| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0236/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 262
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох 1802002810192 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймаг, **** суманд 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын ** дугаар баг, * дүгээр хороолол, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт ****гийн ****, /РД: ТГ-*******/,
Шүүгдэгч Ч.**** нь **** оны 05 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд **** аймгийн **** сумын *дугаар баг, *** “***” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын эрэл хайгууль, олборлолт, ашиглалт явуулж, улмаар байгаль экологид 5.382.826 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ч.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...**** оны 03 дугаар сарын 28-нд **** аймаг орж нутгийн удирдлагын ордонд болсон хуралд суухад уурхайн талаар “**** суманд урд нь ашиглаад орхисон талбай дээр олборлолт явуулж болно, харин эрүүл газар руу орж болохгүй, тэгээд нөхөн сэргээлт хийх ёстой” гэж **** аймгийн удирдлагууд хэлсэн юм. “Нөхөн сэргээлт олборлолт явуулахын тулд тухайн орон нутгийн 9 иргэн нийлж нөхөрлөл байгуулж зөвшөөрөл авна. Ингэхийн тулд материал бүрдүүлж **** суманд өгнө” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр дор нь 9 хүн олоод нөхөрлөл байгуулах талаар бүх материалыг бүрдүүлж **** суманд нь 4 дүгээр сардаа багтааж өгсөн. Нэгдсэн журмаар олон хүнээс ийм материал авсан. Тэгээд хариугаа хүлээгээд байж байхдаа мөнгө зээлж, цуглуулж эксковатор худалдаж авсан. Тэгээд хүлээгээд нөгөө зөвшөөрөл нь гарахгүй болохоор удаад байсан. Сүүлдээ гарах ч юм яриад гарахгүй ч юм яриад, нөгөө 9 хүн нь бүгд больцгоочихсон. Тэгэхээр нь би **** оны 05 сарын 25-ны үеэр эксковатороо аваад **** аймгийн **** сумын Бугант тосгоны “Шаварт” гэх газар руу гарсан. Эксковатороо хүргэн Б.Эрдэнэбилэгээр бариулаад хүргэн Энхмөрөнг аваад тэр 2-т “сарын 1 сая төгрөгний цалин өгнө” гэж хэлээд авч гараад ердөө 2 хоног ажиллаад баригдсан юм...гэх мэдүүлэг, /хх-ийн 127-10-р ху/,
2.Шүүгдэгч Ч.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Нөхөрлөлийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй болж **** аймгийн **** сумын Шаварт гэх газарт зөвшөөрөл авах гээд материалаа бүрдүүлээд хүлээж байх зууртаа бичиг баримт маань бүтээд хариу өгөх байх гэж бодоод **** оны 05 дугаар сарын 25-нд үйл ажиллагаа явуулж байтал **** оны 05 дугаар сарын 27-28-нд цагдаа нар ирж шалгасан. Улмаар би тэр цагаас хойш Улаанбаатар хотод шалгагдсан. ... гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 5.382.826 төгрөгийг нэхэмжилнэ. Хууль бусаар олборлосон гэх 1,07 га талбайд нөхөн сэргээлтийг нь хийлгүүлэх саналтай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,
4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд **** оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Манай баз хүргэн Б.Эрдэнэбилэг **** сум Бугант тосгон “Шаварт” гэх газар бичил уурхай ажиллуулдаг юм. Тэгээд намайг “уурхай дээрээ туслах ажилтнаар ажиллах уу?” гэхээр нь “тэгье” гээд ирээд 5 хонож байна. ...Энэ уурхайг Ч.**** гэдэг залуу ажиллуулж байгаа. Зөвшөөрлийг нь мэдэхгүй, аймгаас нэг нөхөрлөлийн шугамаар бичил уурхай ажиллуулах шугамаар ирсэн гэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,
5.Гэрч Б.Э **** оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** оны 05 дугаар сарын 20-нд **** аймгийн **** сумын Бугант тосгоны “Шаварт” гэх газар нөхөн сэргээлт хийхээр ****, Энхмөрөн нартай хамт нүүж очсон. Очоод машин тэргээ янзалж байгаад 3 хоногийн дараа ажил эхэлсэн. **** “бичиг баримт хөөцөлдөж байгаа, нөхөрлөл байгуулчихвал болно” гэсэн гээд миний бичиг баримтыг аваад явсан. Тэгээд миний нэр дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1321001129 дугаартай гэрчилгээ авсан байна лээ. Би бол яг юу хийх гэж байгааг нь сайн мэдээгүй. Миний бичиг баримт бүтнэ гээд алт олборлож Бугантад 2 хоног ажиллаж байсан. Ажилллах хугацаандаа барагцаагаар 20 орчим грамм алт олборлосон. Яг хэдэн граммыг мэдэхгүй байна. Олборлосон алтаа **** өөрөө аваад явсан. Түлшний өртэй байсан болохоор өрөндөө өгсөн гэж ойлгож байгаа. Надад бол мөнгө өгөөгүй. **** намайг Бугант руу дагуулж явахдаа ажлын хөлс сарын 1.500.000 төгрөг өгөхөөр тохирсон. Ажлаа хийхдээ зөвшөөрөл гарна гэж хэлж байсан учраас зөвшөөрөлтэй болох байх гэж бодоод би дагаад явсан. Энхмөрөнд хэдэн төгрөгийн цалин өгнө гэснийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 26-р ху/,
6. Гэрч Ч.А **** оны 07 дугаар сарын сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** оны 05 дугаар сарын 20 хавьцаа байх **** аймгийн **** сумын Бугант тосгон руу ажил хийхээр явлаа гэж надад хэлээд явсан. Бичил уурхай ажиллуулна, зөвшөөрөлтэй гэж хэлээд надаас техник, тоног төхөөрөмж авах гээд 40.000.000 төгрөг **** оны 5 сарын эхээр зээлж авсан. Зээлж авсан мөнгөөрөө эксковатор худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд ажил эхлээд л цагдаад баригдсан юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,
7.Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн **** оны 07 дугаар сарын 05 өдрийн 1/26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Тус тогтоолоор өгөгдсөн 1.Е107 20` 59.3”, N49 31` 06.0”, 2.Е107 20` 59.5` 59.5”, И49 31` 06,1”, 3. Е107 20` 58.5”, N49 31` 01.1”, 4. Е107 20` 59,7”, N49 31` 03.5” солбилцол дахь талбайд гурван ухаш нүх үүссэн байх ба нийт 10668м2 талбай эвдсэн байна.
2.Голын гольдрол өөрчлөгдөөгүй, ойн санд хохирол учруулаагүй, усан сан бүхий газарт хохирол учруулаагүй байна.
3.Эвдэгдсэн талбайн хэмжээ 10668м2, тус эвдэгдсэн талбайд хамаарах байгаль орчны үнэлгээ нь 5.382.826 төгрөг байна.
4.Тус эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх нийт зардал нь 1.811.495 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 36-р ху/,
8. Шүүгдэгч Ч.****ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 97-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-11-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-33-34, 140-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 36-р ху/, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн **** оны 07 дугаар сарын 05 өдрийн 1/26 дугаартай шинжээчийн нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, /хх-ийн 37-69-р ху/ шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 147-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70, 148-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 123-124-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл,/хх 127-131-р ху/, шүүгдэгч Ч. ****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 108-р ху/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 136-137–р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/хх-ийн 139-р ху/, үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 141-144-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 153-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 152-р ху/, хохирогчийн хохирол төлөгдсөн гэх бичгээр гаргасан баримт, мөн банкны хуулга, /хх-ийн 156-217-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.****ийг **** оны 05 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд **** аймгийн **** сумын 2 дугаар баг, Бугант тосгоны “Шаварт” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын эрэл хайгууль, олборлолт, ашиглалт явуулж, улмаар байгаль экологид 5.382.826 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн **** оны 07 дугаар сарын 05 өдрийн 1/26 дугаартай шинжээчийн нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн хохирол төлөгдсөн гэх бичгээр гаргасан баримт, мөн банкны хуулга, зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчны экологийн үнэлгээгээр тогтоогдсон 5.382.826 төгрөг, эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх нийт зардал 1.811.495 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэснийг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар хавтаст хэргийн 136-р хуудсанд прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-45 УБ улсын дугаартай “Хьюндай” маркийн экскавотор, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 2.400.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****т ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ч.****т ашигт малтмал олборлох ажил үүрэг гүйцэтгэхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.****тод анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 2.400.000 төгрөгийг гаргуулан, мөн хавтаст хэргийн 136-р хуудсанд прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /шийдвэр хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар очих хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгах/ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-45 УБ улсын дугаартай “Хьюндай” маркийн экскавоторыг тус тус улсын орлогод оруулахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
5.Шүүгдэгч Ч.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН