Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00634

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00634

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00301 дугаар шийдвэртэй,

 

Д.А-ын нэхэмжлэлтэй,

Б-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-, түүний өмгөөлөгч А.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01436 тоот захирамжаар Д.А-, “В-” ХХК нараас 1,399,295,460 төгрөгийг гаргуулж "Банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн - тоот дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах - талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж авсан.

1.3. Энэхүү ажиллагааны хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А- болон “В-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д- нь хөрөнгийн үнэлгээний болон “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, үнийн мэдэгдлийг тус тус хүлээн авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.

Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн зарын сайтуудаас өөрийн хөрөнгөтэй ижил хувийн сууцнуудын үнийг харьцуулахад 1 м.кв талбайд ногдох үнэ нь үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгүүдийн үнээс маш өндөр үнээр санал болгосон зарууд маш их байна.

Тус үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгийн дүгнэлтэнд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан хөрөнгүүдийн хувьд гадаад талбай, орон сууцны материал зэрэг нь огт өөр байна. Энэ тухай үнэлгээчин нь зөвхөн зарын сайт дээр зар хараад мэдэх боломжгүй ба харьцуулагдсан хөрөнгүүдийн хийц, барилгын материал, одоогийн чанар байдлын талаар бодитой харьцуулалт хийлгүйгээр зарын зураг, талбайн хэмжээ, байршлаар нь дүгнэж, түүн дээрээ тулгуурлан үнэлгээ гаргаж барьцаа хөрөнгийг зах зээлийн жишиг үнээс хамгийн доод үнэтэй нь харьцуулж, ямар нэгэн судалгаагүйгээр зөвхөн нэг үл хөдлөх эд хөрөнгийн зарын сайтын үнээр шууд тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.

1.4. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлах ёстой. Тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо уг хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал эдгээр шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж, ямар ч судалгаагүйгээр үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэгч Д.А-ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах - талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн "Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01436 тоот захирамжаар "В-" ХХК, Д.А- нараас 1,399,295,460 төгрөгийг гаргуулж "Банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "В-" ХХК, Д.А- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.А-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - тоот дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах - талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20260662/01 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22260662/161 тоот тогтоолоор хураан авсан.

2.3. Үүний дараа хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/228 тоот тогтоолоор "Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон ба барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг суурийн газрын хамт 3,357,629,673 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг тайлангийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-ад гардуулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01436 тоот захирамжаар хариуцагч "В-" ХХК болон Д.А- нараас 1,399,295,460 төгрөгийг гаргуулж “Банк” ХХК-д олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 15,000,000,000 төгрөгөөр үнэлсэн тул “Банк” ХХК нь уг үнэлгээг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан.

3.3. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах - тоот улсын бүртгэлийн дугаартай 1,099.99 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу талуудад танилцуулсан.

3.4. Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тайлангийн 21, 22 дугаар талд үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг жишиж үнэлсэн байх ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь байршил ойролцоо буюу Хан-Уул дүүрэг, Нүхтийн ам хаягт байршилтай, бүгд хувийн орон сууцны зориулалттай, газрын хамтаар үнэлэгдсэн, барилгын бүтэц хийцийн хувьд тоосгоор баригдсан, 4 давхар бүхий амины орон сууцнууд байна. Иймд  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

3.5. Тус хувийн сууцны зориулалттай байшингийн нэгж талбайн үнийг бусад иргэн, хуулийн этгээд нь 1,781,640 төгрөгөөс 3,124,797 төгрөгөөр үнэлж, зах зээлд худалдан борлуулахаар санал гаргасан байх ба маргаан бүхий амины орон сууцны хувьд 3,080,395 төгрөгөөр үнэлэгдсэнийг хэтэрхий бага үнэ буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас хойш "В-" ХХК болон Д.А- нар “Банк” ХХК-д төлбөл зохих төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй ба нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь төлбөр төлөгчийн хувьд цаг хожих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн ажиллагаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.А-ын гаргасан хариуцагч Б-т холбогдох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах - тоот улсын бүртгэлийн дугаартай - талбайтай хувийн сууцны зориулалттай үлд хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24706 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн шаардлагыг зөрчсөн, мөн хөрөнгийг багаар үнэлсэн гэж маргасан.

Харин анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь хөрөнгийн үнэлгээний 23 дахь талын 10.3 дахь хэсгийг үзвэл жишиг үнийн аргад 100 хувь ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 3,357,629,673 төгрөгөөр тогтоохдоо 3 эд хөрөнгөтэй харьцуулсан. Тэдгээр хөрөнгүүд нь гүйцэт ашиглалтад ороогүй, засварыг гүйцээж хийх, хямдаар санал болгож байгаа гэдгийг онцолсон, гадна тохижилт зэрэг тодорхой бус хөрөнгүүдтэй харьцуулан үнэлгээг тогтоосныг үнэлгээний тайлангаас харж болно.

Гэтэл нэхэмжлэгчийн эд хөрөнгө нь бүрэн ашиглалтад орсон, байршил, дотор засал, гадна тохижилт сайтай, харуулын байр, тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүхий л асуудлыг цогц байдлаар шийдсэн байхад үүнийг шүүхээс харгалзан үзээгүй.

Мөн дээрх хөрөнгийн үнэлгээг зөвхөн ганц эх сурвалжийн зарын мэдээллийг ашиглаж гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний тайланг хүлээн авч танилцаад бусад зарын сайтанд нэхэмжлэгчийн эд хөрөнгөтэй нэг байршилтай, талбайн хэмжээ, орчин, гадна тохижилт ижил хөрөнгүүдийг үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгүүдийн 1.м.кв-т ногдох үнээс илүү өндөр үнээр санал болгосон зарууд маш их байсан.

Иймд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн бодит үнэ цэнэ, үнэлгээг тодорхойлох байтал ашиглалтад ороогүй, засвартай, хямдаар санал болгосон хөрөнгөтэй харьцуулсан, нэг эх сурвалжаас буюу хязгаарлагдмал эх сурвалжийн мэдээллээр үнэлгээ тогтоосон нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэ цэнийг бодитоор тогтоож чадахгүй тул хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүднээс шинжээч томилох хүсэлтийг шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан. Шүүх уг хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж, хүлээж авахаас татгалзан, хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүх хурлаас өмнө гаргасан хүсэлтийг хурлаас өмнө шийдвэрлэж, талуудад танилцуулах боломжит хугацаа байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс захирамжтай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай ажиллагааг явуулах боломжтой байсан.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээж авахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн зардлаар хөрөнгийн үнэлгээчинд хандаж үнэлгээ гаргуулж, нотлох баримтаар өгөх боломжтой байсан гэх ерөнхий агуулгыг л танилцуулж, нэхэмжлэгчид захирамжтай танилцах боломж олгоогүй.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэгч талд хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан захирамжтай танилцах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс нотлох баримт бүрдүүлэх боломж, хугацаагаар хангах шаардлагатай байсан хэдий ч уг боломж, хугацаагаар хангаагүй нь нэхэмжлэгч талын хэрэгт бэлтгэх, мэтгэлцэх боломжийг хязгаарлаж хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/01436 дугаар захирамжаар Б.Алтантүлхүүр, Д.А-, “В-” ХХК нь 1,399,295,460 төгрөгийг “Банк” ХХК-д төлөх, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Д.А-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, - хаягт байрлах, - талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ховд аймаг Булган сум, Нарийн хар нуруу нэртэй газарт байршилтай улсын бүртгэлийн - дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /- талбайг хамарсан/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, барьцааны зүйл болох Д.А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 25ны өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.3. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч нараас 15,000,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, уг саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна. Иймд тэдгээрийг харилцан тохиролцоогүй гэж дүгнэж шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/228 дугаар тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

3.4. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 3,357,629,673 төгрөг гэж тодорхойлсон, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-д тус тус гардуулсан. Төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.А- нь үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор гаргасан, шүүх гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь зөв болжээ.

 

4. Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах санал болгож буй зарын сайтуудаас харвал өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хувийн сууцны үнэ шинжээчийн үнэлгээнд тусгагдсан жишиг хөрөнгөнүүдийн үнээс маш өндөр үнээр санал болгосон байна, гадна талбайн тохижилт үнэ тогтооход нөлөөлнө гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан хөрөнгүүд нь гадаад талбай, орон сууцны материал зэрэг нь өөрийнх нь хөрөнгөөс өөр, үнэлгээчин хөрөнгүүдийн хийц, барилгын материал, одоогийн чанар байдлын талаар бодитой харьцуулалт хийгээгүй гэж маргасан. 

Үнэлгээчин нь жишиг үнийн аргыг ашиглахдаа 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож харьцуулалт хийжээ. Харьцуулалтаар 1, 3 гэж дугаарласан үл хөдлөх эд хөрөнгүүд нь ашиглалтад орсон, 2 гэж дугаарласан үл хөдлөх эд хөрөнгөд зард тавьсан байдлаар засварыг гүйцээж хийж байгаа гэсэн мэдээллийг тусгажээ. 3 гэж дугаарласан үл хөдлөх эд хөрөнгийн харьцуулалтын ач холбогдлыг “0” гэж үзэж үнэлгээ гаргахдаа ашиглаагүй байна. 1, 2 гэж дугаарласан үл хөдлөх эд хөрөнгийн барилгын хийц “тоосго” байгаа нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хийцтэй зөрүүгүй байна. Харьцуулагдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын байдлыг шинжээч хэвийн гэж тодорхойлж, зохицуулалтыг 0,67 хувиар тохируулга хийснийг нэхэмжлэгч хэрхэн үгүйсгэж буй нь тодорхойгүй байна. Түүнээс гадна үнэлгээний тайлангийн 9.7-д “Нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргаар хөрөнгийн үнэлгээний харьцуулалт хийхэд жиших хөрөнгө болон үнэлж буй хөрөнгийн хоорондох ялгаатай талуудыг харгалзан тусгахын тулд үнэлгээний хэмжигдэхүүнүүдэд аливаа шаардлагатай тохируулгуудыг ҮОУС 105 30.6-д зааснаар хийсэн” гэж тэмдэглэгдсэн байгааг нэхэмжлэгч баримтаар эсэргүүцээгүй байна.

 

4.3. Иймд шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасантай нийцсэн гэж дүгнэх юм.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, зохигч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргаж өгөх ёстой.

Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний байгууллагуудаар үнэлүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд шүүх шинжээч томилж нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийхгүй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/1528 тоот захирамж зөв болжээ.  

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА