Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 521

 

Б.Ө- т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Ө- т холбогдох 2030000140133 дугаартай хэргийг хохирогч Б.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Ө.

Б.Ө-  нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Хундар” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.Энхболдыг зодож “зүүн доод талын эрүүний хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө- ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч Н.Энхболд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Энхболдын давж заалдсан гомдлуулыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Энхболд гаргасан гомдолдоо “... Б.Ө- ын шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь тухайн үед болсон асуудалтай таарахгүй зөрүүтэй байна гэдгийг би удаа дараа хэлж байсан. Би анх цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Өсөхбаяр нь намайг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зодсон” гэж мэдүүлсэн. Тэгтэл Өсөхбаяр нь мэдүүлэгтээ 2019 оны 10 дугаар сарын 22-ны орой би Энхболд ахтай муудалдсан гэж мэдүүлсэн нь зөрүүтэй байна. Өсөхбаяр нь намайг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нь намайг зодсон. Урьд шөнө нь эхнэртэйгээ муудаад түүнийг зодоод эхнэрээ хөдөө хонуулсан хүн. Тэр шөнөдөө Өсөхбаяр нь хөдөө гэрээсээ сум руу найзуудтайгаа яваад архи авчирч уугаад өдөр нь би түүнд өглөө нь архи уулаа гэж ганц, хоёр үг хэлсэн. Тэрэнд дургүйцэж намайг зодсон хүн. Өмнө Өсөхбаяр нь надад гарч хүрч байсан. Үүнийг нь би тухайн үед нь зүгээр өнгөрөөж байсан. Гэтэл олон хавар нэгэнтээ гэгчээр одоо бүр миний 2 эрхтэнд гэмтэл учруулсанд гомдолтой байна. Өсөхбаяр нь миний эрүү болон хавиргыг хугалсан, тэгтэл шинжээчийн дүгнэлтэнд миний хавирга хугарсан эсэх талаар нэг ч өгүүлбэр байхгүй байна. Би Өсөхбаярт зодуулснаас болж эрүүл мэнд болон эдийн засгаар хохироод байна. Би эхнэрийн хамт цайны газар түрээслэн ажилладаг, Өсөхбаярт зодуулсанаас болж 2 сар гаран ажлаа хийж чадаагүй, эмнэлгээр явсаар байгаад таарсан. Иймд би ажилгүй байсан хугацааны хохирлоо гаргуулна. Өсөхбаярт надад ажилгүй байсан хугацааны зардал 2.000.000 төгрөг өгнө гээд өөрөө хэлсэн, хүлээн зөвшөөрсөн. Харин надад Өсөхбаяр эмчилгээний зардлаа төлсөн. Одоо би түүнээс ажилгүй байсан хугацааны хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Мөн анхан шатны шүүх Өсөхбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулсан ял нь хөнгөдсөн тул Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Ө-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалтай тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэм бурууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогч Н.Энхболдын цалингүй байсан хугацааны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н.Энхболдтой маргалдахдаа хохирогчийн мэдүүлснээр “... шанаа руу нь нэг удаа цохиж” тусгай мэдлэг бүхий шинжээчийн рентгэн зургийг үндэслэн гаргасан дүгнэлтээр “зүүн доод талын эрүүний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Н.Энхболдын биед “зүүн доод эрүүний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцсэн, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэжээ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуульчилсан журамтай бөгөөд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй болно.

Иймд хохирогч Н.Энхболдын гаргасан “... хавирга хугарсан, 2 эрхтэнд гэмтэл учруулсан” гэх прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй асуудлыг гомдлын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх шийдвэрээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гаргадаг бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хуульд заасны дагуу асарч сувилах зэрэг зайлшгүй бүх зардлыг нөхөн төлөх үүргийг хуулиар хүлээдэг болно.

Шүүгдэгч нь хохирогчид 1.700.000 төгрөг нөхөн төлсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршиг буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас авч чадаагүй цалинтай адилтгах орлого 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг шууд гаргах бололцоогүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлан ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хохирогч Н.Энхболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Н.Энхболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                           Б.ЦОГТ

                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                       Б.БАТЦЭРЭН

                                                       С.БАТДЭЛГЭР