Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1249

 

 

 

“Дестинейшнь Монгол" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 76 400 949 төгрөг гаргуулах тухай үндсэн, 62 554 500 төгрөг гаргуулах болон 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбулганы гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани туслан гүйцэтгэгчээр “Дрийм энд бест проперти” ХХК-ийг сонгосон. Тус компани нь гадна фасад, дээврийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр болж тухайн компанийн ирүүлсэн үнийн саналаар буюу 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 017/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 172 980 850 төгрөгийн төсвөөр, мөн өдөр 018/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээврийн угсралтын ажлыг 37 433 000 төгрөгийн төсвөөр тус тус гүйцэтгэхээр болсон. Ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгосон боловч 2011 оны халаалтын улирал эхлэх үед гадна фасад болон дээврийн угсралтын ажил бүрэн дуусаагүй, хийгдсэн ажил үр дүнгийн доголдолтой байсан тул манайхаас ажлаа дуусгах, ажлын доголдлоо арилгахыг шаардсан ч тэд ажлаа зогсоосон. Энэ үед манайх өөрсдийн болон “Дрийм энд бест проперти” ХХК-д ажиллаж байсан хэсэг ажилчдаар гадна фасадны ажлыг үргэлжлүүлэн хийлгэсэн ч бүрэн дуусгаж чадалгүй 2012 оны дулааны улирал эхлэх үед гүйцээж хийхээр 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Дрийм энд бест проперти” ХХК-ийн захирал Т.Эрдэнэбулгантай хэлэлцэн тохиролцсон.

Дээврийн үлдэгдэл ажлыг тус компанид хариуцан гүйцэтгүүлж байсан А.Батсанаатай тохиролцон үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан. Гэвч фасадны гадна эмульс өнгө зөрсөн, барилгын төмөр шатыг ханатай бэхэлсэн хэсгээс 15см х15см хэмжээтэй 77 ширхэг нүхийг бөглөөгүй, 13-14 давхрын хэсэг, 2 болон 14 давхарт хийгдсэн гоёлын хөмсгөнд цагаан эмульс хийгээгүй, 2012 оны 05 дугаар сараас эхлэн орсон борооны ус дээврээр нэвчсэн зэрэг доголдлууд илэрсэн. Доголдлыг арилгуулахаар тус компанид 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албан бичиг хүргүүлснээр нэмэлт ажил гүйцэтгэж 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр актаар хүлээлцэн, дахин доголдол илэрвэл арилгуулахаар тохиролцсон ч 2013 оны 05 дугаар сард борооны ус дээврээр дахин нэвчиж, компанийн захирал Т.Эрдэнэбулганд мэдэгдэхэд  өөрөө арилгавал дахин доголдол үүсч магадгүй учраас өөр этгээдээр доголдлыг арилгуулах санал, хүсэлт тавьж доголдлыг арилгахад гарсан зардлыг төлөхөөр тохирсон. Манай компани тус компаниар гадна фасадны ажлыг гүйцэтгүүлэхдээ гэрээний үнийн дүн болох 172 980 850 төгрөгөөс 103 788 000 төгрөгийг 1 м.кв-ыг 1 750 000 төгрөгөөр үнэлэн орон сууц бартер хэлбэрээр төлөхөөр гэрээнд тусгасан төдийгүй үүнийгээ баталгаажуулж 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл Т.Эрдэнэбулган нь ажлаа бүрэн дуусгаагүй байж иргэн Ш.Төмөрт орон сууцаа шилжүүлэн өгч, орон сууцны үнийн тодорхой мөнгийг авч төлбөр тооцоог будлиантуулснаас гадна дээвэр болон фасадны ажилд нэмэлт санхүүжилт шаардсанаар тухайн компанийн хийгдэж буй бүх ажлын төлбөр тооцоог нэгтгэн бодож, тус компаниас манайд 27 195 100 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирч 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гурвалсан гэрээг байгуулсан.

Иймд фасад, дээвэр, гараашийн дээврийн ажлаас үүдэлтэй 27 195 100 төгрөг, 10 сарын хүү 5 439 020 төгрөг, гадна фасадны дутуу ажлыг гүйцээж хийхэд шаардлагатай 5 129 456 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 22 922 349 төгрөг нийт 60 685 925 төгрөгийг гаргуулахаар шаардаж байсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа 15 715 024 төгрөгөөр нэмэгдүүлж 76 400 949 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Дестинейшнь Монгол” ХХК-тай барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр 017/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдөр дээврийн угсралтын ажил гүйцэтгэх 018/011 тоот гэрээг тус тус байгуулсан. Гадна фасадны ажлыг 172 980 850 төгрөгөөр гүйцэтгэх, уг үнийн дүнгээс 103 788 000 төгрөгт 99.77 м.кв орон сууц оролцуулж бартер хэлбэрээр, үлдэх хэсгийг бэлнээр шилжүүлэхээр тохиролцон ажлыг эхлүүлсэн. Ажлын эхний үед захиалагч нь гүйцэтгэлийн зарим төлбөрийг шилжүүлсэн. Манайх гараашийн дээврийн цутгалтын ажлыг хийсэн. Гэтэл уг ажлын үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй, мөн II-III үе хар цаас хийх ёстой гэж маргасан тул 2011 оны 09-10 дугаар сард уг ажлыг түр зогсоож байгаад гараашийн дээврийн ажлаа үргэжлүүлэн хийж бүрэн дуусгасан. Гэрээгээр захиалагч нь цонх хаалга суулгаж, фасадны ажил явуулахад шаардагдах нөхцөл буюу стандарт хангасан шат, дүүжин зэргээр хангах ёстой боловч бүрэн хангаагүй, мөн барилгын цонх суулгалт дуусаагүй, барилгын цутгалт хэмжээ нормын дагуу хийгдээгүй зэргээс шалтгаалж фасадны ажил удааширсан. Манай компани нь ажлаа хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд өөрсдийн зардлаар шат дүүжинг угсарч, ажлаа хэвийн явуулахад шаардагдах нэмэлт зардлыг захиалагчаас хүсэхэд өгөөгүй. Манай компани санхүүжилт босгон ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд 1 м.кв-ыг 1 750 000 төгрөгөөр тооцон захиалагчаас бартераар авсан орон сууцаа иргэн Ч.Солонго /нөхөр нь Ш.Төмөр/-д 1 м.кв-ыг 1 590 000 төгрөгөөр бодож нийт 86 000 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр цааш нь үргэлжлүүлэн ажлаа явуулсан. Үүнийг захиалагч зөвшөөрч гэрээг баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн дарамталснаар манайх гурвалсан гэрээг байгуулсан. Барилгын материалын зардал 2 000 000 гаруй төгрөг ороод нийт 24 000 000 төгрөгийг 4 сард төлнө гэсэн бичгийг нэхэмжлэгчид бичиж өгсөн шалтгаан бол гурвалсан гэрээтэй холбоотой. Хариуцагч нь 3-4 давхар, 4-8 давхрыг тус тус өөр өөр 2-3 компаниар дээврийн ажлыг хийлгэсэн. Барилгын гадна фасадыг хийх хугацаа сунжирсаар хүйтний улирал эхлэн, -10 градусаас дээш хэмийн хүйтэнд захиалагчийн хүсэлтээр гадна фасадны ажлыг хийсэн нь доголдол үүсэхэд нөлөөлсөн. Гадна фасадыг манай компани хийхгүй орхисны дараа захиалагч 2-3 хүмүүсээр хийлгүүлсэн боловч өнгө зөрүүлсэн, нүх гаргасан, хийж чадахгүй байна, барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн юм,зардалд 5 000 000 төгрөгийг өгнө гэхээр нь манайх 2011 оны 12 дугаар сараас 2012 оны 01 дүгээр сарын хооронд 14-20 хоног уг ажлыг хийж дуусгаад Улсын комисст 2012 оны 03 дугаар сард хүлээлгэн өгснөөс хойш дээрх зардлаа нэхэмжлэхэд манайд өгөөгүй.

Дээврийн ажлыг хамгийн хямд өртгөөр 37 433 000 төгрөгөөр хийх санал тавьсан. Үнийн санал тавьж дээврийг хийхдээ 10 см зузаантай, 20 С-ээс дээш нягтралтай хөөсөнцөрөөр хийхээр санал оруулсан. Манайхаас гаргасан зураг төслийн дагуух саналыг эднийх зөвшөөрч хийлгэсэн. Уг ажлыг хийх явцад зураг төсөл гүйцэтгэсэн компаниас 10 см хөөсөнцөрийг 20 см болгох шаардлага тавьсан. Дээврийн ажлын өртөг 37 344 000 төгрөг гэж санал өгсөн үнийн дүнд багтаах ёстой. Захиалагчийн саналын дагуу хийснээр нэмэлт зардал болох 8 000 000 төгрөгийг захиалагч мөн адил өгөөгүй. Гэрээнд хөөсөнцөрийн хэмжээг тодорхойлоогүй. Дээврийн ажил үндсэн өртгийн дагуу хийгдээгүй болно. Манай компани 20 000 000 гаруй төгрөгөөр засварласан. Манайх хөөсөөр дулаалах үүрэгтэй. 1-14 дүгээр давхрыг дулаалж, будах ёстой боловч манайх 13, 14 дүгээр давхраас цагаан будгийг хийж эхэлсэн. Нэхэмжлэгчийн  22 922 349 төгрөгийн шаардлага үндэслэлгүй. Захиалагч өөрөө хэвтээ цонхнууд хийсэн ба цонх, усны хаялга зэргийг өөр өөр компани хийсэн. Үүнээс их хэмжээний ус гоождог байсан. Түүнчлэн захиалагч манай компанийн хийсэн дээврийг өөр гүйцэтгэгчид хандан бүхэлд нь өөрчилж, уг зардлаа манайхаас нэхэмжилсэнийг хариуцах үндэслэлгүй юм. Манайх гараашийн дээврийг хийгээд 8 дугаар сард 2 үе хар цаас наасан байсан. Гэтэл маргааш нь ирэхэд уг цаас хууларсан байсан. Учир нь захиалагчаас гараажийн дээвэр дээр 50-60 тн хүнд даацын машинаар элс, хайрга зөөснөөс гараашийн дээврээс ус гоожих нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Төмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд “Дестинейшнь Монгол” ХХК-ийн барьж буй “Хатан” байр орон сууцыг худалдаж авахаар болсон. Тухайн үед уг байрны борлуулалтыг хариуцан ажиллаж байсан “Мастер пропертис” ХХК-ийн ажилтантай уулзаж,”Хатан” байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотыг сонгон өөрийн нэр дээр бүртгүүлж баталгаа болгон 300 000 төгрөгийг тус компанийн дансанд тушаасан. Бидний авах байрнаас 5 000 000 төгрөгөөр хямд байсан. Ингээд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Энэ хоёр компанийн хоорондын зөрчлийг мэдэхгүй. Миний бие “Дестинейшнь Монгол” ХХК-д мөнгө хэрэгтэй гэсэн үед 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр 22 622 500 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 000 000 төгрөг, нийт 90 622 500 төгрөг шилжүүлсэн. Т.Эрдэнэбулганд бэлнээр 85 000 000 гаруй төгрөгийг 2011 оны 07 дугаар сард өгсөн. Байр авахын тулд түүнд 30 000 000 төгрөг зээлдүүлсэн. Уг мөнгийг одоо хүртэл аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хатан” барилгын гадна фасадны ажлыг 172 980 850 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон үнийн дүнгийн 60 хувь буюу 103 788 000 төгрөгийг бартер хэлбэрээр 99.77 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1 750 000 төгрөгөөр тооцон байрны үнэд шилжүүлэхээр, үлдэгдэл 40 хувь буюу 69 192 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр гэрээ байгуулсан боловч төлбөл зохих дүнгээс удаа дараа шаардуулан байж нийт 50 342 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18 850 850 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. “Хатан” барилгын дээврийн ажлын хувьд нийт 37 433 000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ба үүнээс 35 229 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2 204 000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй. Уг барилгын дээвэрт тус барилгын зураг төслийг гаргасан “Эрчим төсөл” ХХК нь “Дестинейшнь Монгол” ХХК-д дээвэр дээрх дулаалгын хөөсийг 10 см бус 20 см болгох шаардлага тавьсан бөгөөд “Дестинейшнь Монгол” ХХК манай компанид үүний дагуу өөрчлүүлэх санал тавьснаар манайх захиалагчид 10 см хөөсөөр дулаалга хийхээр гэрээг батлан ажил эхлүүлсэн байтал 20 см болгон нэмэлт хөөсний зардал, нэмэлт ажлын хөлс гарч ирсэн бөгөөд үүнийг тус компаниас шаардсан ч өгөхгүй гэсэн тул өөрийн хөрөнгөөр хийж дуусган “Хатан” барилгын дээвэр нь 20 см хөөсөөр хучигдаагүй бөгөөд үндсэн хэсгийг 20 см болгон зузаалсан ба уналттай хэсгүүдээр модон рам нэмэлтээр зангидаж хөөсийг зузаалсан бөгөөд эдгээр ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал 8 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Гараашийн дээврийн ажил бүрэн хийгдсэн бөгөөд гэрээний дагуу 27 000 000 төгрөг шилжүүлэхээс 23 500 000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 3 500 000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд фасадны ажлын үлдэгдэл төлбөрт 18 850 850 төгрөг, шат, дүүжин угсралтын нэмэлт ажлын зардал 7 000 000 төгрөг, “Хатан” барилгын ажлын үлдэгдэл төлбөр болох 2 204 000 төгрөг, 10 см хөөсөнцөрийг 20 см болгон хийхэд гарсан нэмэлт зардлын 8 000 000 төгрөг, гараажийн дээврийн ажлын үлдэгдэл хөлс 3 500 000 төгрөг нийт 39 554 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Олон гэрээний дунд санамсаргүй баталсан гэх ойлгомжгүй зүйлсээр шалтаглан Ч.Солонготой хийсэн гэрээгээр далимдуулан бартераар төлж буй байрыг өгөхгүй, хэрэв гурвалсан гэрээ байгуулан төлбөр төлбөл уг гэрээг хүчин төгөлдөрт тооцож байрыг өгнө, гэрчилгээг гаргаж өгнө гэж дарамт, шахалт үзүүлсэн тул аргагүйн эрхэнд зөвшөөрч, захиалагчаас өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан. Уг гурвалсан гэрээ нь талуудын тэгш эрхийг хангасан хүчин төгөлдөр гэрээ биш юм. Бидний гэрээнд заасан хүү нь зээлийн гэрээний нөхцөл байна, энэ заалтыг өөрчлөе гэсэн саналыг хүлээн аваагүй, гэрээнд тусгаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Төмөр, “Дестинейшнь Монгол” ХХК, “Дрийм энд бест проперти” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Б.Мягмарсүрэн нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний үнийн дүнд материалын зардал, ажлын хөлс орсон. Манай компани шат угсарч өгөөгүй. Гэхдээ шат угсрахад шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Энэ төмөр шатыг угсрахад шаардлагатай труба, хомут нь барилга байгууламжийг бүрэн хэмжээгээр тойруулан угсрахад хүрэлцээтэй өмнө нь худалдаж авсан компанийн хөрөнгө байсан ба тус шатыг угсрах талаар хоёр компани хоорондоо гэрээ байгуулж үнэ хөлс тохиролцоогүй, хоорондын ямар ч тооцоо байхгүй. “Дрийм энд бест проперти” ХХК нь манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа 107Б байрны 2 дугаар орцны 8 давхарын 3 өрөө 37 тоот орон сууцыг захиалсан бөгөөд захиалсан орон сууцаа иргэн Ч.Солонгод шилжүүлсэн гэх боловч Ч.Солонго 1 дүгээр орцны 5 давхрын 4 өрөө 9 тоот орон сууцыг захиалсан. Ажил бүрэн дуусаагүй, ажлын гүйцэтгэлийг актаар аваагүй байхад бартериар гэрээ хийсэн орон сууцаа бусдад шилжүүлэх, зарахдаа албан ёсоор буюу бичгээр манай компанид санал гаргаагүй. Ч.Солонгын орон сууцны захиалгын гэрээг “Дестинейшнь Монгол” ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Хатанбаатар батлуулахдаа тус компанийн гүйцэтгэх захиралд шалтгааныг тайлбарлаж, мэдээлэл өгөхгүйгээр нуун дарагдуулсны улмаас тухайн үед орон сууц зарж байна гэж ойлгож гэрээг баталгаажуулсан. Ч.Солонго, Ш.Төмөр нар нь бартериар тохиролцсон 103 788 000 төгрөгийг манай компанид төлөөгүй байрны үлдэгдэл төлбөр гэх 50 000 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдөр, 22 622 500 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн. Тус компани нь ажлын гүйцэтгэлээс давсан санхүүжилтийг авсан атлаа гадна фасадны ажлыг зогсоосон.

Гэрээний үнийн дүн нь тус компаниас гаргасан үнийн саналын дагуу хийгдсэн . Ш.Төмөрийн захиалсан байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөр гурвалсан гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь ажлаа доголдолтой хийсэн гэдэг нь нотлогддог. Доголдолыг арилгахтай холбоотой зардлыг манайх хариуцагчаас нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 227 дугаар зүйлийн 227.5, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-иас 52 043 620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-д олгож, “Дестинейшнь Монгол” ХХК, “Дрийм энд бест проперти” ХХК, иргэн Ш.Төмөр нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Захиалагч гүйцэтгэгч, орон сууц захиалагчид-ын гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, үндсэн нэхэмжлэлээс 24 357 329 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлээс 58 554 500 төгрөгийн шаардлагыг тус тусхэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс болох 2 000 000 төгрөг гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 697 910 төгрөгийг болон хариуцагчийн 934 825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 418 168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д олгох, нэхэмжлэгчээс 222 875 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбулган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шинжээч томилуулах хүсэлтийг хэргийн оролцогч гаргаагүй байхад шүүх санаачилгаар томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх мөн хууль буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул хууль ёсны эрхээ хамгаалж шаардлага гаргах эрхгүй юм. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хүйтний улиралд засал чимэглэлийн ажлыг явуулсан. Нэгэнт ажлаа хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсөө шаардах эрхтэй юм. Давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй тул хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК нь хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол, ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд нийт 76 400 949 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...ажлаа бүрэн гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэж өгсөн. Хэрэв доголдол гарсан бол нэхэмжлэгч буюу захиалагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас тухайлвал өвлийн улиралд барилгын ажил хийлгэснээс болсон.Нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажлын хөлс, санхүүжилтийг хугацаанд нь хийдэггүй байсан” гэж тайлбарлаад сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс, нэмэлт зардалд 62 554 500 төгрөг гаргуулахаар, хууль зөрчсөн “гурвалсан гэрээг” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаарджээ.

Зохигчид 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус барилгын гадна фасадны болон дээврийн ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан, гэрээний нийт үнийн дүн 237 413 850 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 283 668 500 төгрөгийг буюу гэрээний нийт үнийн дүнгээс 46 2584 650 төгрөгийг хариуцагчид илүү шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан, барилгыг Улсын комисс хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.

Харин зохигчид гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн эсэх, доголдлын талаар захиалагч гүйцэтгэгчид мэдэгдэж байсан эсэх, доголдлын хэмжээ, түүнийг хэрхэн арилгасан асуудлаар маргажээ.

Анхан шатны шүүхээс дээрх маргаантай асуудлыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүй боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн, түүнийг бусад компаниар засварлуулж нэмэлт зардал гаргасан гэх боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар доголдлын талаар шаардлага гаргаж байсан гэх баримтгүй, ажилд үүссэн доголдол хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоотой гэх байдал нотлогдоогүй байна.

Харин хэргийн 21-22 дугаар хуудсанд талууд тооцоо нийлж, өглөг авлагаа цэгцэлсэн баримт үйлдсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид барилгын гадна фасад, дээвэр, гараашийн дээврийн ажлаас үүссэн зардалд 27 195 100 төгрөг, бартерын байрны үнийн 17 752 000 төгрөг, нийт 44 947 100 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Талууд гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх, хоорондын тооцоо зэргээ дүгнэж үйлдсэн баримтаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг талууд 44 947 100 төгрөг байхаар баталгаажуулсан, нэхэмжлэгчээс хариуцагчид өглөгтэй талаар дээрх баримтад дурдаагүй тул нэхэмжлэлийг 44 947 100 төгрөгийн хэмжээнд буюу нотлогдсон хэмжээгээр хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар нотлоогүй, харин гэрээгээр ажлын нөхцөл хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй байдлыг харгалзан, дүүжин шат угсарсан зардалд 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид  гаргуулж шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хохирол, зардал шаардсан байхад шаардах эрхийг зохицуулаагүй хуулийн заалтуудыг баримталсан нь буруу болжээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс, нэмэлт зардал шаардсан байна.

 Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан, талуудын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүү шаардлагын үндэслэл бөгөөд ямар үр дагаврыг арилгуулах гэж буй нь тодорхойгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Төмөрт холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр шаардсан шинжтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт  шийдвэрлэхгүй юм. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах асуудлыг нэхэмжлэл гэж дүгнэж дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэснийг  хэрэгсэхгүй болгож өөрчлөх нь зүйтэй.

Хариуцагч нь анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилсон гэж  давж заалдсан. Хэргийн 83 дугаар талд шүүгч шинжээч томилсон боловч талууд өөрсдийн хүсэлтээр шинжээчид бичгээр асуулт тавьж, хариулт авсан, шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, анхан шатны шүүхээс шинжээч томилсон нь хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж байсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр хүйтний улиралд засал чимэглэлийн ажил явуулсан гэх давж заалдах гомдлыг хэргийг бүхэлд нь хянах  зарчмын дагуу хянан үзэж, нэхэмжлэгчийн доголдлыг арилгуулахад гарсан зардал гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-иас 44 947 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дестинейшнь Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 453 849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Дестинейшнь Монгол” ХХК, “Дрийм энд бест проперти” ХХК, иргэн Ш.Төмөр нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Захиалагч гүйцэтгэгч, орон сууц захиалагчдын гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “…418 168 төгрөг …” гэснийг “…382 685 төгрөг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Дрийм энд бест проперти” ХХК-ийн төлсөн 418 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                                                                                                Ш.ОЮУНХАНД