| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/00197/Э |
| Дугаар | 00210 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 00210
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Ж.А , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Ж.А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815003860218 дугаартай, 163/2018/0197/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Ж.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаль экологид 133380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А гийн өгсөн: Мөрдөн байцаалтйн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1815003860218 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Я.*******ын өгсөн: “... Ж.А надаас 2018 оны 11 дүгээр сарын 02-өдөр ой цэвэрлэгээний ажлаар түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэрнээс хойш дахин мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би Ж.А д өөрийнх нь харъяалах нөхөрлөл болох Өрхөтийн нөхөрлөлийн тусгаарлалтын хийсэн Халзан гэх газраас модоо бэлтгэх зөвшөөрлийг олгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч П.*******гийн өгсөн: “... Тэгсэн, манай нөхөр төрөл, саданы ******* гэдэг эгчдээ түлшний мод бэлтгэж, ачиж, Булган аймаг руу оруулж өгнө гэж хэлсэн юм байна лээ. Бид хоёр машинтайгаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* эгчийн мод бэлтгэж өгнө гээд Халзан гэх газар руу явсан. ... Машин цасанд суугаад явахгүй болохоор нь больсон. ... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цас арай гайгүй болсон байхад манай нөхөр ******* эгчийн модыг ачиж өгөхгүй бол болохгүй гээд бид хоёр 12-13 цагийн үед гэрээсээ гарч Халзан гэх газар руу очиж 4 ширхэг хуурай мод унагаж машинд ачсан. ... Бид хоёр 21 цагийн үед мод бэлтгэж, ачиж дуусгаад уулнаас буусан. ... Шөнө нөхөр маань над руу залгаад машин журмын хашаанд хийчихлээ гэж хэлсэн. Манай нөхөр Я.*******оос 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан, харин 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мод бэлтгэхээр явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Ц.*******ын өгсөн: “... Ж.А таньдаг хүмүүст мод бэлтгэж зардаг. ... Би эгч нь түлшний мод авна шүү, мод авч ирж өгөөрэй гэж хэлсэн. ... Эхний ээлжинд өвөлжөөндөө буусан, цас орж хугацаа хэтрүүлчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Г.*******ийн өгсөн: “... ****БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байхаар нь 7034102 дугаар руу мэдэгдэж тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Ж.А г 102-т үүрэг гүйцэтгэж байсан ерөнхий жижүүр хошууч Ш.Батхөлөгт хүлээлгэн өгсөн. ... Ууланд цас ихтэй, машин явах боломжгүй байсаар байгаад хугацаа хэтэрчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Ж.А яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...тэр өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад ууланд очсон. Би уулнаас нийт 4 ширхэг хуурай мод унагааж машиндаа ачсан...мод бэлтгэж дуусаад нэлээд оройтож 21 цагийн үед модоо машиндаа ачиж дуусган уулнаас буусан...Тэгээд явж байгаад 23 цагийн үед 18-тын давааны дор засмал зам дээр цагдаагийн эргүүлтэй тааралдаж машинаа журамлуулсан...мод бэлтгэх эрхийн бичгээ сунгуулж чадаагүй. Тэгээд эгчдээ модыг нь дөхүүлж өгнө гээд 180000 төгрөг авчихсан байсан болохоор аргагүй хугацаа нь дууссан эрхийн бичгээр мод бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-8 хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 хуудас/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 12 хуудас/, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 хуудас/, хохирлын үнэлгээ /хх-ийн 45 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 хуудас/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 78 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаль экологид 133380 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.А гийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 133380 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 400140 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч бэр эгч болон түүний охины эзэмшилийнх, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолын хүчингүй болгож шүүгдэгчид буцаан олгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч хавтас хэргийн 71 дугаар талд авагдсан №00931023 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ****БУЛ улсын дугаартай Портер маркийн, хөх өнгийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ж.А гийн эзэмшилийнх болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”..., мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.А гийн гэмт хэрэг үйлдэж олсон олсон 44 ширхэг 2.6 метрийн урттай шинэс төрлийн мод,, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ****БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Ж.А г зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч
Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.А гийн гэмт хэрэг үйлдэж олсон 44 ширхэг 2.6 метрийн урттай шинэс төрлийн мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ****БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН