Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 31

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: иргэн Их Данзан овгийн Сүхбаатарын Хоролсүх, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж 32 дугаар гудамж 5 тоотод оршин суух (регистрийн дугаар: ЙР88031113);

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох;

Гуравдагч этгээд: иргэн Баяндүүрэн овгийн Жүгдэрийн Батцоож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 2-5 тоотод оршин суух (регистрийн дугаар: ЙС86112817);

 Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Хоролсүх, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Ундрах, гуравдагч этгээд Ж.Батцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын      21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” –ыг хүссэн.

Шаардлагын үндэслэл: “Миний бие Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өдрөөс эхлэн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сард өвчний улмаас чөлөө авч 2015 оны 10 дугаар сард эргэн ажилдаа орсон. Энэ хугацаанаас үргэлжлүүлэн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд тогтомол хамрагдан мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ Хөдөлмөрийн яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдаж байсан. 2016 оны Улсын Их хурал болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар шинэчлэгдэн байгуулагдсан Засгийн газар Хөдөлмөрийн яамыг, хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нийлүүлж нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам болгосноор тус хэлтэс Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэн Хөдөлмөр, Хаоамж үйлчилгээний газар нэртэй болон өөрчлөн байгуулагдсан. Уг газар байгуулагдаад бүтцийн өөрчлөлт хийгдэн төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан дөрвөн ажлын байрыг нийлүүлэн нэг ажлын байр болсонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрах нь намайг төрийн албанаас чөлөөлсөн. Уг заалт нь хууль бус учир тухайн эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү”[2] гэжээ.

Хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл: “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 32-5 тоотод оршин суугч Сүхбаатарын Хоролсүх нь Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ” ... төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан 4 ажлын байрыг нийлүүлэн 1 ажлын байр болсонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус” ... гэжээ. Үүнд хариуцагч миний бие доорхи тайлбарыг гарган хүргүүлж байна. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын бүтэц орон тоо шинээр батлагдсан. Шинэчилсэн бүтэцтэй холбогдуулан хуучин Хөдөлмөрийн хэлтсийн орон тоон дээр ажиллаж байсан албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, 27.2.3 дахь заалтуудыг үндэслэн шинээр бий болсон ХХҮГ-ын сул орон тоон дээр томилгоонууд хийгдсэн. Энэ хүрээнд С.Хоролсүхийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтын дагуу төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор газрын даргын тушаал гарсан болно. Харин хуучин Хөдөлмөрийн хэлтсийн “Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” М.Нямсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн М.Нямсүрэнг мэргэжил, мэргэшлийннх нь дагуу Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэний сул ажлын байран дээр шилжүүлэн томилсон. М.Нямсүрэн нь 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан, дэс түшмэлийн тэргүүн зэрэгтэй төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм. Улмаар М.Нямсүрэн нь албан тушаал дэвшиж ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар ХХҮГ-ын Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилогдсон тул төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр хуучин Хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Батцоожийг мэргэжил, мэргэшлийг нь харгалзан ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар томилсон. Ж.Батцоож нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдах хүртэлх хугацаанд тасралтгүй жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөр, ахуйн үйлчилгээний салбарын хөгжил, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан болно. Иймд нэхэмжлэгч С.Хоролсүхийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурьдагдсан Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 зэх заалтыг хариуцагч минйи бие зөрчөөгүй гэж үзэн түүнийг тухайн ажилд нь эргүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна”[3] гэж,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын VII багийн 32-5 тоотод оршин суугч Сүхбаатарын Хоролсүх нь Өвөрхангай аймгийн Захиргааны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэлт шаардлагадаа Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахын 2016 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай дурьджээ. Үүнд хариуцагч миний бие доорх тайлбарыг хүргүүлж байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дахь заалтаар С.Хоролсүхийг мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилох боломжгүй байсан тул түүнд дээрх заалтын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгож нэмэгдэл баталгааг нь хангасан болно. Иймд Өвөрхангай аймгийн ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахын 2016 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй болно”[4] гэжээ.

Гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэл:[5] “Жүгдэр овогтой Батцоож миний бие нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2005 онд, ХААИС-ийн ЭЗБД Сургуулийг "Бизнесийн менежмент" мэргэжлээр 2009 онд төгссөн. 2013 оноос одоог хүртэл төрийн албанд 4 дахь жилдээ ажиллаж Жижиг дунд үйлдвэрийн төсөл хөтөлбөр, хоршоо ахуй үйлчилгээний салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр мэргэшиж ажиллаж байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тоггоолоор Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдаж 2013 оны 02 дугаар сарын 01 өдрөөс Жижиг дунд үйлдвэрийн төсөл хөтөлбөр, хоршоо ахуй үйлчилгээний салбарын хөгжил хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 01-ий өдрөөс “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан. 2013 оноос хойш төсөл хөтөлбөрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд үе шаттайгаар хамрагдаж мэргэшсэн төрийн албан хаагч юм. Засгийн газрын 2016 оны 08 дугаарсарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, бүтэц орон тоо шинээр батлагдсан. Дээрх бүтцээр Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нэгээр батлагдсан тул миний бие ажлын туршлага, ур чадвар, ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг, илүүтэй хангаж байсан тул Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдсон гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын     03-ны өдрийн “Аймгийн засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар[6] Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нэгдэн Хөдөлмөр, халамжийн газар болж бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад дурьдсан нэр бүхий 32 ажилтан, албан хаагчид /7-д Ж.Батцоож – Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 18-т С.Хоролсүх – Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийг хариуцсан мэргэжилтэн/[7]-ыг 2016.08.17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулдсан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016.08.01-ний өдрийн 5/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн гаргасан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн  “Ажлаас чөлөөлөх тухай”

- Б/15 дугаар тушаалаар[8] Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хариуцсан мэргэжилтэн С.Хоролсүхийг,

- Б/16 дугаар[9] тушаалаар Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Батцоожийг тус тус “Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, өөрчлөн байгуулагдсан тул” гэх үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын    23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн байна.

Харин Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/63 дугаар тушаалаар “ХХҮГ-ыг хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэний ажлын байрны сул орон тоо гарсан тул ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилго, чиг үүрэг, ерөнхий болон тусгай шаардрлагыг харгалзан Ж.Батцоожийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилжээ.[10]  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтаар[11] Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталжээ. Уг хавсралтын 11-д Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоог нэг[12] байхаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтэст харьяалуулжээ.  

Харин маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар[13] тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан үзвэл уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг баримталсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчлан заажээ.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан төрийн албан хаагчийн баталгааг хуульчилж нарийвчлан зохицуулсан зүйл заалтыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн байна.

Зүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж хуульчилсан байна.

 Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол хэрхэхийг маш тодорхой хуульчлан зааж өгчээ.

Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тохиолдолд сая дараагийн зүйл заалтыг буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-т заасныг хариуцагч албан тушаалтан баримтлах ёстой байжээ.   

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дахь заалтаараа “... Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.

Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.

Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж нарийвчлан дэлгэрүүлэн тайлбарлажээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын  15.1.2-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэжээ тайлбарласан байна.

Нэхэмжлэгч С.Хоролсүх нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хариуцсан мэргэжилтэн, гуравдагч этгээд Ж.Батцоож нь Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан буюу С.Хоролсүх төсөл, Ж.Батцоож хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.

Харин шинээр байгуулагдсан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоонд “Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн” 1 байхаар[14] тусгагдаж батлагдсан байна.

Нэхэмжлэгч С.Хоролсүх болон гуравдагч этгээд Ж.Батцоожийн хэн алины ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр бий болсон ажлын байр болох Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод хадгалагдан үлдсэн байх төдийгүй хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар үүнтэй маргахгүй байгаа болно.

Дээрх байдлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн алиныхан ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажлын байранд хадгалагдаж байхад Ж.Батцоожийг шинээр бий болсон уг ажлын байранд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажлын байрны сул орон тоо гарсан тул гэсэн үндэслэлээр томилсон[15] нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна гэж үзлээ.   

Зүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу орон тоо цөөрсөн тул уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой байжээ.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг дэлгэргүүлэн тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “... Мөн хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсний дагуу хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгох ёстой болохыг хууль тогтоомжид маш тодорхой хуульчлан зааж өгчээ.

Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл хараахан бүрдээгүй байна гэж дүгнэж байна.  

Учир нь түүнтэй өрсөлдөхүйц буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь мөн адил хадгаладан үлдсэн гуравдагч этгээд Ж.Батцоож болон мөн нэхэмжлэгч С.Хоролсүх нарын чухам хэн нь дээрх хууль тогтоомжид заасны дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа болохыг тогтоосны үндсэн дээр сая хэнийг нь сонгон томилох хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн нь шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд тавигдах шаардлага болох үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг буюу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй байна.  

Иймээс үүнийг нарийн чанд нягтлан шалгаж томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь хариуцагч албан тушаалтан сонгох ёстой болох нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна.

Иймд хэн нь илүү шаардлага хангасан болохыг шүүхээс шууд тодруулах боломжгүй байх тул хариуцагч албан тушаалтан нь чухам хэн нь илүү шаардлага хангасан болохыг хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болгож байж сая сонгон томилж уг маргаантай асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” ёстой болохыг хуульчлан заасан байна.  

Иймд нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь хууль тогтоомжид нийцэх төдийгүй шударга шийдэл болно гэж үзлээ.   

Харин нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шууд бүгдийг нь хангаж, нэхэмжлэгчийн хүслээр шийдвэрлэх нь гуравдагч этгээд Ж.Батцоожийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, өрөөсгөл, бодит бус дүгнэлт болохоор байсан болохыг энд цохон дурьдах нь зүйтэй юм.  

Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу ““Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий С.Хоролсүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/Ш32016/0078 дугаартай захирамжаар[16] улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Б.СУГАР

 


[1] Нэхэмжлэгч 2016.10.20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулахгэж нэмэгдүүлсэн. Хавтаст хэргийн 1-2,  31-32 дахь тал.  

 

[2] Хавтаст хэргийн 1-2 дахь тал.

[3] Хавтаст хэргийн 16-17 дахь тал. Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 87 тоот албан бичиг.

 

[4] Хавтаст хэргийн 35 дахь тал.

[5] Хавтаст хэргийн 34 дэх тал.

[6] Хавтаст хэргийн 39, 63-66 дахь тал.

[7] Хавтаст хэргийн 64-65 дахь тал.

[8] Хавтаст хэргийн 10 дахь тал.

[9] Хавтаст хэргийн 38 дахь тал.

[10] Хавтаст хэргийн 37 дахь тал.

[11] Хавтаст хэргийн 25-26 дахь тал.

[12] Хавтаст хэргийн 26 дахь тал.

[13] Хавтаст хэргийн 10 дахь тал.

[14] Хавтаст хэргийн 25-26 дахь тал.

[15] Хавтаст хэргийн 37 дахь тал.

[16] Хавтаст хэргийн 13-14 дэх тал.