өөрийн төрсөн эгч Д.Г гэрээс Lenovo брендийн хар өнгийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Г д 10002000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г өгсөн: Хохирол төлбөрөө барагдуулж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
1815001860217 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Г өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 11-13 цагийн хооронд өөрийн гэрээсээ албаны хэрэгцээнд ашиглаж байсан Lenovo брендийн хар өнгийн нөүтбүүк хулгайд алдсан. Гэрээсээ гарахдаа хаалгаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цоожоор цоожлоод гарсан. Миний дүү болох Д.М архи уусан үедээ манай гэрт ороод авчихсан байсан. Одоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч О.Үүрийнхаяагийн өгсөн: ...тухайн айлд намайг очиход Д.М гэх хүүхэн сууж байсан. Тэгээд удалгүй гараад яваад өгсөн..., ирэхдээ малгайтай цамцанд юм боочихсон байсан..., асуусан чинь миний нөүтбүүк байгаа гэж хэлж байсан..., би Мөнгөнцэцэгийг өөрийн гэртээ орж байгаа юм байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Яллагдагч Д.М ын өгсөн: 2018 оны 6 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Манай төрсөн эгч Д.Г гийн гэрийн ар тал руу 2 дах гудамжинд байдаг уоьд өмнө нь таньдаг байсан. Дөмөг дэлгүүрт ажилладаг Түвшөөгийн найз нартай юм ярингаа ганц хоёр пиво ууж хоносон. Маргааш өглөө нь найз Түвшөөгийн гэрт байж байтал гаднаас Үүрийхаяа орж ирсэн. Тэгээд Үүрийнхаяагийн хамт бид нар нийлж архи уусан. Тэгээд үдээс хойш нь Түвшөөгийн гэрээс гараад эгч Д.Г гийнд очиж хувцасаа солиод эргээд Түвшөөгийнд очих гээд гудамжны үзүүрт явж байтал миний араас Үүрийнхаяа мотоцикльтойгоо ирээд надаас дэлгүүрт барьцаанд тавьчих юм байна уу архи авах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь Үүрийнхаяад би эгчийндээ орлоо гэж хэлсэн чинь эгчийнд чинь барьцаанд тавьчих юм байна уу надад барьцаанд тавьж архи авчих дэлгүүр байгаа гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гэр лүү ороод хувцасаа солиод эгчийн гэрийн номын тавиур дээр байсан Нөүтбүүкийг аваад эгчийн гэрээс гараад Үүрийнхаяатай хороололд байдаг хүнсний дэлгүүрт очсон. Тэгээд Үүрийнхаяа нөүтбүүк аваад дэлгүүр орсон. Би гадаа нь хүлээж байсан. Үүрийнхаяа дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0,75 граммын архи, 2,5 литрийн Сэрүүн нэртэй 2 пиво авсан. Тэгээд ойр зуурын тамхи ундаа зэрэг зүйл авсан байсан. Тэгээд Үүрийнхаяа би таньдаг дэлгүүрээс өөрийн мөнгөөр авчихлаа. Маргааш ирээд нөүтбүүкээ авчихаарай гэсэн. Тэгээд Үүрийнхаяа бид 2 Түвшөөгийнд ирээд авсан зүйлсээ хэрэглэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуудас/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-36 хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11-13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3А хэсгийн 10-09 тоотод байрлах өөрийн төрсөн эгч Д.Г гэрээс Lenovo брендийн хар өнгийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Г д 1000200 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Г мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч О.Үүрийнхаяагийн мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Д.М нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.М д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д.М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН