Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00191

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч, хохирогч Ч.Э, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1815003470199 дугаартай, 163/2018/0180/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Товогт Ч.Э

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, турбин машинист ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багт суух, Ж овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Э, Д.Б нар нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ч.Э: Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Баттөр: Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

1815003470199 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Д.Б өгсөн: “...Ч.Э, М.Ариунжаргал, Д.Амаржаргал, Ч.Эрдэнэсүх, мөн нэг танихгүй эмэгтэй хүн байсан. Би гэрт ороод хүмүүстэй мэндлээд гэрийн хойморын зүүн хэсэгт суугаад “За энэ гэрт юу болж байна, эзэнтэй айл шүү, үер туулсан айл биш дээ” гээд ууртай хэлсэн. Намайг аавын гэрт ороход үнэхээр заваан, шавар, шавхаатай байсан. Энэ үед Ч.Э гэрийн зүүн талын баганыг налж, над руу хараад сууж байгаад эвгүй үг хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Ч.Эий нүүр үү нэг удаа цохьсон. Би түүнийг заамдаад гэрээс чирж гаргасан бөгөөд энэ үед М.Ариунжаргал хүрч ирээд бид хоёрыг салгасан..., Ч.Э дахиад над дээр хүрч ирээд над руу дайрсан. Бид хоёр барьцалдаж, би Ч.Эийг заамдаж байгаад доороо оруулсан бөгөөд энэ үед надаас цус гоожиж хүмүүс хашгиралдсан. Миний толгойноос цус гоожоод тогтохгүй байсан..., 10 орчим оёдол тавьсан. ... Ч.Э над руу ирэхдээ гартаа ил барьсан зүйл харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Хохирогч Ч.Эийг өгсөн:...намайг унтаж байхад нэг хүн чанга хашгираад гэрт орж ирэхээр би босоод харахад Д.Б над дээр хүрч ирээд намайг үсдээд миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Би гэрээс гараад байж байсан чинь Д.Б араас гарч ирээд дахиад намайг үсдээд миний толгойн ар хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, мөн зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон..., би босож Д.Ба гэр рүү гүйж ороод гэрийн зүүн хэсэгт байрлах шүүгээн дээр байсан ногоон иштэй заазуурыг авч гадагшаа гарсан чинь Д.Б дахиад намайг барьж авч миний хоолойг боосон. Тэгэхээр нь би барьж байсан заазуурын иштэй хэсгээр Д.Б толгойн орой хэсэг рүү 3 удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Г.А өгсөн:“...Төрөө ах орж ирээд энд юу болж байгаа юм гээд л ууртай байсан. Норов ах унтаж байгаад дөнгөж босч гэрийн зүүн талын баганы хажууд сууж байсан. Норов ахыг Төрөө ах “Чи энд юу хийж явж байгаа юм” гээд толгой руу нь алгадсан. Норов ах нойрмог байсан учраас тоохгүй байсан. Би гэрээс нь гараад өөрийн гэр рүүгээ явж байтал хоёр ах гэрээс барьцалдаад, зодолдоод гарч ирсэн. ... Тэгтэл тэр хооронд Норов ах гартаа заазуур барьчихсан Төрөө ахтай зодолдож байсан..., Норов ах Төрөө ахыг заазуураар цохьсон юм шиг байсан. Төрөө ахын толгойны ар дагзнаас цус гарч байсан..., Төрөө ах Норов ахыг цамцаар нь боож байгаад газар унагаад нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Төрөө ах босохдоо Норов ахын толгой руу 1 удаа өшиглөсөн. Норов ахын зүүн шанаа нь хөхөрч, хавдсан байсан. Төрөө ахын толгойноос цус их гарч байсан болохоор би цусыг нь цэвэрлэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч М.А өгсөн: “...Тэр үед Ч.Э ах гэрийн зүүн хэсэг сууж байсан. Тэгтэл Д.Б ах хажуугаар нь гарахдаа Ч.Э ахын толгойд нь гараараа хүрээд хажуугаар гарч гэрийн хойморь хэсэгт суусан. Үүнээс болж тэр хоёр хоорондоо маргалдсан бөгөөд Д.Б ах Ч.Э ахыг үсдээд нүүр рүү нь 1 удаа цохьсон. Ч.Э ах босоход Д.Б ах барьж байгаад боогоод унагасан. ... Д.Б ах гэрээс гараад байж байсан чинь Ч.Э ах араас нь гарсан ба тэр хоёр Д.Батболд ахын гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байсан жижиг гэрийн хажууд муудалцаад байсан. Д.Б ах Ч.Э ахыг боож унагасан. Мөн л тэр хоёрыг салгасан. ... Жижиг гэрийн гадаа хүн аллаа гээд чанга хашгарсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд Д.Б ах, Ч.Э ах хоёр дээр очиход Д.Б ах Ч.Э ахыг нэг гараараа заамдаад, нөгөө гараараа Ч.Э ахыг барьж байсан заазуурны ир эсрэг талаас нь барьсан байдалтай байж байсан. Д.Б ахын толгойноос их хэмжээний цус гарч байсан. Би Ч.Э ахын барьж байсан заазуурыг булааж авч гэрийн баруун талд байсан Портер машины доогуур шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Д.А өгсөн:“...Д.Б ах Ч.Э ахыг шууд үсдээд толгой хэсэг рүү нь 1 удаа гараараа цохьсон. Мөн Ч.Эийг ахыг 3 удаа боож унагасан..., Ч.Э ах Д.Б ахын гар доогуур толгой руу нь заазуураар цохьсон. Үйл явдал их хурдан өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаар: 1.Д.Баттөрийн биед хуйханд шарх, зүүн доод зовхи, зүүн чамархай, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлд /хх-ийн 22 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаар: 1.Магадлуулагч Ч.Эийн биед зулайд няцарсан шарх, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, хувцас үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 хуудас/, заазууранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31-33 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Э, Д.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Э, Д.Б нар, гэрч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Э, Д.Б нар холбогдсон хэргийнхээ талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.       

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Иймд шүүгдэгч Ч.Э, Д.Б нарыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Э, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт утгах комисст даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Ч.Э, Жовогт Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Д.Б нарыг тус тус 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Ч.Э, Д.Б нар ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай. 

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал, ногоон иштэй заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН