| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0165/э |
| Дугаар | 00188 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 00188
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг,
Хохирогч Ц.М ,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б д холбогдох эрүүгийн 1815002540170 дугаартай, 163/2018/0165/э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Ж овогт А.Б
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч А.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт иргэн Ц.М өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 02- 03-ны өдөрт шилжих шөнө морь уядаг газрын хажууд байдаг овоон дээр найз нөхөд, дүү нартайгаа нийлж морио манаж хонохоор болсон. Өмнөх өдөр нь миний уяж байсан үрээ наадамд түрүүлсэн байсан. Тэгэхээр нь би гэртээ харьж хувцасаа сольчихоод эргэж ирээд 2-3 шил архи хувааж уусан. Тэгж байхад А.Б нэг залуугийн хамт ирсэн байсан. Бид хэд тойрч суугаад архиа хувааж ууж байгаад бие засчихаад машин налаад зогсож байтал миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд хөл маань их өвдөөд хөл дээрээ зогсож чадахгүй доошоо суусан. Хэсэг хугацааны дараа хөлөө барихад хөхөрч хавдаад хугарсан гэдгийг мэдээд А.Б аа чи хөл хугалчихлааш дээ гэхэд би хөлийг чинь хугалаагүй гээд байсан. А.Б нь мөрдөн байцаалтад “Ц.М ах намайг хэл амаар доромжилж, архи, тамхи аваад ир гэж дарамтлаад байсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Би ингэж хэлснээ санахгүй байна. Хэлсэн ч байж магадгүй. Хөл өвдөөд байхаар нь гутлаа тайлаад сууж байтал хамт явж байсан залуу нь намайг баашиллаа гээд хөл дээр гишгээд байсан. Тэгтэл араас нь нэг хүн ирээд аваад явсан. Эмнэлэг дуудах гээд утсаа гаргатал утасны цэнэг дууссан байсан. Хажууд байсан найзынхаа утсаар дүү рүүгээ залгаад ах нь хөлөө хугалчихлаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирсэн. Эмч үзэж харчихаад хоёр хугарсан байна гэж хэлээд модоор чиг тавиад боосон. Өглөө 06 цагийн үед сумынхаа эмнэлэгт очсон. Эмч өвчин намдаах тариа хийсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад цагдаа нэг хүн авчирч энэ таны хөлийг хугалсан хүн мөн үү? гэж асуусан. Тэгэхээр нь би биш байна гэж хэлсэн. Дараа нь А.Б ыг авчирсан. Харин А.Б болохоор би огт хугалаагүй гээд гүрийгээд байсан. Нэг удаа А.Б ээжийн хамт ирчихээд та гомдолгүй гээд бичиг хийгээд өгөөч гээд байсан. Тэгэхэд нь би үгүй гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзаад уучлалт гуйгаад хохирлын мөнгө төгрөг өгөх болов уу? гэж зөндөө харсан. Тэгэхэд ирж уулзаагүй. Хотод хэвтэж байхдаа өөрийн малаасаа 27 хонь зарж борлуулж мөнгө болгож эмчилгээндээ зарцуулсан. А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 800000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо шүүгдэгч А.Б аас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 1.699.794 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс А.Б ы өгсөн 800.000 төгрөгийг хасаж тооцох саналтай байна. Иймд шүүгдэгч А.Б аас хохирол төлбөр 899.794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Нандинцэцэгийн өгсөн: Нарийн мэргэжлийн дүрс оношлогооны эмч С.Чулуунсүх зургийг уншаад шаант ясны 1/3 хэсэгт ташуу сэтэрсэн, тахилзуур ясны дээд 1/3 хэсэг, доод 1/3 хэсэгт ташуу, сэлтэрсэн зөрүү багатай хугаралуудтай, шагайн үенд гэмтэлгүй байна гэж оношлосон байсан. Энэ талаар гаргасан дүгнэлтэндээ тусгасан байгаа. Хөлний шаант ясны далд хугаралыг зөрөөтэй, зөрөөгүй гэж ангилдаг юм. Хохирогч Ц.М ын зүүн хөлний шаант яс нь ташуу хэлбэрийн далд хугаралтай бөгөөд зөрөөтэй байна гэж гарсан. Үүнийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т засанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Миний гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 9529 тоот дүгнэлт үндэслэлтэй гэв.
1815002540170 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч А.Б ы өгсөн: Гурванбулаг сумын наадам шүлхий өвчин гарсантай холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн. Тэгээд наадмын эхний өдрийн шөнө 03 цагийн үед аавын ахын хүүхэд А.Дн хамт мотоцикльтой сундалж сумын төвийн урдхан талд хурдан морио манаж хонож байсан Ц.М , *******, Санжаажамц, Дугар зэрэг хүмүүс дээр очсон. Бид 2-г очиход тэр хэд морио манангаа тойрч суугаад архи уугаад сууж байсан. Тэдэнтэй мэнд ус мэдчихээд суусан Ц.М ах надаас архи тамхи нэхэхээр нь харанхуй шөнө олдохгүй шдээ гэсэн намайг элдэвээр хэлээд эхэлсэн. Түүнээс болоод бид 2 маргалдаад 2 талаасаа босоод ирсэн ба түүнд гар хүрээгүй ба зүүн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд миний араас Санжаажамц ах татаж аваад унагаачихсан. Тэгээд машин тойроод гараад иртэл Ц.М ахын хөл хугарчихлаа гээд хэвтэж байсан. Тухайн үед бид 2-с өөр хэн нэгэн хүн бид хоёрын маргаанд оролцоогүй. Ийм л юм болсон. Тэгээд эмнэлэг, цагдаа болсон. Түүний хөлний бүдүүн нарийн шилбэний яс нь хугарчихсан юм билээ гэх мэдүүлэг /хх-40-41 тал/
Хохирогч Ц.М ын өгсөн: Би Булган аймгийн Гурванбулаг сумын төвын наадам болж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд морио манаад байж байтал зүс таних залуу ирсэн юм.Тэр хоёр нэлээн халамцуу байсан. Хэсэг байж байгаад нэг нь миний зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөөд миний хөлийг хугалчихсан юм....Өндөр хар буюу Бачка А.Б / нь миний хөлийг өшиглөж хугалсан юм...сүүлд Бачка/А.Б нь та мориноос унаад хөлөө хугалчихлаа гэж хэлээрээ гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Гэрч Л.******* өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр наадмын эхний өдрийн орой байсан. Би А.Б ы хажууд сууж байгаад тэр хоёрыг босоод ирэхээр нь тэр хоёрын дундуур орж салгасан. Тэр үед л А.Б өшиглөсөн үү, хавирсан уу Ц.М ах хөл хугарчихлаа гээд машин налчихсан зогсож байсан гэх мэдүүлэг /хх-24-25 тал/
Гэрч Г.*******гийн өгсөн: “...Ц.М , Алтангэрэлийн хүү 2 хоёр талаасаа барьцалдаж авах шиг болоод л Ц.М нь хөл хугарчихлаа гээд л суучихсан байсан” гэх мэдүүлэг /хх 27-28 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9529 дугаартай
1. Ц.М ын биед зүүн шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 42 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт иргэн Ц.М өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.М ын өгсөн... 2018 оны 08 дугаар сарын 02-03-ны өдөрт шилжих шөнө морь уядаг газрын хажууд байдаг овоон дээр найз нөхөд, дүү нартайгаа нийлж морио манаж хонохоор болсон. Өмнөх өдөр нь миний уяж байсан үрээ наадамд түрүүлсэн байсан. Тэгэхээр нь би гэртээ харьж хувцасаа сольчихоод эргэж ирээд 2-3 шил архи хувааж ууж байтал А.Б нэг залуугийн хамт ирсэн байсан. Бид хэд тойрч суугаад архиа хувааж ууж байгаад бие засчихаад машин налаад зогсож байтал миний хөл рүү А.Б өшиглөсөн. Үүнээс брлж хөл маань хугарч эрүүл мэндээрээ хохирсон. Шүүгдэгч А.Б аас хохирол төлбөр 899.794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,
гэрч Л.Д өгсөн ...Тэр үед л А.Б өшиглөсөн үү, хавирсан уу Ц.М ах хөл хугарчихлаа гээд машин налчихсан зогсож байсан гэх мэдүүлэг, гэрч Г.*******гийн өгсөн... Ц.М , Алтангэрэлийн хүү 2 хоёр талаасаа барьцалдаж авах шиг болоод л Ц.М нь хөл хугарчихлаа гээд л суучихсан байсан гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан , гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 9529 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохиролд 1699794 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан хөтөвч 140000 төгрөг, ГССҮТ орлогын ордер 15050 төгрөг, памферс 12100 төгрөг, алтан зул эмийн сан 8500 төгрөг, Фармалогик эмийн сан 8000 төгрөг, ГССҮТ хагалгааны 110000 төгрөг, орлогын ордер ЭМД-ын 15% 76194 төгрөг, Агар шим эмийн сан 28100 төгрөг, ор хоног 150000 төгрөг, Уянга хулст эмийн сан 32150 төгрөг, бензин 31500 төгрөг, Улаанбаатар ирж очсоны зардал 240000 төгрөг нийт 735794 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 800000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болохыг хохирогч хүлээн зөвшөөрч байх тул гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн байна. Харин хохирогч Ц.М ын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох бармтгүй болон 27 хонь зарсан болон замын зардал гэх 220000 төгрөг нийт 899794 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт шинжлэн судласан хохирогчийн хөлний рентген зураг 2 ширхэгийг буцаан олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт А.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийг хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгуулийн ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Ц.М ын нэхэмжлэлийн шаардлагаас 899794 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдврлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт шинжлэн судласан хохирогчийн хөлний рентген зураг 2 ширхэгийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ