Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00183

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.*******,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Нарантуяагийн Батцэнгэлд холбогдох 163/2018/0170/Э индекстэй, эрүүгийн 1832001120106 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Ш овогт Н.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Сэтэрхий хөтөл гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн төв хатуу хучилттай зам дээр Тоёото кроун загварын **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” мөн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчин явсан Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир хэлж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.*******гийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нөхөр хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн ойролцоо осолд орсон. Ерөнхийдөө замын байдал  хэцүү, маш их эвдрэл гэмтэлтэй байсан. Хүний алхамаар тооцох юм бол нэг алхаад онгорхой цоорхой таарч байсан. Тэр үед нь хурдаа тааруулж яв гэж хэлээд бага хурдтай явж саадыг тойрч байсан. Цаашаагаа явж байтал нэг компани зам засвар хийж байсан. Хэсэг зуур засмал зам бартаа саадгүй болсон болохоор хэсэг хурд аваад явж байтал гэнэт нүх гарч ирсэн. Нүхнээс зайлах гээд машиныхаа жолоог эсрэг тал руугаа дартал эсрэг урсгал руугаа ороод явчихсан. Цаашаагаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Аюул ирснийг мэдээд хүүхдүүддээ анхаарал хандуулсан байсан. Мөн бид хэд сэтгэл зүйн хувьд их яаруу сандаруу явж байсан. Учир нь эмээгийн бие нь муудаад сэхээнд орчихсон байсан. Энэ хэрэг гэр бүлийн хүрээнд болсон учраас ямар нэг санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хүүгийн маань ясны хугарал хурдан эдгэрсэн. Одоогоор ямар нэг зовиур шаналал байхгүй. Охин бид хоёр ямар нэг байдлаар гэмтэж бэртээгүй гэв.

1832001120106 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд

Яллагдагч Н.Б өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад эхнэр Б.*******, 2 хүүхэд болох Индра, ******* нарын хамт Улаанбаатар хот руу Тоёота кроун маркийн **-**БУЛ машинтай гарсан юм. Улаанбааатар хотод байдаг эмээгийн бие муу гээд явсан. Ингээд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Сэгсэрхий хөтөл гэх нэртэй газар явж байсан нэгхэсэг замын хагархай харагдахаар нь зүүн гар тийш жолоогоо дараад нүх тойрох гэтэл машин жолоодлого алдагдаад тэгэхээр нь эргээд баруун гар тийш дартал машин жолоодлогоо алдаад замын баруун тийш унасан ингээд ослын дараа юм болсныг мэдэхгүй юм нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /хх-68-70 тал/

 Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн өгсөн: “...Бид нар гэрээсээ Улаанбаатар хот орохоор явсан эмээгийн бие муудаад тэгээд машинтайгаа явсан. Тэгсэн машин замын хажуу руу муухай дуугараад өнхөрсөн, нэг сэрсэн эмнэлэгт байсан ослын үеэр ухаан алдсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Б.*******гийн өгсөн: “...Булган аймгийн Булган сумаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн **-**БУЛ улсын дугаартай Тоёото кроун загварын хөх өнгийн тээврийн хэрэгслийг нөхөр Н.Б ээр жолоодуулан 2 хүүхдийн хамт явж байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн ойролцоо 22 цаг 30 минутын орчимд асфальтан замаар явж байхад гэнэт маш богино хугацаанд осол болсон. Тухайн үед яагаад осол болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.*******гийн өгсөн: Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. 2016 онд 6.800000 төгрөгөөр худалдаж авсан. Хэдийгээр манай нөхөр Н.Б осол гаргаж хүү Б.******* гэмтэж мөн өөрөө ч хүнд гэмтсэн бид 2 гэр бүл болоод 16 жил болж байна гэр бүлийн баталгаатай нөхрөөсөө уг хохирлын үнэлгээг нэхэмжлэхгүй гэх  /хх-33-36 тал/ мэдүүлэг

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн:

1. Жолооч Н.Б нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэхь заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг мөн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюуд, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Замын зорчих хэсгийн баруун захад үүссэн эвдрэл осол гархад нөлөөлөөгүй.

3. Жолооч Н.Б нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг мөн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюуд, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн:

1.Б.Б биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх 8122 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн:

         1. Б.У биед зүүн хацар цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх 7828 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн:

1.Н.Б биед титэм заадасны зүүн талаас зүүн чамархай, суурь ясны их далавч хүрсэн шугаман хугарал, хүзүүний 2-р нугалам, зүүн чамархайн нумн хугарал, зүүн чамархай хатуу хальс доорх цус хураа, 2 нүднй зовхи, зулайн, зүүн чамархай, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд шарх гэмтлүүд  тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх 7818 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1566 дугаартай үнэлгээний тайлан /хх-58-61 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-03-04 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-22 тал/, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /24-25 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-71-76 тал/, хохирлын тооцоо /хх-77 тал/ зэргийг шинжлэн судлав.

   Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Сэтэрхий хөтөл гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлийн төв хатуу хучилттай зам дээр Тоёото кроун загварын **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна” мөн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчин явсан Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт  болжээ.

    Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд  хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-22 тал/, хэрэг үйл баримтын талаар   насанд хүрээгүй хохирогч Б.Б өгсөн..., Бид нар эмээгийн бие муудаад гэрээсээ Улаанбаатар хот орохоор явсан. Тэгсэн машин замын хажуу руу муухай дуугараад өнхөрсөн, нэг сэрсэн эмнэлэгт байсан ослын үеэр ухаан алдсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.У өгсөн: ...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. 2016 онд 6.800000 төгрөгөөр худалдаж авсан. Хэдийгээр манай нөхөр Н.Б осол гаргаж хүү Б.Б гэмтэж мөн өөрөө ч хүнд гэмтсэн бид 2 гэр бүл болоод 16 жил болж байна гэр бүлийн баталгаатай нөхрөөсөө уг хохирлын үнэлгээг нэхэмжлэхгүй гэх  /хх-33-36 тал/ мэдүүлэг

Гэрч Б.*******гийн өгсөн: “...Булган аймгийн Булган сумаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн **-**БУЛ улсын дугаартай Тоёото кроун загварын хөх өнгийн тээврийн хэрэгслийг нөхөр Н.Б ээр жолоодуулан 2 хүүхдийн хамт явж байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн ойролцоо 22 цаг 30 минутын орчимд асфальтан замаар явж байхад гэнэт маш богино хугацаанд осол болсон. Тухайн үед яагаад осол болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн Замын зорчих хэсгийн баруун захад үүссэн эвдрэл осол гархад нөлөөлөөгүй,  жолооч Н.Б нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг мөн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюуд, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн  гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,  хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаныг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-45, 48 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн машины эвдрэлийг 2420000 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-58-61 тал/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Н.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Б ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч санал гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 Шүүгдэгч Н. Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба,  мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

      Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н. Н.Б нь прокурортой ялын талаар тохиролцсон ба торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлтээ илэхийлсэн байх тул  түүний  хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан  торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгтэй нь  хамт ирүүлсэн шүүгдэгч Н. Батцэнгэлийн  жолооны №655537 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ш овогт Н. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан дөрвөн зуун тавин  мянган төгрөгийн торгуулийн ялыг сар бүр хоёр зуун хорин таван мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар  тогтоосугай.   

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн жолооны №655537 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ