| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/00006/Э |
| Дугаар | 00005 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00005
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0006/Э индекстэй, 1815002180227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.М /РД: ДЮ74010716/,
Холбогдсон хэргийн талаар:
Н.М нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Pruis маркийн **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Наранбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1815002180227 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч М.Н өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч “Хүлэг” зах руу очсон. “Энэрэл” зуслан руу хүүхдээ эргэхээр машин хайгаад явж байсан чинь зүс мэдэх Н.М тааралдсан. Түүнд “Энэрэл” зуслан руу явах машин хайж байгаагаа хэлэхэд надтай хамт явчих гэж хэлсэн..., явж байгаад хатуу хучилттай зам өнгөрөөд шороон зам руу ороод хэсэг явж байгаад машин замын хажуу тал руу унасан. Би яг машин унаж байхыг мэдсэн бөгөөд үүнээс хойш ухаан алдсан. Орхон аймгийн эмнэлэгт ухаан орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Б.Оюунтуяагийн өгсөн: “...хатуу хучилттай зам өнгөрөөд 1 км хүрэхгүй зайд явж байгаад машины хойд дугуйнд шарвалт үүссэн бөгөөд нэг мэдэхэд машин унасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Н.Галтбаатарын өгсөн: “...хатуу хучилттай зам өнгөрөөд 1 км хүрэхгүй зайд нэг машин гүйцэж түрүүлээд урд орсон бөгөөд манай машин гэнэт хайрга дээр шарвасан. Нэг мэдсэн машин осолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхдэлгэрэхийн өгсөн: “...хатуу хучилттай зам өнгөрөөд явж байхад нэг машин гүйцэж түрүүлэхэд урд талаас өөр нэг машин ирж байсан. Сандарсандаа машины тоормос гишгэхэд шарвасан бөгөөд нэг мэдэхэд осолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Н.М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...хайрган зам дээр уруудаад явж байсан чинь бид нарын урд талд нэг жижиг тэрэг явж байсан. Тэр машиныг би гүйцэж түрүүлэх санаатай хурд нэмж хааз гишгэхэд тэр машинтай зэрэгцэж ирсэн. Тэр машин хурдаа нэмэхээр нь би хурдаа хасаж тоормос жаахан гишгэтэл машин шарваад хөндөлсөөд эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь замын хажуу руу 2-3 удаа эргэчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай: 1. М.Н биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн дотуур цус алдалт, дэлүүний язрал, дэлүү авах мэс ажилбарын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонг 30 хувь алдагдуулна. ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 хуудас/, эмнэлэг болон эмчилгээний талаарх баримтууд /хх-ийн 33-59 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Pruis маркийн **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардалд 340000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Н.М тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН