Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00001

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 1815000000236 дугаартай, 163/2019/0001/э индэкстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Жаргалант гэх газарт оршин суух, 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Б овогт  Б.Д

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт төрсөн дүү Б.*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1815000000236 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Б.Д өгсөн: Б.******* нь миний төрсөн дүү бөгөөд 2018 оны 06 дугаар сард манайд ирсэнээс хойш бид 2 нэг гэртээ цуг амьдарч байгаа. Тэгээд манай дүү гэрт янз бүрийн хүмүүс цуглуулаад архи дарс хэрэглээд янз бүр болоод байдаг учраас би тэр асуудалд нь дургүй байдаг. Үүнээсээ болоод бид хоёр таарамжгүй маргаантай байсан. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дүү бид 2 маргалдсан. Тэгээд би тамхины үнсний шилэн сав аваад шидчихсэн чинь дүүгийн толгойн духны баруун хэсэгт оночихсон. Тэгсэн босож ирээд намайг бариад авахаар нь би бас барьцалдаж авсан чинь намайг халуун савтай цай аваад ар нуруу дал руу цохиод тэгээд салсан. Үүний улмаас дүүгийн биед тамхины савны шил шидсэн газар нь хөхөрчихсөн, цус шүүрч гарсан. Тэгээд ******* өөрөө цагдаад хандсан байсан гэх мэдүүлэг /хх-21 тал/

Хохирогч Б.*******ийн өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Жаргалант гэх газарт төрсөн ах Б.Д гэрт ирсэнээс хойш өнөөдрийг хүртэл би ахтайгаа нэг гэрт хамт амьдарч байна. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ах бид 2 байж байгаад гадаа амбаарын дээвэр дээр ахын тавьсан хулдаас салхинд хийсээд унасанг нь намайг авч хаялаа гэдгээс болж бид 2 маргалдсан. Тэгээд ах үнсний шилэн сав аваад миний толгойруу шидэж оноод миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед би бас уурлаад бид 2 барьцалдаж аваад тэгээд салсан. Тэгэхэд гар мөр зэрэгт бас гэмтэл учирсан байх. Үүнээс өөрөөр намайг зодож цохисон асуудал байхгүй. Тухайн үед гэрт ах бид 2-оос өөр хүн байхгүй байсан ба архи дарс хэрэглээгүй эрүүл саруул байсан. Тэр асуудлаас хойш ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээгүй. Тухайн үед надруу авч шидсэн тамхины үнсний сав нь хагараад үйрээд уначихаар нь би хаячихсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,  

Яллагдагч Б.Д өгсөн:...Өнөө өглөө буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед гэртээ цайгаа уучихаад гэрийн цонхоор гадагшаа харахад хойд байшингийн дээвэр дээр тавьсан хулдаасыг хуйлаад түлээний модны хажууд тавьсан байсан. Би дүү *******т хандаж чи дээвэр дээр тавьсан хулдаасыг авсан уу гэж асуухад би яахаараа авдаг юм гээд надтай маргалдаад байхаар нь би уурандаа орны хажуу талаас тамхины үнсний сав аваад дүүрүүгээ шидчихсэн юм. Тэгээд шидсэн үнсний сав духыг оноод хагалчихсан юм ийм учир цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдүүлэг /хх-18-19 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай

1. Б.С биед дух, хөмсөгт няцарсан шарх, зүүн мөр, бугалганд цус хуралт, баруун долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Б.С биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 13-14 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 тал/, 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаар тогтоолтой Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /хх-25-27 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт төрсөн дүү Б.*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.С, яллагдагч Б.Д нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.   

Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг  тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч  гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий  байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.Д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч  хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Б. Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Дг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хот тохижуулах үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ