Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 30

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: иргэн Боржигон овгийн Намхайн Хишигсүрэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, Рашаант 7 гудамж 64 тоотод оршин суух (регистрийн дугаар: ЙЮ86020915);

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох;

Гуравдагч этгээд: иргэн Хүүхэн бор овгийн Банзрагчийн Оюунболд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж 1 гудамж, 64 тоотод оршин суух (регистрийн дугаар: ЙЮ78040608);

 “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Хишигсүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах, гуравдагч этгээд Б.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын      21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” –ыг хүссэн.   

Шаардлагын үндэслэл: “Миний бие Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сар хүртэл Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн, 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл Арвайхээр сумын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2016 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтуудад хамрагдаж байсан. 2016 оны Улсын Их хурал болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар шинэчлэгдэн байгуулагдсан Засгийн газар Хөдөлмөрийн яамыг, хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нийлүүлж нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам болгосноор тус хэлтэс Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар нэртэй болон өөрчлөн байгуулагдсан. Уг газар байгуулагдан бүтцийн өөрчлөлт хийгдэн Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг нийлүүлж нэг ажлын байр болсонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалыг тус тус үндэслэн намайг төрийн албанаас чөлөөлсөн. Уг заалт нь хууль бус учир тухайн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү”[2] гэжээ.  

Хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл: “Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын ... хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоо нэг байхаар батлагдсан. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны А/17 дугаар тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтцэд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хоёроор батлагдаж тус орон тоон дээр Н.Хишигсүрэн, Б.Оюунболд нарыг томилсон байдаг. Эндээс харахад шинээр байгуулагдсан ХХҮГ-т хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрсөн байгаа юм. Иймд томилох эрх бүхий албан тушаалтан миний бие Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалт буюу орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Б.Оюунболд, Н.Хишигсүрэн нарыг тус тус чөлөөлж, мөн заалтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлага, уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын туршлага, ур чадварыг нь харгалзан Б.Оюунболдыг тус албан тушаалд томилсон болно”[3] гэж,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбартаа[4]: “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын VIII багийн 41-4 тоотод оршин суугч Намхай Хишигсүрэн нь Өвөрхангай аймгийн Захиргааны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэлт шаардлагадаа Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахын 2016 оны Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай дурьджээ. Үүнд хариуцагч миний бие доорх тайлбарыг хүргүүлж байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтаар "... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" хэмээн зохицуулсан. Энэ заалтын хүрээнд томилох эрх бүхий албан тушаалтан миний бие Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Албан тушаалтын тодорхойлолт боловсруулах заавар"-ын 7-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж Б.Оюунболд, Н.Хишигсүрэн нарын албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаад баримт бичгийн түвшинд шинжилгээ хийж Б.Оюунболдыг шалгаруулан энэхүү ажлын байранд томилсон тул Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахын 2016 оны Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэл: “Банзрагч овогтой Оюунболд миний бие нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Ам бүл 5 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын III сургуулийг 1996 онд, МҮДСургуулийг Эрх зүйч мэргэжлээр 2004 онд төгссөн. 2005 оноос одоог хүртэл төрийн албанд 11 жил, үүнээс аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн даргаар 2 жил, хөдөлмөрийн салбарт 7 жил, сүүлийн 3 жилд нь Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр мэргэшиж ажиллаж байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдаж 2013 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 07дугаар сарын 06-ны өдрөөс ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны Б/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, бүтээмжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан. 2013 оноос хойш Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд үе шаттайгаар хамрагдажмэргэшсэн ба төрийн захиргааны дэс түшмэлийн дөтгөөр зэрэгтэй албан хаагч юм. Энэ хугацаанд хөдөлмөрийн харилцааны хөдөлмөрийн маргаан, бүтээмж, норм норматив, ХАБЭА-н чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, сургалт, сурталчилгаа өгч ажиллаж байна.2013 онд гаргасан ХАБЭА-н асуудал хариуцан ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөлгүй 2016 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан. Засгийн газрын 2016 оны 08 дугаарсарын 03-ны өдрийн 09 дугаартогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, бүтэц орон тоо шинээр батлагдсан. Дээрх бүтцээр Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоо нэгээр батлагдсан тул миний бие ажлын туршлага, ур чадвар, ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг, илүүтэй хангаж байсан тул Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон гэж үзэж байна”[5] гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын     03-ны өдрийн “Аймгийн засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны дрөийн Б/37 дугаар тушаалаар[6] Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нэгдэн Хөдөлмөр, халамжийн газар болж бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад дурьдсан нэр бүхий 32 ажилтан, албан хаагчид /14-т Б.Оюунболд - Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж хариуцсан мэргэжилтэн, 16-д Н.Хишигсүрэн – Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн/[7]-ыг 2016.08.17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулдсан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлж шийдвэрлэжээ.  

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, өөрчлөн байгуулагдан албан тушаалын орон тоо нь цөөрсөн тул  Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хишигсүрэнг 2016.09.23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Ийнхүү чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016.08.01-ний өдрийн 5/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэжээ.[8]

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/04 дүгээр тушаалаар[9] Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, өөрчлөн байгуулагдан албан тушаалын орон тоо нь цөөрсөн тул  Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Б.Оюунболдыг 2016.09.23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилжээ. Б.Оюунболдыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын туршлага, ур чадварыг нь харгалсан гэжээ.[10]

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтаар[11] Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталжээ. Уг хавсралтын 15-д Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоог 1 байхаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтэст харьяалуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж хуульчлан заажээ.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дахь заалтаараа “... Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.

Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.

Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж нарийвчлан дэлгэрүүлэн тайлбарлажээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын  15.1.2-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэжээ тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нь Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, гуравдагч этгээд Б.Оюунболд нь Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж хариуцсан мэргэжилтнээр Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бол шинээр байгуулагдсан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоонд “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн” 1 байхаар[12] тусгагдаж батлагдсан байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтыг шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэний албаны байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд тэдний хэн алины ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр бий болсон ажлын байр болох Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод адил тэнцүү хадгалагдан үлдсэн байх төдийгүй хэргийн оролцогчид үүнтэй маргахгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Н.Хишигсүрэн, гуравдагч этгээд Б.Оюунболд нарын ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр цөөрч 1 болж бий болсон ажлын байранд тэдний хэн алиныхан чиг үүрэг “хэвээр” хадгалагдаж байхад “... Б.Оюунболдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын туршлага, ур чадварыг нь харгалзан” гэх үндэслэлээр түүнийг шууд шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүйн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу орон тоо цөөрсөн тул уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой байжээ.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг дэлгэргүүлэн тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “... Мөн хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсний дагуу хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгох ёстой болохыг хууль тогтоомжид маш тодорхой хуульчлан зааж өгчээ.

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэнгийн нэхэмжлэл үндэслэлтэй байх боловч түүнийг шүүхээс шууд шинээр бий болсон шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж, “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын      21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах[13], ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж дүгнэж байна.  

Учир нь түүнтэй өрсөлдөхүйц буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь мөн адил хадгаладан үлдсэн гуравдагч этгээд Б.Оюунболд, мөн нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нар дээрх хууль тогтоомжид заасны дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгох тухай асуудал л хуулийн дагуу яригдах хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн, гуравдагч этгээд Б.Оюунболд нарын хэн нь шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлагыг буюу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй байна.

Иймээс үүнийг мөн нарийн чанд нягтлан шалгаж томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг хариуцагч албан тушаалтан сонгох ёстой болох нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна.

Иймд хэн нь илүү шаардлага хангасан болохыг шүүхээс шууд тодруулах боломжгүй байх тул хариуцагч албан тушаалтан нь чухам хэн нь илүү шаардлага хангасан болохыг хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болгож байж сая томилож уг маргаантай асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж шүүхээс дүгнэлээ.     

Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” ёстой болохыг хуульчлан заасан байна.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь хууль тогтоомжид нийцэх төдийгүй шударга шийдэл болно гэж үзлээ.   

Харин нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж, нэхэмжлэгчдийн хүслээр шийдвэрлэх нь гуравдагч этгээд Б.Оуюнболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, өрөөсгөл, бодит бус дүгнэлт болохоор байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу ““Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий Н.Хишигсүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/Ш32016/0077 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Б.СУГАР

 


[1] Нэхэмжлэгч нь 2016.10.20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” гэж тодорхойлсон байна. Харин тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахгэж нэмэгдүүлжээ. Хавтаст хэргийн 1-2,  33-34 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 1-2 дахь тал.

[3] Хавтаст хэргийн 21-22 дахь тал. Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 86 тоот албан бичиг.

[4] Хавтаст хэргийн 36 дахь тал.

[5] Хавтаст хэргийн 37 дахь тал.

[6] Хавтаст хэрргийн 69-72 дахь тал.

[7] Хавтаст хэргийн 71 дэх тал.

[8] Хавтаст хэргийн 5 дахь тал.

[9] Хавтаст хэргийн 52 дахь тал.

[10] Хавтаст хэргийн 52 дахь тал.

[11] Хавтаст хэргийн 29-30 дахь тал.

[12] Хавтаст хэргийн 29-30 дахь тал.

[13] Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагыг нэмэгдүүлсэн гаргасан болно. Хавтаст хэргийн 33 дахь тал.