Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1342

 

 

                                     “Баянтогтоц”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/3895 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Баянтогтоц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Номунхаш” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Жавхлангийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянтогтоц” ХХК нь “Номунхаш” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 13/002 тоот гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний баруун талд байрлах хөнгөн блокийн үйлдвэрийн гадна талын 630 к.вт чадал бүхий дэд өртөөг 57 500 000 төгрөгийн өртөгтэйгээр 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сард багтаан батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэхээр болсон. Уг ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барьж улсын комисст хүлээлгэж өгсөн. Хариуцагч тал санхүүжилтийн сүүлийн 20 хувь болох 11 500 000 төгрөгийг төлөөгүй, мөн улсын комиссын дэд станцын гүйдлийн трансматор солих шаардлагатай гэсний дагуу манай компани трансматорыг 3 000 000 төгрөгөөр худалдан авч станцад суурилуулсан. Үнийг нь төлөгдөөгүй үнийн дүнд тооцож өгнө гэж байсан боловч ажлын гүйцэтгэлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.3-т заасны дагуу үлдэгдэл 11 500 000 төгрөг, трансматор нэмж суурилуулсан 3 000 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 20 250 000 төгрөгийг “Номунхаш” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж дэд өртөөг 5 дугаар сарын 20-ны дотор барьж ашиглалтад оруулахаар болсон. Угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгасан. Улсын комисс 7 дугаар сард ажилласан боловч манай компаниас төлөөлөгч оролцуулаагүй. Тэгээд дараа нь тэмдэглэлтэй танилцуулан гарын үсэг зуруулсан. Улсын комиссоос өгсөн даалгаварт суурийг өндөрлөх гэж байсан ба дэд станцыг дээш өргөж 2 үе тоосго нэмсэн. Суурь хөндийрсөн талаар Баянмөнхөд мэдэгдсэн ба түүнээс хойш дахин ирээгүй. Дэд станцын суурийн ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй. Баригдах түвшнээс 0.2 метрээс доошгүй өндөртэй байх ёстой гэж зохицуулагдсан ба салхи шуургатай өдөр тоолуурын заалт харахаар ороход салхи салхилдаг, цас ордог. Ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж манай компанийн шаардлагад нийцүүлж хүлээлгэж өгөх ёстой. Нефть фидерийн гүйдлийн трансматор сольсон гэж нэхэмжилсэн боловч сольсон, хүлээлгэж өгсөн баримт байхгүй байна. Тухайн үед санхүүжилт зогсонги байдалтай байсан учраас гүйдлийн трансматор солих боломжгүй, шаардлагагүй гэдгээ хэлсэн. Суурийн ажлын шаардлага хангахгүй байгаа тул 11 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Намунхаш” ХХК-иас 14 500 000 төгрөг гаргуулж “Баянтогтоц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Намунхаш” ХХК-иас 230 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Баянтогтоц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Номунхаш” ХХК-ийн төлөөлөгч Н.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани нь доголдолтой ажлын үр дүнг хүлээж авсан гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдол гаргаагүй учир уг 11 500 000 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин трансформатор нэмж суурилуулсны 3 000 000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Трансформатор нэмж суурьлуулах үүргийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 588/2013 тоот техникийн нөхцөлийн тусгай заалтуудын "Е"-д "35/10 квт-ын Гэрэл дэд станцад Нефть фидерийн гүйдлийн трансформаторыг шаардлагатай бол ачаалалд тохируулан солих" үүргийг “Баянтогтоц" ХХК-д өгсөн байсан. Учир нь "Баянтогтоц" ХХК дэд өртөөг барьж угсрахад шаардлагатай техникийн нөхцөл, зураг төсөл, холбогдох бичиг баримт бүрдүүлэх зэрэг бүхий л ажлыг гардан гүйцэтгэж байсан ба гарах зардал нь хэдэн төгрөг байх талаар ч тодорхой мэдэж байсан. Харин ажил гүйцэтгэх гэрээг дээрх 588/2013 тоот техникийн нөхцөл гарсны дараа өдөр буюу 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Гэрээгээр "Баянтогтоц" ХХК нь дэд өргөөг барих бүхий л ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх үүргийг, гэрээгээр гүйцэтгэх нийт ажлын өртөг 57 500 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Ажлын хөлсийг ямар ч тохиолдолд өөрчлөгдөхгүй байхаар ажлыг бүхэлд нь нэг үнэлж хатуу хөлс тохирсон. Хөлс төлөх асуудлын хувьд бодитоор гүйцэтгэх ажлын хэмжээ нь ач холбогдолгүй байдаг. Мөн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ болон нарийвчилсан төлбөрийн тооцоо гаргах шаардлагагүй. Мөн гүйцэтгэх ёстой ажлын хэмжээг ихэнх тохиолдолд урьдчилан тооцоолох боломжгүй байдаг тул энэ төрлийн хөлсний тохиролцоо бүхий гэрээ нь эрдэл агуулдаг.

Трансформатор нэмж суурилуулсан талаар баримт нотолгоо байхгүй, зөвхөн "Баянтогтоц" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон өөрсдийнх нь дарсан тамгатай санхүүгийн нэхэмжлэлд үндэслэн трансфоматор нэмж суурьлуулсан гэж үзсэн нь буруу. Иймд 3 000 000 зардлыг хариуцахаар заасан заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Баянтогтоц” ХХК нь хариуцагч “Номунхаш” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 11 500 000 төгрөг, нэмэлт зардалд 3 000 000 төгрөг, алдангид 5 750 000 төгрөг нийт 20 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан, 3 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй,ажил гэрээний нийт төсөвт дүнд багтсан байсан” гэж маргажээ.

Зохигчид 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нэхэмжлэгч “Баянтогтоц” ХХК нь 630 квт чадал бүхий цахилгаан хангамжийн дэд өртөөг барьж, Улсын комисст хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын хөлснөөс 11 500 000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

Талууд ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, 3 000 000 төгрөгийн нэмэлт ажлын хөлс төлөх үндэслэлтэй эсэх асуудлаар маргасан байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авах үед ямар нэгэн гомдол гаргаагүй тул шаардлага гаргах эрхээ алдсанаас гадна ажил доголдолтой байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлож чадаагүй байна.

Түүнчлэн ажлын хөлс 11 500 000 төгрөгийг төлөх асуудлаар хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан нь Иргэний хуулийн диспозитив зарчимд харшлахгүй байна.

Талууд гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт үнэ буюу төвсийн талаар тохиролцсон байх бөгөөд гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ талаар зохигчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөгийн нэмэлт зардал гаргах шаардлагатай болсон талаар захиалагчид нэн даруй мэдэгдсэн гэх баримтгүй, уг зардлыг гэрээ байгуулах үед талууд урьдчилан төлөвлөх боломжгүй байсан гэх нөхцөл байдал болон 3 000 000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж нефьт фидерийн гүйдлийн трансматор суурилуулсан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Трансматор худалдан авсан гэх 3 000 000 төгрөгийн баримтад хүлээн авагч буюу хариуцагчийн гарын үсэггүй, нэг талын баримт байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй.

Иймд нэмэлт зардлын 3 000 000 төгрөгийг шаардах эрхгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсэгт тус тус зааснаар анзын гэрээг бичгээр хийх бөгөөд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй тул энэ талаар дүгнэж, алданги 5 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангид хамаарах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, түүнчлэн хариуцагчийн оноосон нэр “Номун хаш” ХХК-ийг “Намун хаш” ХХК гэж буруу бичсэнийг залруулах болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/03895 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “….343.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, “… “Намунхаш” ХХК” гэснийг “…Номунхаш” ХХК” гэж, “…14 500 000 төгрөг…” гэснийг “…11 500 000 төгрөг…” гэж, “… 5 750 000 төгрөг…” гэснийг “…8 750 000 төгрөг…” гэж, 2 дахь заалтын “…хариуцагч “Намунхаш” ХХК-иас 230 450 төгрөг…” гэснийг “…хариуцагч “Номунхаш” ХХК-иас 198 950 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Н.Жавхлангийн төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

                                                                                                            Ш.ОЮУНХАНД