Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1327

 

 

 

Монгол банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03930 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Монгол банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Аэро Монголиа” ХХК, Ш.Цогзолмаа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 599 905 964,21 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-525 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаагийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхсайхан,

Хариуцагч Ш.Цогзолмаагийн өмгөөлөгч Д.Батсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Ц.Туул нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Цогзолмаа нь 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Анод банктай №15060084 тоот зээлийн гэрээ байгуулан 1 800 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлж  авсан. Талууд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15060084 тоот хугацаа сунгасан нэмэлт гэрээг байгуулан 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гэрээний хугацааг сунгасан. Ш.Цогзолмаа нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 234,52 ам.доллар, зээлийн хүүд 818 265,49 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 9 216 ам.доллар тус тус төлсөн.  “Аэро Монголиа” ХХК нь 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Анод банктай Батлан даалтын гэрээ байгуулсаны дагуу зээлийн төлбөрийг батлан даагчаас гаргуулахаар Нийслэлийн Хан-уул дүүргийн шүүхэд 2009 онд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 928 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, тогтоох хэсгийн 7-д заасны дагуу Ш.Цогзолмаад холбогдох зээлийг жич шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч Ш.Цогзолмаа нь зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө авч ашиглаагүй, “Аэро Монголиа” ХХК нь авч ашигласан гэж маргаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайсхийж байх тул “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Улсын мөрдөн байцаах газарт Ш.Цогзолмаад холбогдох зээлийн асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул  хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй болохыг 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн.

 “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагч нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-525 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 3 616 723,73 ам.долларын төлбөр авах эрхээ Монгол банкинд шилжүүлсэн. Иймд 3 616 723,73 ам.доллар буюу 2014 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханш 1824,83 төгрөгөөр тооцож 6 599 905 964,21 төгрөг болгон нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг хариуцагч Ш.Цогзолмаагаас гаргуулах, хэрэв Ш.Цогзолмаа нь үүргээ гүйцэтгэх боломжгүй бол батлан даалтын гэрээний дагуу батлан даагч “Аэро Монголиа” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Ш.Цогзолмаа нь “Аэро Монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан П.Баатарсүрэнгийн гэргий байсан бөгөөд тэрээр Анод банкнаас 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 800 000 ам.долларын зээлийг үндсэн хөрөнгийн санхүүжилт хийх зорилгоор зээлсэн байна. Тухайн үед П.Баатарсүрэн нь Аэро Монголиа ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан бөгөөд өөрийн эхнэр Ш.Цогзолмааг “Анод банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үед тус компанийн 1 бүр 1 ам.долларын үнэлгээтэй 3 900 000 ширхэг хувьцаагаар, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэхээр “Анод банк” ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан. Харин иргэн П.Баатарсүрэн нь тус компани дахь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг иргэн Х.Дөчинтав (2 000 000 ам.доллараар 40 хувь), шинэ хувьцаа эзэмшигч болох “Моннис Интернэшнл” ХХК (2 200 000 ам.доллараар 20 хувь) болон иргэн Б.Бат-Эрдэнэ (зээлийн барьцаанд тооцон бэлэглэлээр 10 хувь) нарт худалдан борлуулах болон өөр бусад хэлбэрээр 2007 онд шилжүүлсэн байдаг. Иргэн П.Баатарсүрэнтэй “Аэро Монголиа” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 20 хувийг худалдан авах зорилгоор 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.  Дээр дурдсан хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан тус гэрээг “Аэро Монголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох иргэн П.Баатарсүрэн, иргэн Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ болон “Моннис Интернэшнл” ХХК-ийн хооронд 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчийн гэрээг байгуулсан. Уг хувьцаа эзэмшигчийн гэрээний 5.2-т хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдах гэрээний гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаараа хариуцана гэдгийг хүлээн зөвшөөрнө" гэж заасан байна. Гэтэл уг гэрээний хавсралт 2-т дурдах ёстой болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг оруулсан боловч “Анод банк” ХХК-тай батлан даалтын дагуу зээлдэгч болох Ш.Цогзолмаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даах өр төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг дурдаагүй. Улмаар П.Баатарсүрэн нь өөрт үлдсэн “Аэро Монголиа” ХХК-ийн өөрийн өмчлөлийн 30 хувийн хувьцааг барьцаалан 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Эрдэнэтуяагаас 2 500 000 ам.долларыг зээлж, уг зээлсэн мөнгөө төлөөгүйн улмаас 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа шилжүүлэх тухай гэрээг байгуулан, “Аэро Монголиа” ХХК дахь өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг Ш.Эрдэнэтуяад шилжүүлснээр тус компанид хувьцаа эзэмшдэггүй болсон. Эдгээр шинэ хувьцаа эзэмшигчдэд П.Баатарсүрэн болон түүний гэргий Ш.Цогзолмаа нар нь өөрсдийн үндсэн хөрөнгийн санхүүжилт хийх зорилгоор зээл авсан тухай, ингэхдээ тус компанийн хувьцааг барьцаалж, батлан даалт гаргасан талаарх мэдээллийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчийн гэрээ түүнчлэн хувьцаа шилжүүлэх тухай гэрээнд тусгаагүйгээс гадна хувьцааг худалдан авсан хувьцаа эзэмшигчдээс нууж хувьцаагаа борлуулсан байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш П.Баатарсүрэн дангаар төлөх ёстой, түүгээр ч зогсохгүй урьд нь мэдэх боломжгүй байсан өр төлбөрүүд “Анод банк” ХХК болон өөр бусад этгээдүүдээс нэхэмжлэл гаргаж шүүхэд тус компанийг дуудах болсон. Уг Анод банкны нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 928 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаар тогтоолуудад тус бүрээр энэхүү хэргийн нөхцөл байдлыг үнэлж, дараах шийдвэр гаргасан.Үүнд “Анод банк” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Ш.Цогзолмаагаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, түүнийг үүрэг гүйцэтгэж чадахгүй болсон гэдгийг нотолсоны дараа батлан даалтын гэрээний дагуу “Аэро Монголиа” ХХК-иас шаардах эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Тус компанийн шинээр хувьцаа эзэмшигч болон орж ирсэн “Моннис интернэшнл” ХХК нь тухайн үед төлбөрийн чадваргүйн улмаас дампуурах эрсдэлд орсон “Аэро Монголиа” ХХК-ийн өмнөөс “Анод банк” ХХК-д төлөх ёстой бүх төлбөрүүдийг өөрийн зардлаар төлж барагдуулсан ба, үүнийг нотолж 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Анод банкны эрх хүлээн авагчаас тус компани нь Анод банкинд өр төлбөргүй нь үнэн болно гэсэн албан тодорхойлолтыг гаргаж өгч, барьцаанд байсан хөрөнгө болох “Аэро Монголиа” ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгө, дансыг барьцаанаас чөлөөлсөнийг дурьдан, өр төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолтыг үндэслэн хувьцаа эзэмшигчид энэхүү өр төлбөрийн асуудлыг хааж, гэрээний үүргээ зөрчсөн П.Баатарсүрэнгээс өөрсдийн хохирлоо барагдуулахаар ажиллаж байгаа.

“Анод банк” ХХК-ийн эрх хүлээн авагч нь дээрх албан тодорхойлолт гаргаж “Аэро Монголиа” ХХК-ийн зээл болон батлан даалттай холбоотой банкны өмнө хүлээсэн үүрэг бүрэн дуусгавар болж, компанийн хувьцаа, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлснөө мэдэгдсэн байтлаа Ш.Цогзолмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг гаргахдаа тус компанийг хамтран хариуцагчаар зааж, төлбөр нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох гурван жилийн хугацаа өнгөрсөн байтал тус компаниас төлбөр нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Мөн “Анод банк” ХХК-ийн эрх хүлээн авагчаас нь Хан-Уул дүүргийн шүүхэд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээр үүргийг гүйцэтгүүлэхээр ямар нэгэн арга хэмжээг аваагүй атлаа батлан даагчаас төлбөр нэхэмжилсэнийг татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болно гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Иймд “Анод банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн  тус компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, түүний өмгөөлөгч Д.Батсүх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Анод банк” ХХК-тай 915060084 тоот зээлийн гэрээг байгуулсан нь үнэн бөгөөд уг зээлийн зориулалт “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байсан юм. Зээлийн зориулалт нь “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан учраас уг зээлийн гэрээг хийгдмэгц гэрээнд заагдсан 1 800 000 ам.долларыг тэр даруйд нь “Аэро Монголиа” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн. Иймд Аэро Монголиа ХХК-ийн харилцах дансанд орсон уг мөнгөнөөс иргэн Ш.Цогзолмаа захиран зарцуулалт хийх боломжгүй байсан бөгөөд миний гараар хийгдсэн банкны гүйлгээний ямар ч баримт байхгүй болно. “Аэро Монголиа” ХХК нь уг зээлийн гэрээг байгуулсантай холбогдуулан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлан даалтын гэрээг “Анод банк” ХХК-тай байгуулсан ба уг гэрээний дагуу дээрх 15060084 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар болсон юм. Харин нэгэнт уг зээлийг тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан авч хэрэглэсэн, зээл эргэн төлөгдөх баталгаа гаргасан, мөн буцаан төлөлтийг бодитоор хийж байсан “Аэро Монголиа” ХХК нь хууль болон гэрээний дагуу зээлийг гүйцээн төлөх ёстой юм. “Аэро Монголиа” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн төлбөрийг хариуцахгүй гэснийг ойлгохгүй байна. Учир нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө нь ч, хойно нь ч “Анод банк” ХХК-иас авсан дээрх зээлийг “Аэро Монголиа” ХХК хэсэгчлэн төлж байсан нь баримтаар нотлогдож байгаа. Уг Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 5.1-д энэхүү гэрээний хавсралт 2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдах гэрээг гүйцэтгэх хугацаан дахь өр төлбөр нь компанийх байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж заасан байх ба гэрээний хавсралт 2 (Компаний өр, төлбөр) гэсэн хүснэгтийн 1-рт Анод банкинд төлөгдөх өрийг 5 256 000 000 төгрөг, төлөгдөх хугацааг 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байхаар тусгасан байна. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ зээл Ш.Цогзолмаад ямар ч хамааралгүй болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ш.Цогзолмааг зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоож батлан даагч “Аэро Монголиа” ХХК-иас зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

“Аэро Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар Монгол банкны ажилтан С.Энхбатыг томилсон. Иргэний хуулийн 70 дугаар зүйлд “төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно" гэж заасан. Гэтэл С.Энхбат нь Монгол банкнаас томилогдсон ажилтан хэрнээ гуравдагч этгээд болох “Анод банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэрээр Монгол банктай хэлцэл хийж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчиж хийгдсэн хэлцэл байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээнд Монгол банкыг төлөөлж Чимэд-Юндэн гарын үсэг зурсан байдаг. Гэрээнд гарын үсэг зурах үед нь Чимэд-Юндэнд Монгол банкыг төлөөлж гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан. Мөн нэхэмжлэгч Монгол банк нь ямар үндэслэлээр 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар ам.долларыг төгрөгт шилжүүлж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-525 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Монгол банкнаас 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Анод банк” ХХК-д онцгой дэглэм тогтоосон бөгөөд “Анод банк” ХХК нь хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон тул Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар тушаалаар “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар С.Энхбатыг томилсон. “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар “Анод банк” ХХК-ийн удирдлагын бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дугаар зүйлд заасны дагуу банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг олгосон байна. Монгол банк нь Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан “Анод банк” ХХК-д нийт 131,6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. “Анод банк” ХХК нь Монгол банкинд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 75.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан тул “Анод банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 64.1.4, 64.1.5 дахь хэсгүүдийг үндэслэн Монгол банктай 0214/313 дугаартай Монгол банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулан актив хөрөнгө болон Анод банкнаас бусдад олгосон зээл, бусдаас авах авлагыг шилжүүлсэн. Энэхүү гэрээний 1.2.1 дэх хэсэгт заасны дагуу Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкинд шилжүүлж буй 535 зээлийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн болно. Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 64 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагааг явуулан холбогдох гэрээ, хэлцлийг байгуулсан. Иймд “Анод банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд байгуулагдсан 40/2014 ЭХА-525 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Дөчинтав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анод банк” ХХК-иас авсан 6 000 000 ам.долларыг Ш.Цогзолмаагийн өр төлбөр байсан. Ш.Цогзолмаагийн эзэмшлийн банкнаас надад 2 000 000 ам.доллар төлсөн. Энэ авсан зээл “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. 2007 оны 06 дугаар  сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт авагдсан ба Анод банкны жагсаалтад бичигдсэн байгаа.  Баатарсүрэн захирал 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан ба гүйцэтгэх захирал нь байсан. Энэ зээлийг эхнэр, нөхөр хоёр хамтдаа хэрэглэсэн байхад одоо “Аэро Монголиа” ХХК-д хариуцах нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар “Аэро Монголиа” ХХК-ийн хувьцааг миний бие 30 хувь, “Моннис интернэшнл” ХХК нь 70 хувийн харьцаатайгаар эзэмшиж байгаа болно. Эхнэр, нөхөр хоёр мөнгө авч хэрэглэсэн атал одоогийн хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хөндөж энэ зээлийг “Аэро Монголиа” ХХК-иар төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ш.Цогзолмаа нь төлбөрийн чадваргүй гэж төлбөрөөс зайлсхийж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Аэро Монголиа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1 799 765,48 ам.доллар, зээлийн хүү 1 510 566,19 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 306 392,06 ам.доллар, нийт 3 616 723,73 ам.доллар буюу 5 053 575 733,45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Анод банкны эрх хүлээн авагч Монгол банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 546 330 230,76 төгрөгийг болон Ш.Цогзолмаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн Анод банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-525 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д тус тус зааснаар хариуцагч “Аэро Монголиа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25 425 828,66 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 185 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх аэкиллагааны журам зөрчсөн. "Анод банк” ХХК болон иргэн Ш.Цогзолмаа нарын хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15060084 тоот "Зээлийн гэрээ" байгуулагдсан. Энэхүү "Зээлийн гэрээ"-ний баримтаар уг өдрөө 15060084 тоот "Барьцааны гэрээ", "Батлан даалтын гэрээ" тус тус байгуулагдсан. Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т "Зээл, хүүг төлөх үүргээ баталгаажуулж барьцаалуулагчийн дараах эд хөрөнгийг зээлийн барьцаанд харилцан тохиролцож барьцаалсан болно" гэж заагаад "Аэро Монголиа” ХХК-ийн 1 бүр нь 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 ширхэг хувьцааг барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т "Батлан даагч нь дор дурдсан хөрөнгөө барьцаалан банкны өмнө батлан дааж байгаа болно. Хэрэв зээлдэгч Ш.Цогзолмаа нь Зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй бол батлан даагч нь өөрийн хөрөнгөөрөө нөхөн хариуцлага хүлээнэ" гээд "Аэро Монголиа” ХХК-ийн 3 900 000 ширхэг 1 бүр нь 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 ам.долларын хувьцаагаар зээлийн гэрээг батлан даасан байдаг. Эдгээр гэрээнүүдийг байгуулагдах үед "Аэро Монголиа" ХХК-ийн 100 хувийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь П.Баатарсүрэн байсан. Харин өнөөдрийн байдлаар “Аэрос Монголиа" ХХК-ийн хувьцааны 70 хувийг "Моннис интернэшнл" XXК 30 хувийг иргэн X.Дөчинтав тус тус эзэмшдэг. "Анод банк” ХХК дахь эрх хүлээн "Аэро Монголиа" ХХК-иас батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилдэг учир иргэн Х.Дөчинтав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү хэргийн шүүхээс гарах шийдвэр өөрийнх нь эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан. Шүүхээс шүүхийн шийдвэр нь “Аэро Монголиа" ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтавын эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 101/Ш32016/13245 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэгт Х.Дөчинтавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. "Аэро Монголиа" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтав нь уг хэрэгт гуравдагч этгээдээр өөрийн хүсэлтээр оролцож байгаатай холбогдуулан тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч "Моннис интернэшнл" ХХК-ийг мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг "Аэро Монголиа" ХХК-ийн зүгээс гаргасан боловч шүүхээс хүлээн авалгүй шүүх хуралдааныг хийсэн. "Аэро Монголиа" ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчийн нэгнийх нь эрх ашигт шүүхийн шийдвэр сөргөөр нөлөөлж болохоор байна гэж үзсэн хэрнээ нөгөө хувьцаа эзэмшигчийг "шаардлагагүй" гэж үзээд хэрэгт хамааралгүй мэтээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Манай компанийн зүгээс "Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-525 дугаар "Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г 4 хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг  тогтоолгох тухай" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Монгол банк нь Анод банкны эрх хүлээн авагчаас 15060084 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж авсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох болсон юм. Монгол банкны зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А-2/887 дугаар "Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай" албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг 6 599 905 964,21 төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Бид Монгол банкинд "Анод" банк болон Ш.Цогзолмаа нарын хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15060084 тоот 1 800 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу "Анод банк" ХXК-ийг төлөөлж шаардах эрх Монгол банкинд шилжээгүй учир нэхэмжлэгчээр оролцох, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь хариуцагч нарын эрхийг зөрчиж байна гэж үзээд сөpөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, байр сууринаас шүүх хуралд оролцсон. Нэхэмжлэгч Монгол банк нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313 тоот "Монгол банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив xөрөнгийг шилжүүлэх гэрээ"-ний дагуу “Анод банк” ХХК дахь актив хөрөнгийг Монгол банкинд шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээний 1.2-т "Анод банк” ХХК дахь дор дурдсан актив хөрөнгийг 2014 оны ..-р сарын ...-ны өдрөөр тасалбар болгоп Монгол банкинд шилжүүлэн өгнө" гээд 1.2.1-т “Анод банкнаас бусдад олгосон Хавсралт №1-д заасан Зээлийн Шаардах эрхийг Монгол банкны Авлага барагдуулах албанд шилжүүлэх", 1.2.2-т "Анод банкны бусдаас авах авлага Хавсралт №2-т заасан Авлагын шаардах эрхийг Монгол банкны авлага барагдуулах албанд шилжүүлэх" гэж тус тус заасан байдаг.          

Дээрхээс үзэхэд "Анод банк" ХХК дахь актив хөрөнгө хэзээнээс Монгол банкинд шилжсэн нь тодорхойгүй, мөн уг гэрээний хавсралтууд хэргийн материалд авагдаагүй учир 15060084 тоот зээлийн гэрээний шаардах эрх шилжсэн нь нотлогддоггүй.

Монгол банк нь 15060084 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Монгол банкны хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 40/2014ЭХА-525 дугаар "Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан гэдэг. Энэхүү гэрээнд Монгол банкийг төлөөлж Тамгын газрын захирал П.Чимэд-Юндэн гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ үед түүнд гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан.

Өөрөөр хэлбэл, Монгол банкыг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх зохицуулалтын дагуу сөрөг нэхэмжлэлээ гаргасан юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-92 тоот тушаалаар тус байгууллагын Тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэнд Монгол банкны тэнцэлд бүртгэлтэй “Анод банк” ХХК-д олгосон зээлийн өрийн үлдэгдлийг актив хөрөнгөөр барагдуулах ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудалд Мопгол банкыг төлөөлөх, акт баримт бичиг, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг олгосон байна энэхүү төлөөлөх эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэт заасны дагуу үүссэн байна" гэжээ. Гэтэл энэ итгэмжлэл нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313 тоот "Монгол банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу Монгол банканд шилжүүлэн өгсөн 75 800 000 000.0 төгрөгийн өрийн үлдэгдлийг актив хөрөнгөөр барагдуулах ажиллагаатай л холбоотой итгэмжлэл байдаг.

 "Монгол банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээнд 15060084 тоот зээлийн гэрээний шаардах эрх шилжсэн нь нотлогдоогүй. Монгол банк нь "Анод банк" ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлэх эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Аэро монголиа” ХХК, иргэн Ш.Цогзолмаа нарт холбогдуулан зээл 1 799 765.48 ам.доллар, хүү 1 510 566.19 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1 792 ам.доллар, нийт 3 312 123,67 ам.долларыг Монгол банкны ханш 1 ам.долларыг 1397.28 төгрөгөөр тооцож 4 627 964 162 төгрөг гаргуулах анх нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 6 599 905 964.21 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч Ш.Цогзолмаа эс зөвшөөрч “…уг зээлийг авч “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан, мөнгийг компанийн дансанд шилжүүлсэн, өөрийн гараар нэг ч гүйлгээ хийгээгүй тул хариуцахгүй” гэж, хариуцагч “Аэро Монголиа” ХХК эс зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг зээлийг Ш.Цогзолмаа хариуцах ёстой гэж маргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2016/13245 дугаар захирамжаар Х.Дөчинтавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан тул Х.Дөчинтав нь уг хэрэгт хэргийн оролцогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүхээс зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг бол хэргийн оролцогч бүрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах явдал юм.

Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Дөчинтавд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан гарын үсэг зуруулсан баримтгүй, түүнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл түүнээс багагүй хугацаа буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлд тайлбар, нотлох баримт гаргах  боломжоор хангаж, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар бүрэн мэтгэлцүүлсэн гэж үзэх  боломжгүй байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч солигдсон шалтгааныг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь маргаантай зээлийн шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар Монгол банкинд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр  өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг бөгөөд нэхэмжлэл гаргах эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг  гагцхүү зохигч талууд гаргах зэрэг нь бүгд мэтгэлцэх зарчмаас улбаатай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн  гаргасан хүсэлтээр сольдог. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тохиолдолд түүний эрх, үүргийг залгамжлан авсан этгээд шүүхэд нэхэмжлэлийг дэмжин оролцох эсэхийг өөрөө шийдвэрлэж, хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн байх ёстой юм. 

Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд анхан шатны шүүх маргаантай харилцаанаас гарсан “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг Монгол банкаар сольсон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, эсхүл дуусгавар болгож шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэх, эвлэрэн хэлэлцэх зэрэг асуудлыг Монгол банк өөрийн хүсэл зоригоор шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт  нэхэмжлэгчийг  Анод банкны эрх хүлээн авагч Монгол банк гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ. 

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/03930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Аэро Монголиа” ХХК-ийн төлсөн 58 425 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                Ш.ОЮУНХАНД