| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0002/Э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 255
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Хохирогч Х.****
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн **** овогт ****гийн ****д холбогдох 1731000000111 дугаартай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн ажилтай, **** аймгийн **** сумын * дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд 2008 онд **** аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 09 сарын 02-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх **** овогт ****гийн **** /РД:МЬ*******/
Шүүгдэгч С.**** нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр **** аймгийн **** сум, Ардчилсан намын байранд Х.****г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.****ы 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 03-ны Ардчилсан намын даргыг сонгох сонгууль болсон Би аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүний хувьд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ардчилсан намын байранд эсэргүүцэгч нар хурал явуулахгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүс байсан. Би хүмүүст хандаж дүрэм журамтай байцгаая гэж хэлж ярьж байсан. Тэгсэн гаднаас хар малгай шубатай хүүхэн орж ирээд тэнд байсан хүмүүстэй мэндлээд сонгууль эсэргүүцэх өнгө аястай зүйл яриад байсан. Тэгсэн тэр хүүхэн надад хандаж “Чи намайг таньж байна уу, чи миний нөхрийн нүдийг гэмтээснээ мэдэж байна уу” гэх зэрэг зүйл яриад байхаар нь би тэр эмэгтэйд хандаж “энд хувийн чанартай зүйл ярихгүй шүү, ажил явагдаж байна та бүхэн ойлгоорой” гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг “чи дарга юм уу, чи юу юм бэ” гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Би тухайн эмэгтэйг намын байрнаас гаргах гээд барих гэтэл гар утастай гараараа миний толгой руу цохьсон. Ингээд би дээшээ 2 давхар руу гарсан. 2 давхарт байж байхад араас нөгөө эмэгтэй гарч ирээд надад хандаж “би чамайг зүгээр байлгахгүй, би өргөдөл бичнэ” гээд өргөдөл бичиж байхдаа намайг элдвээр хэлээд “өрөөнд багтраад, дотор сонин болоод байна” гэж хэлээд 5-6 минут орчим ухаан алдсан юм уу сандал дээрээс унасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
2.Шүүгдэгч С.****ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр **** аймгийн **** сумын Ардчилсан намын байранд сонгуульт ажлаа хийж байх явцад Х.**** нь хувийн чанартай зүйлс яриад байсан. Би тухайн үед “өнөөдөр энэ талаар ярихгүй зөвхөн сонгуулийн ажил явагдаж байна” гэж удаа дараа хэлсэн. Би Х.****гийн мэдүүлгийг уншсан. Худал мэдүүлгүүд өгсөн байна лээ. Тухайн өдөр ажил явагдаж байхад тэнд хэрүүл шуугиан үүсгээд байсан учир би түүнийг сонгуулийн байрнаас гаргах гээд чирч гаргасныг хүмүүс цохиж байна хэмээн буруу ойлгосон юм шиг байна лээ. Тухайн үед хамт хажууд байсан хүмүүсийг шүүх хуралдаанд байлцуулж шийдвэрлэсэн бол зүгээр байсан юм. Хавтаст хэрэгт Дамдин ах, Хандсүрэн эгч, Золбаяр, Оюунцэцэг эгч, Болороо зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Би Х.****г зодож гэмтэл хохирол учруулаагүй байхад намайг ялтан болгож байгаад би маш их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Х.****гийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний нүүрний баруун талын хацар руу **** алгадсан. Зүүн хөлний шилбэ рүү өшиглөөд унахдаа хана мөргөсөн. Хана мөргөөд толгойн ар хэсэг буюу дагз хавдсан. Миний зүүн гарын бугалга хэсэг, зүүн бугуйн зулгаралтыг С.**** учруулсан. Тухайн цаг хугацаанд С.****тай маргалдаж муудалцах үед үүссэн гэмтлүүд. С.****ы төрсөн дүү нь миний нөхрийн нүдийг гэмтээж байсан юм. С.**** нь намайг энэ талаар хүмүүст хэлчих вий гэж айн эмээсэндээ намайг хөөж гаргах гэж улайрч дайрч байсан юм. Би болохоор С.**** нь надад хандаж “чи юугаа ярьж хэлдэг юм” гэж анх маргалдаж, муудалцсан юм. С.**** нь намайг “ална хуучны өс хонзонтой, байгаа юм” гэж хэлээд дайраад байсан. Намын сонгууль болоод олон хүнтэй С.**** нь маргалдаж хэрэлдэж байсан мөртлөө ганцхан над руу дайраад байсан нь ямар учиртай юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р ху/,
4.Хохирогч Х.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 12 дугаар сарын 03-нд Ардчилсан намын байранд сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс байсан ба би өөрөө дунд нь байсан. Би С.****д хандан “чи дандаа яах гэж хууль бус буруу зүйл хийдэг юм бэ энэ ажлаа зогсоо” гэж хэлсэн. С.**** намайг өшиглөж, цохиж хана мөргүүлж унагасан. Батсүх гэх хүн тухайн үед С.****ыг арай ядан болиулсан. Би орой нь ухаан алдсан ба манай хүүхдүүд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Маргааш орой нь би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дархан-Уул аймагт ч бас эмнэлэгт үзүүлсэн. С.**** удаа дараа худал мэдүүлэг өгч байна. Эмэгтэй хүнд гар хүрч зодчихоод зодоогүй гэж гүрийж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад их харамсаж байна. С.****ы төрсөн дүү нь олон жилийн өмнө манай нөхрийн нүдийг сохолж байсан. Би С.****д зодуулсан нь үнэн. ... гэх мэдүүлэг,
5.Гэрч Б.У 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ардчилсан намын сонгуулийн байранд дотоод сонгууль явагдаж байсан. С.**** нь дотоод сонгуулийн хорооны гишүүний ажлыг хийж байсан. Хуваарын дагуу зохион байгуулалтын ажлыг хийж байсан. Би дээр 2 давхарт ажлаа хийж байхад гэнэт хүмүүс бужигналдаад **** ах орж ирсэн чинь араас нь **** орж ирээд “****аа чи манай нөхрийн нүдийг ухаж идсэн биз дээ” гэх мэт орилж хашгирсан бадалтай орж ирцгээсэн. Би ****, **** нарын хооронд ямар нэгэн зүйл болсон талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
6.Гэрч Э. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгууль явагдаж байсан. Би сонгуульд сонгууль өгөх хүмүүсийг бүртгэж байгаад дотогшоо байр руугаа орсон чинь Х.**** нь С****ыг “чи манай нөхрийн нүдийг залгисан” гэж хэлээд ****тай маргалдаж байсан. Би ****, **** нарыг ямар учраас маргалдсан талаар мэдэхгүй байна. **** нь сонгууль өгөх гэж ирсэн байсан. **** нь сонгуулийн хороонд ажиллаж байсан. Гаднаас орж ирсэн чинь нэг мэдсэн ****, **** нар хэрэлдэж маргалдсан байсан. Тухайн үед хэдэн цагт хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,
7.Гэрч С.Б 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 03-ны өдөр **** ах над руу утасдаж “чи Ардчилсан намын байран дээр хүрээд ир, энд нэг эмэгтэй намайг дарамталаад чиний тэр 2000 онд болсон асуудлын талаар надтай холбож яриад байна” гэж ярьсан. **** ахтай маргалдаж муудалцсан **** гэх эмэгтэйн нөхөртэй би 2000 онд маргалдаж муудалцаж байгаад гэмтэл учруулаад тухайн үедээ хүлээх хариуцлагаа хүлээсэн. Тэр асуудлыг **** гэх эмэгтэй **** ахтай холбож яриад байгаа юм байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
8.Гэрч Ч.С 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын сонгууль болсон юм. С.**** тухайн үед намын байранд ажиглагч хийж байсан. Х.**** нь гаднаас орж ирэхдээ ****д хандаж “та нар хууль бус зүйл хийхээ боль” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Би тухайн үед 2 давхар руу гарчихсан юм. Удаагүй доошоо нэг давхар руу буугаад зогсож байхад С.**** нь ****г цохих шиг болоод **** нь хана руу унаад газар унаад босож ирэхдээ “чи намайг цохидог өшиглөдөг хэн бэ” гэж хэлээд орилж хашгираад байсан. Ингээд хүмүүс бужигналдаад эхэлсэн. Хүмүүс ****ыг хоёр давхар руу гар гэж хэлээд гаргахад араас нь **** нь гараад өрөөнд орж өргөдөл бичиж байхдаа ухаан алдаад унасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,
9.Гэрч Ж. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгууль болсон юм. Тухайн үед 2 нэр дэвшигч байсан. Нэгийг нь хасчихсан байсан байна лээ. Ингээд хүмүүс ганц хүний сонгууль гэж байхгүй гэж хэлж маргаан гарсан. **** нь дотоод сонгуулийг хариуцан ажиллаж 2 давхарт байсан. 2 давхраас бууж ирээд одоо энэ **** гэх эмэгтэйтэй маргалдсан. **** нь ****д хандаж “танай дүү чинь миний нөхрийг зодсон” гэх шиг хувийн маргаантай зүйл ярьж хэлж хэрэлдэж байсан. **** болохоор **** гэх эмэгтэйг гаргах гээд түлхэж харагдсан. Тэгээд хүмүүс “больцгоо” гэж хэлээд ****ыг хүмүүс “дээшээ гар” гэж хэлээд дээшээ гаргасан. Араас нь 2 давхар руу **** гэх эмэгтэй “чамтай нэгийгээ үзнээ” гэх мэт зүйл ярьж хэлээд гарсан. Доор нэг давхарт С.****, Х.**** нар нь нэгийгээ үгээр идсэн, намын маргаан биш гэр бүлийн юм уу дээр үеийн зүйлийг ярьж байсан. Хувийн өс хонзонгийн маргаан байдаг юм шиг байна лээ. ...гэх , /хх-ийн 20-р ху/,
10.Гэрч Б.О 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 3-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хурал болсон. Би сонгуулийн үйл ажиллагааг хянаад байж байтал нэр дэвшигчийн нэгийг нь больчихсон байсан. **** болохоор дотоод сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Тэгсэн 2 давхраас бууж ирээд 2 нэр дэвшигчийн нэгийг хасчихсан, нэг нэр дэвшигчийн саналын хуудас нь гэнэт л маргаан үүссэн. Би нэг давхарт сууж байгаад бие засах гээд явчихсан хойгуур **** **** нар хоорондоо маргалдаж 2 давхар руу гарчихсан байсан. Бие засаад ирсэн чинь С.****, **** нар хоорондоо хэрэлдэж маргалдчихсан байсан. ****, ****г цохиж зодохыг бол би хараагүй. Нэг нэг рүүгээ орилж хашгираад **** нь 10 жилийн өмнө болсон явдлын талаар яриад байх шиг байсан. Миний нөхрийн нүдийг гэмтээсэн гэх мэт зүйлийг ****д хандаж хэлж яриад байсан. ...гэх мэдүүлэг, /х-ийн 25-р ху/,
11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 01 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:
1.Х.****гийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдаганд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хх-ийн 28-р ху/,
12. Шинжээч Т.Н 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 05-ны өдөр үзлэг хийж дүгнэлт гаргасан. Х.****гийн толгойн баруун хэсэг овойж хавдсан, зүүн бугалга, овойж хавдсан, зүүн бугуйнд зулгаралт зүүн өвдөг овойж хавдсан байсан. Мөн Нарантуагийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдаганд зөөлөн эдийн няцрал, зүүг бугуйд зулгаралт бүхий гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохиулах, цохиулах зэрэгт уг гэмтэл үүсэх боломжтой. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,
13.Шүүгдэгч С.****ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хх-ийн 55–р ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 16-17-р ху/, өвчний түүх, /хх-ийн 29-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 46-р ху/, Хохиролын баримт /хх-ийн 65-70-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас **** овогт ****гийн ****ыг 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр **** аймгийн **** сумын Ардчилсан намын байранд тус сумын иргэн Х.****г зодож тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч дээрхи гэмтлийг учруулаагүй, би ****г зодоогүй гэж байгаа ч гэрч, Ж.Батсүхийн ...“намын байранд ****, **** нарын хооронд хэрүүл маргаан болоход хохирогч **** гэр бүлийн шинжтэй, дээр үеийн болж өнгөрсөн асуудлын талаар маргаан үүсгэсэн, **** нь ****г түлхэж харагдсан. ...гэх мэдүүлэг, гэрч Ч.Саранчимэгийн ...С.**** нь ****г цохих шиг болоод **** нь хана руу унаад газар унаад босож ирэхдээ “чи намайг цохидог өшиглөдөг хэн бэ” гэж хэлээд орилж хашгираад байсан. Хүмүүс ****ыг “хоёр давхар руу гар” гэж хэлээд гаргахад араас нь **** нь гараад өрөөнд орж өргөдөл бичиж байхдаа ухаан алдаад унасан...гэх мэдүүлэг, гэрч Д.Золбаярын ...**** нь “энд хэрүүл маргаан хийж болохгүй, эндээс гар, чи яагаад хүний тэргүүнд хүрээд байгаа юм” гээд тлхэж, тэр хоёр зууралдсан, тэгэхэд **** арагшаа унасан... гэх мэдүүлэг, шинжээч Ж.Насанжаргалын ...****гийн толгойн баруун хэсэг овойж хавдсан, зүүн бугалга, овойж хавдсан, зүүн бугуйнд зулгаралт зүүн өвдөг овойж хавдсан байсан. Мөн ****гийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдаганд зөөлөн эдийн няцрал, зүүг бугуйд зулгаралт бүхий гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохиулах, цохиулах зэрэгт уг гэмтэл үүсэх боломжтой. ...гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хохирогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзээд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгуулийн ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг сонгох нь зүйтэй.
Хохирогч Х.**** нь эмчилгээний зардалд 405.000 төгрөг нэхэмжилж нотлох баримт бүрдүүлэн өгсөн боловч шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд 345.000 төгрөг гаргуулж, илүү нэхэмжилсэн 60.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгох нь зүйтэй. 3 сарын дотор гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.**** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа прокурор шүүгдэгч С.****ыг гэм буруутайд тооцуулж, холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гарсан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 2.1-д “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу прокурорын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.**** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****гийн ****ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж, **** аймгийн **** сумын 8 дугаар баг, 2-155 тоотод оршин суух Боржигон овогт Хандсүрэнгийн ****д олгож, 60.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар С.****д шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэж, оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэхгүй бол прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял болгохыг шүүгдэгч С.****д мэдэгдсүгэй.
8.Шүүгдэгч С.**** энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН