Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0204

 

“АэБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ат нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “АэБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.7, 6.13 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “АэБ” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг Татварын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн “АэБ” ХХК-ийн төлөх ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “АэБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б давж заалдах гомдолдоо: “...2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн маргаантай хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэн “АэБ” ХХК нь иргэн Б.Батзаяа болон өмгөөллийн “Аа” ХХН-тэй хамаарал бүхий этгээд биш хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

...2013 онд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн маргааны хувьд манай байгууллагыг анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага биш байна хэмээн дүгнэсэн. ...харин манай компани нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан хуулийн фирмүүдийн нэгэн адил татварын байгууллагын шахалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон бөгөөд манай үйл ажиллагааны онцлогоос хамаараад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэсэн тайлбаруудыг тухайн үед өгч байсан ч үр дүнд хүрээгүй болно.

...иргэний хэргийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсан үйл баримт нь зөвхөн иргэний шүүхэд тухайн асуудлаар дахин хандах эрхийг хязгаарлана. Тиймээс тус асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нөхцөлд шүүхэд хандах эрхээсээ татгалзсан гэж үзэхгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “АэБ” ХХК нь “...Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусд тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг Татварын ерөнхий газарт даалгах, “АэБ” ХХК-ийн төлөх ёстой 82 474 039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргаж, “...шүүхийн шийдвэрийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэггүй болохоо тогтоолгосон учраас 82 000 000 төгрөгийн өрийг тэглүүлэх, нэгэнт төлсөн 144 875 661 төгрөгийг илүү төлөлт гэж тооцож, хамаарал бүхий этгээдүүдийн төлөх ёстой татварт суутган тооцуулах боломжтой байхад хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэлээр тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь

1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр “АэБ” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч “АэБ” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байхдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон түүнээс хойш төлүүлэхээр тогтоосон татварын өрийг нэхэмжлэгч “АэБ” ХХК төлөх эсэх талаар шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг л даалгаж шийдвэрлэсэн, өөрөөр ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхээр шийдвэр гаргаагүй байна.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон түүнээс өмнө төлсөн татварыг хамаарал бүхий этгээдийн татварт суутган тооцуулах, үүссэн байсан өрийг тэглүүлэх үр дагавар үүссэн” хэмээн маргаж буй нь үндэслэлгүй, уг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон үеэсээ эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах, мөн үеэс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байх үр дагавар үүсгэхээс бус “захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх” үр дагаврыг үүсгэхгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч “АэБ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварт 144 875 661 төгрөгийг төлсөн 2005-2013 онд тэрээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байсан.

Хэдийгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр “АэБ” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийн эрх зүйн үр дагавар үүнээс өмнөх цаг хугацаанд үйлчлэхгүй, өөрөөр хэлбэл “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь шаардагдах захиргааны акт гаргуулахад чиглэгдсэн байдаг тул нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байхдаа төлсөн татварт энэ шүүхийн шийдвэр хамааралгүй юм.

Нэгэнт нэхэмжлэгч “АэБ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байхдаа татвар төлснийг хууль бус гэж шийдвэрлэсэн ямар нэг шийдвэр байхгүй энэ тохиолдолд тухайн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу бусад татварт суутган тооцох боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон татварын тайланд тусгаж, төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Татварын ерөнхий газар нь “...нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэх” нэхэмжлэгч “АэБ” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байх тул шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч “АэБ” ХХК нь Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байхдаа татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах”-аар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргасан хэдий ч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00246 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...“АэБ” ХХК-ийн төлөх ёстой 82 474 039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгох” эсэхийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар...., түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр... байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь нэхэмжлэгч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн үндэслэлгүйгээр төлсөн татвараа буцаан авах, өрийг тэглүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхээ хэрэгжүүлсэн байх боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхгүй юм.

Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн эхний шаардлага болох “...Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг Татварын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг маргаантай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой хуулийн зохицуулалтыг баримтлаагүй,

Мөн “...“АэБ” ХХК-ийн төлөх ёстой 82 474 039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...6.7...” гэснийг хасаж, “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1...” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан ““АэБ” ХХК-ийн төлөх ёстой 82 474 039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН