Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00190

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Баяраа,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0179/Э индекстэй, 1815003490193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, тогооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д.М

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.М нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 1 давхарт байрлах жижүүрийн өрөөнд бусдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хохирогч О.Б өмчлөлийн Huawei mate-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Б 570000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1815003490193 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Б өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 70 жилийн ойн баяр наадамд дуулах гэж очоод тус сургуулийн 1 дүгээр давхарт жижүүрийн өрөөнд хоносон. Өглөө босоод утсаараа ярих гэтэл утас байхгүй байсан. Би утсаа өмднийхөө баруун халаасанд хийгээд орныхоо хөлд газар тавьсан байсан..., миний гар утасны хохирлыг Д.М гэдэг хүн барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.., би шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.*******: 2018 оны 09 дүгээр сарын эхээр манай ээж Д.М нь Сэлэнгэ сумын сургуулийн 70 жилийн ойн баяраар ангийхантайгаа уулзана гээд хөдөөнөөс сумын төв рүү явсан. Хэд хоногийн дараа хөдөө ирэхдээ Huawei гэсэн бичигтэй, мэдрэгчтэй гар утастай ирсэн. Тухайн үед ээж маань гар утсыг соёлын төвийн урдаас сургуулийн 70 жилийн ойн баярын үеэр олсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч С.Д өгсөн: О.Б г унтсаны дараа Мөнхбаяр, Галаа гэх хоёр багш орж ирчихээд явсан. М, Б эгч нар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

Гэрч М.Д өгсөн: О.Б  нь Huawei загварын утастай байсан...,  Дээгий эгч, Батбаяр багш, мөн нэг танихгүй эмэгтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Яллагдагчаар Д.М өгсөн:...бид хэдийг 2 дах архиа ууж байхад гаднаас Бгэдэг залуу орж ирсэн..., нэг мэдсэн чинь архиндаа тасраад өглөө сэрсэн..., Дорждэрэм,Б 2 надаас гар утас алга болчихсон байна чи авсан уу гэж асуухаар нь би аваагүй гэж хэлсэн..., жорлон гарахдаа халаасанд гар утас байгааг мэдсэн..., архи ууж өөрийн гэсэн жолоогүй болтлоо согтсон болохоор хүний гар утсыг авчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18-19 хуудас/, алдагдсан гэр утсанд хийсэн үүрэн телефоны сим картуудын дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 38-43 хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орчимд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 1 давхарт байрлах жижүүрийн өрөөнд бусдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хохирогч О.Б өмчлөлийн Huawei mate-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өөр хорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.М холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.       

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Д.М нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д. М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.М согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН