| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0172/Э |
| Дугаар | 00184 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 00184
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шинжээч Б.Мөнх-Оюун,
Шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э ад холбогдох эрүүгийн 1815002560172 дугаартай, 163/2018/0172/э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 5, Ө овогт Э.Э
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ж.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1815002560172 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Э.Э ын өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын төвд дэлгүүрийн гадаа Ж.Б ахтай таарсан. Тухайн үед би өөрөө жаахан халамцуу, нөгөө ах мөн согтуу явсан. Тэгээд тэр ах надад 5000 төгрөг байна үүн дээр нэмээд ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би тэр мөнгөн дээр нь мөнгө төгрөг нэмээд Ерөөлийн 0.75 литрийн архи авч өгөөд гэрийнх нь ард очиж зогсоод архийг нь өвөрт нь хийж өгөөд хүйтэн өдөр байна гэртээ ороод амарчих гэж хэлсэн. Тэгээд яг хөдлөх гэтэл Ж.Б ах манай өвөөгийн нэрээр дуудаад хэл амаар доромжлоод байхаар нь би машинаас буугаад түүнийг бариад авсан чинь намайг 2-3 удаа цохисон. Тэгээд л харилцан бие биенээ цохилцож аваад байж байсан гудамжинд явж байсан 2 хүн таарч салгасан. Тэгээд би машиндаа суугаад явсан ба удалгүй би ганцаараа Ж.Б ын гэрт хэл амаар доромжлоод байсных нь учрыг олохоор очсон. Тэгээд л хэл амаар доромжлоод эхлэхээр нь маргалдаж муудалцаад ширээн дээр байсан архийг нь авч шидээд тэгээд барьж аваад зодолдсон. Үүний улмаас түүний биед гэмтэл учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-38 тал/
Хохирогч Ж.Б ын өгсөн:…” 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гурванбулаг сумын төвд би ганцаараа 17 цагийн орчимд дэлгүүрээс 1 шил архи авч гарч яваад үүдэнд Б , Э.Э 2 Б ын машинтай явж байхад нь таарсан. Намайг суучих гэхээр нь суугаад явсан, Э.Э нь надаас хэрүүл өдөөд бид 2 маргалдсан. Тэгээд би машинаас буутал Э.Э бууж ирж намайг цээж, нүүр ам руу 2-3 удаа цохиж аваад барьж аваад ноцолдсон. Тэгтэл гудамжинд явсан Цэндээ, Баатар 2 явж байгаад намайг салгаж өгсөн...Э.Э ганцаараа мотоцикль унаад манайд орж ирэн ширээн дээр байсан архийг хана цохиод, намайг гараараа баруун шанаанд шаагаад унахдаа би халуун пийшин дээр баруун гарын алгаараа дарж унаад гарын алга битүү түлэгдсэн...Тэгээд зодуулсны улмаас миний биед баруун гарын алга тэр чигээрээ түлэгдэж, дээд үүдэн 2 шүдний зүүн талын үүдэн шүд бугларч унасан, нүүр хөхөрч битүү хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-13-16 тал/,
Гэрч Н.Даваанямын өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би хонио хариулж орж ирээд гал түлж цай чанаж байхад нөхөр Ж.Б гаднаас 0.75 литрийн савалгаатай Ерөөл архи барьчихсан хөрш айлын Рагчаатай хамт орж ирсэн. Тэгээд нөгөө архиа задлаад уугаад сууж байтал Э.Э орж ирээд ямар ч үг хэлэлгүй ууж байсан архийг нь авч шидэж хагалаад манай нөхөртэй ноцолдож халуун гал дээр түлхэж унагаан гарыг нь түлсэн...Тэгээд гэрээс гарч гадаа ноцолдоод үүдэн шүдийг нь цохиод унагчихсан. Гарыг нь түлж үүдэн шүд нь унаж нүүр ам нь зөндөө хавдсан байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандсан боловч өөрсдөө шүд амыг нь хийлгэе тохиролцоё гээд байхаар нь хүний хүүхэд хэрэгт хийгээд яахав гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Ш.Батхөлөгийн өгсөн:...”2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баяннуур сумын цагдаа байсан д/а Мөнх-Оргилын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж гудамжаар явж байхад Ж.Б гэх айлын хашаан дотор хүмүүс орилолдоод байхаар нь очиход байшингийн баруун хойд буланд, хашааны ёроолд Ж.Б нь Э.Э ын дээр нь гараад суучихсан, өмсөж байсан хувцаснаас нь зуурчихсан, Э.Э нь мөн Ж.Б ын хувцаснаас нь зууралдсан байдалтай байсан...тухайн үед Ж.Б ын баруун гарын алга нь түлэгдсэн /шинэ хуучин гэдгийг нь мэдэхгүй/ уруул хэсэгтээ цусаар бохирлогдсон байдалтай байсан....харин уруулнаас цус гарсан байсан...Харин сүүлд 10 гаран хоногийн дараа Ж.Б ыг дуудуулан уулзахад Тухайн үед миний шүд унасан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч С.Рагчаагийн өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би архи уучихсан гэртээ байж байхад гаднаас Ж.Б 1 шил архи барьчихсан хамт ууя гэж орж ирэхээр нь би түүнийг дагуулан гэрт нь орсон юм. Ороод сууж байхад Ж.Б ын эхнэр Давааням гэртээ байсан та гаднаас манай сумын Ганбатын нөхөр гэж залуу л орж ирж Ж.Б зодсон юм билээ. Би тухайн үйл явдлыг нарийн сайн санахгүй байгаам. Э.Э гэх залуу, Ж.Б нарын хамт цагдаагийн өрөөний саатуулах өрөөнд орчихсон байсан. Тэнд юу болсон, яагаад энд орчихсон байдгын гэсэн чинь Ж.Б тэр 2 муудалцаад унасан ба би тэр 2-с болж хамт орж ирснээ мэдсэн. Би өөрөө тухайн үед их согтуу байсан учраас юу болсныг сайн мэдэхгүй байгаам. Ж.Б чи орж ирж намайг зодсон биздээ гээд тэр 2 маргалдаад байсан. Ж.Б намайг гэртээ чи бид 2-ыг сууж байхад Э.Э орж ирж зодоод би халуун пийшин дээр гарын алгаараа дарж унаад аль билээ гарын алгаа үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаартай
1. Ж.Б ын биед 21-р шүдний бүрэн мултрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт /хх 32-33 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Э.Э ад холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ж.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Э ын өгсөн: Тэгээд би машиндаа суугаад явсан ба удалгүй би ганцаараа Ж.Б ын гэрт хэл амаар доромжлоод байсных нь учрыг олохоор очсон. Тэгээд л хэл амаар доромжлоод эхлэхээр нь маргалдаж муудалцаад ширээн дээр байсан архийг нь авч шидээд тэгээд барьж аваад зодолдсон. Үүний улмаас түүний биед гэмтэл учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.Б ын ...Э.Э ганцаараа мотоцикль унаад манайд орж ирээд ширээн дээр байсан архийг хана цохиод, намайг гараараа баруун шанаанд шаагаад унахдаа би халуун пийшин дээр баруун гарын алгаараа дарж унаад гарын алга битүү түлэгдсэн... Тэгээд зодуулсны улмаас миний биед баруун гарын алга тэр чигээрээ түлэгдэж, дээд үүдэн 2 шүдний зүүн талын үүдэн шүд бугларч унасан, нүүр хөхөрч битүү хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-13-16 тал/,
гэрч Н.Даваанямын “.... архиа задлаад уугаад сууж байтал Э.Э орж ирээд ямар ч үг хэлэлгүй ууж байсан архийг нь авч шидэж хагалаад манай нөхөртэй ноцолдож халуун гал дээр түлхэж унагаан гарыг нь түлсэн... гэрээс гарч гадаа ноцолдоод үүдэн шүдийг нь цохиод унагачихсан гэх мэдүүлэг /хх-18 тал/,
гэрч Ш.Батхөлөгийн “...хашааны ёроолд Ж.Б нь Э.Э ын дээр нь гараад суучихсан, өмсөж байсан хувцаснаас нь зуурчихсан, Э.Э нь мөн Ж.Б ын хувцаснаас нь зууралдсан байдалтай байсан...тухайн үед Ж.Б ын баруун гарын алга нь түлэгдсэн /шинэ хуучин гэдгийг нь мэдэхгүй/ уруул хэсэгтээ цусаар бохирлогдсон байдалтай байсан....харин уруулнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-20 тал/,
гэрч С.Рагчаа “...“2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би архи уучихсан гэртээ байж байхад гаднаас Ж.Б 1 шил архи барьчихсан хамт ууя гэж орж ирэхээр нь би түүнийг дагаж гэрт нь орсон юм. Манай сумын Ганбатын нөхөр гэж залуу л орж ирж Ж.Б зодсон юм билээ. Би тухайн үйл явдлыг нарийн сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэгүүд,
хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж. Ж.Б нь... намайг Э.Э цохисоны улмаас пийжингийн ширэм рүү унаж гарын алга түлэгдсэн гэж мэдүүлж байх боловч тухайн цаг хугацаанд энэ талаар шалгуулах хүсэлт гаргаагүй мөн шүүх эмнэлэгт үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохдоо шинжээч эмч амбулторын картыг үндэслэн 21 дүгээр шүдний бүрэн мултралтай болохыг тогтоосон гэж мэдүүлж байх тул шүүх прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Э.Э ад холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б ын биед хөнгөн хохирол учирсан ба хохиролын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул эрүүл мэндэд учирсан хохиролын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Ж.Б д хохирол 1500000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэж баталгаа гаргасан боловч хохирлоо төлөөгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгийн торгуулийг хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж, хохирогч Ж.Б эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ