| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 184/2022/01565/И |
| Дугаар | 210/МА2023/00635 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2023/00635
2023 03 24 210/МА2023/00635
Т ТБАГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00485 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ТБАГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О д холбогдох гэм хорын хохиролд 13,713,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г.О нь 2021 оны 12 сарын 15-ны өдөр 05 цаг 00 цагийн үед *** урд замд Тоёота Приус маркийн **-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчиж, иргэн Г.А ы жолоодож явсан Тоёота Чейзер маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл нь Төрийн тусгай хамгаалалтын газрын эзэмшлийн телекамерын шонг мөргөж, эвдэн 14,564,000 төгрөгийн хохирол учруулсан. Г.О ийн гаргасан дээрх зөрчлийг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2021 оны 12 сарын 22-ны өдөр зөрчлийн *** дугаартай хэрэг нээн шалгаад, 2022 оны 01 сарын 18-ны өдрийн *** дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох зөрчлийн хариуцлага хүлээлгэсэн. Иргэн Г.О ийн гаргасан дээрх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн боловч тэрээр Төрийн тусгай хамгаалалтын газрын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөд учруулсан хохирлыг сайн дураараа барагдуулаагүй, барагдуулахаас татгалзсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 14,564,000 төгрөгийг хариуцагч Г.О ээс гаргуулахаар нэхэмжилсэн. Шаардлагаа 850,960 төгрөгөөр багасгаж, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 13,713,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 12 сарын 15-ны өдөр *** урд замд Тоёота Чейзер маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл нь Төрийн тусгай хамгаалалтын газрын эзэмшлийн телекамерын шонг мөргөж зогссон. Уг зөрчилтэй холбогдуулан 2021 оны 12 сарын 22-ны өдөр зөрчлийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулах зөрчлийн хариуцлага хүлээсэн. 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Төрийн тусгай хамгаалалтын газрын хийлгүүлсэн В ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар нийт 13,713,040 төгрөг гэж хохирлын үнэлгээний тайлан гаргажээ. Зам тээврийн осол гарах үед камерын шонд хяналтын камер байхгүй байсан. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хохирол барагдуулах тухай мэдэгдэлд AXIS Q6054-E телекамер гэж заасан. Гэтэл В ХХК-ийн үнэлгээний тайлангаар AXIS Q6055-E 50HZ камерын үнийг тодорхойлоод байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, байхгүй байсан камерт үнэлгээ тогтоож байгаа нь үндэслэлгүй. Хэрэв телекамер байсан бол зам тээврийн осол гарах үед хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэх, тэмдэглэлд хөтөлсөн байх ёстой. Хариуцагч Г.О нь шон мөргөсөн хохирлын хэмжээ болох үнэлгээгээр тогтоосон 2,800,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.О ээс 10,334,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тт олгож, нэхэмжлэлээс 3,378,760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 40 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 180,298 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн CиДи-г шүүх хуралдааны явцад үзлэг хийж, нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд түүнд агуулагдаж буй 8 секунд орчим үргэлжлэх бичлэгээр тухайн шон дээр телекамер байсан, зам тээврийн ослыг бичиж авсан, осол гарсан цаг хугацаанд /шон мөргөх үед/ бичлэг тасалдсан үйл баримт тогтоогдсон... гэж дүгнэжээ. Гэтэл тус шон дээр байсан гэх телекамер нь нэхэмжлэгчийн шаардаж буй шиг ямар хэмжээний эвдрэл гэмтэл учирсан, эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол сэргээн засварлах боломжтой эсэх нь мэдэгдэхгүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь алга болсон гэх телекамерыг хариуцагчаас шаардаагүй. Хэргийн газрын үзлэгээр тус шонд телекамер байсан эсэх нь тогтоогдоогүй, бэхжүүлэгдээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар тус телекамер алга болсон, алга болсон гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэмээн тайлбарладаг. Хэрэв маргаан бүхий телекамер алга болсон бол түүнийг авсан буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй. Мөн тус телекамерыг дэлгэцээр хянадаг эсэх, эвдрэл, гэмтэл учирсан даруй нэхэмжлэгчээс ямар арга хэмжээ авдаг, телекамер ажиллахгүй болсон цаг үед нь засварчин явуулдаг зэргүүд нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослыг бичиж авсан, осол гарсан цаг хугацаанд бичлэг тасалдсан бол нэхэмжлэгч ослын газар очиж арга хэмжээ авч, телекамерыг тэр даруйд очиж аваагүй, тус телекамертай дагаж мөрддөг хэм хэмжээний акт, болон тус байгууллагын өмч мөн эсэх, хөрөнгийн бүртгэлийн дэвтэр, тус шонд байршуулах болсон тушаал, шийдвэр, телекамерыг даатгалын компанид даатгуулсан зэргүүд нь хэрэгт авагдаагүй, тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Дүгнэлтийн үндсэнд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт буюу СиДи бичлэгт үзлэг хийсэн. Шүүх үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсний үндсэнд камер байсан гэх дүгнэлтийг гаргасан. Тухайн шон эвдэрсний улмаас шон дээр байрлаж буй камер алга болсон. Тухайн цаг хугацаанд осол гарч шонгийн модыг мөргөх үед камер унаж, бичлэг зогсож тасалдсанаар илэрхийлэгдэж байгаа талаар дүгнэсэн. Камерын бичлэгтэй холбоотойгоор тухайн шон дээр байрлуулсан камер хэрхэн ажилладаг байсан талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас гэрчээр мэдүүлэг авсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч тал 13,713,040 төгрөг нэхэмжилснээс шүүх үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн 10,334,280 төгрөг болгож бууруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т ТБАГ нь хариуцагч Г.О д холбогдуулан гэм хорын хохиролд 13,713,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь дээрх шаардлагаас 2,800,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...зам тээврийн осол гарах үед шонд хяналтын камер байхгүй байсан, үнэлгээчин байхгүй камерын үнийг тогтоож байгаа нь үндэслэлгүй, хэрэв камер байсан бол хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэх, тэмдэглэлд тусгагдсан байх ёстой... гэсэн агуулгаар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, В ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайлан, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Хяналтын камерын тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, гэрч Б.М ы шүүхэд өгсөн мэдүүлэг, фото зургийн хуулбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.а. 2021 оны 12 сарын 15-ны өдөр 05 цаг 00 минутын үед *** урд замд Г.О нь **-** УАН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодон явах үедээ Г.А ы жолоодон явсан **-** УНБ улсын дугаартай Тоёота Чейзер маркийн автомашиныг мөргөсөн;
3.б. **-** УАН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчсөн;
3.в. Мөргүүлсний улмаас **-** УНБ улсын дугаартай Тоёота Чейзер маркийн автомашин замын хойд талд байрлах Т ТБАГ-ын өмчлөлийн шонг мөргөж, хугалсан;
3.г. Үүний улмаас шонд суурилагдсан байсан хяналтын камер унаж, алга болсон;
3.д. Т ТБАГ-т учирсан хохирлыг шинжээч 13,713,040 төгрөг гэж тогтоосон, шинжээчийн үнэлгээний тайлантай хариуцагч Г.О танилцаж, гарын үсэг зурсан.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу зөв тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О ийн гэм буруу тогтоогдсон, түүний гэм буруугийн улмаас нэхэмжлэгч Т ТБАГ-т хохирол учирсан, гэм буруу болон хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
5. Анхан шатны шүүхийн СиДи бичлэгт хийсэн үзлэгээр ...зам тээврийн осол гарах үед шонд хяналтын камер байхгүй байсан, үнэлгээчин байхгүй камерын үнийг тогтоож байгаа нь үндэслэлгүй, хэрэв камер байсан бол хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэх, тэмдэглэлд тусгагдсан байх ёстой... гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол няцаагдаж байна.
Тодруулбал, СиДи бичлэгт хийсэн үзлэгээр ...шонд хяналтын камер суурилагдсан байсан, улмаар зам тээврийн ослын бичлэгийг хийсэн, шонг мөргөх үед хяналтын камерын бичлэг тасарсан... үйл баримт тогтоогдсон.
6. Анхан шатны шүүх Хохирлын үнэлгээний тайлан-д дурдагдсан цахилгааны кабель, бусад туслах материалыг дахин ашиглах боломжтой гэж үзэж, шинжээчийн тогтоосон хохирол 13,713,040 төгрөгөөс 3,378,760 төгрөгийг хасч, үлдэх 10,334,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
7. Иргэдийн төлөөлөгч Д.Э нь ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй... гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00485 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...40 дүгээр зүйлийн... гэснийг ...41 дүгээр зүйлийн... гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...гомдол гаргах эрхтэй... гэснийг ...гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 180,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР