Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0325/З |
Дугаар | 001/ХТ2021/0010 |
Огноо | 2021-01-11 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/0010
“...” ХХК,
“...” ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн
дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-т тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
М.Батсуурь,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0480 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 531 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0480 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 39 дүгээр зүйлийн 39.3, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсгийн 55.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ... ХХК, ... ХХК-иудаас Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан гаргасан Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 531 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК, ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. М ХХК, ...ХХК-иудын түншлэлийн нэхэмжлэлтэй Сангийн яам, Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох “Эрдэнэс-Тавантолгой ХК-иас зарласан ЕТТ/201905361/02 дугаартай “Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт захиалагч Эрдэнэс Таван толгой ХК-ийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №6-1/1786 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, хэлэлцээ хийхийг захиалагчид даалгах” шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0480 дугаар шийдвэр, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 531 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Захиалагч Эрдэнэс таван толгой ХК-ийг маргаан бүхий тендерийг уламжлалт аргаар зохион байгуулахдаа тендерийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Сангийн яамны шийдвэрийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах ажил, үйлчилгээнд гадаадын хуулийн этгээдийг оролцуулах боломжийг хангах зорилгоор уламжлалт аргаар зохион байгуулахаар болж, зөвшөөрлийг захиалагч Эрдэнэс таван толгой ХК хариуцагч Сангийн яамнаас авсан үйл баримт тогтоогддог. Мөн Захиалагч Эрдэнэс таван толгой ХК өөрийн цахим хуудас болон үндэсний хэмжээний хэд хэдэн сонин сэтгүүлд тендер сонгон шалгаруулах зарыг байрлуулсан болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад дээрх байдлаар илтэд алдаатай дүгнэж хуулийг буруу тайлбарласан.
5. Тендерийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан “...худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерийг дахин зохион байгуулах шийдвэр гаргасныг зөвтгөж, дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар захиалагч техникийн саналд үнэлэх боломжгүй байсан ч заавал оноо өгөх буюу “зохих оноо өгөхөөр хуульчилсан” хэмээн явцуу дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Захиалагч Эрдэнэс таван толгой ХК нь тендерийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасан доод оноо аваагүй зөвлөхийн саналыг нээлгүй буцаана гэхийг хэрэгжүүлж ажилласан байхад зохих байдлаар үнэлэлгүй алдаатай дүгнэлт хийж Сангийн яамны шийдвэрийг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээлээ” гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан давж заалдах гомдолд дараах байдлаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. “...шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байхыг шаарддаг ба шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгахаар хуульчилсан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч миний шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэтгэлцээний шатанд гаргасан хууль хэрэглээний байр суурийг тусгаагүй шүүхийн шийдвэр гардаж авах үед шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй байсан” талаарх гомдлыг хүлээн авч дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйл ийн 127.2.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч “...” ХХК, “...ХХК нь “Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “...тендерт оролцогч талын гаргасан гомдлыг бусад оролцогч нарт мэдэгдээгүй захиалагчийн эс үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг, Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр нь дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус зөрчсөн...” гэж маргасан байна.
11. Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас ЭТТ/201905361/02 дугаартай ““Эрдэнэс-таван толгой” ХК-д конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендер”-ийг зарласан байх бөгөөд тус тендерийн Үнэлгээний хороо нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хураангуй жагсаалтад шалгарсан “...” ХХК, “...” ХХК-ийн түншлэл, “...” ХХК, ..., “...” ХХК-ийн түншлэл, “...” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, “...” ХХК, “...” ХХК-ийн түншлэлийн техникийн санал 70.61 оноо авсан тул санхүүгийн саналыг нээхээр, “...” ХХК, ..., “...” ХХК-ийн түншлэлд тендерийн материал үндсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр түүний санхүүгийн саналыг нээлгүй буцаахаар тус тус шийдвэрлэсэн байна. Улмаар “...” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас гомдлыг хянаж, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаартай албан бичгээр, “...” ХХК, ..., “...” ХХК-иудын түншлэлийн тендерийг зөрүүтэй үнэлсэн, ...ажлын даалгаварт тусгаагүй шалгуур үзүүлэлтээр үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, ...тендерийн баримт бичгийг илэрхий алдаатай боловсруулсан, ...тендерийн зар болон урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд нийтлээгүй зэрэг зөрчил гаргасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Захиалагчид мэдэгджээ.
12. Маргаан бүхий Сангийн яамны, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Захиалагчид мэдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаартай шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана, 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;...” гэж заасантай нийцсэн, уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн хавсралтын Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.10-т “Санхүүгийн санал нь түүнийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш [30] хоног буюу [он, сар, өдөр] хүртэл хүчинтэй байна” гэж заажээ. Гэвч “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан тендерийн баримт бичгийн 4.10-т “Санхүүгийн санал нь түүнийг нээснээс хойш 30 хоног хүчинтэй байна”, Санхүүгийн санал ирүүлэх маягтад “...Саналын хүчинтэй байх хугацаа нь санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 хоног” гэж тусгаснаас үзэхэд Сангийн яамны, тендерийн баримт бичгийг алдаатай боловсруулсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн, дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сангийн яам нь тендерийг уламжлалт аргаар зохион байгуулахыг татгалзаагүй ч, захиалагч нь хуульд зааснаар тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулан зарлаагүй, хууль зөрчсөн байх тул энэ талаарх Сангийн яамны дүгнэлт мөн үндэслэлтэй болжээ.
14. Түүнчлэн, Сангийн яамны дүгнэлтэд техникийн саналд холбогдох оноог өгч үнэлгээ хийдэг болохыг хариуцагчид анхааруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэж зааснаар техникийн саналыг зохих оноогоор дүгнэхээр хуульчилсан байхад захиалагчаас “...” ХХК, ..., “...” ХХК-ийн түншлэлийн саналд зохих оноог өгөлгүй татгалзсан нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцээгүй байна, иймд Сангийн яамны дүгнэлтэд заасан эдгээр үндэслэлүүдийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.
15. Иймд, нэхэмжлэгчийн “...шүүхүүд Тендерийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан “...худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерийг дахин зохион байгуулах шийдвэр гаргасныг зөвтгөж, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар захиалагч техникийн саналд үнэлэх боломжгүй байсан ч заавал оноо өгөх буюу “зохих оноо өгөхөөр хуульчилсан” хэмээн явцуу дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй…” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй юм.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан, энэхүү маргааны тухайд Сангийн яамны дээрх 6-1/1786 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д нэхэмжлэгчтэй хэлцэл хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0480 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 531 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА