Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00192

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н т холбогдох эрүүгийн 1815001880136 дугаартай, 163/2018/0175/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Н   

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Н  нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт Ц.Б эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н ын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Дамиран гэх газарт хонио хариулаад явж байтал ******* ах утсаар залгаж манайд хүмүүс ирж бэр гуйж байна, чи эхнэртэйгээ хүрээд ир гэсэн. ******* ахынд очиж цай хоол идээд архинаас хоёр хундага татсан. Тэгээд хэсэг байж байгаад хонио эргүүлчихээд эргээд ирэхэд Ц.Б  ирчихсэн байсан. Тэгээд би сайн байна уу? гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Та яагаад дуугарахгүй байгаа юм бэ? гэхэд миний сайн мууг мэддэг хэн бэ? чи гэсэн. Тэгтэл Ц.Б ыг ******* гэх хүн гэрээс аваад гарсан. Хэсэг хугацааны дараа бие засах гээд гартал Уланбаяр, Ц.Б  хоёр юм яриад сууж байсан. Тэгээд би явж очоод Ц.Б аа манай ах чам шиг хулгайч биш шүү гэж хэлэхэд юу гээд байгаан бэ гэж уурлаад намайг заамдаад авахаар нь дээрээс нь дараад уначихсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.      

1815001880136 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Ц.Б өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэрээс саахалт айл болох *******ыд очсон. Энэ үед уг айлд цагаан өнгийн машинтай хүмүүс ирсэн. ******* бид хоёр уулзаад сууж байхад Оогоо миний ар талаас чулуугаар толгой руу нэг удаа цохьсон. Намайг Оогоо ална гээд байхаар нь би шууд мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Дашинчилэн сумын эмнэлэг орсон боловч цус тогтохгүй байсан учир Улаанбаатар хот рүү гэмтлийн эмнэлэг рүү явсан. Толгойн гавлын яс цууралттай, дотогшоо цөмөрөлттэй, цус харвалттай гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч С.*******ын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд *******ы гэрт Дархан-Уул аймгаас хүмүүс ирж хадаг тавьсан. Ц.Б  бид хоёр хургатай хонь манай хонитой нийлсэн талаар ярьж байтал Г.Н  ирээд чи юу гээд байгаа юм гээд түүнийг урдаас нь түлхсэн. Энэ үед Ц.Б  хойшоо унасан бөгөөд Г.Н  түүний дээрээс дарж унасан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч М.*******ийн өгсөн: Г.Н  Ц.Б ыг түлхэж унагасан бөгөөд үүнээс болж Ц.Б ын толгой нь хагарсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Ж.*******ы өгсөн: Гэрт байж байтал манай хүүхэд болох Бадамцэцэг “Аав Г.Н  ах Ц.Б  ахыг дараад уначихлаа” гэж хэлсэн. Би гараад харахад Ц.Б  босчихсон байсан бөгөөд хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Би Ц.Б ыг мотоцикль дээр нь суулгаад гэр рүү нь явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Д.*******ын өгсөн: ...гэрт нь орсон чинь Ц.Б  гэх хүн ганцаараа, түүний толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “Оогоо гэх хүнд зодуулсан” гэж хэлсэн. Би зодсон гэх Оогоо гэх хүнтэй уулзахад түүний эхнэр нь Оогоо Ц.Б  хоёр зодолдсон бөгөөд Оогоо Ц.Б ын толгойг чулуугаар цохьсон. Бид нар тэр хоёрыг салгаад Ц.Б  мотоциклио унаад явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №7001 дугаар: 1.Ц.Б ын биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 52 хуудас/,

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-15/, гэмтлийн талаарх эмнэлгийн баримтууд /хх-ийн 46-51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 101/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч  Г.Н  нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Ц.Б эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7001 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Н ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Г.Н ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Н ыг зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН