| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0174/Э |
| Дугаар | 00186 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 00186
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнээд холбогдох эрүүгийн 1815000000202 дугаартай, 163/2018/0174/э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ял шийтгэлгүй, Р овогт Д.Э
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт иргэн М.Б эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815000000202 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Д.Э өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Улаанбаатар хот орох гээд мал харах хүнгүй болчихлоор нь өөрийн баз Бат-Д.Э буюу Б гэж дууддаг тэднийд очиж хүүхдийг нь хэд хоног мал хараад өгөөч гэж хэлэх гээд очсон. Тэгтэл тэднийд Б болон эхнэр Мягмаржав нар байсан. Тэгээд тэдний мэнд усыг мэдээд ойр зуурхан юм ярьж сууж байгаад 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг Батаагийн хамтаар ууж дуусгасан. Дараа нь Экс нэртэй 0.5 литрийн архийг Б бид 2 талд нь ортол уусан. Тэгээд хохирогч П буюу нөхөр Бат-Эрдэнийд очиж тамхи асуух болон адуу асуухаар очсон. Тэгээд гэрийн гадаа нь очтол П , нөхөр Б , Сувдаа гэх бүсгүй нар гэрийнхээ гадаа эсгий оёод сууж байсан. Тэгээд би очоод сайн байцгаана уу гэж хэлтэл Пүрэвсүрэнгийн нөхөр Б надтай мэндлэж дугараагүй. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор уур хүрээд танхайхаар орчихоод гаръя гэж хэлтэл П гүйж ирээд гэрийнхээ хаалганы урд зогсчихоод оруулахгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг цуг явж байсан Бор, Б нар явъя гээд дагуулаад явсан. Тэгээд гол орж толгойгоо норгочихоод ус уучихаад буцаад очтол П ынд буюу Б очтол тэднийхан хүүхдээ дагуулаад мотоцикльтой яваад өгсөн. Тэгэхээр нь би гэрийн гадаа байсан Пронтер маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, жолооч талын шилийг хагалсан. Тэгээд би гэрлүү нь орж тамхи хайж байгаад зурагтыг нь унагаачихсан, мөн тоз-8 маркийн бууны модыг нь хугалж эвдэлсэн. Тухайн үед П болон нөхөр Б нарт уурласан уураа тэр үед гаргасан. Тэгээд би гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-35-36 тал/
Хохирогч Б.П ын өгсөн:…2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Могод сумын 1 дүгээр баг “Бумбат” гэх газарт байдаг гэртээ манай нөхөр би хажуу айлын Сувдаа бид 3 гэрийн гадаа эсгий оёоод байж байтал Д.Э мотоцикль барьчихсан Бор нь Б судалсан байдалтай ирсэн. Манай гадаа ирээд Д.Э сайн байна уу гэсэн. Бид нар сайн гэсэн. Тэгтэл Эрдэнээ, Б чинь хүнтэй мэндэлдэггүй юм уу гээд үүрч явсан буугаа аваад манай нөхөр Б рүү чиглүүлсэн. Тэгтэл хамт явсан Б ах, Бор 2 Эрдэнээтэй ноцолдож байгаад бууных нь замгийг авсан. Тэгээд Б ах, Бор 2 Эрдэнээг явуулах гээд нилээд үзсэн. Д.Э тэнд хашгираад явахгүй байсан. Д.Э Б ах 2 сундлаад гол руу явсан. Бор хойшоо айлруу явсан. Тэгээд бид 3 гэрийн гадаа эсгий оёод сууж байтал Д.Э Б ах 2 голын эрэг дээрээс буцаад манайх руу ирсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд Д.Э мотоциклоос буухад өвөртөө дүүрэн юм хийсэн байсан. Тэгээд шууд машин руу өврөөсөө чулуу гаргаад шидсэн. Тэгэхээр нь нөхөр хүүхэдтэйгээ бид мотоцикль унаад уул руу явсан. Тэгээд уулан дээрээс дурандахад гэрийн гадаа байж байгаад манай гэррүү орсон. Тэгээд гэрээс гараад тэр 2 Б ахын гэр рүү явсан. Тэгээд бид хоёр уулнаас буугаад гэрт ирсэн. Гэрийн гадаа байсан машины урд болон хажуу талын шил хагарсан. Гэрт ороход зурагт хагалаад эвдсэн байсан. Бууг хуйг нь хугалаад гол төмөр нь тахийсан. Овоо хараа нь хугараад унасан байсан. Тэгээд би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
Гэрч П.Сувдаагийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багт Б гэх айлд очсон. Тэгээд Б , П бид 3 эсгий оёод байж байтал Эрдэнээ, Б ах Бор 3, 2 мотоцикльтой ирсэн. Сайн байцгаана уу гэсэн Б Д.Э чи яахаараа мэнд мэдсэнгүй гэж үүрч явсан буугаа аваад түүн рүү шагайсан. Тэгээд би айгаад Б гэрийн ард орсон. Д.Э өөрийнхөө мотоцикльтой Б ахыг суулгаад доошоо яваад өгсөн. Би хойд хонхорт нь сууж байгаад эргээд би хонхороос гарахад Б эхнэртэйгээ ирсэн. Тэгээд бид 3 гэр рүүгээ ороход зурагт хагарсан, буу эвдсэн байсан. Мөн гэрийн гадаа машины урд шил, хажуу талын шил хагалсан байсан ийм л юм болсон гэх мэдүүлэг /хх-13-14 тал/
Гэрч Н.Б өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багт Бумбат гэх газарт гэртээ байж байсан. Д.Э манайд 0,75 литр нэг шил архиыг Д.Э бид хоёр уусан. Тэгээд архиа ууж дуусаад Чулуунбаатар ахынд очье гээд Д.Э мотоцикль унаад би ард нь сундалаад явсан. Бор, Бямбасүрэнтэй хамт явсан би өөрийнхөө мотоцикльтой Б д очсон. Д.Э буугаад Б үгээр идээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд үүрч явсан буугаараа Б буудана гээд шагайсан. Тэгэхээр би бууг нь булааж авч бууны замагыг нь авсан. Тэгтэл цаанаас чулуу түүгээд өвөртөө хийгээд эргэж ирээд чулуугаараа Б машины урд салхины шил хажуу талын хаалганы шилийг хагалсан...Тэгээд явсан хойно нь Эрдэнээ, Б гэрт орж зуух руу нь өшиглөөд зурагт хагалаад эвдээд гарсан” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/
Гэрч М.Б өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эхнэр П хажуу айлын Сувдаатай бид эсгий оёод байж байхад Эрдэнээ, Б , Бор гэх залуу ирсэн. Д.Э согтуу мотоцикльтой ирээд зогссон тэгээд намайг сайн байна уу гэсэн. Би сайн сайн байна уу гэсэн чинь чи яасан их зантай дугардаггүй юм гээд Д.Э үүрч явсан буугаа аваад буудана гээд надруу чиглүүлсэн. Тэгээд хамт явсан Б , Бор 2 тэр бууг нь авах гээд ноцолдсон Д.Э өгөхгүй байсан. Тэгээд эхнэр бид 2 яваад өгсөн. Уулын орой дээрээс дурандахад манай гэрээс хөдлөөд гол рүү явсан тэгээд голын эрэг дээр суугаад байсан. Тэгээд бид хоёр уулнаас буугаад гэртээ иртэл гэр дотор байсан тоз-8 маркийн галт зэвсэгний хуйг гол төмрөөс нь салгаад хуйг нь хугалаад хаячихсан. Тэгээд гараад хартал машины урд цонхны шил, урд хаалганы шил хагалаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх -17-18 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, Бан Хас ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 0317 дугаартай дүгнэлт /хх-26-30 тал/, багийн засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт иргэн М.Б эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 320000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг дүгнэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.П ын ...Д.Э Б чинь хүнтэй мэндэлдэггүй юм уу гээд үүрч явсан буугаа аваад манай нөхөр Б рүү чиглүүлсэн. Тэгтэл хамт явсан Б ах, Бор 2 Эрдэнээтэй ноцолдож байгаад бууных нь замгийг авсан. Д.Э тэнд хашгираад явахгүй байсан. Дараа нь Д.Э Б ах 2 сундлаад гол руу явсан. Хэсэг хугацааны дараа өвөртөө дүүрэн юм хийчихсэн ирээд шууд машин руу өврөөсөө чулуу гаргаад шидсэн. Тэгэхээр нь нөхөр хүүхэдтэйгээ бид мотоцикль унаад уул руу явсан. Тэгээд уулан дээрээс дурандахад гэрийн гадаа байж байгаад манай гэррүү орсон. Тэгээд гэрээс гараад тэр 2 Б ахын гэр рүү явсан. Тэгээд бид хоёр уулнаас буугаад гэрт ирсэн. Гэрийн гадаа байсан машины урд болон хажуу талын шил хагарсан. Гэрт ороход зурагт хагалаад эвдсэн байсан. Бууг хуйг нь хугалаад гол төмөр нь тахийсан. Овоо хараа нь хугараад унасан байсан. Тэгээд би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
гэрч Н.Б “...Тэгээд үүрч явсан буугаараа Б буудана гээд шагайсан. Тэгэхээр би бууг нь булааж авч бууны замагийг авсан. Тэгтэл цаанаас чулуу түүгээд өвөртөө хийгээд эргэж ирээд чулуугаараа Б машины урд салхины шил хажуу талын хаалганы шилийг хагалсан...Тэгээд явсан хойно нь Эрдэнээ, Б гэрт орж зуух руу нь өшиглөөд зурагт хагалаад эвдээд гарсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Б “...Тэгээд бид хоёр уулнаас буугаад гэртээ иртэл гэр дотор байсан тоз-8 маркийн галт зэвсэгний хуйг гол төмрөөс нь салгаад хуйг нь хугалаад хаячихсан. Тэгээд гараад хартал машины урд цонхны шил, урд хаалганы шил хагалаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Сувдаа “...Би хойд хонхорт нь сууж байгаад Эргээд би хонхороос гарахад Б эхнэртэйгээ ирсэн. Тэгээд бид 3 гэррүү нь ороход зурагт хагарсан, буу эвдсэн байсан. Мөн гэрийн гадаа байсан машины урд шил, хажуу талын шил хагалсан байсан ийм л юм болсон...гэх мэдүүлэгүүд, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоосон Бан Хас ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 0317 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Э нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас баг бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Э ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э нь гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогч Б.П д эд хөрөнгийн хохирол 320000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байх тул хохирол, хор уршиг арилсан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Д. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ