Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00187

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.Б  , Л.Д , шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурор Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д  нарт холбогдох эрүүгийн 1815000000166 дугаартай, 163/2018/0178/э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Бовогт Б.Б 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Бовогт Л.Д

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч  Б.Б   нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багын нутаг 3б-6-5 тоотод байрлах хохирогч Л.Д ийн гэрт түүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар сандал, зуухны төмөр ширмээр цохиж хохирогч Л.Д эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Яллагдагч Л.Д  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн  нутаг 3б-6-5 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Б  тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б   өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д  өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.

 

181500000166 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Л.Д ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  хотоос ирэхдээ Вогонд байсан Буяа гэж дууддаг залуутай танилцаад өглөө гэртээ ирэхэд 09 цаг болж байсан. Хамт архи ууя гээд байсан тухайн үед манай эхнэр *******, охин,  хүү бид хэд байсан. ...тэгээд 3 дугаар хороо өгсөөд нэг дэлгүүрээс 0.75 гр ерөөл архи аваад манайд очоод архиа уусан. 15 цагийн үе л байх архиа тал хүртэл нь уугаад сууж байтал Буяа намайг хөөе бандиа гэснээ ууж байсан тал архитай шилээр миний зүүн тал хэсэг рүү цохиод хагалчихсан. Миний толгойноос цус гараад би чи яаж байна гээд босох гэтэл намайг өшиглөөд унагаачихсан. Манайд  байсан модон сандлыг барьж байгаад миний толгой, тархи, биеийн бүх хэсэг рүү нүдээд байсан. Тэгэхээр нь намайг зүгээр орхиод явал даа намайг яагаад нүдээд байгаа юм бэ? Гэсэн чинь инээгээд нүдээд байсан  чинь сандал нь хагараад унасан чинь зуухны цагирган тагаар намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-19-22 тал/,  

Хохирогч Б.Б өгсөн: “ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Наранбаатарын гэрт ганцаараа өглөө эрт 09 цагийн багцаанд очсон. Тэгээд тэдний хөрш эсрэг талынх нь хаалгаар ордог Д гынд орсон. Тэгэхэд тэднийд эхнэр охин нар нь байсан. Тэгээд Д  бид 2 тэднийхээс хамт гараад доод Төрийн банкнаас Д  хүүхдийн мөнгөө авсан. Тэгээд тэндээсээ гараад Жаргалант дэлгүүрийн өөдөөс харсан бөөний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи аваад Мөөнөө гэж хүнтэй зах дээр таараад бид 3 тэдний гэрт очсон. Тэгээд тэднийд Д  бид 2 архиа хувааж уугаад Мөөнөө архинаас уугаагүй үсээ будаад сууж байсан. Тэгээд 1 цаг гаран болоод архиа ууж дуусаад Д  бид 2 уруудаж зах орсон. Зүс таних нэг хүнээс цемент авах уу гэхэд авна гэхээр нь такси аваад манай гэрт байсан 3 шуудай цементийг чанар нь муудаад чулуужчихсан болохоор нь нийлээд 15000 төгрөгөөр зарчихсан. Гэртээ очихоосоо өмнө мөн 1 шил архи авчихсан байсан. тэндээс буцаад Л.Д ийн гэрт ирсэн гэрт нь хүн байхгүй байсан тэднийд ороод авсан байсан архиа уусан ба би нэлээд согтоод эхэлсэн. Бид 2 бие биенийхээ үгийг даалгүй маргалдсан болов уу? намайг сууж байхад толгой дээр тас буугаад явчихсан чинь архины шилээр цохиод авсан. Хэсэг ухаан балартаад унасан ба тэр хооронд Л.Д  миний цээж өехий хэсэгт өшиглөж байсан ба гараараа тэмтэрсэн чинь жижиг модон сандал гарт таарахаар нь түүнийг цохьсон хаана яаж цохисоныг мэдэхгүй, Л.Д оос цааш салаад жаахан мөлхсөн чинь гарт төмөр зүйл таарахаар нь аваад Л.Д ийг цохьсон ба хаана нь хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Сүүлд нь зуухны ширэмээр цохьсоныг мэдсэн. Миний биед уг үйлдлийн улмаас духны зүүн хэсэгт шалбарсан баруун хацар шанаан дээр жаахан шалбарсан гэмтэл учирсан ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

Гэрч Ё.*******гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн үед Бадмаа гэж дуудаад байдаг залуу манайд орж ирсэн. Тэгээд түрүүлээд гараад яваад өгсөн би Л.Д той хамт гэрээс гарахад Бадмаа замын цаана зогсож байгаа харагдсан би ажилруугаа яваад өгсөн. Л.Д  Бадмаатай хамт үлдсэн. Тэгээд 11 цагийн үед Л.Д , Бадмаа хоёр манай ажил дээр ирж уулзаад хүүхдийн 20000 төгрөг авах гэж байна иргэний үнэмлэхний лавлагаа авах гэж байна гээд ирсэн. Тэгж хэлээд яваад өгсөн. Би ажил дээрээ үлдсэн байж байтал 16 цагийн үед манай хажуу талын Пүрэвээ гэдэг хүүхэн 99212485 гэсэн утаснаас надруу залгаад энэ 2 зодоон хийгээд байх шиг байна түжигнээд байх шиг байна гээд тасалсан. Хэсэг байж байгаад Бадмаа гараад явчихлаа гэсэн. Тэгээд манай  Нандиа гээд 8 настай охин  Л.Д , Бадмаа ах 2 зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлаасаа чөлөө аваад гүйгээд очтол Л.Д  манай хажуу талын Пүрэвээгийнд сууж байсан. Гэртээ ороход шалаар нэл цус болсон архины шил хагараад ханан пийшингийн хажууд модон сандал хагарч эвдэрсэн. Төмөр пийшингийн таг төмрийг бас хагалаад хаячихсан байсан. Л.Д  нь толгой хагараад олон оёдол тавиулсан бүх бие нь гэмтсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27 тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.*******нийн өгсөн: “...манайх тэдийх 2 нэг хашаанд үргэлжилсэн урт байшинд амьдардаг. Тэр өдөр Д  ах Бадмаа агаа 2 нэг архи барьчихсан Д  ахын гэрт ирсэн. Тэр 2-ыг ирэхэд тэдний гэрт хүн байгаагүй. Гэртээ орсоноос хойш нэг цаг гаран болсон байхаа Д  агаа хашгираад байхаар нь би хаалгыг нь шагайж харсан чинь Д  агаа газар шалан дээр хэвтчихсэн шал, нүүр нь цус болчихсон байсан. Д  агаагаас өөр хүн байгаагүй Д  ах хашгираад намайг орох гэтэл Бадам ах тэднийхээс гараад явчихсан. Д  ах намайг хараад Бямбаа эгээгээ дуудаарай гэхээр нь би буцаж гэртээ орж ирээд ээждээ Д  ах Бямбаа эгчийг дуудаач өгөөч гэнээ гэж ээжид хэлж ээж утсаар залгаж хэлсэн. Бадам ах тэр 2 гэртээ архи уусан. Намайг шагайж харахад архины шил хагарчихсан зуухан дээр тавьдаг ширэм 3 хэсэг хуваагдчихсан байсан. Тэр 2 согтуу ирсэн гуйваад байсан...” гэх мэдүүлэг /хх-28 тал/

Гэрч Ш.*******гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би ганцаараа хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ХАА газрын тэнд явж байхад Л.Д , Б.Б   2 хамт явж байгаад таарсан. Тэгээд доошоо хамт уруудаад Шүүдэр Царам захын тэнд очсон тэр 2 хуучин шар дэлгүүрийн байранд байдаг бөөний дэлгүүрт ороод гарч ирсэн ба тэгэхдээ Монгол стандарт нэртэй 0.75  нэг шил архи аваад гарч ирсэн ба такси аваад өгссөн. Тэгээд замдаа танайд ороод ганц юм уучих уу гэхээр нь тэг тэг гээд манайд орж нөгөө авсан архиа задалж уусан. Би архинаас нь уугаагүй. Тэр 2 л суугаад архи хувааж ууцгаагаад хоорондоо юм яриад л ууж дуусгасан. Ямар нэгэн байдлаар хоорондоо хэрэлдэж маргалдаж ам зөрөөгүй, тэгээд архиа уугаад тэр 2 хоёулаа л нэлээд халцгаасан ба дууссан бол одоо яв, би явж хүүхэд сургуульд хүргэж өгөх гээд байна гээд тэгээд тэр 2 манай гэрээс надаас түрүүлж гарцгаасан, гудамжинд гараад тэр 2 хамт баруун тийшээ Бүргэдэй дэлгүүрийн чигт яваад би араас нь хүүхдээ дагуулж гарч ирээд зүүн тийшээгээ эргээд явсан. Энэ үед 12 болж байсан байхаа. Тухайн үед тэр 2-ын нүүрэнд л лав ямар нэгэн гэмтэл бэртэлгүй явсан. Тэр 2-ын хэн хэн нь ямар нэгэн байдлаар өвдөж зовиурласан байдал ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 274 дугаартай

1. Б.Б биед зулай, зүүн бугуйд няцарсан шарх, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 34-35 тал/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 273 дугаартай

1. Л.Д ийн биед зүүн 5, 6, 9, 11-р хавирганы хугарал, уушиг уналт, цээжний хөндийд хий хуралдалт, дух, баруун дээд зовхи, зүүн чамархай, зүүн нүдний гадна булан, хамар, зүүн чих, дагз хэсгийн хуйх, баруун гуя, зүүн шилбэнд шарх, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун шуунд цус хуралт, баруун зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 38-39 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-3, 5-7 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл / хх-11-12 тал/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-46-52 тал/ багийн засаг даргын тодорхойлолт /хх 62, 67 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65, 70 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б   нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багын нутаг 3б-6-5 тоотод байрлах хохирогч Л.Д ийн гэрт түүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар сандал, зуухны төмөр ширмээр цохиж хохирогч Л.Д эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Д  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг 3б-6-5 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Б  тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.       

Энэ үйл баримтуудаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б өгсөн “...намайг сууж байхад толгой дээр тас буугаад явчихсан чинь архины шилээр цохиод авсан. Хэсэг ухаан балартаад унасан ба тэр хооронд Л.Д  миний цээж өехий хэсэгт өшиглөж байсан ба гараараа тэмтэрсэн чинь жижиг модон сандал гарт таарахаар нь түүнийг цохьсон хаана яаж цохисоныг мэдэхгүй, Л.Д оос цааш салаад жаахан мөлхсөн чинь гарт төмөр зүйл таарахаар нь аваад Л.Д ийг цохьсон ба хаана нь хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Сүүлд нь зуухны ширэмээр цохьсоныг мэдсэн. Миний биед уг үйлдлийн улмаас духны зүүн хэсэгт шалбарсан баруун хацар шанаан дээр жаахан шалбарсан хөнгөн гэмтэл учирсан...” шүүгдэгч Л.Д ийн өгсөн “...Буяа намайг хөөе бандиа гэснээ ууж байсан тал архитай шилээр миний зүүн тал хэсэг рүү цохиод хагалчихсан. Миний толгойноос цус гараад би чи яаж байна гээд босох гэтэл намайг өшиглөөд унагаачихсан. Манайд  байсан модон сандлыг барьж байгаад миний толгой, тархи, биеийн бүх хэсэг рүү нүдээд байсан. Тэгэхээр нь намайг зүгээр орхиод явал даа намайг яагаад нүдээд байгаа юм бэ? Гэсэн чинь инээгээд нүдээд байсан тэгсэн чинь сандал нь хагараад унасан чинь зуухны цагирган тагаар намайг зодсон...” гэх мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн гэрч Ё.*******гийн өгсөн “.... Гэртээ ороход шалаар нэл цус болсон архины шил хагараад ханан пийшингийн хажууд модон сандал хагарч эвдэрсэн. Төмөр пийшингийн таг төмрийг бас хагалаад хаячихсан байсан. Л.Д  нь толгой хагараад олон оёдол тавиулсан бүх бие нь гэмтсэн байдалтай байсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.*******нэний өгсөн “...шагайж харсан чинь Д  ах газар шалан дээр хэвтчихсэн шал, нүүр нь цус болчихсон, архины шил хагарчихсан зуухан дээр тавьдаг ширэм 3 хэсэг хуваагдчихсан байсан.  Д  ах хашгираад намайг орох гэтэл Бадам ах тэднийхээс гараад явчихсан. Д  ах намайг хараад Бямбаа эгээгээ дуудаарай гэхээр нь би ээждээ Д  ах Бямбаа эгчийг дуудаач өгөөч гэнээ гэхэд  ээж утсаар залгаж хэлсэн. Бадам ах тэр 2 гэртээ архи уусан байсан гэх мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 274, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 273 дугаартай дүгнэлтүүд,  эмчлүүлэгч Л. Л.Д ийн  хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.        

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн шүүгдэгч Б.Б  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан,  шүүгдэгч Л.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д ид эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохиролд 570000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болохыг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Б  , Л.Д  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Б  д ял шийтгэл оногдуулахад өрхийн орлогогүй, эд хөрөнгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул торгуулийн ялыг хэрэглэх боломжгүй ба хохирогчийн эрүүл мэндийн байдал үлдэц хор хохирол арилаагүй байгаа тул хохирол нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй байх тул ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлгүй байна. Харин түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ялыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Д ийн хувьд биеийн эрүүл мэндийн  хувьд хүнд гэмтэлтэй цаашид эмчилгээ шаардлагатай болох нь тогтоогдож байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, харин торгуулийн ял оногдуулж, өрхийн орлогогүй байдлыг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б  , Л.Д  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан хугарч эвдэрсэн модон сандал, 3 хэсэг хуваагдсан Ерөөл нэртэй архины хагархай шил, хохирогч Л.Д ийн өмсөж байсан хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн хагас ханцуйтай даавуун подволька, хохирогч Б.Б өмсөж байсан саарал өнгийн даавуун өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Л.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б  д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д  нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б  , Л.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б   хохирогчид 570000 төгрөгийг төлсөн болохыг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хугарч эвдэрсэн модон сандал, 3 хэсэг хуваагдсан Ерөөл нэртэй архины хагархай шил, хохирогч Л.Д ийн өмсөж байсан хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн хагас ханцуйтай даавуун подволька, хохирогч Б.Б өмсөж байсан саарал өнгийн даавуун өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ