Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0907/з |
Дугаар | 001/ХТ2021/0051 |
Огноо | 2021-02-24 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/0051
Д.А-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0512 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, Ц.Ц, Л.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0512 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3.Нэхэмжлэгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.А-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.14 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн дагуу Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт хамааралтай холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй болон хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг гаргасан байна.
6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн шаардлагын жинхэнэ хариуцагч нь Нийслэлийн газрын алба байна.
7. Мөн дээрх хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн 2-т “Захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ...гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Б/-д даалгаж шийдвэрлэсэн”.
8. Гэтэл шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахдаа жинхэнэ хариуцагчийг тогтоож, солих ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна”, мөн хуулийн 25.3-т “Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих ... шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчсөн.
9. Анхан шатны шүүх жинхэнэ хариуцагчийг тогтоож, хариуцагчийг солих ажиллагааг нотлох баримт цуглуулахаас өмнө хийгээгүй, жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
10. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.А-ын газар нь…Н т-ийн хашаанаас дотогш тус төвийн эзэмшил газарт байрлалтай болох нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг /1хх 81-89 дүгээр тал/...зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн ба үзлэгийн тэмдэглэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн.
11. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийдэг. Гэтэл үзлэгийн тэмдэглэлээс харахад шүүгч ямар асуудлыг тодруулах зорилгоор хийсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоотой гол асуудал болох гуравдагч этгээдийн газрын давхцалтай эсэх талаар тодруулаагүй. Зөвхөн нэхэмжлэгч Д.А-ын газар дээр юу байгаа, газрын хашааны зургийг дүрсжүүлсэн баримт нь нэхэмжлэгчийн газрыг Н т-ийн газартай давхцалтай эсэхийг нотлох үндэслэл болохгүй байна.
12. Түүнээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, ... ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ” гэж заасныг зөрчиж ажиллагаанд оролцсон хэргийн оролцогч, хөндлөнгийн гэрчийн ургийн овог, эцгийн нэр, хаягийг бичээгүй нь хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт болох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5-д заасан.
13. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан, хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэсэн нь үндэслэлгүй. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 34.1 болон 34.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна.
14. Тухайлбал, хэрэгт авагдсан О у х Н т-ийн газрын хувийн хэргээс тус төвд олгосон газрын эзэмших эрхтэй холбоотой баримтуудыг шүүх зөрүүтэй үнэлж, үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
15. Хэрэгт О у х Н т-ийн талбайн хэмжээг 8913793 м.кв /891 га/, 9705000 м.кв /970.5 га/, эсхүл 12250000 м.кв /1225 га/ газар эзэмшдэг гэсэн баримтуудыг холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн байх ба 970.5 га газрыг техникийн алдааны улмаас түүнийг залруулж 1225 га гэж олгосон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, энэ талаархи нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй байна. О у х Н т нь Баянголын хөндийн байгалийн цогцолборт газарт байрладаг болох нь төвийн газрын хувийн хэргээс харагдаж байна.
16. Тус тусгай хамгаалалттай газар нутаг нь 1 болон 2 дугаар бүсээс бүрдсэн /1хх 218 дугаар тал/ байх бөгөөд 1998 оноос хойш НИТХ-ын 1999 оны 39 дүгээр тогтоолоор 1230 га газрыг тусгай хамгаалалтанд авсан /1хх 168-169, 174 дүгээр тал.152 дугаар тогтоолын 3-т/, мөн НИТХ-ын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулж, цэг тэмдгийг тогтоосны дагуу Газрын албанаас 970.5 га газрыг олгосон байна /1хх-191, 219-220 дугаар тал/.
17. Гэтэл О у х Н т-өөс 2008 онд хүсэлт гаргаж талбайн хэмжээг буруу гаргасан байна гэж 970.5 га газрыг 1225 га газар болгосон байх ба энэхүү үндэслэлийг хэлэлцсэн 2009 оны Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх 2009 оны 8 дугаар сарын 10, мөн 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар аваагүй. Мөн дээрх НИТХ-ын 1998 оны 39 дүгээр тогтоол, 2006 оны 152 дугаар тогтоол гаргах үндэслэлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, хилийн заагийг ямар байдлаар шинэчлэн тогтоосон нь хэрэгт ач холбогдолтой юм.
18. О у х Н т нь тусгай хамгаалалттай газрын аль бүсэд, ямар хэмжээтэй талбайг эзэмшдэг болох нь тодорхойгүй, О у х Н т-ийн татсан хашаа нь ямар хэмжээний талбайг хамарсан, нэхэмжлэгчийн газар, түүний хэмжээ мөн аль хэсэгт нь хамаарч байгаа, аль хэсгээр давхцаж байгааг тодруулаагүй, 1999 онд 1230 га /одоо яригдаад буй 1225 га газартай ижил/-г тусгай хамгаалалтанд авч 2006 онд хилийн заагт өөрчлөлт оруулж 970 га болгосон байхад О у х Н т-ийн хүсэлтээр талбайн хэмжээг буруу ташаа бичсэн байна гэж 1999 онтой адил 1225 га хэмжээтэй байгаа нь эргэлзээтэй байна.
19. Нөгөө талаар О у х Н т нь тусгай хамгаалалтын газар байрладаг болох нь тогтоогдож байх ба тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэл, мэдээлэл Газрын албанд бус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хадгалагдах ёстой. Гэтэл шүүх удаа дараа Газрын албанаас шаардаж, О у х Н т-ийн газартай холбоотой мэдээллийг Газрын албаны мэдээллийн санд оруулаагүй байна гэж үзсэн байна.
20. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон Газар зохион байгуулалтын албанаас гаргаж өгсөн бүхий л баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, 38.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага, хуулийн этгээд бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасныг зөрчиж хуулбар баримтууд дээр байгууллагын тэмдгийг дарсан нь мөн хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5-т зааснаар хуульд заасныг зөрчиж олж авсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй.
21. Мөн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 4 нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах,...талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг ...шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
22. Нэхэмжлэгч Д.А-ын газрын ойролцоо 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байх ба эдгээр газруудын ихэнхийг цуцлаагүй, зөвхөн 24 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан байгаа нь нэхэмжлэгчийн газар цуцлагдаагүй бусад газрын адил давхцаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн Д.А-ын газар бусдын газартай давхцаагүй болох лавлагааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас удаа дараа ирүүлсээр байхад эдгээр баримтыг үнэлээгүй, мөн хэрэг шүүхэд маргаантай байхад хариуцагчийн зүгээс мэдээллийн сан дахь нэхэмжлэгчийн нэгж талбар, кадастрын мэдээллийг устгаж, зориуд давхцуулсан зургийг шүүхэд ирүүлж буйг анхаарахыг шүүхээс хүсч байна.
23. Нэхэмжлэгч нь 2014 онд анх газар эзэмшихдээ тухайн газар нь давхцалгүй талаар шалгуулж, хууль ёсны дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж, газрыг төлбөрүүдийг төлсөн, 60 гаруй сая төгрөгийн хашааг барьж байгуулсан болно. Мөн зориулалтаар зундаа гэр барин зуслангийн зориулалтаар ашигладаг ба тусгай хамгаалалтын газарт хориглосон, хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хамгаалаагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг, хөндөгдөөгүй гэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
24. Иймд дээрх ажиллагаануудыг хяналтын шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсгийг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
25. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0512 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаар магадлалуудыг нэхэмжлэгч Д.А миний бие Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
26. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн тухай: Нэхэмжлэгч талын зүгээс О У Х “Н” т-ийг газар эзэмших эрхтэй эсэхэд огт маргаж байгаагүй, зөвхөн О У Х “Н” т-ийн эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч Д.А-ын газартай давхцаж байгаа эсэх дээр маргаантай байдаг.
27. Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...О у х Н т-ийн газартай давхцалтай байгаа ба иргэн Д.А-ыг газар эзэмших хүсэлт гаргах үед “бусад этгээдийн эзэмшил байгаа газартай давхцалгүй” гэсэн хариу гарч байсан шалтгаан нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд О у х Н т-ийн газар бүртгэгдэж ороогүй байсантай холбоотой...” гэжээ.
28. Гэтэл О У Х “Н” т газраа 2007 оны 11 дүгээр сард нэг удаа Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1246 тоот албан бичигт “...Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2020 оны зураг мэдээллээс албан бичиг дэх нэгж талбарын 18629322631255 дугаараар хайлт хийж үзэхэд бүртгэгдсэн газар байхгүй байна. Харин О у Н т”-ийн байршлаар мэдээллийн санд үзэхэд 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18629320632904 дугаар бүхий 8913793 мкв талбайтай газар бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс хойш мэдээллийн санд бүртгэлтэй байна...” гэсэн хариу ирүүлсэн байна.
29. Шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12250000 мкв газартай давхцуулсан байдлаар ирүүлэхийг хүссэн албан бичгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2/1386 тоот албан бичиг дахин “...Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2020 оны зурган мэдээллээс албан бичиг дэх нэгж талбарын 18629322631255 дугаараар хайлт хийж үзэхэд бүртгэлгүй байна. Иймд албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэгж талбарын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан үзэхэд 12213383 мкв талбайтай газар байх бөгөөд дээрх газруудын байршлыг давхцуулан хүргүүлэв...” хавсралт кадастрын зургаар Д.А-ын 18629322026261 нэгж талбарын дугаартай газрыг ногоон өнгөөр, 2007 оны 11 дүгээр сард 18629320632904 нэгж талбарт бүртгэгдсэн О У Х “Н” т-ийн газрыг цэнхэр өнгөөр, харин улаан өнгөөр 12213383 мкв талбай нь ямар нэгэн кадастрын бүртгэлгүй буюу О У Х “Н” т-ийн газар хэмээн тогтоосон баримт биш юм.
30. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 131 талд “...Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын болон 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэл зэргийг давхцуулсан байдлыг харуулсан зураг нь О у х Н т-ийн хашаанаас дотогш тус төвийн эзэмшил газарт байрлалтай болох нь.... баримтуудаар тогтоогдож байна...” гэжээ. Давж заалдах шүүхийн магадлалын 7 дахь талд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэргийн дээрх өгүүлбэрийг мөн үндэслэж “...О у х Н т-ийн хашаанаас дотогш тус төвийн эзэмшил газарт байрлалтай болох нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зургаар тогтоогдож байна...” гэжээ. Энэ дүгнэлтүүдээс үзэхэд анхан болон давж заалдах шатанд хэргийг шийдвэрлэсэн, бүрэлдэхүүнд орсон, илтгэсэн бүх шүүгчид 1-рт хэргийн материалтай огт танилцаагүй, 2-рт хэргийн нотлох баримтыг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 2007 онд 11 сард О У Х “Н” т- 18629320632904 нэгж талбарын дугаарт 8913793 мкв газрыг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн, энэхүү бүртгэгдсэн 8913793 мкв талбайтай Д.А-ын эзэмшиж байсан 18629322026261 нэгж талбарын дугаартай 20862 мкв талбай давхцаагүйг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1246 тоот албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1386 тоот албан бичиг хавсралт кадастрын зургуудаас нотлогдож байна.
31. Гэтэл шүүгч нар 2 дугаар хавтаст хэргийн 16 дахь талд байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албаны бичгийн хавсралт кадастрын зургийн улаан шугамаар зурсан зургийг О у х Н т-ийн газар, хашаа байгаа газар гэж үзэж, давхцаж байгаа нь илэрхий байна, нотлох баримтаар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн. Улаан шугамаар илэрхийлсэн зураг 1-рт ямар ч кадастрын бүртгэлгүй, 2-рт улаан шугамаар илэрхийлсэн хэсгийн талбай 12213363 мкв, 3-рт улаан шугамаар илэрхийлсэн хэсэг О У Х “Н” т-ийн хашааг илэрхийлсэн зураг биш, хэрэгт “Н” т-ийн хашааг илэрхийлсэн зураг огт байхгүй атал Д.А-ын газар хашаан дотор байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна.
32. Шүүхийн шийдвэрүүдэд үндэслэсэн болгосон О У Х “Н” т-д 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар 12255006 мкв газрын талбайн хэмжээг баталгаажуулсан гэж дурдсан ч нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх талд 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн О у х Н т-ийн 18629322632255 нэгж талбарт 12255006 мкв газрын кадастрын зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь талд 18629322631255 нэгж талбарт 12250000 мкв газрын кадастрын зураг хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтад дурдагдсан 18629322631255 нэгж талбарын дугаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, 2-рт Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 527 дугаар захирамжаар олгосон гэх захирамж, түүний дагуу О У Х “Н” т-д олгосон гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй байхад шүүх үндэслэн шийдвэр гаргасан байдаг.
33. 1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх талд: Нотлох баримтын шаардлага хангасан О У Х “Н” т-тэй байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ” хавсаргагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: 1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг. Ингэхээр О У Х “Н” т-ийн гэрээ, гэрчилгээнд тухайн байгууллагад олгосон газрын байршил, кадастрын зураг тодорхойгүй байгаа гэдгийг шүүх огт анхаарч үзэхгүй байна.
34. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд Д.А-ын газар эзэмших эрх хамгаалагдах ёстой. Д.А нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжаар 2561 мкв газрыг, 2019 оны А/170 дугаар захирамжаар 20862 мкв газрыг олгосон. Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших хүсэлт гаргахдаа хуульд заасан бүх шаардлагыг хангаж, баримтуудыг бүрдүүлсэн. Үүний дотор Газрын тухай хуульд заасан 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас тодорхойлолт авч үзэхэд хэн нэгний газартай давхцаагүй гэсэн дүгнэлтийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан, үүнийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан гэж ойлгож байна.
35. Д.А миний бие өөрөө бусдын газартай давхцалгүй гэдэг тодорхойлолтыг гаргаагүй гэдгийг дахин дахин давтаж хэлж байгаа, нийслэлийн Засаг даргын захирамжуудаар газар олгох шийдвэр гарсанд иргэний хувьд итгэж газрын төлбөр, дуудлага худалдааны суурь үнэ, мөн газраа ашиглах зорилгоор хашаа зэргийг барьсан. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч нь яагаад газрын давхцалтай гэж үзэж байгаа 120 орчим иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг бүгдийг цуцлаагүй зөвхөн 35 иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан талаар асуухад газар дээр ямар нэг үл хөдлөх хөрөнгө байхгүй иргэн, аж ахуйн нэгжийг цуцалсан гэж хариулсан. Үүнээс үзэхэд хэрвээ Д.А газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьсан байсан бол хууль ёсны дагуу эзэмшсэн гэж үзээд газрыг цуцлахгүй байсан уу? яагаад иргэдэд ингэж ялгамжтай хандаж байгаа вэ? 2014-2019 оны 9 дүгээр сарыг хүртэл Д.А нь Газрын тухай хуулийн дагуу газрыг эзэмшсэн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 527 дугаар захирамжаар О У Х “Н” т-д 12250000 мкв газар олгосон газрын кадастрын Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд 2007 онд 8913793 мкв болгон оруулсан үйлдэлд яагаад Д.А буруутай гэж дүгнээд байгаа вэ?
36. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 27.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн болохоос газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй бол газар эзэмшигч биш гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь Нийслэлийн Засаг дарга болон О У Х “Н” т-өөс 2007, 2008, 2009 онуудад удаа дараа гарсан захирамжийн хүрээнд олгогдсон газрын мэдээллийг яагаад 2007 онд 8913793 мкв гэж оруулсан бэ, ийнхүү газрын кадастрын мэдээллээ буруу оруулж байгаа нь шүүхээс зөв гэж дүгнэж байгаа юм уу?, газрын байршлыг тодорхойлох, давхцал үүсгэхгүй байх зорилгоор кадастрын мэдээллийн санг бүрдүүлдэг. 2007 онд Нийслэлийн Засаг дарга, О У Х “Н” т-өөс 8913793 мкв газрын мэдээллийн санд оруулснаас шалтгаалж 2014 онд Д.А 2561 мкв газрыг эзэмших, 2019 онд 20862 мкв газрын эзэмших нөхцөл бүрдсэн, тухай бүрдээ давхцалгүй, хууль ёсны гэж итгэсэн.
37. Давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 27.1, 28.1.1, 29.1 дэх зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогддог. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжийн өөрт хамаарал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, тус захирамж нь Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу давхацсан гэж үзсэн. Шүүх харин нэхэмжлэл шаардлагад огт хамааралгүй асуудлаар, мөн Нийслэлийн Засаг даргын Д.А-ыг буруутгаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган хэргийг шийдвэрлэсэн, мөн Газрын тухай хуулийн 27.1 үндэслэн Нийслэлийн Засаг даргын хууль бус газрын мэдээллийн санг буруу бүртгэсэн, буруу мэдээлэл оруулсан үйлдлийг зөвтгөж байгаа нь шүүх хараат бусаар, аливаа хэргийг бодит нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх зарчмаас аль хэдий нь хазайсан, бодитоор хэргийг шийдвэрлэж чадах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй болсон гэсэн дүгнэлтэд нэхэмжлэгчид хүрээд байна.
38. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс О У Х “Н” т-ийн захирал Т.Т-өөс 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 06 дугаар албан бичигт “...Тус төвд бүлгийн удирдагч багшаар ажиллаж байсан Д овогтой А-ын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг үндэслэн төвийн нутаг дэвсгэр дээр хувийн зориулалтаар газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй болно” гэж дурдсаныг О у х Н т-ийн газар гэдгийг Д.А анхнаасаа мэдэж байсан байна, газрын давхцалтай байсан тул хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан гэж ойлгогдохоор байна гэжээ. Энэ үндэслэлээрээ Д.А анхнаасаа өөрийн газрын О У Х “Н” т-ийн газар гэдгийг мэдэж байсан гэж дүгнэжээ. Д.А-т өгсөн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар албан бичиг нь Газрын тухай хуулийн 38.3-т заасан зөвшөөрөл гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзсэн бол яагаад нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргахгүй байгаа вэ? гэдэг бас эргэлзээтэй асуултыг шийдвэртэй үлдээсэн.
39. Гурав. Нийслэлийн Засаг даргыг 2019 оны А/902 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай” гэх үндэслэлээр хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчиж захирамж гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжийн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасан “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэх үндэслэлийг баримтлан сонсох ажиллагааг явуулаагүй. Гарцаагүй байдал гэдэг нь Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд “Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ” заасан нөхцөлд байдал маргааны бүхий нөхцөл байдал хамаарахгүй, хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь тухайн үүссэн нөхцөл байдлын улмаас захиргааны шийдвэр нэн даруй гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж болзошгүй байдлыг ойлгодог.
40. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 01-06/2801 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Д.А-т газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье хэмээн ирүүлсэн. Үүнээс үзэхэд гарцаагүй байдал болон хойшлуулшгүй нөхцөл байдал байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа.
41. Захиргааны ерөнхий хуулийн 27.7-д сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан бөгөөд 24.1 заасны дагуу захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргана, 24.2-т зааснаар ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэх судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 25 дугаар зүйлд заасны дагуу 25.1.1-т заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, тухайлбал: Д.А-ын кадастрын зургийн мэдээлэл, О у х Н т-ийн газартай үнэхээр давхцаж байгаа эсэх, О у х Н т кадастрын мэдээллийн санд ямар зураг байгаа талаарх баримт, шаардлагатай нөхцөлд шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулж давхцал байгаа эсэхийг тодруулах зэрэг үүргээ огт хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргасан. Энэ үйлдлээ залруулах зорилгоор тухайлбал 2 дугаар хавтаст хэргийг 102-105 талд авагдсан Нийслэлийн мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Д.А-ын Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан дахь зургийг устгаж, О у х Н т-ийн газрын кадастрын мэдээллийг оруулах шийдвэр гаргасан буюу газрын мэдээллийн сан хэний мэдээлэл байгаа гэдгийг мэдэж, Д.А-ын газрын кадастрын мэдээллийг хууль бусаар устгаж, О у х Н т-ийн газрыг 12250000 мкв болгон оруулах шийдвэр гаргасан гэж бид ойлгож байна.
42. Дөрөв. О у х Н т 2 өөр төрлийн захирамжаар газар эзэмшдэг байх бөгөөд шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. 1 дүгээр ХХ-ийн 178 дахь тал: Анх ЗГХЭГ-ын дарга С.Б-оос 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1727 дугаартай асуудал шийдвэрлэх тухай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан “...О у х Н т-ийн ерөнхий захирал Т.Т-ээс “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тус төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц барихад дэмжлэг үзүүлэхийг хүсч Ерөнхий сайд М.Э-д хандсан албан бичиг ирүүлсэн. Ерөнхий сайд танилцаад ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачлагыг дэмжиж үүнтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсний дагуу холбогдох материал хүргүүлж байна...” гэсэн байдаг.
43. 1 дүгээр ХХ-ийн 180-182 дахь тал: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаар “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн 22 дугаарт О У Х Н з-д орон сууцны зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 0.087 га газар олгосон.
44. 1 дүгээр ХХ-ийн 208 дахь тал: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22/009 дугаартай актаар 22 автомашины зогсоолтой, 70 айлын орон сууцыг хүлээн авсан.
45. 1 дүгээр ХХ-ийн 213 дахь тал: О у х Н т-ийн захирлын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн НГАДарга Ц.С-д хандаж гэрчилгээ хүсэх тухай албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус төвд өөрийн эзэмшлийн газарт ажилчдын орон сууц барихаар 0.087 га газар олгосны дагуу 21x12 метрийн хэмжээтэй 2 барилга, 18x14 метрийн хэмжээтэй 1 барилга, нийтдээ 3 барилга бариулж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан тул гэрчилгээ олгоно уу гэж хүссэн. 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 92 дугаар албан бичгээр дахин хандсан байдаг.
46. Үүнээс үзэхэд шүүх 2007 онд О У Х “Н” т-д Нийслэлийн Засаг даргын 163 дугаар захирамжаар 0,087 га газрыг олгосон асуудлыг огт дүгнэлт хийгээгүй, 2007 онд яагаад газрын мэдээлэл 8913793 мкв газар болж Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд орсон талаар огт ач холбогдол өгөхгүй, дүгнэлт хийхгүй байгаа.
47. Гэтэл О У Х “Н” т-ийн газрын кадастрын мэдээлэл 8913793 мкв болгож бүртгэгдсэн нь хожим Д.А-ын газар эзэмших, ашиглаж хөрөнгө оруулалт хийх, татвар төлөх суурь шалтгаан, үндэслэл болсон тул шүүх энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.
48. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0512 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаар магадлалуудыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хэргийг тал бүрээс нь үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгож өгөхийг иргэн Д.А миний бие хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
49. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.
50. Нэхэмжлэгчээс “...миний эзэмшиж байгаа газар нь бусдын эзэмшилтэй давхцалгүй, газрын төлбөр, газрын суурь хураамжийн төлбөрт 28,171,000 төгрөг төлсөн ба газар дээрээ 64 сая төгрөгийн өртөг бүхий хашаа барьж ашиглаж байна” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн газар нь анхнаасаа бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тус тус маргасан байна.
51. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.А-т нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/502 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд зуслангийн зориулалтаар 2561 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/170 дугаар захирамжаар өмнө олгосон талбайн хэмжээг нэмэгдүүлж 20862 м.кв болгон 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах О у х “Н” з-ийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосон, үүнд нэхэмжлэгч Д.А-ын эзэмших эрх бүхий 20862 м.кв газар хамрагдсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
52. Хариуцагч маргаан бүхий газрыг анх нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ О У Х “Н” т-ийн газартай давхцуулж Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн атлаа уг алдаагаа залруулалгүйгээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/170 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг 20862 м.кв болгон нэмэгдүүлж, 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн буруу юм.
53. Нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр олгосон энэхүү газар нь гуравдагч этгээдэд нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 298 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр олгосон 12250000 м.кв талбайтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1386 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралтаар ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдсон, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
54. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн алдааг хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжаараа залруулсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.
55. Нэгэнт эрх бүхий байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг хожим тогтоож, хууль бус шийдвэрүүдээ хүчингүй болгосон тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нэхэмжлэгчийн хувьд үйлчлэхгүй.
56. Иймд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
57. Харин нэхэмжлэгчийн “...хууль ёсны дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөрүүдийг төлсөн, 60 гаруй сая төгрөгийн хашааг барьж байгуулсан...” гэх гомдлын үндэслэл энэ маргааны зүйлд хамааралгүй боловч төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү тогтоол хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 593 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН