Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00203

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Н.Н ,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 1815003220197 дугаартай, 163/2018/0191/э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 414 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овогт Б.Б   

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүнсний талон авах гэж яваад Ш ийн гэрт орсон. Тэгээд байж байтал Ш , Н , Но , Б  бид хэд хоёр шил архи хувааж уусан. Архи ууж байтал манай дүү гаднаас орж ирсэн. Архи уугаад согтсон. Хэсэг хугацааны дараа Н  бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Н  намайг хэл амаар доромжилж янз бүрээр хэлээд байхаар нь хоёулаа нэг нэгнийхээ үснээс зулгааж зодолдсон. Дараа нь Н  цагдаа болон ээж аавыгаа дуудсан. Н гийн ээж, аав нь ирээд Н г ирээд аваад явсан. Уг нь бид хоёр адилхан зодолдсон юм. Тухайн үед би ч гэсэн жирэмсэн байсан. Намайг цагдаад өгч ийм дээрээ тулна гэж мэдээгүй. Н д гомдож байна гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н гийн өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ш ийн гэрт очиход Б.Б  сууж байсан. Бид хэд ганц, хоёр шил архи хувааж уусан. Тэгээд Б.Б  бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Б.Б  намайг маажиж үснээс зулгаасан. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор хүүхэд маань тонуус өгөөд өвдөөд байхаар нь аав, ээжийгээ дуудаж гэртээ хүргүүлсэн. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

1815003220197 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.Н гийн өгсөн:…2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Б  Орхон аймгаас  ирчихлээ гээд Но ын гэрт намайг дуудсан. Намайг гэрээс Но ын нөхөр Ш  мотоцикльтой ирж авсан. Тэднийд очиход Б.Б , Но , Ш , Шаравын найз Монхоо нар байсан. Бид нар 2 шил  0.75 граммын ерөөл архи хувааж уусан. Архиа ууж дуусчихаад би явах гэтэл Б.Б ийн нөхөр С  , Бо 2 Орхон аймгаас ирж байгаа гээд хүлээж бай гэсэн. С  , Бо 2-ыг ирэхэд ахиад  0.75 граммын ерөөл архи, 2 том пиво авч уусан. Уугаад байж байхад Б.Б  надруу хандаж чи намайг цагдаа нарт гөрдөг гэсэн гээд сандал дээрээс өшиглөж унагаагаад үснээс зулгаасан. Би харилцан Б.Б ийн үснээс нь зулгаасан. Тэгсэн чинь Бо миний эгчийг яаж байгаа юм гээд үснээс зулгааж нүүр ам маажсан. Тэгээд зогсож байтал Но т чи миний найзыг яаж байгаа юм гээд үснээс зулгаасан. Б.Б , Бо , Но  3 миний үснээс зулгаагаад байж байхад нөхрүүд нь харж зогсож байгаад Б.Б ийн нөхөр С   эхнэрээ аваад гэрээс гарсан. Ш  Но  аваад нөгөө өрөөнд орсон. Тэгээд би Бо тэй уулзаж байхад Бо намайг хэзээч чи миний эгчийг амжихгүй гээд байсан учир цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

гэрч Б.Б ийн өгсөн: Зүүн түрүүнд Ш гийн гэрт С  , Бо , Б.Б , Ш , Но т, бид нар архи уусан. Тэгээд Б.Б , Н  2 хоорондоо маргалдаад байсан. Намайг бие зачихаад ороод ирсэн чинь Н , Б.Б  2 хоорондоо зууралдаад үсдэлдчихсэн байсан. Б.Б ийн дүү Бо салгах гээд очиход Н  та нар намайг нийлж зодлоо гээд байсан. Би зодооныг салгачихаад гэрлүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-21-22 тал/

Гэрч М.Ш ын өгсөн: “...манай гэрт 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Н , Б.Б , Но т нар нь намайг гаднаас орж ирэхэд архи уугаад байж байсан. Орой ахиж нэг шил архитай Бо , С   нар ирсэн. Архи ууж байхдаа Б.Б , Н  2 хоородооо хэрүүл хийгээд байсан. Намайг гаднаас тамхи татчихаад ороод ирсэн чинь Б.Б  Н г үсдчихсэн, хамрыг нь маажчихсан байсан. Тэгээд Б  бид 2 салгаад удалгүй цагдаа ирсэн юм гэх мэдүүлэг /хх 23-24 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 254 дугаартай

1. Н.Н гийн биед тархи доргилт, дух, зүүн хөсөг, зовхи, хацар, баруун зовхи, хамрын нуруу, баруун хацар, чамархайд улаан хүрэн өнгийн зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй хамаарна гэх дүгнэлт /хх 31-32 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №414 дугаар шийтгэх тогтоол, төрсний бүртгэлийн лавлагаа /51-53 тал/ багийн засаг даргын тодорхойлолт /хх 44 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Н , гэрч Б.Б , М.Ш , насанд хүрээгүй Б.Тэмүүжин нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.   

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн шүүгдэгч Б. Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Н  нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Харин шүүгдэгч Б.Б  нь шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор  2 жил хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тогтоосон  хугацаанд дээрхи гэмт хэргийг санаатай үйлджээ.

       Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б  нь хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг зөрчиж бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодох нь хууль бус бөгөөд түүний улмаас хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж дээрх хор уршигт хүргэсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны 414 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Б.Б  нь  1-5 насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба түүнээс өөр харж хандах хүнгүй зэрэг хувийн байдлыг  харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 66.1 дүгээр зүйлийн 66.1-д зааснаар бага насны 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн С  ын Төгөлдөр, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Б.Б ийн Д, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б.Б ийн Үүлэнсолонго нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Солонгод үүрэг болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох хугацаанд  Б.Б ийн төрсөн дүү Б.Бо д 3 хүүхдийг хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгийн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний 15000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг / хоногоор тооцож 30 / гуч / хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

       5. Гэр бүлийн тухай хуулийн 66.1 дүгээр зүйлийн 66.1-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн С  ын Төгөлдөр, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Б.Б ийн Дөлгөөн, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б.Б ийн Үүлэнсолонго нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Солонгод үүрэг болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох хүртэл  Б.Б ийн төрсөн дүү Б.Бо д 3 хүүхдийг хариуцуулсугай.

       6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ