Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/0013

 

...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газар,

тус газрын Кадастрын хэлтэст тус тус

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                Х.Батсүрэн,

                                                М.Батсуурь,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах, Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01ий өдрийн 128/ШШ2020/0452 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01ий өдрийн 128/ШШ2020/0452 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “...” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ... ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ... ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах, тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031, XV-13211 тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дүгээр магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч “...” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын XV-140318 Х-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газар уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “... ХХК-д тусгай зөвшөөрөл бүхий талбайг олгох эсэх, энэхүү эрх нь Засгийн газарт байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нөхөн олговор буюу тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүйцэх газар олгогдох эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн олгох эрх хэмжээ нь Засгийн газарт хадгалагдаж байгаа бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Агентлаг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор агентлаг нь шууд харилцах хуулийн зохицуулалттай байна. Харин “...” ХХК нь шууд Засгийн газарт нөхөх олговорт талбай авах талаар хүсэлт тавьж шийдвэрлүүлэх хууль зүйн боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар Засгийн газартай харилцах талаар зохицуулсан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэлгүйгээр шууд хийсвэрээр дүгнэж, яагаад Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газарт хүсэлт уламжлах хууль зүйн боломжгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

6. Хоёр. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухайд: Нэхэмжлэгч “...” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын ХV-140318, XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж шаардлага гаргасан ба харин талбай дүйцүүлэн олгохыг даалгах гэж маргаагүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан. Харин давж заалдах шатны шүүхээс “...дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэж буйгаар тусгай зөвшөөрлүүдийг тусгай хамгаалалтад авснаар түүнтэй дүйцэх талбайг олгуулах тухай Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газарт уламжилж болох боловч талбай олгох эсэх асуудал нь Засгийн газрын бүрэн эрх байна”, мөн “...... ХХК-д тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхий талбайг олгох эсэх, энэхүү эрх нь Засгийн газарт байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нөхөн олговор буюу тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүйцэх газар олгогдох эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дараагийн үр дагаварт буюу Засгийн газрын шийдвэр хэрхэх талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар талбай дүйцүүлэн олгох талаар хүсэлтийг Засгийн газарт уламжилж болно гэж үзсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх ёстой атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад нөлөөлсөн ба шүүхийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилтэй байгаа болох нь илэрхий харагдаж байна. Нэхэмжлэгчээс Засгийн газарт өмнөх талбайд дүйцэх талбай олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаагүй харин Ашигт малтмал, газрын тосны газраас энэ талаар Засгийн газарт зөвхөн уламжилж өгөөч ээ гэж нэхэмжлэл гаргасан байтал Засгийн газар талбай олгох эсэх нь тодорхойгүй гэж дараагийн үр дагавартай хольж хутган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

8. “...” ХХК нь 2008 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр зохих ёсоор төлж, хайгуулын талбайд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажилласан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэгжих ёстой атал давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч компани цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн хохирол хүлээхэд хүрч байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар талбай дүйцүүлэн олгох талаар хүсэлтийг Засгийн газарт уламжилж болно гэж үзсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх ёстой. ...Нэхэмжлэгчээс Засгийн газарт өмнөх талбайд дүйцэх талбай олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаагүй, харин Ашигт малтмал, газрын тосны газраас энэ талаар Засгийн газарт зөвхөн уламжилж өгөөч ээ гэж нэхэмжлэл гаргасан байтал Засгийн газар талбай олгох эсэх нь тодорхойгүй гэж дараагийн үр дагавартай хольж хутган шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “...” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 867, 868 дугаар шийдвэрээр, “...” ХХК-ийн 2008 оноос хойш эзэмшиж байсан, Дорноговь, Сүхбаатар аймгийн Өргөн, Баяндэлгэр сумын Хартан-Овоо нэртэй газарт орших 12917 га талбай бүхий XV-014031, Дорноговь аймгийн Өргөн сумын “Хар чулуут” нэртэй газарт орших 10950 га талбай бүхий ХV-013211 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, ХV-013211 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгуулан, үйл ажиллагаа явуулж байжээ.

12. Гэвч Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Өргөн сумын Аргалын уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байх ба эдгээр тогтоолд заасан солбицолд нэхэмжлэгч компанийн ХV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

13. Харин, нэхэмжлэгч “...” ХХК-иас “...газрыг тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор тус компани 2017 оноос хойш ямарч үйл ажиллагаа явуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөх олговор авах хүсэлтийг хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон тус аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа гаргасан боловч орон нутгийн зүгээс олгох боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. ...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болохын хувьд хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй...” гэж марган, Ашигт малтмалын хайгуулын XV-014031, XV-013211 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эсвэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохоор заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

15. Давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч ... ХХК-д тусгай зөвшөөрөл бүхий талбайг олгох эсэх, энэхүү эрх нь Засгийн газарт байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар нөхөн олговор буюу тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүйцэх газар олгогдох эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорт дүйцэх талбай олгуулахаар Засгийн газарт уламжлахыг даалгасан нь үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...9.1.13. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан.           Хуулийн энэхүү заалтаас үзвэл, Засгийн газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлсэн тохиолдолд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр, хуульд тусгайлан заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болохыг зохицуулжээ.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт, хуулийн дээрх зохицуулалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулах асуудлыг Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэх чиг үүрэг хуулиар олгогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагын, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна.

18. Харин, нэхэмжлэгч “...” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Өргөн сумын Аргалын уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсантай холбогдуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, нөхөх олговор авах, улмаар хохирол гаргуулах асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу тухайн шийдвэр гаргасан орон нутгийн захиргааны байгууллагад, улмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна.

19. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан “Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-014031, XV-013211 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг 2 шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.  

20. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02ы өдрийн 514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА