| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/03867/И |
| Дугаар | 210/МА2023/00606 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/00606
2023 03 22 210/МА2023/00606
М.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00329 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч М.Баярмаад холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч С.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
М.Мөнхбаясгалан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тоёота кроун 200 маркийн хар өнгөтэй автомашиныг Д.Бямбадоржоор зуучлуулан 14,000,000 төгрөгөөр худалдахаар М.Баярмаатай нотариатаар орж гэрээ байгуулж, хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн хугацаанд М.Баярмаа болон зуучлагч Д.Бямбадорж нараас автомашины үнийг нэхсэн боловч өгөөгүй. 2022 оны 04 дүгээр сард Д.Бямбадоржийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч гэрээ байгуулж автомашиныг шилжүүлэн авсан М.Баярмаагаас мөнгөө ав гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Баярмаа автомашиныг шилжүүлэн авч цааш нь дамжуулан худалдсан байсан.
Иймд М.Баярмаагаас автомашины үнэ 14,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний нөхөр З.Түвшинтөр нь өөрийн танил Д.Бямбадоржид 9626УБС улсын дугаартай субару форестер маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө авч чадаагүй. Харин Д.Бямбадорж нь машины оронд М.Мөнхбаясгалан гэх хүнээс 0719 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр бодож өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зуучлагч Д.Бямбадорж мөнгийг өгөөгүй гэж тодорхой бичсэн. Энэ талаараа ч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гэж хэрэгсэхгүй болсон. Шүүхэд гэрчээр Д.Бямбадорж, М.Баярмаагийн нөхөр З.Түвшинтөр нар мэдүүлэг өгөхдөө Д.Бямбадорж, М.Мөнхбаясгалан нар амаар тохиролцож М.Мөнхбаясгалан Д.Бямбадоржийн хүсэлтээр өөрийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцож хариуцагч М.Баярмаад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болох нь нотлогддог. М.Мөнхбаясгалан өөрийн кроун маркийн автомашины оронд Д.Бямбадоржоос цагаан өнгийн бенз маркийн машиныг авсан боловч моторыг нь цохиулж машин нь эвдэрсэн тул өөрийн автомашины мөнгийг хариуцагч М.Баярмаагаас авъя гэх зүйл яригддаг. М.Мөнхбаясгалантай анхны гэрээ хийсэн хүн нь Д.Бямбадорж байхад М.Баярмаагаас гэрээний үнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баярмаагаас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мөнхбаясгаланд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Баярмаагаас 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мөнхбаясгаланд олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт авагдсан гэрээнүүд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Бямбадорж, З.Түвшинтөр нарын мэдүүлэг зэрэг хууль ёсны бичгийн нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдож байгаа үйл баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримт нэг ч байхгүй байхад үнэ төлөгдөөгүй гэдэг нь хэргийн үйл баримт, нотлох баримттай нийцэхгүй юм.
4.2.Нэхэмжлэгч нь гэрээний үнэ төлөгдөөгүй гэдэг ганц л шаардлагыг гаргадаг бөгөөд гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг үгүйсгэх, хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргадаггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай бэлэн бусаар харилцан тохиролцож дуугүй хүлээн зөвшөөрөх зарчмаар гэрээ байгуулсан.
Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийг хууль ёсны гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр бөгөөд хэрэв хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн нэхэмжлэгч гэрээ хэлцэл байгуулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй бол энэ тухай шаардлагыг гаргах эрх нь хуулиар нээлттэй.
Харин өмнө бусадтай хийсэн арилжааны хэлцлийн үндсэн дээр гэрээний үнийг тохирч, өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлж өгсөн атлаа тухайн үед оронд нь авсан бенз автомашин эд хөрөнгийн доголдолтой байсан тул өмчлөлийг шилжүүлж аваагүй гэж хариуцагч М.Баярмаад хамааралгүй үйл баримтыг дурдаж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч нь Д.Бямбадоржоос авсан бенз автомашинд эд хөрөнгө, эрхийн доголдол үүссэн бол тухайн хэлцлийн нэг тал болох Д.Бямбадоржоос нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгчид мөн хуулиар нээлттэй байна. Мөн хариуцагч М.Баярмаагийн нөхөр З.Түвшинтөр нь уг гэрээний үүрэгт Д.Бямбадоржид өөрийн Субару форестер автомашиныг шилжүүлж өгсөн үүнийг бенз автомашин болгож авах хүсэл зориг нэхэмжлэгчид анхнаасаа байсан.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөгдөөгүй гэдэг байдлаар зохигчдын хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ хэлцлийг үгүйсгэж дахин үнийг төлөх үүрэг бий болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж, гэрээ хэлцлийн шинж чанарыг нарийн тодорхойлж, ялгаж салгаагүй.
4.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баярмаа шүүхэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгсөөс татгалзсан тухай татгалзлыг бичгээр шүүхэд гаргаж өгсөн. Төлөөлөгчийн бүрэн эрх, хуулиар дуусгавар болсон байхад төлөөлөгч Б.Төвшинтөгсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Хэрэв өмнөх татгалзлаа сэргээх бол хүсэлтээр бус шинэ итгэмжлэл хийж өгөх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хуульд нийцнэ. Мөн төлөөлөх эрх нь дуусгавар болсон төлөөлөгчөөс өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр авсан байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчим хангагдаагүйг илтгэх юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. М.Баярмаа нь гэрээний дагуу 14,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, бусад баримтаар бенз маркийн автомашин нь Д.Бямбадоржийн өмчлөлийнх байгаагүй. 1 жилийн хугацаанд М.Мөнхбаясгалан өөрийн эзэмшил ашиглалтад захиран зарцуулсан гэх тайлбар гаргадаг боловч үндэслэлгүй.
5.2.М.Баярмаагийн гомдлоор Д.Бямбадоржид холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан талаарх асуудал яригддаг. М.Баярмаа, Д.Бямбадорж нарын хоорондын анхны хэлцлийн асуудал яригддаг. Субару маркийн автомашины өр төлбөрт нь өгөх зорилго байсан эсэхийг хэлж мэдэхгүй. М.Баярмаа нь М.Мөнхбаясгалангийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч М.Мөнхбаясгалан нь хариуцагч М.Баярмаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.Бямбадоржоор зуучлуулан М.Баярмаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тоёота кроун-c 200 маркийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдсан гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Д.Бямбадорж нь худалдан авсан субару форестер маркийн автомашиныхаа үнэд М.Мөнхбаясгалангаас 0719 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг авч, надад 14,000,000 төгрөгөөр бодож өгсөн, М.Мөнхбаясгаланд мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй гэж тус тус тайлбарласан.
3.М.Мөнхбаясгалан, М.Баярмаа нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч М.Мөнхбаясгалан 0719 УНТ улсын дугаартай, тоёота кроун-c200 (Toyota crown-s200) маркийн хар өнгийн суудлын автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч М.Баярмаа 14,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 5 дахь тал)
Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагчаас худалдан авагчид автомашиныг шилжүүлсэн гэж дүгнэжээ.
4.Гэрч Д.Бямбадоржийн ... Би М.Баярмаад машин өгөх өглөгтэй байсан. М.Мөнхбаясгалантай ярьж тохироод ... бенз-ээ өгсөн ... М.Баярмаад кроуныг шилжүүлж өгсөн ... М.Баярмаа, З.Түвшинтөр 2-т бенз-ийг өгөх гэсэн чинь энэ 2 авахгүй гэсэн. Өөр юм өгчих гэхээр М.Мөнхбаясгалантай ярьсан чинь надад кроун байна, үүнийг заръя гэж бодож байсан. Үнэ хүрэхээр нь би чиний бенз-ийг авчихъя гэж ярьсан гэх мэдүүлэг,
гэрч З.Түвшинтөрийн ... М.Мөнхбаясгалан, Д.Бямбадорж бид 3 нэг анги байсан. Д.Бямбадорж бид 2 цагдаа шүүхэд машины асуудалтай байсан. Прокурор дээр хэрэг нь шийдэгдэж байсан. Тэр үеэр М.Мөнхбаясгалан надтай холбогдоод би кроун өгье, 2 найзын асуудлыг ингэж шийдье гэж удаа дараа гуйсан ... би хөдөө ажилтай байсан учраас эхнэр М.Баярмааг явуулсан. Нотариат ороод кроуныг шилжүүлж авсан ... Кроуны үнийг М.Мөнхбаясгалан, Д.Бямбадорж хоёр 14,000,000 төгрөг гэсэн. Би зөвшөөрөөд авсан гэх мэдүүлэг,
мөн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргах өргөдөл гэх баримтад Д.Бямбадорж миний бие 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0719 УНТ улсын дугаартай тоёота кроун (toyota crown) хар өнгөтэй автомашиныг 14 сая төгрөгөөр үнэлэн, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээлгэн өгсөн гэж дурдсаныг тус тус харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч М.Мөнхбаясгалан нь тоёота кроун-c200 маркийн автомашиныг гэрч Д.Бямбадоржийн үүргийг гүйцэтгэхээр хариуцагч М.Баярмаад шилжүүлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд уг автомашиныг худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй болох нь тогтоогдсон байна. (хэргийн 30, 49-52 дахь тал)
Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээг үндэслэн автомашин шилжүүлэн авсан учир үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг шүүх анхаараагүй байна.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үнэ шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул М.Баярмаад холбогдуулан гаргасан 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА