Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 32

 

 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, 202-7 тоотод оршин суугч Бунь овгийн Шийлэгдамдингийн Янжмаа РД:ЙП81041005

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Боржигон овгийн Содномдоржийн Ундрах РД:ЙЮ 74111102

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш.Янжмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахад холбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсан цагаас хойш 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл энэ байгууллагад ажилласан.

Төрийн жинхэнэ албан хаагч байгаа. 2016 оны 09 дүгээр сард бүтэц орон тоо өөрчлөгдөж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрах дарга томилогдож намайг гэнэт ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар тушаалаар чөлөөлсөн.

 Миний ажиллаж байсан ажлын байр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. Хөдөлмөрийн хэлтсийн 5-6 ажлын байр байгаа. Энд ажлын байрны чиг үүрэг тусгагдсан байгаа болохоор миний ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж бодож байна.

Ажлаас чөлөөлөхдөө ажилтан, албан хаагчдын мэдлэг, чадвар, туршлагыг харж үзэлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. С.Ундрах дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч байж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргыг түр орлон гүйцэтгэж байхдаа намайг гэнэт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул өнөөдөр шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Иймд хуульд заасны дагуу миний нэхэмжлэлийг шударгаар үнэн зөв шийдэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Янжмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хувьд шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцож байна. Нэхэмжлэгч Ш.Янжмаа нэхэмжлэлдээ миний ажиллаж байсан ажлын байр хэвээрээ хадгалагдаж байгаа гэж тайлбараа өгсөн байсан.

Шинээр байгуулагдсан бүтэц орон тоогоор Хөдөлмөрийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан гэж миний зүгээс үзэж байгаа.

Шинээр байгуулагдсан орон тоонд хэлтсийн даргын ангилал зэрэглэлийн хувьд 2 өөр албан тушаал байгаа. Би Ш.Янжмааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй. Энэ талаар ярих гэж байгаа өөр тусад нь нэхэмжлэл гаргаж болно.

Би ямар нэгэн намын үзэл, бодол гаргаж ялгаагүй. Би нэг ч хүн ажлаас халаагүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Тус шүүх хуралдаанаар Ш.Янжмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ундрахад холбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар “Ш.Янжмааг Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж байсан Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, өөрчлөн байгуулагдан, шинэчилсэн бүтцээр Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байгаа тул тус албан тушаалыг эрхэлж байсан Шийлэгдамдингийн Янжмааг 2016 оны 09 дүгээр сарын 23-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаал гаргажээ.

Тушаал гаргахдаа Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг үндэслэл болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд  шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуулинд заажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар буюу ажлын орон тоо баталсан хавсралтанд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах нь Ш.Янжмааг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу гаргасан тушаал байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т  зааснуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Янжмаагийн “Ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/Ш32016/0079 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ