Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00003

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Баяраа,

шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0003/Э индекстэй, 1815002100238 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт Булган аймаг, Баян-Агт сум Шарга 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ц  нь 2018 оны 06  дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд сургалтанд суух явцдаа хохирогч О.Э өмчлөлийн  “HUAWEI Y5”  загварын хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Э т 399000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц ын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Булган сумын засаг даргын тамгын газрын сургалтын зааланд сургалт болсон. Сургалт тараад хамгийн сүүлд гарахад хаалга талын сандал дээр хар өнгийн гар утас байсан. Тухайн үед би авч яваад маргааш нь эзэнд нь өгөх гэсэн боловч сургалтаас хоцорч ирээд хүмүүс гар утас алдсан гээд бөөн бужигнаан болсон байсан тул утсыг гаргаж өгч чадаагүй юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1815002100238 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Э өгсөн: “...Би өөрийн алдсан гар утсыг IMEI болон уг утсан дээр байгаа [email protected] хаягаар таньж байна. Мөн утасны зураг гэсэн аппелекейшин дотор миний болон гэр бүлийн зураг байсан. Дээрх шинж тэмдгээр өөрийн алдсан гар утсаа таньж байна. 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр сургалтын дараа хурлын зааланд Мягмар эмчтэй Б.Ц  ярилцаад зогсож байсан. Тэгээд намайг хурлын заалны үүдэнд байсан ус буцалгагч болон өөр бусад хурлын заалны үүдэнд үлдээсэн зүйлүүдийг цэгцлэх гээд гарахад Мягмар эмчтэй Цэрэндогор ярилцаад үлдсэн...Би Б.Ц  гэж хүнээс гар утасныхаа мөнгийг гаргуулж авсан...утас хуучирсан байхаар нь би алдсан утасныхаа оронд мөнгийг авъя гээд 400000 төгрөг нэхэмжилж 50000 төгрөгийг бэлнээр, 350000 төгрөгийг дансаар авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 хуудас/,

 

Гэмт хэргийн  талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12 хуудас/, таньж олуулах ажиллагаа явуусан тэмдэглэл /хх-ийн 13-15 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуудас/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-37 хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 06  дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд сургалтанд суух явцдаа хохирогч О.Э өмчлөлийн  “HUAWEI Y5”  загварын хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Э т 399000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч О.Э мэдүүлэг, алдагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуусан тэмдэглэл, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/189 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч О.Э болон Б.Ц ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Ц  нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ц т зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН