Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00181

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.П холбогдох эрүүгийн 1805050710173 дугаартай, 163/2018/0169/э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.П

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч А.П нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах Баатарван амралт сувилалын газарт Ё.Х луу сандал шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.П ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1805050710173 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч А.П өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монголрос цветмет ХХК-ын ажилчдын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах Баатарван амралт сувилалын газар амрахаар очсон. Бид нар замдаа явж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн жолооч эрүүл байсан. Тэнд очоод хоол идсэн дараа нь бүжигэнд орсон хоорондоо тэмцээн уралдаан зохион байгуулсан мөн дуулж хэсэг суусан. Бүжигийн талбай дээр байхад би нэг эмэгтэйтэй бүжиглэж пиво ууж байхад Ё.Х хамт олны хамт орж ирэхдээ согтуу байсан. Дараа нь хамт 00 орох уу гэхэд би чамтай 00 орохгүй чамайг тосч шээлгэх юм уу пязда минь гэж хэлэхэд нь миний уур хүрсэн мөртлөө үгүй лдээ чи намайг тосч шээлгэхгүй лдээ гэж хэлсэн. Чи тэгээд яах юм бэ зодох юмуу гэж Х хэлэхэд би зоддоггүй гэхэд нь би тэгээд яадаг юм бэ гэж асуухад би хүн алчихдаг юм шүү гэж хэлэхэд нь миний уур хүрч сууж байсан сандалаа авч шидэхэд Хэрлэнбаярын толгойн орой хэсэг шүргэж цус гарсан. Би ч тэр даруй толгойг нь алчуураар дараад цусыг нь тогтоочихоод Хэрлэнбаярыг өрөөнд нь оруулсан гэх мэдүүлэг /ХХ-36 тал/

Хохирогч Ё.Х өгсөн:…..А.П орж ирэхэд чи гараа яасан юм бэ хүнд зодуулсан юм уу гэхэд үгүй санахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд А.П нилээд согтуу намайг 00 оръе гэхэд нь би чамайг тосолтой биш чамтай явахгүй гэхэд толгойн дундуур тас гээд цохиод авсан гайхаад хартал А.П байсан. Би чи яаж байгаа юм бэ гэхэд найзыгаа уучилаарай би юу ч санахгүй байна гээд гар барьсан. Тухайн үед миний толгойноос цус гарч байсан. Тэгээд П  нэг нь аваад гарч байсан. Түүнээс хойш 21-ний өдөр П , Анхаа нарын хамт замын унаагаар Улаанбаатар хотод ирсэн. Миний толгой хагарсан 4 оёдол тавиулсан, духны зүүн дээд хэсэг, зүүн талын чихний дээд хэсэг, толгойны орой хэсэг зэрэг газарт шалбарсан. Одоо миний толгой, хүзүү хөшиж өвдөж байна гэх мэдүүлэг /хх-07-08  тал/,

Гэрч Х.Уртнасангийн өгсөн: би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хутаг-Өндөр сум дундын эмнэлэгт мэс заслын  сувилагчаар ажиллаж байхад Ё.Х гэх танихгүй залуугийн толгойн орой хэсэгт язарсан байсныг 4 оёдол тавьж өгсөн. Тухайн үед мэс заслын эмч байхгүй дуудлаганд явсан байсан. Анхны үзлэгээр Ё.Х нь биеийн байдал хэвийн гайгүй ухаан санаа саруул байсан юм гэх мэдүүлэг /хх-11  тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11552 дугаартай

1. Ё.Х биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 14 тал/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.П нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах Баатарван амралт сувилалын газарт Ё.Х луу сандал шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ё.Х, гэрч Х.У нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11552 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч А.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.П ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ё.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч 3152440 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан шүүх шинжилгээний төлбөр 8000 төгрөг , Арьяамед, мэдрэл, сэргээн заслын эмнэлэг төлбөр 400000 төгрөг, Эм би жи эмийн сан эмийн төлбөр 515800 төгрөг нийт 923000 төгрөг  шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний төлбөр 1 сая төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гаргаж өгсөн баримтын хэмжээнд төлбөр төлөгдсөн байна.

  Хохирогч Ё.Х нь  2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Эм Би Жи Мед эмнэлгийн ерөнхий үйлчилгээ 1154340 төгрөгийн” Е-баримт”ирүүлсэн боловч хэний ямар үйлчилгээний төлбөр болох нь тодорхойгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч Ё.Х нь Эм Би Жи Мед эмнэлгийн ерөнхий үйлчилгээ 1154340 төгрөг, бусад зардал 450000 төгрөг,бензины зардал 132300 төгрөг ,цалин 500000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул  нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

   Шүүгдэгч А.П т ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч А. П т холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, түүний цалин хөлс , бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийг  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт А. П  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.П  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийг сар бүр  250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар  хохирогч Ё.Х нь Эм Би Жи Мед эмнэлгийн ерөнхий үйлчилгээ 1154340 төгрөг, бусад зардал 450000 төгрөг, бензины зардал 132300 төгрөг, цалин 500000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ