Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2023/00008

 

 

Ж.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00022 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн .......... сумын .......... багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух Ө овгийн Ж.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ-ийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 19... онд төрсөн. ... настай. Хүний их эмч мэргэжилтэй. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр 2015 онд ..... сумын ЭМТ эмчлэгч эмчээр очиж ажилласан цагаас хойш тогтвортой ажиллаж байлаа. Энэ хугацаанд 7 эрхлэгч эмчтэй хамтран ажилласан. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарсан. Иймээс энэ оны ээлжийн амралтаа авах тухай байгууллагын эрхлэгчээр түр ажиллаж байсан 7 дахь эрхлэгч болох Д.М-д удаа дараа хэлж, эцэст нь өргөдөл бичиж өгсөн. Тус өргөдлийн доод талд чөлөөлж өгөх агуулгатай үг бичүүлж авч (ууц нуруугаар хатгах, хөл өвдөж, доголж биеийн зовуурь их байсан учир аргагүйн эрхэнд бичсэн, манай сувилагч, асрагч, бусад ажилчид мэдэж байгаа) амралтыг маань өгсөн. Эмч байхгүй бол өөрөө ажлаас гарах боломжгүй болно гээд амралт өгөхгүй байсан юм билээ. Биеэ үзүүлж, шинжилгээнүүд өгч, эмч нарын яаралтай эмчлүүл гэж зөвлөснөөр аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцөд учир байдлаа ярихад чөлөө авахад ямар нэг асуудал байхгүй, байгууллагадаа өргөдлөө бичиж өг гэсэн тул үргэлжлүүлэн дотоод журамд заасны дагуу цалинтай болон цалингүй чөлөө авч эмчлүүлэхээр хүсэлтээ бичиж хүргүүлсэн. Шинжилгээнүүд өгч цаашлаад хагалгаанд орох хугацаа товлогдон хүлээж байх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргасан байсан. Миний хувьд бие өвдөөд Улаанбаатар хотод байсан учир энэ асуудлын талаар хөөцөлдөх ямар ч боломж байгаагүй. Д.М нь Х сумын ЭМТ ажиллаж байгаад ..... сумын ЭМТ-ийн эрхлэгч эмчийн орон тоо байгааг мэдээд ирсэн боловч удалгүй ажлаа өгсөн. Энэ түр бөгөөд тогтворгүй ажиллах хугацаандаа намайг дуудлаганд явсан хойгуур хурал хийж, өөрийнхөө хийх ёстой дутуу ажлыг нь гүйцээх талаар зааварласны улмаас намайг буруутгасан, ховын шинжтэй асуудал хүртэл ярьж хамт олны дунд таагүй байдал үүсгэж байсан. Байгууллагын үйл ажиллагааг тогтворгүйжүүлж, эмч, тэр тусмаа удирдагч хүнд байж болохгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Би өдөр шөнийг ялгахгүйгээр сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тухай бүр нь хүргэн ажиллаж байсан. Жич: шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй. Шийдвэрийг гардаж аваагүй. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгөхөд тушаалаа авч ир гэснээр ня-бо Л.О-тэй утсаар ярьж, хүнээр авахуулсан болно. Гэтэл одоо ажилгүй болсон, том хүү ШУТИС-ын оюутан, бага хүү ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сурдаг тул хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, хувцас байрны түрээс, хүнс зэрэг бүхий л хэрэгцээг нь хангах, хэрэглэж байгаа эм тариагаа авах, улмаар банкны зээл төлөхөд хүндрэлтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.4, 43.2.4, 43.3, 46.2 дахь заалтыг зөрчиж, намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж хохироосон төдийгүй нэр хүндэд халдсан асуудал тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг үндэслэн холбогдох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, гомдол гаргаж байна. 2018-2020 онд дотрын мэргэжлээр үндсэн мэргэжил эзэмшээд буцаж тус байгууллагад эргэн очиж ажилласан. Ажиллах хугацаандаа тус байгууллагын эрхлэгч эмч нар солигдох бүрд тэр ажлыг түр орлон гүйцэтгэх мөн ковидын нөхцөл байдалтай үед ард иргэдэд өөрийнхөө биеийг хайрлахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Том хүүхэд оюутан, бага хүүхэд сургуульд байдаг. Хамгийн гол нь би өвчтэй байсан удаа дараа чөлөө өгөөч гэж танилцуулж байсан. Тэгэхэд чөлөө өгөхгүй байсан. Сүүлд ажилчдын хурал дээр чөлөө авъя гэхэд чөлөө өгөхгүй гэсэн, хууль ёсны амралтаа авъя гэхэд амралт өгөхгүй чи байгууллагаа бодооч гэж хэлсэн. Би хариуд нь өдийг хүртэл ажиллаад ажиллахад хүндрэл бэрхшээлтэй байна гэж хэлээд албан ёсоор амралт авах хүсэлтээ бичиж өгсөн. Энэ хугацаанд эрхлэгч эмчээр ажиллаж байсан хүн ажлаа хийж чадахгүй байна, өргөдлөө бичиж өгч чадахгүй байна гэж хэлсэн. Хамт олны дунд харилцаа хандлагын талаар асуудалтай байна гэж хэлэлцсэн байсан. Ажиллаж чадахгүй байна ажлаа өг гэж дахин дахин дарамталж байсан. Бие өвчтэй байсан учир өргөдөл бичиж өгөөд өргөдлийн дагуу бичүүлж авсан гэжээ.

 

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Х нэхэмжлэлттэй танилцаж, өмнө нь ЭМТ-ийн дарга байсан М-тай болсон явдлын талаар асууж тодруулан ярилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. М эмчийг ЭМТ-ийн даргаар ажиллаж байхад эмчлэгч эмч хийж байсан Ж.Х эмч нь чөлөө авъя, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авна гэж амаар хэлсэн байдаг. Хоёр. М дарга нь би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа тул чөлөө өгөхгүй, ээлжийн амралтаа авч болно гэсэн хариу өгсөн тул Ж.Х эмч нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан байна. Гурав. Ж.Х эмч нь ээлжийн амралт нь дуусчихаад байхад ажилдаа ирэхгүй байсан тул Мдарга нь ярихад би ажилдаа орохгүй ажлаасаа гарна гэсэн мессежийг илгээсэн байна. Тус мессежийг М дарга нь уншчихаад ирж ажилдаа ороо би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул би үргэлжүүлж ажиллахгүй та ажилдаа ороо гэхэд миний бие өвдөөд байна эмнэлгийн магадлагаа явуулъя гэж хэлсэн байна. Дөрөв. Улмаар Ж.Х эмч нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл магадлагаа явуулсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилдаа ирэхгүй ажлаа тасалсан тул М дарга нь 2022 оны 31 тоот албан бичгээр сум орон нутагт ажиллах эмч дутагдалтай байгаа мөн Мминий бие нь ажлаас гарах өргөдлөө өгсөн тул чөлөө өгөх боломжгүй 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орохыг мэдэгдсэн байна. Тав. Ж.Х эмч нь албан тоотыг аваад утсаар ярьж би ажилдаа орохгүй ажлаасаа гарна гэж ярьсан бичлэг нь М даргын утсанд бичигдсэн байдаг. Зургаа. Ж.Х эмч нь ажилдаа ирж ороогүй тул 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь халсан тушаал гарсан байна. Иймд ЭМТ-ийн даргаар ажиллаж байсан М эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, Х эмчээс ажлаасаа гарна гэж ирүүлсэн мессеж болон ажлаасаа гарна гэж хэлсэн бичлэгийг нотлох баримтаар авч ЭМТ-ийн дарга байсан М, эмчлэгч эмч байсан Х нарын хооронд үүссэн тус маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би энэ байгууллагад ороод 3 сар болж байна. Энэ хугацаанд Ж.Х эмчтэй ярилцаж үзээгүй. Өмнө нь өөрөө байгаагүй учир юу болсон талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан Ө овгийн Ж-ын Х-ын Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д буцаан олгож ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00022 дугаар шийдвэрийг хүлээн аваад гомдол гаргаж байна.

Говь-Алтай аймгийн ......... сумын иргэн Ж.Х миний бие нь Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ 2015 оноос хойш эмчлэгч эмчээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаад 2022 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авч эмчлүүлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн боловч тушаал өгөхгүй байсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаалаа гардан авч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүлээн авахаас татгалзсан учир Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь одоо ч эмчилгээтэй байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн шалтгаантай байгаа, эмчилгээтэй байх хугацаанд ажлаас халж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлж ир гэсэн учир ЭМТ-өөс тушаалаа авч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тушаалаа гардаж аваад сарын дотор нэхэмжлэл гаргадаг гэсэн учир миний бие нэхэмжлэлээ гаргасан. Иймээс миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.  

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эмчлэгч эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ-ийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаал, Ж.Х нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Улмаар Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ-ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн Ж.Х 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч Ж.Х 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус сумын ЭМТ-ийн эрхлэгч эмчид бичсэн өргөдөлд ...Өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас цаг алдалгүй яаралтай үзүүлж оношлуулах шаардлагатай тул ээлжийн амралтыг шийдвэрлэж өгнө үү. Мөн ажлаас гарах тухай мэдэгдэж байна... гэжээ.

 

Дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Ж.Х-д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтыг олгосон болох нь Говь-Алтай аймгийн ..... сумын ЭМТ-ийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар 2022 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, уг тушаалын хавсралтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Ж.Х нь эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 сарын чөлөө хүссэн гэх үйл баримт нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Ж.Х өргөдөл, бүртгэл хяналтын карт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Харин энэхүү чөлөө хүссэн өргөдөлд тус ЭМТ-ийн эрхлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай албан бичгээр 1. ЭМТийн дарга Д.М миний бие нь ажлаас гарах өргөдлөө өгсөн учраас чөлөө өгөх боломжгүй. Сум орон нутагт ажиллах эмч дутагдалтай байгаа тул, 2. Таны өвчинг нотлох бичиг баримт хангалтгүй байна. Иймд таныг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08:30 минутаас ажилдаа орохыг мэдэгдье гэх хариуг хүргүүлсэн, нэхэмжлэгч Ж.Х нь уг хугацаанд ажилдаа эргэн ороогүй тул тус ЭМТ-ийн дарга нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Ж.Х 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Х 2022 оны 07 дугаар сарын 05-наас 2022 оны 09 дүгээр сарын 09-нийг хүртэл эмчилгээ хийлгэж байсан тул энэхүү хугацаанд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантэй байсан гэж үзэж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 04, 05-ны үед мэдсэн болох нь гэрч Л.О-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д ажилтан ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргахаар заасан бөгөөд уг хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас халсан тушаалыг хүлээн авсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааны дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлаа нотлоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2023/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

                                        ШҮҮГЧИД                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                              Ш.БАТТОГТОХ